Монгол Улс түүхэндээ анх удаа олон нам, нийгмийн бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй парламенттай болсон. Тухайлбал, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсан. Мөн хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн профессор, мэргэжлийн эксперт, эмч, багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч багтсан. Ингэснээр салбар бүрд ахиц дэвшил гарч, шинэчлэлтийн салхи сэвэлзэнэ гэж харж байна. Ялангуяа тухайн салбарын хууль эрх зүйн орчин илүү боловсронгуй буюу давхардал, хийдэл, зөрчилгүй, хөрсөндөө буусан бодит болох болов уу гэсэн хүлээлт бий.
Бид энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хуулийн төслийг онцолж байна. Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны мэдээгээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 111.2 мянган иргэн байна. Энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж буй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 12.7 мянга нь 0-18 насны хүүхэд. Тэд малгай буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиа шинэчилсэн хувилбараар батлуулж, дагаж мөрдөхийг хоног тоолон хүлээж байна. Тийм ч учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр гишүүний хамгийн түрүүнд идэвх санаачилга гаргаж, манлайлан хийх ажил бол УИХ-д өргөн барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулах явдал гэдгийг тодотгон захиж буй. Тодруулбал, тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын сонгуулийн өмнө буюу тавдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал нэг бус бүх яаманд хамаатай
УИХ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон 2009 онд шинэчлэн баталсан билээ. Ингэж баталснаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулах зэрэг чиглэлд тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан. Гэсэн хэдий ч дөрвөн жилийн дараа тус хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхэд хуулийн зарим зохицуулалт зорилгодоо хүрч чадаагүй, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангаагүйгээс төсөв хөрөнгө дутагдалтай, хүний нөөц, чадавх сул байхаас гадна хуулийн давхардал, хийдэл, хууль хоорондын зөрчил их байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тодруулбал, хуулийн нийт зохицуулалтын 20 гаруй хувь нь давхардсан, 30 гаруй хувь нь бусад хуультай тодорхой хэмжээгээр зөрчилдсөн шинжтэй болохыг тус үнэлгээгээр тогтоожээ.
Эдгээр давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, НҮБ-ын Конвенц болон НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 50-аас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байсан тул хуулийг шинэчлэн найруулсан гэдгийг холбогдох албаныхан тодотгосон юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль 12 бүлэг, 45 зүйлтэй бол шинэчилсэн найруулга нь 11 бүлэг, 44 зүйлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцах асуудал, мөн халамж олгох мэтээр хязгаарлаж ойлгож бас тодорхойлдог байв. Тодруулбал, 2016 оноос өмнө тус салбарын бодлого халамж хүртэгч гэж, эрүүл мэндийн загварт тулгуурлаж байжээ.
Харин 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бол тусгай эрхтэй хүн биш, бусад хүний адил эрхтэй тул хөгжлийн бэрхшээлийн асуудлыг бүх салбарт ярих ёстой гэж үзэж, төрийн зарим чиг үүргийг холбогдох төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлж байжээ. Тэгвэл шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хангах чиглэлд нэг яам бус бүх яам, сайд нар анхаарал хандуулж ажиллах үүрэг хүлээж буйгаараа онцлогтой. Тодруулбал, бүх яамны сайд өөрийн эрх, үйл ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой төсөв тусгадаг болох юм. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг УИХ-аар жил бүр хэлэлцүүлэхээр төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөлд шинээр дөрвөн зүйл нэмжээ
Хуулийн төслийг төр болон холбогдох төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан 20 гаруй удаа хэлэлцүүлж, 450 гаруй санал ирснийг тусгахын зэрэгцээ шинээр дөрвөн зүйл нэмснээрээ онцлогтой.
Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүх шатны боловсрол эзэмших, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн зэрэг үйлчилгээнд хамрагдахад тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор зарим шинэ төрлийн зохицуулалтыг нэмсэн байна.
Хоёрдугаарт, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад хүний нөөцийн хомсдол бий болсон бөгөөд мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхээс гадна одоо энэ салбарт ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудлыг нийгмийн баталгааны дэмжлэгтэй уялдуулах зайлшгүй хэрэгцээ бий болсон байна. Тиймээс эл асуудлыг энэхүү хуулийн төсөлд шинээр оруулжээ.
Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн үзүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг дэмжих, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох шинэ арга зүйг нэвтрүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.
Дөрөвдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг чадавхжуулах, магадлан итгэмжлэх замаар мэргэшсэн чиглэлээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллахыг дэмжих зэрэг шинэлэг зохицуулалтыг мөн багтаажээ.
Мөн түүнчлэн хуулийн давхцал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор нийт 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хөдөлмөр эрхлэлтийг нь хэрхэн яаж дэмжихээр тусгав
Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн насны иргэдээс 4554 нь төрийн албанд ажилладаг байна. Төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг нэмэгдүүлэх хүрээнд, мөн төрийн захиргааны албан тушаалд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх хүрээнд төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хоёр дахин бууруулсан. Ингэснээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүн томилогдсон.
Тэгвэл шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлөөр хангах, дэмжихэд чиглэсэн ямар зохицуулалтуудыг тусгасан бэ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, албан тушаал дэвших, цалин хөлс, нөхөн олговор авах, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бусадтай адил тэгш хамрагдах эрхтэй, мөн иргэн, өмчийн бүх хэлбэрийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн шаардлагатай тохируулга бүхий ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу бий болгож ажиллуулах үүрэгтэй гэж тодотгон тусгажээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухайд өөртөө ажлын байр бий болгосон хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материал болон шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авахад нь, түүнчлэн мэргэжил эзэмшиж ажлын байранд гарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажлын байрны шаардлагатай тохируулга хийх, тоног төхөөрөмжөөр хангахад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангаас нэг удаа, мэргэжлийн ур чадварын бүс, тив, дэлхийн тэмцээнд оролцох эрх авсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд, мөн тус сангаас дэмжлэг үзүүлэх заалтыг тусгасан байна. Бас нэг онцлох зохицуулалт бол өмчийн бүх хэлбэрийн 100 болон түүнээс дээш ажилтантай байгууллага дэмжлэг шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангасан тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу ажлын байрны дадлагажуулагч ажиллуулж болно гэсэн зохицуулалт юм.
Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хангах чиглэлд ахиц дэвшил гаргах олон онцлог заалт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багтжээ. Тиймээс парламентад тэдний төлөөлөл, дуу хоолой болж буй хоёр гишүүн идэвх санаачилга гаргаж, манлайлан тус хуулийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтааж, УИХ-аар хэлэлцүүлж, алх цохин батлуулахыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд сураг тавин хүлээж байгааг үүгээр дамжуулан уламжилж байна. Тус хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон гишүүд гар бие оролцож, байр сууриа илэрхийлэн хэлэлцэх замаар баталбал хөрсөн дээрээ буусан, илүү бодит хууль болно гэж үзсэн учраас өмнөх парламент хуулийн төслийг хэлэлцэлгүй үлдээсэн билээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №02/24608/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна