Иргэдтэй хамгийн ойр ажиллах төлөөлөгчдийг хоёр сарын дараа сонгоно


Өөрөөр хэлбэл, иргэд ямар орчинд хэрхэн амьдарч буйг, тэнд ямар бүтээн байгуулалт хийх шаардлагатайг, юу хийвэл бодит дэмжлэг болох вэ гэдгийг хамгийн сайн ойлгож, мэдэж мэдэрч ажиллах ёстой хүмүүс байдаг. Тийм ч учраас  иргэд, олон нийт орон нутгийн буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд УИХ-ын сонгуультай дүйцэх хэмжээнд ач холбогдол өгч, оролцох учиртай.

Тиймээс уншигчдад мэдээлэл өгөх үүднээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарьт ажлын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны баталсан тус хуваарьт сонгуу­лийн тойрог, хэсэг, сонгуулийн бай­гуул­лага, сонгогчдын нэрийн жагсаалт, нам, эвсэл, нэр дэв­шигчийн бүртгэл, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа, санал авах, дүн гаргах, сонгуулийн зардал, тайлан гэсэн долоо хэсэгт 49 үйл ажиллагааг ямар цаг хугацаатай хэрхэн зохион байгуулах талаар нарийвчлан тусгажээ.

Одоогоор орон нутгийн хурлын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүү­лээд байгаа юм. Тодруулбал, нам, эвсэл орон нутгийн хурлын сон­гуулийн жилийн зургадугаар сарын 25-ны өдрөөс өмнө, харин бие даан нэр дэвшигч долдугаар сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр заасан байдаг. Харин тус байгууллага нам эвслийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу наймдугаар сарын 12-ноос өмнө, харин бие даан нэр дэвшигчийнхийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө буюу есдүгээр сарын 6-наас өмнө  гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.  Хэрэв нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгаж, дахин хүргүүлэх боломжтой.

Дээр дурдсан цаг хугацааны хуваарийн дагуу нийслэлийн МАН-ын хороо орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тус нам үндсэн таван бүлэгтэйгээр боловсруулсан мөрийн хөтөл­бөртөө Улаанбаатар хотод тулгамдаж буй иргэдийн амьдрах орчин, орон сууц, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшиг ослын эрсдэлийг буу­руулахад чиглэсэн зорилтыг дэвшүүлжээ. Ялангуяа хөгж­­лийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга зам, санхүүжилт, эдийн засгийн тооцооллыг мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарган судалж багцалсан гэдгийг нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар мөрийн хөтөлбөрөө нийслэл дэх төрийн Аудитын газарт хүлээлгэн өгөх үеэрээ тодотгосон. Тэрбээр “Манай нам 2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон аудитын байгууллагын хуульд заасан шаардлагад нийцүүлж мөрийн хөтөлбөрөө боловсруулан хуулийн хугацаанд хүлээлгэн өгч байна. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн бас нэг онцлог нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан өөрчлөл­тийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөр, өртөг тооцож болдог үйлчилгээний төрөл дээр бүхий л боломжуудыг ашиглан хотын эдийн засгийг тэлэх бодлого баримталсан” хэмээн онцолсон.

Холбогдох хуульд заасны дагуу нам, эвслүүд наймдугаар сарын 12-ноос өмнө сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой. Тодруулбал, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн аймаг, сум, нийслэл дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хороонд хүргүүлэх юм. Харин нам эвслийн хүсэлтийг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг зарчимтай.


Сонгуулийн хороодыг наймдугаар сарын 12-ноос өмнө байгуулна

Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө буюу наймдугаар сарын 2-ноос өмнө байгуулна. Ингэхдээ тус хороог дарга, нарийн бчигийн дарга болон тав эсвэл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлэх ёстой.

Харин Сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу наймдугаар сарын 12-ноос өмнө дарга, нарийн бичгийн дарга болон гурав юм уу таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, улмаар харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ. 

Нэр дэвшигчийг наймдугаар сарын 27-ноос тодруулна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дөрөв дэх хэсэгт нам, эвсэл, нэр дэвшигчийн бүртгэлийн талаар заасан. Тухайлбал, орон нутгийн хурлын сонгуульд оролцо­хоор бүртгүүлсэн нам, эвсэл найм­дугаар сарын 27-ноос есдү­гээр сарын 2-ныг дуустал нэр дэвшигчээ тодруулна. Бие даан нэр дэвшигчид ч мөн адил сон­гуульд нэрээ дэвшүүлэх ажиллагааг энэ хугацаанд явуулна. Улмаар нэр дэвшигчдийн холбогдох баримт бичгийг  есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Түүнээс долоо хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.


Нэр дэвшигчдэд есдүгээр сарын 26-нд үнэмлэх олгож, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ

Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг есдүгээр сарын 26-нд олгоно. Нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлэх ёстой. Нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор буюу есдүгээр сарын 26-наас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Холбогдох хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаа 14 хоногийн хугацаанд үргэлжилж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний өдөр дуусгавар болно.

Нэр дэвшигч хуульд зааснаар цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухайд, олон нийтийн радио, телевизээс бусад нь есдүгээр сарын 11-нээс өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг, холбогдох баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж, бүртгүүлнэ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сурталчилгаа дууссанаас хойш арав хоногийн дотор буюу аравдугаар сарын 19-нөөс өмнө тайлангаа олон нийтэд мэдээлэх зохицуулалттай.


Битүүмжилсэн хайрцгаар аравдугаар сарын 10-нд санал авна

Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч харьяа өрхийн эмчээсээ өөрийн эрүүл мэндийн талаарх магадлагаа гаргуулж, санал авах өдрөөс гурав хоногийн өмнө хүсэлтээ илэрхийлнэ. Улмаар аравдугаар сарын 10-нд 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах юм. Ингэхдээ тухайн иргэний хүсэлт, эмнэлгийн магадлагаа эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэж битүүмжилсэн хайрцгаар санал авна.


Орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-нд болно

Орон нутгийн хурлын сонгуулийн санал хураалтыг ирэх аравдугаар сарын 11-ний баасан гарагт Улаанбаатар хотын цагаар 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулахаар тогтсон. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд “УИХ-ын орон нутгийн хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно”, мөн  “Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж заасны дагуу УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан.

Иргэний шилжилт, хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ноос зогсоож, аравдугаар сарын 12-нд сэргээнэ

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой хэсэгт иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох талаар тусгасан байдаг. Тодруулбал, иргэн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал хураалт болсон өдрийн дараах өдрөөс сэргээхээр тусгасан. Тэгвэл энэхүү хугацаа наймдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 12-ны хооронд таарч байгаа юм.


Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжтой

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 13-ны өдрөөс https://election.burtgel.gov.m... цахим хуудаст байршуулсан.  Тиймээс уншигчид та бүхэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ тус цахим хуудаст нэвтэрч, шалгах боломжтой. Хэрэв бүртгэгдээгүй аль эсвэл ямар нэгэн зөрчилтэй тохиолдолд итгэмжлэгдсэн ажилтан юм уу улсын бүртгэлийн байгууллагад бичгээр мэдэгдэх боломжтой. Харин тус асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох хуульд үндэслэн гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргаж, өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулах үүрэгтэй.

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргадаг. Уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан байдаг.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 23 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр