Монгол баяр
Монголд хоёр л том баяр бий, үндэсний… Шинэ жил энэ тэр ч яахав дээ, Орос баяр!
Өвөл хаврын заагт Цагаан сар, зуны ид сайхан цагт наадам хийж баярладаг. Энэ хоёр баяр ер нь их төвөгтэй. Олон, олон ёс заншил мөрдөх болдог, яагаад мөрддөг гэхээр мэдэж байгаа учраас тэр. Хэдийгээр хуульчлаагүй ч яг энэ хоёр баярын үеэр өнөө гаднаа сүрхий орчин үежсэн хүмүүс шал өөр болдог. Жинхэнэ монгол хүн болдог гэх үү дээ! Халаалттай байшинд дээл өмсөх хэцүү гэж нийтийн сүлжээнд агсамнадаг ч настангууддаа бэлгэгүй үг хэлдэггүй, үнсүүлээд гардаг. Морь үзэх төвөгтэй гэдэг ч түрүү морьд барианд ороход нулимсаа цийлэгнүүлээд зангирч зогсдог. Хүмүүс өөрсдөө орчин үежсэн учраас төвөгшөөгөөд байгаа болохоос уг нь сайхан баярууд. Тиймээс бид яаж ч байсан ёс заншлаа мөрдөж тэмдэглэдэг, тэгэх ч болно.
Харин сүүлийн үед энэ баяруудын дараа шүүмжлэл их өрнөдөг болсон. Гэхдээ энэ бол бас орчин үежсэн шүүмжлэл биш, нүүдэлчдийн араншингаар жилжингээ ярихаар хурааж хуримтлуулсан сонин сайхнаа гаргаж байгаа царай нь тэр! Албатай (юм шиг биш шүү) учраас ёс заншлаа дагаж мөрдчихөөд түүндээ түүртэж бухимдсан хүмүүс хийгээ баярын дараагаас гаргаж эхэлнэ. Баяр үед болохгүй, ёс уламжлалд харш учраас амаа хамхих “ёс”-той, тиймээс бүтэж үхэх шахна.
Сүүлийн жилүүдэд наадам илүү их хэл аманд өртдөг болжээ. Яг монгол баяр мөн үү, мөн. Гэхдээ бас орчин үеийн агуулгатай, наадмаар Ардын хувьсгалын ойг тэмдэглэдэг, тусгаар тогтнолын баяр. Харин энэ ойгоо эртний ёсоор эрийн гурван наадмаар мялаадаг тул дэлхийд хаана ч үгүй үндэсний баяр мөн.
Октябрийн баяраар морь уралдуулахгүй, АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр бөх барилдуулж амьтны нэр өгөхгүй. Цацагт хяруул, хонь шилж иддэг нь төстэй байх.
Улсын их баяр наадмын дараа аймаг, сум бүр наадам хийнэ, аймаг сумын ой, байгууллагын ой, уяачдын, ургийн баяр, овоо тахилгын наадам, бас цуглах шалтаг. Жишээ нь, Америкт байгаа монголчууд тэдний нүдээр бол “Коммунист хувьсгалын баяр”-ыг коммунизмыг ялсан орны аль сайхан цэцэрлэгт тэмдэглэнэ. Бөх барилдана.
Америкчууд ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байгааг асуувал “Коммунист хувьсгалын ойн баяр” гэж хэлэхгүй л дээ, наадам хийнэ л гэж таарна. “Наадам гэж юу юм бэ” гэвэл эрт дээр үеэс Чингис хаан, түүнээс ч өмнө Модун Шаньюйн үеэс тэмдэглэж ирсэн баяр гэж таараа. Юунд зориулдаг юм. Нээрэн юунд зориулсан байж таарах вэ.
Гаднынхны нүдээр…
Энэ жил наадмын нээлт үзсэн Герман найз маань “Ямар цэрэгжсэн баяр вэ” гэж хэлсэн байна. Үнэндээ цэргийн баяр л даа, эртдээ цэргийн сорил мөн. Сур харваа бол мэдээж орчин үеийн буудлага, морин уралдаан бол тухайн үеийн нэг морьт цэргийн бэлтгэл, бөх бол гардан тулаан. Энэ гурваар ид бах хийдэг учраас нүүдэлчид дэлхийг эзэлсэн. Түүнийгээ л санагалзаж байгаа юм. Ер нь тэгээд нүүдэлчид сав л хийвэл ноцолдож, уралдаж байдаг хойно.
Нэгэнтээ Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын холбоо (OANA) хэмээх байгууллагын захирлуудын зөвлөлийн хурлыг Монцамэ агентлаг зохион байгуулахдаа зочдодоо эрийн гурван наадам үзүүлжээ. Тэгэхэд ирж чадаагүй нь харамсаад дараа нь дарга болсон надаас урилга их гуйдагсан. Наадам үзэх л гэж тэр...
Түүнийг үзсэн Өмнөд Солонгосын “Ёнхап” агенлагийн захирал бараг гурван жил гайхан бодсон байх, Монцамэ-гийн дарга гурав солигдсоны дараа, намайг мөн хуралд оролцохоор Японд очиход оройн хүлээн авалтын үеэр “нэг учир” асуудаг юм. Бид нэг ширээнд таарчихсан хэрэг л дээ. Өдөржин ажил ярьсан улс, хундаганы ард сонин хачин л ярьдаг. “Танай морины уралдааныг үзсэн, гэтэл барианд алхаж орж байсан. Тийм уралдаан байдаг юм уу”
Би хэлэв. Манайх морины хурдаас илүүтэй сайн морины шандсыг шалгадаг юм л даа. Шандас гэж юу вэ. Шандас гэдэг бол тэсвэр, тэвчээр хурдны нийлбэр юм. Монголчууд морины хурдад дулдуйдаж дэлхийг эзлээгүй, харин тэсвэр тэвчээрт нь дулдуйдсан юм.
Манай хоёр настай морь (даагыг ингэх тайлбарлахаас өөр яах билээ) долоон километр зайд уралдана, гараандаа яг тийм зайг хар гүйхээрээ туулж очно. Ингээд 14 км давхина шүү дээ. Харин хамгийн том морь (их нас) өдөртөө 100 шахам километр давхина. Энэ шандас бол морин цэргийн маневрлах чадварт хамгийн чухал үзүүлэлт. Гэтэл танай тойргийн уралдаанд ихдээ 6-9 километрт, ямар ч бартаа саадгүй замд дээд хурд үзүүлнэ дээ!” гэвэл их ойлгож, “Надад ингэж нарийн тайлбарлаагүй л дээ” гэж байна. Мэдээж тийм бололцоо хомс л доо.
Тэгээд нум сумыг яагаад морин дээрээс харвадаггүйг, хамгийн гол нь бөх яагаад том, жижгээрээ ялгарахгүй хамаагүй барилдаж байгааг (шударга бус гэж үзэж байв) асуусан. Манайхан дарга нараар сур харвуулж үзүүлсэн юм билээ, маш хатуу нум байсан гэж байв. Манжийн үед манай морин харвааг хорьсон, тэр байтугай лам нарыг сур харвуулдаггүй байсныг хэллээ. Гэхдээ “Чингисийн чулууны бичигт” Есүнгэ мэргэн гэдэг хүн 330 гаруй алд газар буюу хагас километрт мэргэн харвасныг тэмдэглэсэн байдаг, тэгэхдээ зогсож харвасан байх гэж боддогоо хэлэв.
Харин бөхийн тухайд, тэр жингийн ялгааг “Гадаад явж, гахай шувууны мах идсэн” монгол хүмүүс ч, өөртэй нь адил ингэж их шүүмжилдгийг онцлон дурдав. “Гэхдээ хэрэв дайтахаар болбол хоёр арми ижил жинтэй хүмүүсээ ялгаж тулалдуулах уу” гэвэл их л инээж байна.
Энэ бол цэргийн л сургуулилалт. Нарийндаа сургалт. Монголд жилдээ 1990-ээд оны тоогоор янз бүрийн наадамд 14 мянган бөх барилддаг байсан нь манай армийн байнгын бие бүрэлдэхүүнээс давсан тоо байсан гэвэл их гайхсан, тэгээд “Цэргүүд барилддаг уу” гэж асуусан, “Барилддаг, өөрийн цолтой” гэвэл “Түрүүч, дэслэгч…” гээд эхэлж байна. Яаран “Үгүй, үгүй цэргийн начин, заан…”. Орчуулагч түгдэрсгээд “Дарга аа! Начин гэдэг чинь юу билээ. Амьтан уу? Шувуу юу?…” Хоёр хүнд тайлбарлах болдог юм.
Овоо удаан ярьсны эцэст “Ёнхап”-ын дарга наадмын талаарх өгүүлэл, нийтлэл өгвөл бид агентлагийнхаа сэтгүүлд хэвлэж, хувьцаа эзэмшигч хэвлэлийнхнээрээ тарааж хүмүүст уншуулъя гэсэн санал тавьсан. Хэлсэндээ хүрсэн шүү!
Н.Түвшинбаяр аваргыг харцага цол хүртдэг жил Монцамэ агентлагаас баярт мэдээ түгээв. “Олимпын аварга харцага цол хүртлээ” гэж. Ираны дарга надаас асуув. Энэ “Карцага” аварга гэсэн үг үү? гэж. “Үгүй, гэхдээ их том цол” гэвэл хамгийн том нь ямар цол вэ? гэж лавлав. “Аварга” гэвэл “Найдаан хэзээ Монголын аварга болох вэ?” гэж асуув. “Их л хэцүү дээ…” гэвэл “Яагаад олимпын аварга танай аварга болж болдоггүй юм” гэж уцаарлах шинжтэй байж билээ. Иран бөхийн орон л доо! Өөрийнх нь аваргыг хаядаг олимпын аварга яахаараа цөөн Монголын үндэсний бөхийн аварга болдоггүй билээ? гэж цухалдаж байхгүй юу!
Монгол бөх
Монгол бөх спорт мөн, биш гэж их маргаж байна. Үнэндээ спортоосоо илүү урлаг. Цол дуудах, гараа дэвээ, ам авах, цол чимэг өргөх. Ямар ч спортод ийм урлагийн элемент байхгүй. Монголчуудын олон мянганы өв соёл үндэсний бөхөд шингэж үлдээд бидний үед хүрсэн.
Үнэндээ хар сүлдний тахилгын ёслолын бүх л элемент бий. Гэхдээ өөрчлөгдөөгүй биш өөрчлөгдсөн. Орчин үед ямар цусан тахил өргөлтэй биш, тиймээс догшин хар сүлдэнд зүлд өтөг өргөж, сүлдэр босгох биш, сүү өргөж харагддаг. Сүлдэр гэж юу юм гэвэл “Үзвэл үнс харвал хальс болчихдог эд” гэсхийгээд орхихоос. Энэ тахилын ёсны наадмын уламжлал одоо цагт нүдэн дээр өөрчлөгдөж байна. Сүүлийн 30 жилийн өөрчлөлт нь 300 жилийнхээс илүү байх.
Сүмо үзчихээд л "Шуурхай барилдуулдаг болъё!" гэж хашхиралдсаар барьц сонгодог, оноолт тааруулдаг болгосон. Түүнээс өмнө намын шийдвэрээр хурдан барилдсангүй гэж хоёр Мөнхийг хасаж байсан. Энэ хоёрын хооронд ялгаа байхгүй, гэтэл орчин үежүүлж байна гэж тайлбарладаг. Хамгийн бөх мэддэггүй хүмүүс л хамгийн их өөрчлөлт хийсэн, хийлгэсэн. Эртний туульд гурван өдөр, гурван шөнө ач тач, амь наана там цаана тэмцэлддэг. Гурван өдрөө болъё гэхэд тун саяхан, маршалын үед Түвдэндорж аварга, Норов начин хоёр нэг өдрийн үдээс хойшжин барилдаад хаялцаж чадалгүй маргааш өглөө нь золгоод үдийн алдад хаялцаж байжээ.
Бөхийн цол дуудна гэж лайтай, түүгээр яах юм гэнэ. Уг нь тууль хайлж байгаа юм. Ямар ч туульд тулааны өмнө морь, баатар хоёрыг магтдаг, тэр л шүү дээ. Хүүхдүүддээ морь, бөхийн цолны учрыг хэлж өгөхийн оронд сувгаа солино. Эсвэл биеэ хөнгөлөхөөр гарна. Тэгсэн атлаа тууль хайлуулах юмсан гэнэ...
Марко Поло тэмдэглэлдээ “Монголчууд байлдахын өмнө дуулж хуурдаад эхэлдэг, ирүүл гарч, ялсан тал нь түрүүлж довтолдог” гэж. Үүнийг концерт тоглож байгаа мэт боддог байх, манай орчин үеийнхэн. Үнэндээ тууль хайлж, морь, цэргээ магтаж зориг оруулж байгаа юм.
Саяхан даа, Ховдын сангийн хэрмийг дайрахын өмнө Парчин туульчаар “Бум эрдэнэ” хайлуулж цэргээ зоригжуулж байсныг А.Бурдуков тэмдэглэн үлдээжээ. Халимаг Жангарын 550 жилийн ойд зориулсан хэвлэлийн эхэнд генерал Городовиковын бичсэн өмнөх үгэнд “Халимгууд тулааны цагт Хонгорын бүлгийг хайлж, түүнд зоригжсон дайчид шөнө боловчиг морио тохож довтлоод, дайснаа хүүчээд гардаг байв” гэж бичсэн бий.
Халх бөх хангардийн шинжтэй, өвөрлөгч бөх арслангийн шинжтэй гэж ярина. Хаана ч байсан хангарди, арслан юм, тэр нь явсаар элин халин нисдэгийг харуулах гэж онгоц шиг (элээ шиг) юм л харагдах.
Үнэндээ бөх бол буй биеэрээ сүлд юм. Гараар дэвэх бол сүлдийг дүрсэлж байгаа хэрэг. Манжид орсноос хойш хөхөл сүлд үгүй болж, даавуу дэрвүүлдэг болсноор энэ ёс мартагдаж. Шувуу, арслан догонцож явдаг гэж хаа байх вэ дээ? Өвөрлөгч бөх ч бас л буй биеэрээ сүлд дүрсэлдэг. Эрт цагт зангианы оронд хадаг, хөхөл уядаг байж.
Хадаг бол Төвөдүүдийн юм биш, Монголынх. Төвөдийнх дарцаг л шүтдэг. Дайн тулаанд мордож буй цэргийг үдэж мордуулахдаа монголчууд яг биеийн уртын хэмжээтэй (алд хадаг) түүхий торго барьдаг байж. Хадгаар биеэ ороосон бол нэгд булрахгүй, хоёрт давхар хуяг. Сум орсон ч хадгийг нь эрчилж татаж гаргадаг байж. Монголчууд түүхий торго ихээр аваад эхлэхээр хятадууд дайн болох нь гэж таамагладаг байж...
Хар сүлдний тахилгын үед цагаан сүлднээс алаг сүлдийг зууч болгон илгээхэд бөх хүн түүнийг авч явдаг ба европчууд шиг хөл тавьж явах биш, харин нэг гартаа сүлдээ барьж, нэг хөлөөр догонцон сүлдээ дэрвүүлэн цэнгүүлж одуулдаг байж. Тэр дэрвэж буйг одоо бөхчүүд дэвэхдээ дүрсэлдэг. Хожим хөхөл сүлдгүй болсноос бөх хүн биеэр үзүүлэх болж. Тухайн үед бөх гэдэг нь барилддаг хүнийг заасан үг бус тусгайлан олгодог цол байсан юм.
Монголчууд бөхөө дээдэлдэг гэдэг ийм учиртай, энэ овоо оносон үг. Үнэндээ монгол бөхийн зан үйл, соёл, бэлгэдлийн судалгаа бараг л байхгүй, харин допинг, хэрүүлийн судалгаа боть ботиор нэмэгдэж байна.
Манж нар Монголыг эрхшээснээр умард, өмнөд монголчуудын дотор соёлын ялгаа гаргаж. Хожим Орос, Хятадын нөлөөгөөр бичиг үсэг ч өөр болсон, хэл аялга ч ондоошсон. Монгол Улсад наадам хөгжсөн ч Оросын нөлөө орсон. Нэгэн үе орос баатрууд шиг нэвсийсэн, морь үргэм нөмрөг хөдрүүлж үзсэн. Бүр хүн үзэх аргагүй уйтгартай тул засуулыг гоё хувцастай балетчин эмэгтэйчүүлээр солих саналыг Филатова гаргаж бараг л хэрэгжүүлэх шахаж, эцэст нь нөмрөгтэй л үлдсэн гэдэг.
Хэрэв нийгэм бужигнаж, хямарч эхлээд эцэстээ тулсан бол бөхөөр оролдож эхэлдэг нь жам болж. Манжууд ч, оросууд ч тэгсэн. Тэгээд эцэстээ монголчууд бөхөө, соёлоо авч үлдсэн, энэ бол ялалт байсан. Коммунизмын төгсгөл үед “Монголчууд бөх барилдуулахгүй, мах зарахгүй болсон үед л бослого гаргана” гэж оросууд шоолдог байсан гэдэг. Харин өдгөө бөхөө барилдуулж чадахгүй, махаа зарж чадахгүй болж байна.
Допинг ба бөх
Монгол бөхийн сойлго ондоо. Жин, бяр нэмж барилддаг. Хоол ундандаа шимтэй, хүч тамир оруулах идээн, умдааныг хэрэглэнэ. Оёг суухгүй гэж хоолны засал ч хийнэ. Хүч тамир сэлбэх, ядаргаа тайлах цай, хоолны төрөл Монголд мундахгүй. Бяр суулгах хоол умдаан хэрэглэдэг, тэр бяр суулгадаг нь орчин үед допинг!
Харин бөхийн дэлхийд түгээмэл төрлүүд жин тэнцүүлж, хасаж, нэмж барилддаг. Ингэхдээ ойролцоо жингүүдэд хуваагддаг. Ижил тэнцүү жин, ойролцоо бяр, бэлтгэл сургуулилалттай бөхчүүдийн хувьд сэргээш хэрэглэх нь илт тэнцвэргүй байдал авчрах учраас хориглодог. Спортын бусад төрөлд ч цаг хугацаа, орон зайн тодорхой хязгаарлалттай учраас сэргээш тэнцвэргүй байдал бий болгож, шударга бус тэмцэл болохоос сэргийлдэг.
Гэтэл монгол бөх бол ондоо. Ноцолддог, унагадаг мэх хийдэг нь адил ч ёс уламжлал, соёлын хувьд тэс өмнөө зүйл. Жишээ нь, Японы сүмод нийтлэгээрээ хүнд жинтэй бөхчүүл барилддаг ч тэр хүнд жинтэнгүүдийн дундах жингийн ялгаа хэдэн арван кило байдаг. Түүнийг хамгийн шударга гэгддэг япончууд байтугай шударга бусыг хамгийн их шүүмжилдэг бид ч шударга биш гэж үздэггүй л дээ! Тэгвэл яагаад монгол бөхөө тэгж шүүмжилдэг юм бол?
Нэгийн даваанд амны цэрэг аваргатай таарууллаа л гэдэг. Гэвч тэр амны цэрэг алсдаа аварга, арслан, заан болдог, бүгд л цэрэг байсан. Бөхчүүд цолд шунаж байна гэсээр харцага, гарди гэдэг хоёр ч цол нэмсэн. Гэвч түүнийг нь тоож байгаа юм алга. Харин амны хөвгүүд “Томчуулын торгон зодогны ханцуйны үзүүрт” хүрсэндээ бахархаад үлддэг. Барилдаан бүр сургамж, туршлага байдаг. Яг үнэндээ тэр цэрэг яаж ч сэргээш хэрэглээд аварга, арслангуудыг давахгүй, алсдаа юу юм гэхээс. Зүгээр, дүлий цэрэг харьсан аваргыг залчихсан тухай онигоо бол байдаг, гэхдээ онигоо бол үнэн биш.
Давсан бөх, нийт бөхийн тооноос шалтгаалаад 9-10 барилдах шаардлагатай. Одоо цаг шахсан тулд хоёр өдөрт. Сүмо хэчнээн ачаалалтай ч өдөрт нэг л барилддаг. 10 барилдаан хийхийн тулд бөх хүн өөрийн биеийн байдал, мэх, сойлгодоо тохируулах, толгойгоо ажиллуулах их ухаан зарах шаардлагатай. Тэр тусмаа даваа өгсөх тусам ижил тэнцүү хүмүүстэй барилдах ёстой, өөрөөр хэлбэл энэ олон барилдааны төгсгөл хамгийн хүнд. Түүнд хүрэхийг эрмэлзэх, эцэстээ түүнийг давж гарах нь тэвчээр хатуужлын туйл юм. Монгол наадам шандас, шөрмөс, тэвчээр, хатуужлын наадам билээ. Ийм бөхөд тийм бөхийн хорио цээр таарах уу? Яахав боддог л юм, монгол бөхчүүлийг дэлхийн түгээмэл бөхийн төрлүүдэд оролцуулах эрмэлзэл байсан. Монгол бол бөхийн орон гэдгээ харуулах хүсэл эрмэлзэл одоо ч бий. Цагтаа манай бөхчүүд дэлхийн бөхчүүл байсан, одоо ч дэлхийн домгууд бий. Тиймээс бөхчүүдийг давхар дэлхийн түгээмэл бөхийн төрлүүдээр барилдахыг хуучин цагт захиргаадан шахаж байсан, барилддаг нь ч байсан, олонх нь үгүй. Хэрэв манай бөхчүүд бөхийн хоёр төрлөөр хичээллэдэг бол сэргээшийн асуудал шийдэгдэнэ. Түүнээс өөрөөр бид бол хэзээ ч арилгахгүй, манайхан хэцүү башир улс. Ялангуяа юуг ч сэргээш гэж үзэхэд бэлэн зэхээний дотоод хэрүүл тэмцэлтэй үе.
Баруун ба зүүн
Монгол бөхөд яагаад зүүн тал нь манлайлдаг юм бол гэж бодож үзсэн үү. Дэлхийн түгээмэл ойлголтоор баруун нь голлодог биш үү. Саяхан Германаас ирсэн найз маань манайхны энэ “Ертөнцийн зүгээр бол…” гэдгийг ерөөсөө ойлгохгүй юм. Зүгээр л зүүн, баруун гэж болдоггүй юм уу гэж байсан.
Монголчууд зүүнийг эрхэмлэнэ. Мориндоо морддог зөв тал нь европынхоор буруу тал л даа. Морины буруу талаар бууж, мордохын шившиг гэнэ. Дайсан нь тулж цавчихад буруу талаар харайж буугаад амьд үлдсэн баатрыг буруу юм хийж гэж шүүмжилсэн домог хүртэл бий... Зүүн түмнийг хаан, баруун түмнийг жонон захирна. Гэтэл зүүн түмэн нь баруун талдаа, баруун түмэн нь зүүн талдаа байдаг. Тэгээд л Европ газрын зураг харж, европ баримжаагаар өссөн хүмүүсийн толгой 180 градус эргэчихдэг. Монголчууд өдөр төөрнө гэж ойлгодоггүй байж, тиймээс шөнө зүгээ тогтооно. Чанх хойно Алтангадас гардаг тул тийш харж байгаад. Тиймээс Европ зүгээс яг эсрэг болчихож байгаа юм. Яг энэ уламжлал бас бөхөд бий, зүүн манлайлна. Одоогийн энэ соёмбо сүлдний “нар зөв нь нар буруу” юм байгаа юм шүү дээ!
Гэтэл бөхөд баруун, зүүний ялгаа харагддаг болов. Гэхдээ нутгархлаар. Баруун зүүн талд хувааж барилдуулдаг ч баруун, зүүн нутгийн өрсөлдөөн болж болохгүй юм. Энэ бол мөчөөрхөл, тэмцлээс илүүтэй баяр, цэнгэл юм л даа. Баясуулагч, цэнгүүлэгч нь бөхчүүд маань юм л даа. Уран мэхийг уралдуулан хийж түмэн олноо баясгах учиртай.
Түүнээс талцал хэрэггүй. Монгол ар, өвөр, баруун болсон шалтгаан иймэрхүү талцал. Тэгээд бөх нь ар, өвөр, баруун болсон. Баруун Монголын бух авалдаан, (бух ноолдоон) өдгөө мөхмөл соёл болж. Учир нь баруун Монгол хядагдан сөнөөгдөж, таран бутарчээ. Түүнтэй хамт бөх нь мөхжээ. Халимагт ч алга, Зүүнгарт ч алга. Тэнд наадам хийж болохгүй, бусдын төр хорьдог. Монголын бөх бол төр гэдэг үнэн.
Өдгөө бүгдээрээ халх бөхөөр барилдаж байна. Учир нь, халх түмэн голомтоо хадгалж үлдсэн тул бөх нь төрийнх! Үүнд баруун, зүүний ялгаа байхгүй. Уламжлалаа хадгалж үлдсэн, тэгэхдээ маш олон соёл, зан заншил, ёс журмыг өөртөө шингээсэн баяр бол Монголын үндэсний их баяр наадам, бөх юм. Юу, юу шингэсний зах зухаас тун өчүүхнийг өмнө багтааж чадсан байх.
Бөхийн цолыг төрөөс олгож байна. Аймаг, сумдад ч төрийн захиргааны байгууллагаас олгож байгаа. Энэ баяр наадам бол Үндэсний ид хав, баяр бахдал, нэгдэл нягтралын баяр байх ёстой. Аваа, өгөө арцалдаан хэмхэлдээний талбар биш.
Төрийн ёс хүнд, зарлиг чанга байх ёстой. Өгөөд түмэн олноо баясган өгсөн цолыг эргүүлээд явна гэдэг ёс бус зүйл. Хууль бус гээгүй шүү, ёс бус. Тэр их баяр цэнгэл, бахдалыг буцаагаад хураах уу. Наадмын талаарх төрийн хуульд хамгийн их ёс шингэсэн байдаг. Бас хуульчлаагүй ч дагаж мөрддөг ёс бий, тэр бол биднийг Монгол байлгадаг тэр л зүйл.
Бараг сонсдоггүй урт дуугаа бид зөвхөн наадмаар л ханатлаа сонсдог бөгөөд удтал сонссоны эцэст ямар гайхамшигт аялгуутай болохыг сэтгэл зүрхэндээ нэвшээчихсэн байдаг. Монгол наадмын бүх л зүйл урт, морин уралдааны зай, харвааны бай, бөхийн цол ч тэр. Төрийн хишиг соёрхол ч бас урт настай байх учиртай. Хэдий хатуу захиргаадалтын үе ч гэсэн Мөнхбат аваргыг гурав түрүүлэхэд л аварга цол өгч байсан юм билээ, хоёр түрүүлчихээд байхад нь улсын хошой арслан гэж зарладаг байсан гэдэг. Төр өгөхгүй бол өгөхгүй, харин өгвөл буцаахгүй ёстойг мэддэг цаг байж.Тиймээс Мөнхбат аварга дархлагдсан.
Монгол наадам бүхэлдээ ухаан, тэвчээр шаарддаг. Барилдаан тэвчиж буй бөх, уралдаан тэвчин буй даагыг хараад тэвчээртэй суудаг. Баян ходоодыг муулах биш өхөөрддөг. Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай… гээд л! Ямагт сайн үг хэлж, сайхныг бэлгэдэж, сайныг санаж явдаг учраас л Монголын баяр бахдал юм. “Ирээдүй сайхан болно оо” гэж наадмаас тарсан ард түмэн элдэв хэрүүл, хараалаас сэжиглэдэг.
Наадам бүр ард түмний сэтгэлд домог болж хадгалагддаг. Уулын хярд мод хийж байхдаа бид гурав урт өвлийн шөнийг бөх, сайн эр ярьж л өнгөрөөдөг байсан. Бөхчүүдийн цол зэрэг биш, аатай сайхан барилдаан нь, алдар нэртэйгээ ард түмний дунд үлддэг. Бөхтэй ард түмэн ийм л байдаг. Түүнээс хов жив, атаа, өгөө, авааг мартдаг, хаядаг. Хэрүүл уруул бол бөхийнх биш бөхөөр хооллодог, бөхчүүдээр хооллодог хүмүүсийн л ажил.
Тийм учраас бид бөхийнхөө асуудалд тэвчээртэй хандах ёстой. Аван саван савчдаг, хэрүүлч, ойворгон үндэстэн бол бид биш. Юмны үнэн мөн цаг хугацаагаар тогтоогддог. Урт байж болно, гэхдээ наадам бол тэвчээрийн соёл. Баяр бахдалдаа ханасан монголчууд наадам тарахад “Ирэх жилийн наадам хол байна даа, хол байна” гэдэггүй бил үү?
А.Баатархуяг /Нийтлэлч/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24605/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна