“Монголын үнэн” сонины хамт олон аян замд гарлаа. Бид аялал жуулчлалын салбарт туршлагатай хамт олныг сонгосон нь “Монгол аялал” ХХК юм. Олон жилийн түүхтэй тус компанийн хамт олон сүүлийн үед алдарт Занжиажэгийн шилэн гүүр, Тэнгэрийн хаалга, Байгаль нуур, Эрээн-Жинин-Хөх хот, Датун-Хөх хот, Жинин-Бээжин-Бэй Дай Хэ, Линхү-Ордос-Хөх хот-Жинин, Жинин-Бээжин-Жанчхүү-Линхү, Датун-Утай-Хөх хот зэрэг аяллыг зохион байгуулж байгаа аж.
Монгол Улсынхаа үзэсгэлэнт газар буюу Сайханы хөтөл, Ээж мод, Тужийн нарсыг үзээд Байгаль нуур хүрэх дотоод гадаад хосолсон аялал ч эдний нэрийн хуудас болжээ.Тэнгэр худалдааны төвөөс бидний аялал эхэлж Эрээн рүү шууд нэвтэрдэг автобусанд суулаа. Бид бусад аялагчдаасаа нэг хоногийн өмнө Эрээн хотод очих шийдвэр гаргасан нь “Эрдэм транс” ХХК-ийн эл үйлчилгээг сонгоход хүргэсэн. Галт тэргээр явснаас хавьгүй хурдан буюу 10 гаруй цагийн хугацаанд автобусаараа шууд Эрээн хотын авто вокзал орох учир хялбар санагдав.
Монгол, Хятад улсын хилийн боомтоос бусад үед тээшээ чирэхгүй нь ч биед амар юм. Эрээн хотод нэг өдрийн өмнө очсоны хэргийг гаргахын тулд дэлгүүр, зээлээр хальт орчихоод гурав нь маникур, педикур нийлээд ердөө 100 юаниар хийлгэсэндээ сэтгэл хангалуун гэж жигтэйхэн. Сурцтай, хурдтай, будгийн сонголт ихтэй аж. Тус салон нь бүдүүн дэлгүүртэй ойр учир үйлчлүүлэгч ихтэй нь илт. Монголчууд хилийн дээс алхаад л эмийн сан ордог уламжлал нэгэнт тогтжээ. Үе мөчний наалт, хордлого гадагшлуулах наалт, зарим нэг эм тан эндхээс харьцангуй хямд, үйлчилгээ сайн учир арга ч үгүй биз.
Манайхны зарим нь орой буудалдаа очиход биеийн хор гадагшлуулдаг наалт наачихсан харагдав. Маргааш нь 12 цагт автовокзалын ойр орчим “Монгол аялал” ХХК-тай хамтран ажилладаг, БНХАУ дахь түнш болох “Хүслэн трэйвэл” ХХК-ийн хөтөч Цуурай биднийг угтан авлаа. Жуулчид хоёр автобусанд хуваагдан суусан агаад Жинин хотоос маршрутаар нь ялгаад гурван хөтөч үйлчлэх гэнэ. Зарим нь Жининээс цааш Мини аватартай, хэсэг нь Ордос хоттой, бид Жининий халуун рашаанд орж, Хөх хотод хоёр хоноод наашлах аяллыг сонгов. Эрээнээс таван цаг орчим явж Жинин хотод ирлээ. Замд хөтөч нар ам хуурай байсангүй. Газар нутгийн онцлог, амрахдаа юуг анхаарах тухай тайлбарлаж байв. Тухайлбал, халуун рашаанд даралт ихтэй хүн орохдоо анхааралтай байх, бассейнд халтарих вий, нийтийн амралтын үнэ аяллын үнэд багтсан, харин зочид буудал сонговол үнэ төлбөртэй шүү гэх мэтчилэн.
Өвөрмонголын өөртөө засах орны Улаанцав хотын Жинин дүүргийг сүүлийн 10 жил хурдтай хөгжүүлжээ. Улаанцав хот нь Өвөрмонгол, Шаньси, Хэбэй гурван аймгийн уулзварт байрлах бөгөөд Бээжин хотоос 300км, Эрээнээс 350 км зайтай оршино. Жинин дүүргийн “Water World” бол коронатай зэрэгцэн бүтээн байгуулсан, тус дүүрэгт дотоодынхоо жуулчдыг ихээр татаж буй төв юм. Өвөрмонголдоо хамгийн том 5 одтой, 33 төрлийн халуун рашаан бүхий усан амралтын цогцолбор. Үйлчилгээ хэвийн, буудал бага зэрэг хуучирсан, буфет хоолны амт, чанар янзандаа боловчиг уух багцнаас дураараа хүртэж болдог виноны төрлүүд хасагджээ. Харин нийтийн амрах өрөөний тав тухад хүмүүс сэтгэл хангалуун байна билээ. Хаа газар явахдаа өөрийн эрхгүй л харьцуулалт хийчих гээд байдаг гэмтэй.
Манайд ганц ийм усан парк байлаа гэхэд тамтаггүй үнэ тогтоох биз гэлцэнэ. Халуун рашаан, саун, хүсвэл мөнгөө төлөөд хөл, гар, бүтэн биеийн массаж хийлгэж болно. Зуны амралт эхэлсэн учир хүүхэд, багачууд хөөрөн баясаж гүйлдэнэ. Гэр бүлээрээ амарч яваа хүмүүс Монголдоо таарах мэт хөлхөлдөнө. Автобус автобусаар нь буулгаж байгаа тул аргагүй биз ээ. Энэ амралтын төвд ядаж л гуталтай оруулдаггүй учир элэгдэж, муудсан нь харьцангуй бага санагдав. Маргааш өглөө нь бид өглөөний цайгаа уучихаад Жинин хотыг бүхэлд нь харах боломжтой Хүслийн хийдийг очиж үзэн сонирхов. Тус дүүрэг 2.7 сая хүн амтай. Энэ том хотыг тольдоход ногоон байгууламж нь өөрийн эрхгүй нүдэнд тусна. Ногоон байгууламж, гэрэлтүүлгийг хаана ч тултал хийжээ.
Барилгууд эмх цэгцтэй, бүтээн байгуулалт бүр тоглоомын талбай, автомашины зогсоол, амрах тав тухтай орчныг нарийн төлөвлөлтүүд дор хийсэн нь илт. Хятад жуулчдыг энэ дэлхийн хамгийн амар жуулчин гэж аяллын салбарынхан ярилцах нь бий. Хоолыг нь л яг цагт нь өгчихвөл олон юм ярьдаггүй гэлцдэг. Өөрсдөө ч хоолны нэр төрөл олон, дайлбал дайлсан шиг дайлдаг зан чанар нь бүтээн байгуулалтыг хүртэл алсын хараатай, хожим энд нь ийм зүйл хийх байжээ, үүнийг дутуудуулчихжээ гэж харамсахааргүй хийдэгт нөлөөлдөг байх. Хөтөч Цуурай товч бөгөөд тодорхой тайлбар хийж явав.
Заншил ёсоор Бээжингээс нүүлгэн шилжүүлсэн Яболоу үслэг, арьсан эдлэлийн захыг үзүүлэхээр ирлээ. Яболоуд үслэг, арьсан эдлэлүүд авч л чадах юм бол сонголтын тухайд ярих юмгүй. Өдрийн хоолонд ороод Хөх хотыг зорилоо. Гэр бүлийн найз нөхөд, хамт олноороо яваа манай аялагчид дунд нэг “сонин” хүн бийг хөтөч Цуурай дуулгав. Тэр хүн бол “Алсад суугаа ээж” дууны аяыг зохиосон А.Төгсжаргал аж. Өвөрмонголын С.Уудам хүү дэлхий дахинаа танил болгосон энэ дууны зохиогчийг гайхалтай нь хөтөч бидэнд танилцуулаад, уг дууг тавихад зарим нь даган аялж, дэргэд суугаа сонины дизайнер С.Пүрэвсүрэн нулимсаа барьж дийлсэнгүй. Багийн нэг гишүүн маань сэтгэл сэмэртэл уйлахад хамрын уг шархираад л авлаа. Сонин хэвлэлийнхэн гэж ихэвчлэн ажил, томилолтоор шахуу хөтөлбөрт хамрагдаж явдаг. Ийнхүү тааваараа, тархиндаа амралтын мэдрэмж тээж зорчих нь ховор билээ. Гэхдээ л томилолт сайхан шүү дээ. Хөх хотод хоёр хоног дэлгүүрээр тухтай хэснэ гэцгээнэ.
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод өдгөө 4 сая хүн амьдарч буй. Хэдхэн цаг яваад Хөх хотод ирж, буудалдаа тээшүүдээ орхиод усан паркийг зорилоо. Энд усан парк үзэж сонирхов. “Далайгүй газар үүнийг цогцлооход чамгүй хөдөлмөр орсон. Ямартаа ч чадсан” гэж хөтөч тайлбарлав. Далайн амьтад хүүхэд, багачуудын сонирхлыг татах нь зүйн хэрэг. Аквариумд бүжих лусын дагинад охид тулж ирээд орилолдоцгооно. Харваас Санта клаус байдагт итгэхээр насны балчирхан амьтдын цовоо цолгиун дуун хадна. Эндээс бид Сөнөдийн алдарт хонины махтай халуун тогооны газар очиж хооллоцгоов. Ингээд буудалдаа очвоос манай буудлын дэргэдээс монголчуудын хэсэх дуртай модтой дэлгүүр хэдхэн алхмын цаана харагдана. Wanda ч холгүй оршино.
Коронагийн өмнө гэр бүлийн найзууд, хүүхдүүдийн хамт буудаллаж байсан тус зочид буудлын яг дэргэд метроны буудалтай болсныг харахад баярлаж, бахархмаар. “2020 он гэхэд метротой болчихно оо” гэж өвөрмонгол танилууд ярьдаг байв. Ямартаа ч 4 сая хүнтэй эл хот метротой болж амжжээ. Хөтөч “Маргааш Manda захаар өдөржин явцгаана шүү” гэж хэлсэн юм. Модтой дэлгүүрээс худалдан авалт хийцгээчихээд буудалдаа ирцгээлээ. Маргааш орой буудалдаа хооллох юм гэсэн.
Бас Хөх хотын шинжлэх ухааны музей, Олон овоот нэртэй ядуу тосгоныг орвонгоор нь өөрчилсөн бүтээн байгуулалт дундах орчин цагийн жишиг паркийг үзэх сурагтай. Хөх хотын Шинжлэх ухааны музей, Өвөрмонголын түүхийн музей бол хүн бүр зайлшгүй үзэх ёстой газрын нэг. Энэ жил одон орны фото зургийн үзэсгэлэнгээ толилуулсан Ихэрбилэг хүүд минь бүр сонирхолтой байж таарна. Ямартаа ч сансрын хөлөгт сууж үзсэн явдал хожим түүний амьдралын салшгүй дурсамжуудын нэг болох биз ээ. Ингээд бидний чөлөөт цаг эхэлж, Мanda зах руу хурдаллаа. Manda захын наймаачид 250 юань гэчихээд “Чи 125-аар авбаа” хэмээнэ. Бид наймаалцсаар гуч гаруй жилийг ардаа үджээ.
Мэдээж, асуудалгүй ойлголцоно. Зочид буудалдаа ирж хооллонгоо худалдан авсан барааныхаа тухай ярилцах нь чухам эмэгтэй хүмүүсийн жаргал бус уу. Энэ орой Олон овоот тосгонд байгуулсан хүүхдийн паркаар яарамгүйхэн зугаалцгааж, шөнийн Хөх хотыг алсыг харагчаар харцгаав. Олон овоот гэх нэртэй амжиргааны түвшин доогуур, маш ядуу тосгон буюу манайхаар нэг хороог тохижуулсан юм байна. Гэвч Монгол Улсын аль ч өнцөг буланд байхгүй тийм л цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, үйлчилгээний газрууд, тоглоомууд бүхий паркийг байгуулж чаджээ.
Аялал жуулчлалын контентыг жуулчдад толилуулж яваа хүмүүс зан харилцаа, зам харгуй, тухайн улс орон, үзүүлж буй шинэлэг зүйлсийнхээ тухай өргөн цар хүрээний мэдлэгтэй байж гэмээнэ харилцагчаа сэтгэл хангалуун үддэг аж. “Монгол аялал” ХХК-ийн хамт олон, түүний Хятад улс дахь төлөөлөгч “Хүслэн трэйвэл” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24604/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна