АТГ олон улсын байгууллагуудтай хамтарч, 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүллээ

unen
4 цагийн өмнө

Монгол Улсад олон улсын донор байгууллагуудын тусламж, дэмжлэг чамлахааргүй ирдэг. Гэвч гаднын санхүүжилттэй томоохон төсөл хөтөлбөрийн үр дүн хэр байна вэ гэдгийг бид төдийлөн хянадаггүй. Үр дүнг нь ч тооцож тооцоолохгүй явсаар, зарим нь “Бэлгийн морины шүд үздэггүй” гэсэн байдлаар асуудалд хандсаар  өдий хүрсэн. Гэхдээ тооцож нягтлах зайлшгүй шаардлагатай гэдгийг бидэнд олон баримт сануулж байна.

 

Дэлхийн банк Засгийн газраас 1.7 сая ам.доллар нэхэмжлэв  

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг нь “Цахим эрүүл мэнд” төсөл.  Энэ төслийг  19.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, 2016 оноос 2022 оны есдүгээр сарын 30-ны өдөр хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд 19.5 сая ам.долларын санхүүжилт авч, эрүүл мэндийн үйлчилгээг цахим системд шилжүүлэхээр гэрээ байгуулжээ. Тодорхой хэлбэл, нийт иргэдийн эрүүл мэндийн цахим мэдээллийг багтаасан эрүүл мэндийн үндэсний мэдээллийн санг бий болгож, эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сантай шууд холбоно. 

Үндэсний дата төвд мэдээллийн санг мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалж байршуулна. Үүний үр дүнд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн харьяалал харгалзахгүйгээр аль ч эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, даатгалын зохих хөнгөлөлтийг эдлэх боломжтой болно. Мөн эрүүл мэндийн мэдээллийн стандарт болон толь бичиг батлагдаж, эрүүл мэндийн бүх байгууллага иргэний мэдээллийг эмнэлэг хооронд, цаашилбал, эмч нар хоорондоо ойлгомжтой, хялбар аргаар солилцон хамтарч ажиллах боломж бүрдэх байсан юм. Яалт ч үгүй хэрэгтэй том төсөл. 

Гэвч төсөл дуусахаас өмнө 2022 оны есдүгээр сард  Дэлхийн банкнаас “Цахим эрүүл мэнд” төслийг санхүүжүүлэх боломжгүй гэдэг албан бичгийг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн байна. Тэр ч бүү хэл уг төслийг зогсоож, Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн юм. Эндээс л томоохон асуудал үүсжээ. Монгол Улсад  600 орчим сая ам.долларын зээл тусламж, дэмжлэг үзүүлсэн байгууллага яагаад гэнэт гэрээнээсээ буцаж, Засгийн газраас хөрөнгө оруулалтаа нэхэмжилж эхэлснийг шалгах шаардлагатай болох нь тэр.

 

БНСУ-ын “Тайхан кабель Солюшн” компани хуурамч баримт бичиг бүрдүүлэн тендерт ялжээ

 

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг боловсруулах, хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх 6.0 сая ам.долларын санхүүжилттэй ажлын гэрээг БНСУ-ын “Тайхан кабель Солюшн” компанитай 2021 оны зургадугаар сард байгуулжээ. Гэрээний дагуу ажлын урьдчилгаа төлбөрийг төлсөн ч тус компани  ажлаа хийлгүй орхиж, Дэлхийн банкныхан төслийн санхүүжилтээ зогсоож, гаргасан мөнгөө Засгийн газрас нэхэмжилсэн нь тодорхой болов. 

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар  “Тайхан кабель Солюшн” ХХК-д  урьдчилгаа болгож төлсөн 557 сая ам.долларыг гүйцэтгэлийн баталгаа гаргуулах замаар улсын төсөвт төвлөрүүлэх, үлдэгдэл төлбөрийн санхүүжилт болох 1.1 сая ам.долларыг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд  Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарт даалгаж, АТГ мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсээс Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай  хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Тайхан кабель Солюшн” компани хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч, гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулж улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон байна. Улмаар БНСУ-ын “Тайхан кабель Солюшн” компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоолоо.

 

Монгол Улс мөнгөө эргүүлж авлаа, харин мэдээллээ... 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед эрүүл мэндийн салбарт төсөл хэрэгжүүлж байсан Азийн хөгжлийн банк төслөө зогсоож, Засгийн газраас 4.7 сая ам.доллар нэхэмжилсэн гэдэг мэдээлэл бий. Тухайн үеийн Ерөнхий сайд төсөлд ямар будилаан, маргаан гарсныг шалгуулахгүйгээр энэ асуудлыг хэл амгүй дарахын тулд Засгийн газрын нөөц хөрөнгөөс нэхэмжилсэн мөнгийг олгосон тухай зарим эх сурвалж мэдээлж байна. Тэгвэл энэ удаа Монголын Засгийн газар ялалт байгуулж, гэм буруутай этгээдүүдээр хохирлыг нөхөн төлүүлж чадлаа. Мөнгөө буцааж авлаа. Гэхдээ иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асар их мэдээллийг гаднын компанид алдсан байж болзошгүй гэсэн хардлага олон хүнд байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24605/

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр