Хэдэн жилийн өмнө гадаадын нэг сэтгүүлч “Муухай монгол хүн” гэдэг нийтлэл бичиж эгдүү хүргэж билээ. Тухайн үед нийгмээрээ шахуу “Юу ярьж байгаа юм, яахаараа монгол хүнийг муу муухайгаар нь дууддаг юм бэ” хэмээн бухимдацгааж ирт сэлэм, илд бамбайгаар зэвсэглэн, эх орноосоо нэн даруй үлдэн хөөхөөр шийдэн, муухай монгол араншингаа үзүүлж билээ.
Нийгмийн шилжилт нийтийн сэтгэлзүйд нөлөөлж, итгэж үнэмшиж явсан зүйлс нь ор хоосонд замхран оюун санаа нүцгэрч орхихоор бухимдал, уур хилэнгээр дүүргэж орхисон байлаа гээд өршөөн бодож болох л юм. Цаг хатуу, цагаан будаа дээлийн торгоос үнэтэй байлаа гэдэг шиг дарь чихсэн торх шиг л юм байсан нь үнэн л дээ. Тэгэхдээ “Муухай монгол хүн”-ий талаар цөөхөн хэдэн сэхээтэн л эргэцүүлэн бодсон нь гайхалтай юм шүү. Өөрчлөлтийн хамгийн эхний том алхам бол буруугаа хүлээн зөвшөөрөх юм гэдэг. Уг нь “Муухай Монгол” гэж хэлэгдэх үедээ л юун тухай яриад байгааг нь чих сээтийлгэж сонсоод, сэтгэлээ чилээгээд бодчихсон бол би өдийд “Муухай монгол араншин” гэдэг нийтлэл бичээд сууж байхгүй байсан ч байж мэдэх.
Нийгмийн шилжилт биднийг үндэстний хувьд форматалж орхисон гэхэд болно. Гэтэл форматлуулсан үндэстэнд сэргэлт авах үзэл санаа суудгүй учраас цав цагаан цаас чигээрээ үлдчихэж. Нийгмийн оюун санаа нэгэнт цагаан цаас болчихоор хүний анхдагч хэрэгцээнээс урган гарсан зөн совин эргээд сэргэдэг юм болов уу гэж бодогдоод байна. Хүн төрөлхтний байгалийн зөн совин гэж тун ч хажиг, аминч, хувиа хичээсэн муухай араншин. Жаахан хэтрүүлээд хэлэхэд дээрх зөн совинг дарж байдаг ёс суртахуун, хүн чанар, нийтэч зан гэх мэт хүний зөв хандлагууд монголчуудын оюун санаанаас эргэн ирэхгүй арилан оджээ гэж бодогдмоор.
Хүн гэдэг уг нь сүргийн амьтан тул нэгнээ асран тэтгэх, хайрлан энэрэх сэтгэлтэй байдаг. Гэтэл өнөөдөр яагаад монгол хүний араншин эвдэрсэн тухай улиглан ярих болов гэдэг нь учиртай. Саяхан манай сэтгүүлчийн ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны хэлтсийн дарга хурандаатай хийсэн ярилцлага олон хүний уур бухимдлыг төрүүлж орхисон юм. Түүний өгүүлснээр “Өнгөрсөн жилийн хүчтэй борооны үерт нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Дарь-Эх орчмын 25 айлын гэр усанд автсаныг аюулгүй газарт нүүлгэжээ. Нүүлгэн шилжүүлсэн тухайн газрыг тус дүүргийн Засаг даргын шийдвэрээр олгож, эрчим хүч татаж, дэд бүтцийг нь шийдэн, гэр болон тавилгын мөнгө ч олгосон байдаг. Гэтэл энэ жилийн үзлэг шалгалтаар усанд автсан айл өрхийн 10 гаруй нь үерийн эрсдэлтэй хэсэгтээ буцаж ирээд, байшин барьж, авто засварын газар байгуулан тохижсон байна” гэнэ. Тухайн газар нь үер усны эрсдэлтэй тул байгаль дохио өгч, тэдгээр хүмүүсийг усанд автуулсан байдаг. Гэтэл төр өөрсдийнх нь өмнөөс амь нас, эд хөрөнгийг нь хамгаалаад, гарах зардлыг нь барагдуулаад, үер усны аюулгүй газар нүүлгээд өгч байхад тэд ямар хандлага үзүүлээд байна.
Наймдугаар сар хур бороо элбэгтэй гэх цаг уурын урьдчилсан мэдээ гарсан. Үерийн давтамж 5-10 жилийн хугацаатай байдаг байсан бол одоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой жил бүр эрсдэл тохиолдож болохыг тооцож үзэх сэхээтэй хүн байхгүй гэсэн үг үү эсвэл... Тухайн тохиолдол ингээд ч зогссонгүй. Үерийн эрсдэлтэй гэдэг дүгнэлт гарсан газартаа “Үйлчилгээ явуулах зориулалттай обьект зарна” гэсэн зар тавьсан байна гэнэ. Онцгой байдлын албаныхан зарын дагуух утасны дугаараар залгахад “Гэрээ, гэрчилгээ бэлэн. Өмчлөх эрхтэй. 300 сая төгрөгт зарна” гэдэг яриатай сууж байсныг өгүүлээд “Иргэд ийм хандлагаа өөрчилж, төрийн албан хаагчдын тавьж байгаа шаардлагыг хүндэлж, амь нас, эрүүл мэндээ хамгаалдаг байх хэрэгтэй” хэмээн албаны хүмүүс толгой сэгсрэн өгүүлж сууна.
Өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө бусдын амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг золиослоход бэлэн ийм увайгүй араншинг хаанаас олж аваад зүрх тархиндаа суулгаж орхив. Уг нь бидэнд олон сайхан язгуур чанар бүрэлдэн тогтсон байдаг. Монгол үндэстэн гэдэг ялгарлыг харуулах найрсаг, зочломтгой зан араншинг зочлон ирсэн гаднынхан дурсахгүй өнгөрөх нь үгүй. Гэнэн итгэмтгий, хээгүй монгол эрчүүд, цэвэр ичимтгий бүсгүйчүүд гэх монгол хүний шинжүүд бараг тэнэг, бүдүүлэг гэдэг ойлголт руу очоод байгааг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Энэ аминч, хувиа хичээсэн “Муухай монгол” араншингийн нэг л тохиолдол. Монгол хүнээс өдөр, өдрөөр холдон одож буй хүн чанарыг эргэн суулгахад бидэнд үүнээс хойш хэдэн зуун жил шаардагдах бол гэдэг асуулт сэтгэл зовооно. Үүнээс гадна монголчуудад нийтлэг нэг муухай араншин тогтчихлоо. Энэ тогтсон араншингаараа нэгнийхээ мууд дурлаж, улыг нь шагайж, алдаж эндсэн нэгнээ нийлж байгаад нэмж дэвслэх зэрэг тохиолдлыг бид өдөр бүр харж, сонсож байдаг боллоо. Ийм тохиолдлуудыг үзэн ядаж, жигшин зэвүүцдэг байсан цаг тун саяхан юмсан.
Гэтэл одоо жигшин зэвүүцэх нь бүү хэл нийгэмд байдаг л зүйл мэт хүлээж авдаг болтлоо дассан байна. Бидний эрх ашиг нэгдүгээрт эрэмбэлэгдвэл бүх зүйл сайн, нийтийн эрх ашгийн тулд миний эрх ашиг хөндөгдвөл бүх зүйл буруу. Сүргийн зохион байгуулалттай хүн төрөлхтний ёс зүй гэдэг зүйл ямар ч нийгэмд, ямар ч цаг үед амьдарч байсан заавал дагах мөрийн хөтөлбөр гэж болно. Бидний нийгмийн харилцаанаас урган бий болсон энэ зарчим эдүгээ ердөө дур зоргын болж хувирсныг дээрх хандлага харуулж байгаа юм.
Ёс зүй гэдэг зүйлийг дур зоргын зүйл болгон хувиргасны нэг илрэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд үзэгдэнэ. Ер нь Улаанбаатар ч гэхгүй Монгол улсын хэмжээнд гэвэл зохино. Аминч, дур зоргоороо, дүрэм журмыг үл тоомсорлон давхих жолооч нар замын бөглөрөлд хувь нэмрээ оруулсаар байдаг. Бие биеэсээ өрсөн тэмүүлсээр таг зогсчихсон байгааг харсан гаднын жуулчид гайхаш тасран толгой сэгсэрч зогсохыг хотын гудамжид олонтаа харж болно. “Би л ажлаа бүтээх ёстой” хэмээн нэгдүгээр эгнээнд машинаа орхин одогсод, хөгжлийн бэрхшээлтэй иргэний зогсоол булаагчид, явган хүний зам таглан унаагаа хаях нөхөд зөвхөн “Би” л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминч үзэлтнүүд байдаг. Орон нутгийн замд гарах аваарь ослын 60-аас дээш хувь нь гэрэл шилжүүлээгүйгээс үүдэн эсрэг урсгалд орох, замын хашлага мөргөх, замын хажуу руу унах зэрэг тохиолдол бүртгэгдсэн байдаг. Энэ нь мөн л би болж байвал бусад нь яах вэ гэдэг муухай монгол зангаас үүдэлтэй.
Муухай монгол араншингаас болж хэчнээн айлын халуун дулаан амьдралыг хар бараан сүүдэр дайрч, уй гашуу нөмөрсөн гэх вэ. Саяхан нэг жуулчны баазад хэлмэрчээр дамжуулан япон эртэй хэдэн үг солилоо. Би түүнээс Монгол орны байгаль ямар санагдсаныг асуутал “Монгол орон үнэхээр уудам цэлгэр агуу том газар нутагтай юм. Говь, хангай, нүд алдам уудам тал гээд үнэхээр онгон зэрлэг, маш үзэсгэлэнтэй” гээд над руу харж байснаа “Харин та нар яагаад эх орондоо ийм хайргүй юм бэ” хэмээн асууж билээ. Энэ асуултыг асууж байхдаа түүний дуу хоолой яг л улсын яллагчийн хоолой мэт сонсогдсоныг эргэн санахад ч аймшигтай. Би яагаад тэгж асуусныг нь эхлээд мэдээгүй учраас үнэндээ хэлэх үг олдоогүй. Хожим хөтчөөс нь мэдвэл мань эр жалга судаг бүрд овоолсон хүүхдийн живх, хогон овоог харж гаслан толгой сэгсэрч явсныг өгүүлж билээ.
Жуулчны баазад эргэн ирээд надаас асуусан асуултаа бараг бүх хүнээс асуусан юм билээ. Тэнд байсан хүмүүсээс хэн нь ч хариулж чадаагүй гэдэг. Хүн бүр өөрийн өчүүхэн эрх ашиг, аминч үзэл санаагаа нэгдүгээрт тавьдаг араншингаасаа салахгүй бол эх орон урагшаа нэг ч алхахгүй байрандаа хий эргэн зогссоор л байх болов уу. Хүний эрх, эрх чөлөөг анарх байдалтай андуурсан энэ муухай монгол араншинг бид тархи оюунаасаа хэрхэн цэвэрлэх билээ. Ардчилал гэдэг өөрийн үүргийг ухамсартайгаар сонгох сонголт гэдгийг тархи оюундаа хэрхэн суулгах вэ.
Хүний шинжээний судар миний өмнө байна. Түүнд бүсгүй хүний шинжийг өгүүлснийг сийрүүлбэл “Монгол бүсгүй хүний ааль буюу ааш зан нь урсгал зөөлөн, харц нь тод, даруу төвшин дөлгөөн явах, хөдлөх нь уран зөөлөн, газар дэлхий эргэж буй мэт, галуу шувуу явж буй мэт” гэсэн байх аж. Ер нь л монгол хүнийг аажуу талбиун, уужим сэтгэлтэй, өршөөл нигүүсэлтэй гэсэн байна. Хүн чанар гэдэг зүйлийн өчүүхэн тодорхойлолт ийм. Өнөөдөр бид хүн чанарын эрэлд гарах цаг хэдийнэ болсон. Хүн чанар гэдэг зүйл “Улаан ном”-ны амьтан шиг үзэгдэх нь ховор, олдох нь нэн бэрх болжээ. Олонд таалагдахыг хичээсэн хиймэл хүн чанар, ёс зүй хямдхан хоргой шиг хэсэгхэн зуур гялалзаад л сэмэрнэ. Муухай монгол араншингаар эхэлсэн нийтлэл маань хүн чанарын эрлээр төгсөж байна. Хүн чанар гэдэг зүйл ховордсон учраас л “Муухай монгол араншин” нийгмийн оюун санаанд шүгэлчихээд байна даа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24607/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна