Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоогоор зохион байгуулсан сонгуулийн үр дүнгээр бүрдсэн 126 гишүүнтэй анхны УИХ долдугаар сарын 2-ны өдөр анхдугаар чуулганаа нээсэн бол баяр наадмын өмнө хаалтын чуулганаа хийв. Энэхүү анхдугаар чуулганы хугацаанд УИХ болон хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинээр эмхлэн байгуулав. Тухайлбал, шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, улмаар УИХ-ын дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдыг сонгов. Мөн УИХ дахь намын бүлгүүд байгуулагдахын зэрэгцээ УИХ-ын дэд дарга нар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болон байнгын хороодын даргыг сонгож, бүрэлдэхүүнийг нь баталсан юм.
Хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сэтгүүлч, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн УИХ-ыг түүхэнд бичигдэн үлдэх тус парламентын даргаар Д.Амарбаясгалан ажиллахаар болсон. Харин УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандорж ажиллахаар болж тамгаа хүлээн авлаа.
Б.Баасандоржийн хувьд ажлын гараагаа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаас эхэлж, төрийн албанд гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаал хүртэл шатлан дэвшиж 23 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай хуульч. Тодруулбал, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлж, батлуулах чиглэлээр 16 жил, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр таван жил, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр хоёр жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 15 жил тус тус ажиллажээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан парламентын 126 гишүүнтэй байх, хувь тэнцүүлсэн болон олонхын сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн төсөл боловсруулах болон иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх Засгийн газрын дэд ажлын хэсгийг ахалж ажилласан. Мөн төрийн захиргааны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд процесс суурьтай оновчтой, үр дүнтэй засаглалыг бэхжүүлэх зорилгоор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын хүрээнд процессын дахин инженерчлэлийг эхлүүлж нийгмийн хамгаалал, хөдөлмөр, эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, ирээдүйн загварыг гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх шаардлагыг бүрэн хангаж байгаа учраас энэхүү томилгоо нүдээ олсон гэдэгтэй олон нийт санал нийлж буй.
УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар ажиллана
Түүхэнд чухал үүрэг гүйцэтгэх учиртай парламентын даргаар Д.Амарбаясгалан, дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар ажиллахаар болов. Холбогдох хуульд “Улсын Их Хурлын дэд даргыг тухайн Улсын Их Хурлын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, ил санал хураалтаар сонгоно” гэж заасны дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлснийг намын бүлгүүдийн дарга нар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын 110 гишүүн санал нэгтэйгээр тэднийг дэмжиж, УИХ-ын дэд даргаар сонгов.
УИХ дахь МАН-ын бүлгийг Л.Мөнхбаатар, АН-ынхыг О.Цогтгэрэл нар удирдана
УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг, УИХ дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгов.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр бүлэг байгуулах хэмжээний суудал авсан улс төрийн намууд УИХ дахь намын бүлэг байгуулж, бүрэлдэхүүн болон даргыг сонгосон тухай шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлж, улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулав.
Байнгын хороодын даргыг сонгож, бүрэлдэхүүнийг нь батлав
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Ёс зүй, дэгийн, Инновац, цахим бодлогын, Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн гэсэн нийт 11 байнгын хороотой байхаар заасан байдаг. Энэхүү холбогдох хуулийн дагуу байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа УИХ дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн УИХ-д авсан суудлын хувийг харгалзана. Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдах ёстой.
УИХ-ын байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Ингээд 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулж байна.
1.Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар;
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн;
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен;
4.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам;
5.Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар;
6.Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал;
7.Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан;
8.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүн Ж.Бат-Эрдэнэ;
9.Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн;
10.Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар;
11.Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж нар тус тус дэмжигдсэн юм.
Зарим асуудлаар ажлын хэсэг байгуулан холдбогдох хуулийн төслийг боловсруулна
Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан ес дэх удаагийн УИХ анхдугаар чуулганаараа дээр дурдсан болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тус чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй энэ удаагийн УИХ хууль тогтоомжийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, илүү мэргэжлийн түвшинд явуулах ёстой гэдгийг тодотгов.
Мөн тэрбээр эхний ээлжид хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, үүрэг хариуцлагын зохистой түвшнийг баталгаажуулах, зах зээлийн шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулж, зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэхээ мэдэгдсэн юм. Тэрбээр “Шинээр бүрдэж байгаа хамтарсан Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сан, 20 минутын хот, Шинэ хоршоо болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг чухал бодлого, арга хэмжээг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй байна.
Эдгээр бодлогын баримт бичиг, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудал юм. Иймд энэ чиглэлээр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгаа намууд үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын залгамж чанарыг хадгалсан, ирээдүйг харсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулна гэдэгт итгэж байна” гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй төр, улсынхаа эрх ашгийг дээдлэн, олон нийт, салбар салбарын дуу хоолой болж, монголчуудын амьдралд тулгамдаж байгаа болон шинэ тутам үүсэж буй асуудлын бодит шийдлийг олж, зохих хууль тогтоомжид тусгуулан ажиллах үндсэн чиг үүрэгтэй гэдгийг тодотгохын зэрэгцээ чуулганы завсарлагааны үеэр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, санаачлах хууль тогтоомжийн чиглэлээ тодорхойлон иргэд, олон нийттэй уулзалт, хурал зохион байгуулж идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдгийг сануулав. Мөн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын төрийн тогтолцоо, парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй ажиллахыг, мөн илүү мэргэжлийн, бүтээлч, ил тод, нээлттэй, шинжлэх ухаанч хэлэлцүүлгийн үр дүнд цагаа олсон, бодит, үр ашигтай бодлогыг дэвшүүлж, хяналт тавьж, дүгнэж чаддаг шинэ цагийн улс төрийн соёлын төлөө хамтран ажиллахыг уриалав.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24605/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна