​ Орон нутгийнхан өвлийг өнтэй давахын тулд бэлтгэлээ эртээс базааж эхэлжээ


Монгол орны нийт нутгаар өнгөрсөн өвөл цас ихтэй байсан. Цас ихтэй байсан нутгуудаар зуншлага сайн, ургамлын гарц хэвийн бол зуны сар гарснаас хойш бороо хур бага орсон зарим аймгийн нутгаар ургамлын гарц муу, зуншлага тааруухан байгаа аж. Тодруулбал, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зуншлага, гангийн эрсдэлийн мэдээгээр нийт нутгийн 20 орчим хувьд буюу Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн ихэнх, Ховд, Говь-Алтай аймгийн өмнөд хэсэгт их эрсдэлтэй, 30 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим, Завхан, Хөвсгөл аймгийн хойд, Баянхонгор аймгийн өмнөд нутгаар дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гэсэн дүн мэдээ гарчээ. Ингэхдээ бэлчээрийн ургамлын ургалтын байдал, өндөр, хур тунадасны хазайлт, долдугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээнд үндэслэн эрсдэлийн зургийг гаргажээ.

Тэгвэл энэ наймдугаар сарын цаг агаар зарим нутгийн зуншлага цаашлаад намар, өвөлжилтийн төлөв байдал ямар байх вэ гэдэгт тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс танилцуулж буйгаар энэ сарын 1, 2-нд төвийн бүс нутгаар, 2, 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр ахиу хэмжээний бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Харин цаашид буюу нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 хэмээр дулаан, зарим өдөр 30-аас илүү хэмийн халуун байх төлөв гарчээ. 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж буй талаар зарим аймгийн холбогдох албаныхнаас тодруулснаа хүргэе.

 

Цаг агаарт 32 удаа зориудаар нөлөөлж, хур тунадасны хэмжээг 50-75 хувиар нэмэгдүүлсэн

 Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн:

-Манай аймгийн хувьд нийт нутгийн 85 хувь нь сайн бөгөөд дунд зэрэг, харин үлдсэн 15 хувьд нь зуншлага тааруухан байна.  Энэ жил аймгийн хэмжээнд хур тунадас нэмэгдүүлэх ажил зохион байгуулж, 32 удаа цаг агаарт зориудаар нөлөөлж, тав, зургаа, долдугаар сард нийт нутгийг хамарч орох хур тунадасны хэмжээг 50-75 хувиар нэмэгдүүлсэн.  Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хөдөө аж ахуйн болон төв суурингийн гэсэн хоёр чиглэлд гаргаж, бүх сум, мөн холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, эхний ээлжид малчдад хадлан тэжээлээ бэлтгэхийг сануулж, идэвхжүүлэх, шаардах зэрэг ажлыг хийж байна. Манай аймгийн хувьд хадлангийн ургац, гаралт хангайн бүсийн сумуудаар нэлээд сайн байгаа юм. 

Долдугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 20 орчим хувьд дунд зэрэг байна.  Баруунбаян-Улаан, Төгрөг сумын нийт, Баянгол, Гучин-Ус, Нарийнтээл сумын өмнө болон зүүн хэсэг, Богд сумын баруун болон өмнө, Сант сумын өмнө хэсэг, Хархорин сумын ихэнх хэсгээр халуун хуурай салхины улмаас ургамал гэмтэж, ургалтын байдал дунд зэрэг болсон. Энэ жил аймгийн гурил тэжээлийн үйлдвэр 465 га талбайд ногоон тэжээл тариалсан. Аймгийн аюулгүй нөөцөд өвс, тэжээл авах зориулалтаар 120 сая төгрөг төсөвлөсөн. Тиймээс намар ургац хураалт болохоор аймгийн аюулгүйн нөөцөө бүрдүүлнэ. Мөн сумд малын тоо толгойн орлого зэргээрээ аюулгүйн нөөцөө төлөвлөгөөт хэмжээгээр нь бүрдүүлэх ёстой. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 4300 га талбайд малын тэжээл тариалж байсан бол энэ жил талбайн хэмжээг нэмэгдүүлж, 5600 га болгосон.

Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой сумдад хувийн хэвшлийн дулааны уурын зууханд хэрэглэх нүүрсийг төлөвлөгөөт хэмжээгээр нөөцлөх шаардлага тавьсан. Баянтээгийн нүүрсний уурхайгаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг нүүрсээ татдаг. Тус уурхай энэ жил 310 мянган тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байна. Одоогоор нүүрс олборлолт 60 хувьтай байна. Хөрс хуулалтын ажлыг хангалттай хэмжээнд хийсэн учраас үүнээс шалтгаалж, нүүрсний хомсдол үүсэх асуудал гарахгүй.

 

Өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн дүүрэн хангахад анхааран ажиллаж байна

 Архангай аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж:

-Цаг агаар нэлээд тогтворгүй байна. Өглөө, оройдоо сэрүүхэн хэрнээ өдөртөө хэт халуун. Бороо зүсэрч биш ширүүн орж байгаа учраас зуншлага тийм ч таатай сайхан биш байна. Ялангуяа аймгийн баруун хэсгийн сумдаар зуншлага тааруухан байгаа.  Өнгөрсөн жилийн тухайд зуншлага харьцангуй сайхан байсан учраас мал тарга тэвээрэг сайн авсан. Тиймээс өнгөрсөн өвөл их хүйтэрсэн буюу арванхоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэлх хугацаанд мал өлдөж биш осгож хорогдсон. Монгол Улсын хэмжээнд хамгийн олон тоо толгой мал хорогдсон гурван аймгийн нэг нь манайх. Аймгийн хэмжээнд сая орчим толгой мал хорогдсон. Тиймээс бид цаашид ийм эрсдэлд бэлэн байх, хохирол багатай даван туулахын тулд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн дүүрэн хангахад анхааран ажиллаж байна. Тухайлбал, малчдад тодорхой хэд хэдэн зүйлийг зөвлөж байгаа юм. Нэгдүгээрт,  малаа зах зээлд борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар малынхаа тоо толгойг бэлчээрийнхээ даацтай уялдуулах. Ингэж малын тоо, бэлчээрийн даац хоёр зохистой хэмжээндээ хүрвэл бэлчээр аяндаа сэргэж, тэр хэрээр мал тарга тэвээрэг сайн авах боломжтой болно. Хоёрдугаарт, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөнд үндэслэж, малынхаа үүлдэр угсаа, чанарыг сайжруулах арга хэмжээ авах. Гуравдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хоорондоо нэгдэж, хоршиж хашаа хороо барих, өвс тэжээлээ бэлтгэх, мал, махаа борлуулах гэх мэтээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулахыг зөвлөсөн. Манай аймаг малчин болон мал бүхий нийт 19 мянган айл өрхтэй,  4.9 сая толгой малтай. Энэ жилийн хувьд зуншлага тааруухан байгаа учраас хадлан бэлтгэх боломж хомс. Харин сумд малын ногоон тэжээл нэлээд тариалсан.  Ерөнхийдөө аймаг 100 тонн өвс, 50 тонн тэжээл, сум 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэдэг.  Мөн малчид 80 мянган тонн, 1300 тонн  тэжээл бэлтгэдэг. 


Хадлангийн гарц сайтай тул төлөвлөгөөг давуулан биелүүлэх төлөвтэй байна

 Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга: 

-Манай аймаг хоёр жил гантай байсан. Харин энэ жил ган сайхан тайлагдлаа. Тариалангийн бүс нутгаар бороо хур сайтай, зуншлага ерөнхийдөө гайгүй байна. Өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой аймгийн Засаг даргын албан даалгавар удахгүй гарна. Тэрхүү албан даалгавар, үүрэг чиглэлийн дагуу холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа албан ёсоор хангана. Одоогоор сумд руу өвс, тэжээлийн нөөц бэлтгэх, дулаан хангамжийн чиглэлийн хүрээнд уурын зуухны бэлтгэл ажлыг хангуулах үүрэг чиглэл өгсөн. Манай аймаг хадлан бэлтгэх талбай сайтайн зэрэгцээ энэ жилийн хувьд өвс ногооны гарц сайн байгаа тул хадлан тэжээлийг төлөвлөгөөт хэмжээнээс нь давуулан биелүүлэх үүрэг чиглэл өгч байна. Тодруулбал, малчид өөрийн хэрэгцээнд 50900 тонн өвс, 1900 тонн тэжээл, 10085 тонн давс, хужир,  аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 200 тонн өвс, 60 тонн тэжээл, 19 сум нийт 950 тонн өвс, 570 тонн тэжээл тус тус бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Манай аймаг хоёр жил дараалан ган, зудтай нүүр тулж, улсын хэмжээнд хамгийн олон тоо толгой мал хорогдсон аймаг болсон. Тухайлбал, 2022 онд 200 мянга, өнгөрсөн  онд 100 гаруй мянган толгой мал хорогдсон.  Өнгөрсөн жилийн зудны нөхцөл байдалтай холбогдуулан бүх сумын хэмжээний автомашин, техник хэрэгслийг тодотгож, Засгийн газар, УОБЕГ-аас зарим сумыг туулах чадвар сайтай, автомашинаар хангасан. Гэсэн ч цаашид зарим сумыг том оврын автомашинаар хангах, мөн аймгийн Онцгой байдлын газрын техник, хэрэгслийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас энэ талаарх хүсэлтээ холбогдох газарт нь гаргасан. Аймгийн түвшинд гамшгийн үед зарцуулах нөөц төсөв байдаг ч тэр нь тийм ч хангалттай хэмжээнд биш. Өнгөрсөн өвлийн зудны үеэр манай аймаг зогсонги байдалд орсон. Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж, нэлээд дэмжлэг туслалцаа үзүүлж байж бид давсан. Ер нь сум, орон нутаг хатуухан өвөл, хаврыг эрсдэл, хохирол багатай даван туулахад бензин шатахууны төсөв хангалттай, онцгой байдлын газрууд нь техник хэрэгсэл сайтай байх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ чиглэлийн төсөв хөрөнгө болон тухайн аймаг, орон нутгийн онцгой байдлын газрын ажиллах хүчин чадлыг хангалттай түвшинд нэмэгдүүлэх хэрэгтэй гэж боддог.

 

 

Малын тэжээлийн ургамал 33.7 мянган га талбайд тариалсан

 Төв аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ:

-Долдугаар сарын 20-ны байдлаар зуншлага хэвийн, өвс ногооны ургалт сайн, зарим сумын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 17-27 см байна. Газар тариалангийн ихэнх нутгаар улаанбуудайн ишний доод үе хөрсний гадарга дээр ил гарахаас цэцэглэлтийн үе шатанд байгаа бол төмс ихэнх нутагт баг цэцгийн үүслийн үе шатандаа байна. 

Өвөлжилтийн бэлтгэлийг эртээс хангуулах зорилгоор аймгийн Засаг дарга Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамж тавдугаар сард гаргаж, бүх сум, дэд бүтцийн салбарын аж ахуйн нэгжид хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.  Энэ онд аймгийн хэмжээнд 138 мянган га талбайд тариалалт хийж, 362 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөн ажиллаж байна. Малын тэжээлийн ургамал 33.7 мянган га талбайд тариалсан. Наймдугаар 20-ноос ургацын баланс тогтоох ажлыг эхлүүлэх, мөн сарын 15-наас байгалийн хадланд гарах бэлтгэл ханган ажиллаж байна. Одоогоор Аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд Зуунмод, Борнуур гэсэн хоёр байршилд 4762 боодол өвс,  Алтанбулаг,  Аргалант, Баянчандмань, Эрдэнэсант гэсэн дөрвөн байршилд 2402 боодол ногоон тэжээл хадгалж байгаа юм.

“Шинэ хөдөө” төслийн хүрээнд улсын төсвийн 1298.9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий  Беларусь улсад үйлдвэрлэсэн таримал тэжээл хадах зориулалт бүхий 12 хадуур, Польш улсад үйлдвэрлэсэн төмс хураах зориулалт бүхий хоёр комбайн, нийт 14 ширхэг тоног төхөөрөмж хүлээн авч, орон нутагт хуваарилан олгох бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн тухайн төслийн хүрээнд ОХУ-аас 100 гаруй тонн сортын элит үрийг 76 иргэн аж ахуйн нэгжид нийлүүлсэн. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 1218.7 мянган толгой мал хамруулж 95.7 хувьтай, эм биобэлдмэлийн татан авалт 100 хувьтай байна. Харин гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 320 гаруй мянган толгой үхэр, гахайг хамруулсан.

Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэлийн тухайд автозам, засвар арчлалтын компаниудад халтиргаа гулгааны эсрэг бодис нөөцлөх, машин механизмын засвар үйлчилгээг хийж бэлэн байдлыг хангах, шатахуун нөөцлөх, бэлэн байдалд шалгалт хийх зэрэг үүрэг даалгаврыг өгөөд байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт долдугаар сарын 30-ны байдлаар 72  хувьтай байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24607/

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18