"Гал голомт”-ын МӨНХӨӨ


Монгол Улс мөнхөд оршихуйн язгуур үндэс болсон гэр бүлд төрийн бодлогыг хандуулж, олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох, соён гэгээрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан Монголын төр, нийгэм, эмэгтэйчүүдийн байгууллагын нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Доржийн МӨНХӨӨ

Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, "Гал голомт" үндэсний хөдөлгөөний тэргүүн Доржийн Мөнхөө Увс аймгийн Өмнөговь сумын уугуул. Улаангом хотод арван жилийн дунд сургууль, Улаанбаатар хотод АУДС-ийг төгсөөд Сэлэнгэ аймгийн Орхон сумын их эмчээс тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хүртэл ажилласан байдаг.

Эрүүл мэндийн салбар, төрийн албанд ажиллаж байсан эцэг Занын Доржийнхоо хөдөлмөрч хичээнгүй байдал, төв намбалаг зан, ажилдаа нухацтай, хариуцлагатай ханддаг чанарыг охин нь өвлөн авсан гэлтэй. Д.Мөнхөө тухайн үеийн Монголын залуучуудыг нэгтгэсэн төв байгууллага болох Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (МХЗЭ)-ийн Төв хороонд хэлтсийн дарга, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн гүйцэтгэх хорооны дарга, Анагаах ухааны дунд сургуулийн орлогч захирал, Эрүүлийг хамгаалах яам (ЭХЯ)-ны орлогч сайд, Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга, УИХ-ын гишүүн, "Сэргэн мандал" компанийн дэд захирал, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газар зөвлөх зэрэг ажлыг хийж байсны зэрэгцээ "Гал голомт" үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллагын тэргүүнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Монголын үе үеийн түүхэнд мөнхрөн үлдсэн хатан ухаант эмэгтэйчүүдийн үргэлжлэл болсон эрхэм нэгэн билээ.

Д.Мөнхөө МХЗЭ-ийн XVI Их хурлаас МХЗЭ-ийн Төв хорооны хэлтсийн эрхлэгчээр сонгогдон таван жил ажиллахдаа эвлэл нь залуучуудад нийгмийн болон зохион байгуулах ажлын туршлага, мэдлэг олгодог, бас залуу үеийнхний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг олж мэддэг, улс эх орны хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тэдний оргилсон эрч хүч, хүсэл тэмүүллийг зангидан чиглүүлдэг хүчирхэг механизм болохыг олж харсан учир залуучуудтай хэрхэн яаж ажиллахаа сайн мэддэг байсан. Г.Пүрэвжав, Л. Түдэв, Х.Гүржав, Д.Дашдовдон нарын зохион байгуулах чадвараараа Монголдоо шагшигдсан шилдэг дарга нарын удирдлага дор ажиллаж байсандаа Д.Мөнхөө баярлаж явдаг. Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд “МХЗЭ-ийн илгээлт” өвөртлөн малчны суурь, үйлдвэрийн цехэд очиж, үр бүтээлтэй ажилласан залуучуудыг их, дээд сургуульд шалгалтгүй элсэх урилга буй болгох, шилдэг судлаач оюутнуудыг “Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл” медалиар шагнаж, олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд монгол оюутнуудыг анх оролцуулж, “Залуу байгальчдын нийгэмлэг” байгуулах санаачилга гарган дэмжүүлж байсан нь Д.Мөнхөөгийн шинийг санаачлах сэтгэлгээний үр дүн юм.

Тэрбээр эмчийн мэргэжил эзэмшээд хөдөө орон нутагт зургаан жил ажиллахдаа амьдрал таньж, хүмүүстэй харилцах, тэдний жаргал, зовлонг сонсох, ойлгох их туршлага хуримтлуулсан бөгөөд хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ганцхан зорилгод бүхнээ зориулж байжээ.

1985-1990 онд ЭХЯ-ны Эх нялхсын асуудал хариуцсан орлогч сайдаар ажиллахдаа “БНМАУ дахь, Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний 2000 он хүртэлх хугацааны зорилтот программыг боловсруулах ажлыг хариуцан хийж, Монгол Улсын Засгийн газраар зөвшөөрүүлж, хэрэг­жүүлэх ажлыг зохион байгуулахад гар бие оролцсон нь ирээдүйн хүүхдүүдийн эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулсан ажил байлаа. Монгол Улсад анх удаа эмчлэн сэргийлэх тусламж, эрдэм шинжилгээ, сургалтын ажлыг нэгтгэж уялдуулсан Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний төвийг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэн ажил­луулж эхэлсэн нь одоогийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв билээ.

1988 онд Улаанбаатар хотод дутуу нярай хүүхдийг торниулах тасгийг байгуулах асуудлыг шийдвэрлүүлснээр одоо ч “Нярайн сувилал” нэртэй ажиллаж, өнчин, хаягдмал, эцэг эх нь асран тэтгэх боломжгүй олон зуун үрсийг өсгөн бойжуулж, буянтай үйлс бүтээж байгааг хараад Д.Мөнхөө гуайд өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг гэсэн.

Тэрбээр эхчүүд хүсвэл хүүхдээ хоёр нас хүртэл тэтгэмжтэй чөлөө авч асран, ажил албан тушаалаа баталгаатай хадгалах, мөн улсад 20-25 жил ажилласан өвөө, эмээ нар тэтгэврийн наснаас гурван жилээс доош хугацаа дутуу бол тэтгэврээ тогтоолгож ач зээгээ асрахад тусалдаг болох асуудлыг анх хөндсөн. Мөн жирэмсний ба амаржсаны чөлөө авсан их, дээд болон техник мэргэжлийн дунд сургуульд суралцагч эхчүүдэд тэтгэмж олгох, гурван сар хүртэл хөхүүл хүүхдээ эмнэлэгт сахиж байгаа эхчүүдийг эмнэлгээс үнэ төлбөргүй хооллох зэрэг нийгэмд байгаа олон асуудлыг олж харан, араас нь уйгагүй хөөцөлдөн дээд байгууллагуудаар шийдвэрлүүлсэн байдаг.

Д.Мөнхөө дарга НҮБ-ын Хүн амын сангийн Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөлд ухуулга сурталчилгаа, жендэр, хүний эрхийн асуудлаар үндэсний зөвлөх хийжээ. Энэ нь түүний олон он жилийн хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулж яваа эх нялхсын эрүүл мэнд, эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудын асуудалтай холбоотой юм.

1997 онд Нийгмийн сайн сайхны төлөө “Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллагыг санаа нийлсэн 40 гаруй эмэгтэйн хамт үүсгэн байгуулж, тэргүүнээр нь сонгогдсон байдаг. Д.Мөнхөө бол Монголын гал голомтыг залгамжлан авч явах залуу үед гэр бүлийн хүмүүжил, боловсрол олгох, гэр бүлийг бэхжүүлэх, гэр бүлд сэтгэл зүй, нөхөн үржихүй, мэдээллийн эрүүл орчин бүрдүүлэхэд төр засагтаа туслах, энэ чиглэлээр төрийн бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд олон түмний санаа бодлыг тусгуулах, гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн оролцоог дэмжих нийгмийн сэтгэлзүй, мэдлэгийг нэмэгдүүлэх эрхэм зорилготойгоор ажиллан, үндэсний хэмжээний байгууллага болгож чадсан гал, цогтой тэмцэгч мөн.

Гэр бүл гэдэг бол тухайн улс орон, нийгмийн бүх харилцааны хамгийн анхны нэгж. Гэр бүл төлөв төвшин, соёлтой, бат бөх байж гэмээ нь тэнд өсөж торниж буй үр хүүхэд зөв сайхан хүмүүжилтэй иргэн болон төлөвшиж, эх орон, улс нийгмээ сайн сайхан авч явна. Үүнийг ухаант ард түмэн маань “Хүнээр хүн хийх” хэмээн тодорхойлж ирсэн бөгөөд “Хүн болж чадаагүй бол адгууснаас ялгаагүй” гэж үздэг байлаа. Гэр бүлийн амгалан тайван байдлыг “Нуур амгалан бол нугас амгалан” гэсэн гүн ухаан агуулсан үгээр зүйрлэн дээдэлж ирсэн.

Гэр бүлийн асуудал бол нийгмийн харилцааны суурь асуудал юм. Тэр ч утгаараа “Гал голомт” хөдөлгөөн байгуулагдсан цагаасаа л Монголын гэр бүлийн талаарх асуудлыг төрийн бодлогод тусгах, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн нэгдсэн, тогтвортой бүтэцтэй болох, Үндэсний олон нийтийн радио, телевизэд гэр бүлд зориулсан мэдээллийн суваг бий болгох зэрэг олон асуудлыг дэвшүүлэн, нийгмийн анхааралд оруулж, бодлогын түвшинд ажиллаж ирлээ. Энэ чиглэлээр үндэсний хэмжээний нэг судалгаа хийж, онол практикийн гурван удаагийн хурал зохион байгуулжээ. Эдгээр ажлыг амжуулахад төрийн байгууллагууд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гээд олон байгууллагатай хамтарч байсны зэрэгцээ НҮБ-ын Хүн амын сангийн туслалцаа дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг Д.Мөнхөө нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Тэдний олон жилийн зүтгэлийн үр дүнд “Гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон юм байна” гэсэн нийгмийн сэтгэл зүйг ерөнхийд нь бүрдүүлж чадсаны зэрэгцээ гэр бүлийн талаар ажилладаг төрийн бус байгууллагын үндэсний сүлжээ байгуулагдаж, эгнээ нь ч өргөжсөн. 2016 оноос гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллага, нэгдсэн бүтэц бий болж, гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудалд анхааран ажиллах боллоо. Нөгөө талаар гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, уулзалтуудыг олон зохион байгуулсан байна.

2000-2007 онд “Гал голомт” үндэсний хөдөлгөөн Хил хамгаалах ерөнхий газартай хамтарч ажиллажээ. Хилчин залуучуудад гэр бүлийн боловсрол олгох зорилгоор хилийн бүх отрядад очиж, сургагч багшийг нь бэлтгэж, сургалтын орчин бүрдүүлж өгсөн байдаг. Хуучнаар Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургуульд сургалтын танхим тохижуулан өгч, хичээлийн хөтөлбөрт нь 2.5 кредит цагийн хичээл орж байх, ХЗДХ-ийн сайдын тушаалаар хүчний бүх байгууллагын хүмүүжлийн ажил дотор “Эр хүн” сэдэвт 15 цагийн сургалтыг жил бүр явуулж байхаар болж, видео хичээлийг нь хүртэл хийж өгч, гэр бүлийн асуудлыг үндэсний хэмжээний том ажил болгож чадсаныг нь бодохоор Д.Мөнхөө ямар тулхтай улстөрч, нийгмийн зүтгэлтэн бэ гэдгийг харуулж байна. “Гэр бүлийн асуудал гэдэг бол төрийн суурь асуудал. Гэр бүлийн гадна нэг ч монгол хүн байдаггүй. Гэр бүлд болж байгаа бүхэн нийгэмд тусгалаа өгч байдаг. Нийгэмд болж байгаа бүхэн гэр бүлд тусгалаа өгч байдаг” гэж Д.Мөнхөө ярилцлагадаа хэлсэн байдаг юм.

Монголын гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө амьдра­лынхаа туршид тэмцэж, төрд үгээ хэлж, дуу хоолойгоо хүргэж яваа Д.Мөнхөө дарга 1990-ээд оны их өөрчлөлтийн жилүүдэд Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж явсан билээ. Тэр­бээр 1990 онд Монголын эмэг­тэйчүүдийн VI Их хурлыг хийж, Монголын эмэгтэйчүүдийн хо­роог холбоо болгон өөрчилж, тухайн үеийн нийгмийн хүчтэй задралын үед гарч байсан янз бүрийн үзэл, бодлыг уян хатнаар зохицуулж, эмэгтэйчүүдийн байгууллагын бүтэц, зорилго, зохион байгуулалтыг шинэ нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөн байгуулж чадсан юм. 1990-1992 оны хооронд хоёрхон жил удирдсан хэдий ч Д.Мөнхөө ардчилсан Монгол Улсын эмэгтэйчүүдийн байгууллагын өнөөгийн хөгжил дэвшлийн суурийг тавьсан төдийгүй өнгөрсөн хугацаанд Монголын эмэгтэйчүүдийн байгууллагуудын бүхий л үйл ажиллагаанд оролцож, сургалт семинар, илтгэл хэлэлцүүлэг хийн, хамтран ажиллаж, туслан дэмжсээр ирсэн гавьяатай хүн.

Д.Мөнхөө 1992 оны Үндсэн хууль батлалцсан есөн эмэгтэйн нэг. 1990 онд АИХ-ын сонгуулийн 33 дугаар тойргийн депутатаар сонгогдож, шинэ Үндсэн Хууль батлах түүхэн үйл явдалд эмэгтэй депутатуудын бүлгийг ахалж оролцож байсан гэдэг. Энэ тухайгаа тэрбээр “Бид нэг л эх оронтой хүмүүс. Нэг л эрх ашигтай. Монгол хүний дархлааг бий болгож, Монгол гэсэн бахархал бүхнээ дараа үедээ шилжүүлж өгөх түүхэн үүрэг биднийг хүлээж байсан” гэж нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.

Эмэгтэйчүүдийн банк байгуулах хэрэгтэй, гэр бүлийн шүүх байгуулж салгахаасаа илүү эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэх хэрэгтэй гэж үздэг Д.Мөнхөө 1992-1996 онд анхны байнгын ажиллагаатай парламентад Сэлэнгэ аймгаас сонгогдон ажилласан юм. Энэ парламентад гурван эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсоны нэг нь Д.Мөнхөө байсан бөгөөд “Шинэ Үндсэн хуулийн үзэл санаагаар эрхзүйн орчныг бүхэлд нь өөрчлөх амаргүй их ажилд долоо хоногийн таван өдөр хуралдан, он цагийн урсгалыг ардаа орхиж байжээ” гэж нэгэн дурдатгалдаа өгүүлсэн удаатай.

Эмэгтэйчүүд улс төрд олноороо орж чадахгүй байгаагийн цаана ахуй амьдрал, ар гэрийн шалтгаан байдаг. Эх хүн болох биологийн асар их үүрэгтэй. Гэр бүлийн менежер гэх юм уу, гэрийн эзэгтэй байх нийгмийн өмнө хүлээсэн том үүрэгтэй. Энэ үүргийн гадна цаг гаргаж, улс төр хийнэ, нийгмийн амьдралд оролцоно гэдэг бол эмэгтэй хүнээс асар их тэвчээр, ухаан, хань нөхөр, эргэн тойрны хүмүүсийн ойлголцол, дэмжлэг шаардана гэсэн үг. Тийм учраас эмэгтэй хүнийг улс төр болон шийдвэр гаргах шатанд аваачна гэдэг жендэрийн шинжлэх ухааны нэг үндсэн ухагдахуун болсон тухай Д.Мөнхөө хэлсэн.

Тэрбээр гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар зорьж бодсон бүхнээ нэгтгэн “Хатан ухааныг цэгнэхүй”, “Үрийн заяаг эрхэмлэхүй”, “Оршихуйн заяаг дээдлэхүй” хэмээх гурван ном бичсэн нь хойч үеийнхэндээ үлдээж буй өв, оюуны хөрөнгө юм.

Монголын төрд хагас зуун жил зүтгэсэн Д.Мөнхөө энэхүү номуудаараа дамжуулан төр, засгийн анхаарлын төвд зайлшгүй байх ёстой асуудлуудыг хөндсөн нь санамсаргүй зүйл биш төдийгүй Монгол оршихуйн үндсэн философи ч байж мэдэх юм.

Шинэ Үндсэн хуулийг батлалцаж, нэгэн насны амьдралаа монгол төр, монгол түмний төлөө зориулж яваа Д.Мөнхөөгийн өнөө үеийнхэнд хэлэх таван гол санааг хүргэе.

-Монгол дархлаатай, монгол хүн байгаач.

-Өвгөдийн яс өндөлзүүлэхгүй амьдардаг нүүдэлчний гүн ухааныг бодооч.

-Үндэсний эв нэгдэл амин чухал.

-“Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алжаатугай” гэсэн эзэн Чингис хааны эрхэм сургаалыг төрийн бүх түшээ тангараг болгож яваач.

-Монгол гэр бүл бол Монгол Улсын оршин тогтнох, монгол соёлыг уламжлах үндсэн гол суурь мөн.

“Тийм учраас монгол гэр бүлийг хөгжүүлэх, бэхжүүлэх, чадавхжуулах, хамтын амьдралыг бий болгоход төрийн бодлого, иргэний оролцоо чухал юм” гэж Д.Мөнхөө “Оршихуйн заяаг дээдлэхүй” номдоо дурджээ.

Д.Мөнхөөгийн эмэгтэйчүүд, гэр бүлийн төлөөх зүтгэлийг олон улсын байгууллагууд үнэлэн, 2007, 2011 оны “Эмэгтэйчүүдийн нэр төр, эрүүл мэндийн төлөө”, “Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн төлөө” хэмээх олон улсын шагналуудыг олгосон байна.

 “Зууны 100 эмэгтэй” II  ботиос...

Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24605/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр