Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихөд иргэн бүрийн оролцоо чухал


УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нийт гишүүний 99 хувийн саналаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1990 оноос хойш Засгийн газрыг хамгийн удаан тэргүүлсэн, мөн хамгийн олон удаа улирч он сонгогдсон, бас хамгийн олон хувийн санал авч томилогдож буйгаараа онцлогтой юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” гэж заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа эзэмшсэн мэргэжил, ажлын туршлага зэргийг нь онцлон дурдав. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын гараагаа Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанаас эхлүүлж 2002-2007 онд "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын орон нутагт суурилсан төслийн удирдагч, бүсийн захирал, 2007-2008 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. Түүнчлэн 2016 оноос УИХ-ын гишүүн, 2019-2021 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаа билээ.

УИХ-ын гишүүд Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж өнгөрсөн 30 жилийн алдааг давтахгүй байх, Боловсролын зээлийн сан, нүүрс, ногоон автобусны хулгай зэрэг асуудлыг хөөн хэлэлцэж, хариуцлага тооцохыг хүсэж, зарим зүйлийг тодруулав. Тэдний санал хүсэлт, асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа  авлигын эсрэг үйл ажиллагаанд хамтрахыг санал болгож, аливаа асуудалд бодитоор, ул суурьтай хандах, ялангуяа хүнээс хамааралтай зүйлд хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, зоримог шийдвэр гаргахаа онцлон мэдэгдэв.

Түүнчлэн энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон, нийт гишүүдийн 25 хувь болсноор Азийн дундаж үзүүлэлтүүдээс давсан гэдгийг, мөн  хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн профессор, мэргэжлийн эксперт, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч багтсан гэдгийг тодотгов.

 

30 жил хүлээгдсэн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд улстөржилгүй хамтран ажиллахыг хүсэв

Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдож, нийт гишүүний 64 хувийг бүрдүүлсэн нь ард түмний ялалт, шинэ 30 жилийн эхлэл болж чадсан гэдгийг хэллээ. Тэрбээр “Энэ удаагийн сонгууль зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал цаг хугацаа гэдэгт итгэж байна.  Улс орон бол хүний биетэй адил амьд организм билээ. Тиймээс шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмыг доголдуулж буй шалтгааныг зөв оношилж, суурь РЕФОРМ хийх ёстой. Ирэх дөрвөн жил боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслөө хэрэгжүүлж дуусгахаас гадна 30 жил хүлээгдсэн ажил, төсөл хөтөлбөрийг цаг алдалгүй хийж хэрэгжүүлэхэд улстөржилгүй хамтран ажиллахыг та бүхнээс хүсье” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засаг багадаа 6-7 хувийн өсөлттэй байх шаардлагатай тул аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжихээ илэрхийллээ. Мөн эрчим хүчний салбарын либералчлалыг хийх, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох ТАВАН ТОЙРОГ дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг илүү эрчимжүүлэх,  аж үйлдвэр, уул уурхайн, сэргээгдэх эрчим хүчний, эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн, түүхэн болон байгаль, соёлын аялал жуулчлалын төрөлжсөн бүсийг бий болгож, бүс бүхэн ялгаатай татварын бодлого болон Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хархорум, Шинэ Зуунмод зэрэг шинэ хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм. Мөн нийслэл болон Богд уулыг тойрсон хурдны замыг барьж, Нийслэл-Хөшигийн хөндийг холбосон гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаан эхлүүлэх шаардлагатайг ч дурдлаа.

Түүнчлэн иргэдэд ээлтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минутын дотор авах гэр бүл, хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, эрх мэдэл салангид байх сонгодог парламентын нийтлэг зарчмын дагуу Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тухай 30 жилийн улс төрийн мэтгэлцээнийг шийднэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Тэрбээр “Бид тавьсан зорилго зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно. Ерөнхий сайдын хувьд сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандаж, дэмжигдсэн хөтөлбөр бүрийн давхцалыг олж, товч, тодорхой, үр дүнтэй хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгох болно. Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихөд монгол хүн бүрийн идэвхтэй оролцоо чухал билээ” хэмээв.

 

Засгийн газрын хөтөлбөрт УИХ-д суудалтай намууд саналаа тусгах боломжийг бүрдүүлэв

Сонгуулийн дараа өрнөсөн онцлох шийдвэрүүдийн нэг нь намууд хамтран ажиллахаар болж, улмаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт УИХ-д суудалтай бүх нам саналаа тусгах боломжийг бүрдүүлсэн явдал байв. Тодруулбал, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө МАН, АН, ХҮН нам 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар гарын үсэг зурж, улмаар мэдэгдэл хийв.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын оролцоо, нийгмийн төлөөллийг жигд хангахад чиглэсэн хувь тэнцүүлсэн холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг Монгол Улс анх удаа явуулж, үр дүнд нь олон нам, нийгмийн  бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй шинэ парламентын эрин үе шинэ 30 жилийг эхлүүлж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Тэрбээр “Мөн өнгөрсөн 30 жилийн гол алдаа нь Засгийн газрын насжилт богино, улс төрийн намууд тогтворгүй явж ирсэнтэй шууд холбоотой. Тогтолцооны реформын хүрээнд сонгодог парламентын жишгээр санамж бичгийг байгуулж байна. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллалааны хөтөлбөрт УИХ-д суудалтай бүх нам саналаа тусгах боломж бүрдлээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээг намууд байгуулна. Олон жил ужгирсан асуудлуудыг бид хамтдаа шийдвэрлэнэ. Илүү хурдан шийдэхийн тулд, илүү хурдан хөгжихийн тулд зориглоцгооё” хэмээв.

Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар ярихдаа улс төрийн намууд бие биедээ саад тээг тавих биш, харин Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэгдэж байгаагаа тодотгон хэлэв. Мөн энэхүү баримт бичигт эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулах, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, нийслэл хотын төвөөс нисэх буудал хүрсэн тойрог дэд бүтцийг байгуулах, мэдээллийн технологи, инновац, дэвшилтэт ногоон шилжилтийг салбар бүхэнд цаг алдалгүй хийх, орон сууцжуулалтын томоохон бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудлыг тусгасанд олзоруурхаж, дэмжиж буйгаа илэрхийлэв.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24605/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 23 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр