Гэнэтийнхэн ба гээгдсэн дурсамж


Түрүүч нь  № 26 дугаарт


 БАГШ НАРАА ДУРСАХУЙ 

...Дархан хотын дэргэдүүр гараад бид Хөтөлд хэсэг саатлаа. С.Оюунтөгсийн амьдралын цөөнгүй жил энэ хоттой холбоотой. Анхны ажил, гэр бүл, үр хүүхэд гээд. Ангийн Оюунжаргал, Батхуяг нар мөн тэнд ажиллаж, амьдардаг байсан гэлцэх. Тэд Хөтөлд очоод 10 жилийн сурагч байхаасаа ч илүү дотноссон юм билээ. Төгсөөгийн дотор сэтгэлд ямаршуухан дурсамжууд цэлэлзэн байгаа бол доо. Түүний царай баргар харагдав. Аавыгаа санасан байх. Төгсөөгийн аав миний мэдэхийн үг дуу цөөтэй, бодь хүн байв. Аавыгаа энд нутаглуулжээ. Оюутан болоод намрын ажилд анх явахад аав нь зөндөө идэх юмтай эргэж ирсэн тухай тэрбээр дурсана. Тэдний анги Номгоны САА, манай анги “Мартагдашгүй намар” киноны зураг авалтыг хийсэн Орхоны САА-н “Бэлэн далай” үтрэмд ажилласан юм. Төгсөөгийн ээж Должин биерхүү, чанга дуутай эгч өдгөө үр хүүхдийнхээ буянд сайхан амьдардаг. Должин эгч “Энхээ яагаад манайхаар үзэгдэхгүй байна вэ. Төгсөө чи л болоогүй биз” хэмээн найзыг сэжиглэнгүй хардаг байсан гэдэг. Должин эгчийн хөмсгөө өргөчихсөн, хайр энэрэл дүүрэн харц олон жилийн дараа таарахад яг л янзандаа шүү. Тэр залуудаа халгиа цалгиатай, бизнесийн овсгоотой нэгэн байсаан.

Оюунтөгстэй анх таарсан цагаас нэг зүйлийг анзаарсан юм. Машинаа маш цэвэрхэн унадаг. “Би ер нь эрэгтэй сүнстэй. Ангийн Анх-Эрдэнэ ч намайг “Эрэгтэй сүнстэй” гэсэн. Жаахан залуухан байсан бол авто раллид орчихсон явах бий вий” гэж аяллын явцад хоёронтоо хэлнэ билээ. 10 жилд хөвгүүд охидыг шоглох гэвэл Төгсөө өмөөрөөд гараа зангидан дайрдаг байв. Төгсөөтэй нэг ширээнд суудаг Анх-Эрдэнэ “Боксчин Энхцэцэг, дасгалжуулагч Оюунтөгс, шүүгч Эрдэнэбаяр” гэсэн пайз зүүж марзганана. Долдугаар ангид багш солигдож, “Есөн хуруу” хочтой Баярцогт гээд математикийн багш манай ангийг даах болов. Багш 90-ээд оны эхэн үед Дархан хотын орлогч дарга хүртэл хийж явсан. 

Баярцогт багш хэсэг эзгүйд ангийг хожим УИХ-ын гишүүн болсон М.Чимэдцэрэн агсан удирдсан удаатай. Төгсөөтэй энэ бүгдийг ярилцах зуур насан туршдаа хайрлаж хүндэлдэг багш нар гэвэл бага ангийн Норовсамбуу, ахлах ангийн Баярцогт, оюутны ангийн Чулуунхүү юм байна аа хэмээн лавшруулан бодов. Оюутны багш бидэнтэй анх намрын ажилд явахад “Анхны алхам” киноны Мядагаас царайлаг санагдсан. Янзтай зохисон малгайтай хүрмийг өөрөө оёсон тухай нь өнгөрсөн жил багштайгаа утсаар ярихдаа мэдэж авсан юм. Нөгөө анги хэрнээ Төгсөө “Миний амьдралд Чулуунхүү багшийн бидэнд ярьж хэлдэг байсан зүйлс их хэрэг болсон доо” гэв. Ангийн багш монголхэл, уран зохиол заадаг. 

Сургуулийн хамгийн чанга нь болох Чулуунхүү багштай бид одоо ч холбоотой, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах тухай гээд ер нь амьдралд хэрэгтэй бүхий л зөвлөгөөг тэр харамгүй хэлж өгдөг. Хүнд тэр бүр ярьдаггүй нарийн нандин зүйлсээ багшид нэг л мэдэхэд хэлчихсэн байх нь бий. Бидний сэтгэлд тийм л орон зайтай гэсэн үг. Төгсөх жилийн өмнө манай ангийнхан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллахад, хариуцаж явсан Мэдээлэл, технологийн өвгөн багш /нэр бичээд дэмий юм даа/ биднээс эгч буюу ажиллаж байгаад оюутан болсон эмэгтэйн мөөмийг барьсан гэдэг баттай мэдээлэл ирлээ. Бид тэр багшийг унтаж байхад өвөрт нь мэлхий хийчихсэн. 

Харин эдийн засгийн Б.Буядаа багшийг оюутнууд хүндэлж ирсэн. Ер нь “Есөн хуруу” Баяраа багш есдүгээр ангид анги даахгүй гэнгүүт сургуульдаа хамгийн дээгүүр жагссан манай ангийн таван охин доргиод, техникумд орчихсон юм. Эцэг, эхийнхээ үгэнд ч ороогүй том толгойтууд даа. Ирийгээд суучихсан багш нараа ч тоосонгүй. Орос хэлний Сувдаа, хэл, уран зохиолын Батбаатар багш хоёр хожим “Өнөөдөр” сонины эрхлэгч болсонд толгой сэгсэрч билээ. Хэл, уран зохиолын улсын шалгалтад “Эх орон” гэдэг сэдэв ирэв.


“Монгол...

Эрт өнийн дуулиантай эх орон

Эрх чөлөөний залуу эх орон

Атаатнаа чи үзэн ядахын

                                   хорсолтой

Аз жаргалын одондоо үнэн

                                        хайртай

хэмээн Болгарын их зохиолч Младье Исаев бичсэн” гээд зохион бичлэгээ үргэлжлүүлж суутал багш дэргэд харан зогссоноо “Энхцэцэг, есдүгээр ангид миний уран зохиолын дугуйланд явна шүү” гэлээ. “За” гэчихээд багштайгаа хийсэн тохироогоо зөрчив. Тохироо зөрчсөн горыг амьдрал хангалттай амсуулсан санагдана. Огтоос дур сонирхолгүйгээр оюутан болсон учраас эдийн засгийн багш Буядаагийн “Туйлын сайн хүн гэвэл туйлын хөдөлмөрч хүнийг хэлнэ” гэсэн үгээс өөр юу ч тогтоосонгүй. Мэргэжил талаасаа мөн түүний хэлсэн “Машиныг үйлдвэрлэдэг машиныг үйлдвэрлэдэг машины үйлдвэрийг хүнд үйлдвэр гэнэ”. Бол оо. Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн техникумаас нийт хоёр өгүүлбэр тогтоожээ.

 Буядаа багш 1972 онд Мюнхений олимпоос жүдогийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн боловч “Сэргээш хэрэглэсэн хэмээн намайг хэлмэгдүүлсэн” гэж бухимдалтай, тун ч гомдолтой өгүүлдэг нэгэн байв. Ангийн охид, бидний олонх нь багш Чулуунхүүтэй зарим зүйлээр их төстэй зан чанартайгаа сүүлийн жилүүдэд анзаараад л байна. Харин тэр эрхэмсэг сайхан эмэгтэйн донж маягийг дагана гэвэл дуураймал жийнснүүд амжихгүй л... Сайхан буурал багшдаа би саяхан ангийн минь охинд тохиолдсон харамсалтай үйл явдлыг хэлэх нь зүйтэй гэж шийдсэн юм. Өрөвч нинжин сэтгэл өмөрч хайлж буй нь үг, үйлдэл бүрээс нь илт. Оюутан ахуйд хамгийн чанга царайлж ирсэн багшдаа яагаад итгэдэг тухайгаа ярья. 

Ой муутай хүмүүс мартах магадлалтай. Багш “Би үнэнээсээ уурладаггүй. Та нарын төлөө сэтгэл зовниж уурласан царайлдаг. Ууртай хүн үрчгэр байдаг. Намайг хар”. Энэ үг хэзээ ч санаанаас гардаггүй. Багш өөрийгөө ийнхүү тайтгаруулдаг байж. Гэхдээ биднийг алдаж эндхээс үргэлж сэргийлж, ухааруулж, ааштайгаараа дуудуулж ирсэн нь түүний хичээл зүтгэлийг илтгэнэ. Цэргээс ирсэн ах нарын нэг Бадрал “Багш аа, та ингэж өөрийгөө зовоож байхаар гэртээ хариад амар л даа” гэснийг Чулуунхүү багш одоо дурсахдаа “Бадрах л үнэн хэлжээ. Би мөн ч хэнхэг хүн байлаа. Ар гэрээ мартсан юм шүү дээ” гэж билээ.

 

“ЭР ХҮНИЙГ БҮТЭЭДЭГ“ ГЭЛЭЭ 

Давхих зуур Төгсөө “Миний эх орны цэлгэр уужим тал хараад ханамгүй шүү” гээд л шүүрс алдана. Үүл лүгээ хөвсөлздөг хүн дээ. Гашуун рашаан, шар айраг огт амсдаггүй хэр нь хэдийнэ таван зуун грамм татчихсан аятай аяглахыг яана. Бид буудалласан газраа нэг хоночихоод л “Явцгаая” гээд давхилдана. Аяллын ихэнх цаг замд өнгөрчээ. Тэгэхээр бид ярилцаж л суухаас өөр яах вэ. Уг нь аяллын явцад Төгсөө туулсан амьдралаа ярьж, би туж сонсон, бодолхийлж явлаа. Төгсөөгийн тархины санамжаас бүгд сэргэтэл асууж ярилцсан ч тэр гэрийн гадна буулгахдаа “Найзынхаа ярьсныг элдэв “юманд” бүү оруулаарай” гэсэн юм. “Хамаг байдгаа тоочиж буглаагаа гаргалаа” хэмээн санаа алдана. Эцэст нь багын найз энэ орчлонгийн хамгийн сайн ээжүүдийн нэг гэсэн дүгнэлттэй үлдэв. 

Нэгэн гэр бүлийг цул байлгахын тулд чамлахааргүй ихийг зольжээ. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж ирсэн золиос нь мэдээж эрүүл мэнд. Эх хүний нэгэнтээ өөрөөсөө алдчихсан явдаг тэр бүхнийг харамгүй тавьж туужээ. Орилж бахирч, ерөөж, хараан бүгдийг өөртэйгөө авч үлдэхийн тулд тэмцэлджээ. Нийтийн хоолны салбарт бахдамаар амжилттай нэгэн болтлоо зүтгэж. “Хүний амьдрал ерөөс харагддаг шигээ байдаггүй гэж би хэлээ биз” гээд хөмхийгөө зууна. Сар шинийн өмнөхөн манайх “Food city”-д үзэсгэлэн худалдаа зохион байгуулах үеэр тэр ангийн хэсэг нөхдийн хамт ирж, хамтдаа хооллосон юм. Хүргэн дүүд манай найз ийм газар ажиллуулдаг гэх төдийд “Аан, тэднийх алдартай” гэв. “Алдартай” болохоос өмнө загас утаж, сүлжээ дэлгүүрүүдээр пирожки мэтийг хийж тараах зэргээр борви бохисхийсэнгүй. Зарим газар тогооч хийж үзсэн байна.

Аливаа ач тус, буяныг санадаг нь зарим зүйлээс анзаарагдана. “Тэр хүн надад хуушуур хайрахыг заасан, Чимгээ маань тэр үед ёстой тасхийтэл тусалсан юм даг. /төрсөн дүү нь/Тэр дэлгүүрийн хүн бэлэн мөнгөө төлөөд худалдаж авдаг нь мөн ч дэмтэй байж билээ“ гэж ирээд л ...Хар багаасаа ярих урлагийг гаргууд эзэмшсэнийг нь мэднэ ээ. Түүний үг хэл соронз л гэсэн үг. Дүрлийчихээд ааг амьсгаагүй ярихыг сонсоход надад яах аргагүй кино зургийн хальс л нүдний өмнүүр гүйгээд байгаа юм даа. Олон бизнесмэнээс ярилцлага авч үзсэн ч онцын сонирхолтой хүн найз минь болчихно гэж хэн санах билээ. Миний анх төсөөлөн бодсоноор “Сайхан Серафима” бүр цаашаа...”Эр хүнийг эмэгтэй хүн бүтээдэг юм аа” гэх нь эрс шийдэмгий. Ээ, базарваань. Төгсөө “Үхэл бол амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрчихвөл сэтгэлд амар даа” гэв.

 

ДҮРСГҮЙ ЗАН ХӨДӨЛБӨЛ 

...Би уншсан ном болгоноо Төгсөөд ярьж өгдөг байлаа. Төгсөө дүрлийчихээд амьсгаа даран сонсоно. Бид хамтдаа сургуулийн хажууханд байх халуун усны газар усанд орохдоо “Край радной навек любимый, где найдёшь ёшё такой” хэмээн тэнхээ мэдэн чарладаг байснаа дурсаж эг маггүй хөхрөлдөв.

 

ХОНХОН ЦЭЦЭГ 

Оюунтөгс бидний аялалд түүний гэр бүлийн хүн Нямаагийн ээж, эгч нь, хүүхдүүдтэйгээ, тэдний охин, хүү хоёр хүүхдүүдтэйгээ, яг хотоос гарах гэж байхад утас руу залгасан миний бага дүү нөхөр, охины хамт гээд жинхэнэ холимог баг бүрдсэн. Нямаагийн том эгч Жийжий лагс том биетэй. Лав 130 орчим кг байх. Зүрхний өвчтэй гэж сонсов. Тэр ойрын зайнд ч таягаа тулаад мөлхөөгөөрөө явахыг харах өрөвдмөөр. Өөрөө түүндээ түүртсэн шинжгүй, сэтгэлийн хаттай, алиа марзан бүсгүй юм аа. Ягаан өнгийн далбагар малгай тавьчихсан ээжийгээ “Ээж одоо хонхон цэцэг юм уу хаашаа юм бэ. Хүүхдээрээ л бай л даа. Аялж байж нэг их гангалж гэнэ” хэмээн цаашлуулна. Нэгэн цагт тогооч явсан түүний гарын хоол тансаг амттай. Том хүү Тулгыг аяллын явцад бишрэв.

Ээждээ үнэн сэтгэлийн хайр халамжтай хүү юм. Том охиных нь хүү гэх хөөрхөн жаахан хүү бүдүүн эмээгийнхээ мөөмнөөс үргэлж зүүгдэж харагдана. Хүү Тулга цэргийн алба хаасан гэнэ. Тэвчээр хатуужил түүнээс нэвт шувт ханхална. Майхан саваа түүртэхгүй, түргэн бариад ээжийгээ тойглоно. Ээж нь хүнд өвчтэй учир хэзээ ч унаад өгөхөд бэлэн гэдэгтэй нэгэнт эвлэрсэн тул “Ээж минь хичээлээс ирэхэд “унтчихсан” ч байж мэднэ” гэх бодлоор өдөр бүр үнсээд гардаг гэв. Энэ тухай хэн хүнгүй ам булаалдан ярин, Тулга хүүгийн энэрэл хайрыг магтана.  Баг Дарханы зүг рүү гарсан гэхэд тойрсоор эцэст нь алдарт Орхоны хүрхрээ үзээд аяллаа өндөрлүүлэв. Сүүлчийн цэг дээрээс л ажил, амьдрал нүдний өмнүүр жирэлзээд эхэлдэг нь ёс юм даа. Оюунтөгс “Манайх энэ олон үйлчлүүлэгчийнхээ хүчээр оршин тогтож байгаа учир нэг ч өдөр оройтож онгойх ч юм уу, хаалттай байж үзээгүй” гэв. Хариуцлагатай, зарчимч эмэгтэй болж төлөвшжээ. Эднийхэн маш соёлч боловсон аялахыг нь үнэлэхийн зэрэгцээ ер нь л монголчууд нам жим­дүү, амарсан шиг амрахыг эр­хэмлэдэг болсныг хэд хоногийн турш анзаарлаа. Голын эрэгт, жуулчны бааз, зочид буудал хаана ч хоносон олуулаа яваа хэр нь орилж, хашхирч бусдад садаа болж яваа хүнтэй таарсангүй. Хувийн хэвшлүүдийн бизнес хаа сайгүй дэвжин дээшилжээ.

Өвөрхангайн Хархоринд байрлах “Гэр комплекс” гэх жуулчны баазын тохижилт, үйлчилгээ онцгой таалагдлаа. Аялал, жуулчлалын шинэ стандартыг мөрдөж буй нь талар­хууштай. Хүү Ихэрбилэг бид хоёрыг ихийг үзэж, эргэцүүлэн бодож, эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялуулсан ангийн найз Оюунтөгс түүний гэр бүлийн хүн Нямаа нарт талархал илэрхийлье ээ.

Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 23 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр