Монголын зуны улирал сайхан. Энэ жил сумдын 100 жилийн ой тохиож хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө гэдэг шиг, хүн болгон шахуу зунжин, намаржин ой хэсэж найр наадам дэглэх бололтой. Монголчууд бид “Наадмын дараа намар” гэж ярьдаг. Энэ нь цаг хугацааг ойртуулсан ойлголт биш. Дөрвөн улиралтай эрс тэс цаг уурын нөхцөлд захирагдан амьдардаг нүүдэлчин монгол түмэн зуны сар зургаа биш, зугаа цэнгэл хязгаартай шүү гэдгийг бие биедээ сануулан хэлсэн үг болов уу. Урьд цагт монголчууд "бичин жилийн зуд бэрх" гэж хэлэлцдэг байлаа. Энэ нь 12 жилийн давтамжтай байгалийн гамшигт үзэгдэл болдог гэсэн үг байв. Гэтэл цаг уурын дулаарлаас үүдэлтэй энэ давтамж алдагдаж зудын эрсдэлт нөхцөл хэзээ ч тохиолдож мэдэхээр болжээ. Зуд ганцхан цаг уурын нөхцөлөөс болдог юм биш гэдгийг өнгөрсөн өвлийн гашуун сургамж өгүүлнэ. Өнгөрсөн өвлийн хүнд бэрхийг туулсан хүн, малгүй зун, намрын дэлгэр сайхан цагт нуруу тэнийн жаргаж байна. Гэхдээ бодит байдал гэвэл удахгүй өвөл болно. Болох болохдоо өнгөрсөн жилийн өвлөөс ч хүнд өвөл болж ч мэднэ. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгаль цаг уурын өөрчлөлт эрчимжиж гамшгийн давтамж ойртсоор, нэмэгдсээр л байна. Монголын өвөл гэдэг хотод түгжрэл, утаа хөдөөд зуд. Энэ жилийн зун нутгийн ихэнх хэсэг хур бороо элбэгтэй байна. Зундаа хур усан их буувал өвөлдөө хөр цас ихтэй гэдэг. Энэ их бороо хураар бол цастай өвөл болж мэдэхээр байна. Найр наадмаа зохицуулаад, наргиан цэнгээнээ хязгаарлаад өвлийг өнтэй, хаврыг харшаагүй давах бэлтгэлээ базаах цаг болсон. Малчид малын хашаа саравч, өвс тэжээл гээд бэлдэх зүйл олонтой. Төвийн болон зүүн аймгуудад малын хашаа саравч бараг байхгүй шахам гэдгийг өнгөрсөн жил бид бэлхнээ харсан. Хашир малчид хавар дуусаад л өвлийнхөө бэлтгэлд ордог. Тэд өвөлжөө бууцаа сэндийлж, өвс хадлангаа базааж эхэлдэг уламжлалтай. Уг нь “Бэлтгэлтэй малчин, бэлтэй панзчин хоёр толгой гэдгэр” гэдэг л юм.
Энд монголчуудын зүрхэнд орсон бичин жилийн зуданд хорогдсон малын тоо толгойг дурдсан мэдээлэл байна. Айлгах гээгүй юм шүү, анхааруулах санаатай л сөхөж харснаа буулгалаа. Тухайлбал, 1944 оны бичин жилийн зуд 150 хоног үргэлжилж 9.2 сая мал хорогдсон дүн мэдээ байна. Тэгвэл 12 жилийн дараа 1956 онд энэ тоо 2.2 сая, 1968 оны бичин жилийн зуд 165 хоног үргэлжилж 4.4 сая мал хорогджээ. Үүнээс хойш 1970-1990 оны хооронд хэд хэдэн зуд болсон ч зохион байгуулалтад орсон малчдын өвлийн бэлтгэл сайжирч, хатуу өвлийг хохирол багатай даван туулж чадсан байдаг бол 2009-2010 оны зудад 10 сая орчим мал хорогдсон нь хэвлэлийн шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Дээрх тоо бэлтгэл, төлөвлөлт хэчнээн чухал болохыг өгүүлэх аж. Өнгөрснөөсөө суралцаж ирээдүйгээ төлөвлөдөг нь хүмүүний ёс. Цаг уур орчны албанаас бэлчээрийн ургамлын ургалтын байдалд үнэлгээ өгчээ. Өнгөрсөн долдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд буюу Өмнөговь, Дорноговь аймгийн зарим, Дундговь, Хөвсгөл, Баянхонгорын цөөн сумын нутгаар муу, 60 гаруй хувьд буюу Дархан-Уул болон төвийн нийт, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Өвөрхангайн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Ховдын зарим нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.
Нэг үеэ бодвол цаг агаарын мэдээ бодитой болж бүтэн сарын урьдчилсан мэдээ гаргадаг болсон. Бүтэн сарын цаг агаарыг урьдчилан мэднэ гэдэг сараар нь ажлаа төлөвлөж болно гэсэн үг. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бол яах ч аргагүй. Харин “Хариуцлагагүйн зуд”-д л өртчихгүй байх бэлтгэл ажлыг малчид одооноос л хийж эхлэх ёстой болов уу. Технологи хөгжсөн орчин цагийн малчид 1944, 1956 он тэр ч бүү хэл 2009 оны малчдаас хэдэн хувь илүү мэдээлэл авах боломжтой болсон. Бэлэн технологийн дэвшлийг ашиглаад цаг агаарын аюултай үзэгдлийг урьдчилан мэдэж амь нас, мал сүрэг, эд хөрөнгөө эрсдэлээс хамгаалах нь гэр бүл, улс орныхоо өмнө хүлээх хариуцлага гэдгийг малчид ойлгож байгаа биз ээ.
Дэлхийн тэнхлэгийн хойд талд суудаг Монгол түмэн хамгийн хүйтэн нийслэлтэй улс. Тийм ч болохоор өвлийн бэлтгэл гэдэг “Том” асуудал жил бүрийн найр, наадмын дундуур босож ирдэг. Гэхдээ энэ асуудал Монгол орны хувьд ганцхан малчдынх байдаггүй. Хотынхны хувьд “Уртаар харайх” улирал удахгүй дуусаж “Урнаар тэших” улирал ирж байна гэсэг үг. Найр наадам багатай, энд тэндхийн 100 жилийн урилгагүй болохоор ч тэр үү ирэх өвөл яажшуухан онд орох тухайгаа л бодож суух юм. Нээрэн энэ жилийн өвөлд бид бэлтгэлтэй байгаа юу гэж нийслэлчүүд бие биеэсээ асууж эхлэх цаг болсон байх шүү.
Энхийн цагт хөлс их асгавал, дайны цагт цус бага урсана гэдэг шиг урин цагт хөлс их асгавал, хүйтэн цагт хөл бага даарна гэмээр ч юм уу. Уг нь хэдүүлээ тог цахилгаан, халаалт дулаан, утаа униар, замын түгжрэл гээд санаа зовоох түмэн асуудал, мянган зовлонтой улс даа. Тэр хэрээрээ бэлтгэх, базаах ажил ч ихтэй. Хот маань хавраас эхлээд л өвөлжилтийн бэлтгэл ажилдаа ордог. Улаанбаатар хот нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ, судас шөрмөсөөр аж ахуйн нэгж, иргэд байгууллагуудаа дулаацуулж байдаг. Эдгээр шугамын ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Үүн дээр нэмээд Улаанбаатар хотын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажлыг хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Зургадугаар сараас эхэлсэн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж байгаа юм билээ. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хамгийн түрүүнд цахилгаан станцуудын бүрэн бүтэн, найдвартай ажиллагаанаас хамаарна. Өнгөрсөн өвөл даацын хэтрэлттэй байгаа тухай дээр, дооргүй л шуугьж байсан. Турбин, генераторуудаа шинэчилж эрчим хүчээр найдвартай хангах ажлаа эртээс анхаарч байгаа нь лавтай. Цахилгаан станцуудын гол түүхий эд болсон мазут, нүүрсний нөөцийн хангамж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөц ямар байгаа бол гээд бодох юм ч олон байна даа.
Хэдийгээр энэ жил сонгууль болж дээр дооргүй бужигнаантай байсан ч төрийн ажил залгамж чанараа алдалгүй хэвийн үргэлжилсээр байна. Саяхан Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Мэдээлэл хийх үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Отор нүүдлээр яваа мал сүрэгт элдэв өвчин тараахгүй байх, мал сүргээ эрүүл байлгах, халдварт өвчнөөс сэргийлэх талд мал эмнэлгийн салбарыхан сайн анхаараарай. Зарим аймаг, орон нутагт мал эмнэлгийн шугамаар малд хавраас хойш вакцин хийсэн. Вакцины нөөц бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх асуудалд ХХААХҮЯ, холбогдох байгууллагууд ажиллана. Ургац хураалтад ажиллах хүн хүч, техник, түлээ түлшний асуудал, ямар нэгэн хорогдол байхгүй байх талд аймаг тус бүр анхаараарай. Ургац хураалтад гарч болзошгүй эрсдэлд төлөвлөгөө гаргана шүү. Аймаг орон нутгууд ургацын болон хүнсний ногоо хадгалах агуулах саваа бэлтгэнэ. Аймаг, сумдын халаалт, дулаан, цахилгааны хангамжийн бэлтгэл ажлыг хангана. Эрчим хүчний эх үүсвэр асуудалтай хэвээр байна. Тохиргоо хийх, импортоор авах зэрэг асуудал бий. Цаашдаа ямар нэгэн байдлаар эрчим хүчний салбарын үйл ажиллагааг доголдуулахгүй байх нь чухал. Шугам сүлжээний шинэчлэл, их засвар болон урсгал засварыг тогтоосон хугацаанд нь хийх шаардлага бий. Иргэдэд төвөггүй, богино хугацаанд хийх ёстой. Сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн засварын ажлууд хийж байна. Хичээл ороход будаг үнэртдэг, хатаагүй байдаг. Ийм хортой нөхцөл байдал үүсгэх, чанар, стандарт хангаагүй завсар хийж болохгүй. Аль өвөлжилтийн бэлтгэл муутай баг, суманд өвөлжилт хүндэрч байна. Хөрөнгө мөнгийг хангалттай тавих ёстой юм байна гэдгийг бид өнгөрсөн өвөл харсан. Засгийн газраас 50-60 тэрбум төгрөг зарцуулсан. Унаагүй байсан нутгуудад унааг нь шийдэж өгсөн. Машин техник хүрэлцээгүй гэдэг асуудал харьцангуй гайгүй болсон гэж бодож байна. Аймгийн засаг дарга нар өөрсдөө хяналт тавь. Долоо хоног бүр цахимаар тайлангаа ирүүл. Цөөнгүй өдөр наадаж, найрлалаа. Одоо ажилдаа орох цаг болсон" хэмээн ярилаа. Намрын сар найм биш шүү дээ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24607/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна