ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.НАРАНЧУЛУУН-тай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийт нутгаар зуншлага ямар байгаа талаар ярилцлагын эхэнд тодруулъя?
-Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд буюу Өмнөговь, Дорноговийн зарим, Дундговь, Хөвсгөл, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу, 60 гаруй хувьд буюу Дархан-Уул болон төвийн нийт, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Өвөрхангайн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Ховдын зарим нутгаар хэвийн, бусад нутагт дунд зэргийн байна. Энэ арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон ахиу хэмжээний хур тунадастай. Зуншлагын байдлыг өмнөх арав хоногтой харьцуулбал гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар багассан байдалтай байна.
Бэлчээрийн ургамлын ургацыг цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, хуурайшлын индекс ба ургацын функциональ хамааралд үндэслэн Монгол орны байгалийн бүс бүслүүрийг төлөөлөх станцуудаар тооцоолоход 2024 оны наймдугаар сарын сүүлийн арав хоногт ойт хээрийн бүс нутгаар 8.8-22.5 ц/га, хээрийн бүс нутгаар 2.5-15.2 ц/га, Алтайн уулархаг нутгаар 1.0-2.7 ц/га, говийн бүс нутгаар 0.4-1.8 ц/га байх төлөвтэй байна.
Эндээс харахад хадлан бэлтгэл харьцангуй сайн байх төлөвтэй байна.
-Махны экспортыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бол?
-Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн экспортын баримт бичгийг ажлын найман цагт багтаан олгох, экспортод гаргах бүх төрлийн махны квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээсэн зэрэг арга хэмжээний үр дүнд 2023-2024 онд махны экспорт 80.4 мянган тонн, түүхий маханд шилжүүлснээр 120 мянган тоннд хүрсэн байна.
Мөн малчдын гар дээр байгаа мал, махыг зах зээлд нийлүүлэх зорилгоор талуудын саналд тулгуурлан хүссэн үедээ хаанаас ч захиалга өгөх нөхцөлийг бүрдүүлж, мал, махны дуудлага худалдааны систем болон зарын платформыг бий болгож, хөдөө аж ахуйн биржийн худалдааг зохион байгуулах арга хэмжээг авч ажиллалаа. Тус дуудлага худалдаагаар 2024 он гарсаар одоогийн байдлаар нийт 540 удаагийн хэлэлцээр хийж, 15.3 тэрбум төгрөгийн 1.164 тонн махны арилжааг хийсэн бөгөөд 617.3 тонн хонины мах, 282.4 тонн үхрийн мах, 117.3 тонн ямааны мах, 147 тонн адууны махны арилжааг 405 малчин, 23 аж ахуйн нэгж хийлээ.
Биржээр худалдан авсан махыг зориулалтаар нь ангилан үзэхэд нийт махны 7.2 хувь нь дотоодын зах зээлд нийлүүлэгдэх, 92.8 хувь нь экспортод гаргах зориулалтаар арилжсан байна.
-Энэ онд хэчнээн толгой мал тоологдсон бэ?
-Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилд нийт 7.8 сая мал хорогдсон нь оны эхний нийт малын 12 хувийг эзэлж байна. Сүхбаатар аймаг 1.8 сая, оны эхний малын 47.1 хувь, Хэнтий аймаг 981.9 мянга, оны эхний малын 22.3 хувь, Архангай аймаг 944.6 мянга, оны эхний малын 19.4 хувь, Төв аймаг 641.2 мянга, оны эхний малын 13 хувь, Дорноговь аймаг 603.3 мянга, оны эхний малын 26.3 хувь, Булган аймаг 562.5 мянга, оны эхний малын 15.5 хувь, Хөвсгөл аймаг 360.3 мянга, оны эхний малын 6.3 хувь, Дорнод аймаг 347.8 мянга, оны эхний малын 11 хувь, Дундговь аймаг 319.7 мянга, оны эхний малын 8.7 хувь, Баянхонгор аймаг 264.3 мянга, оны эхний малын 6.5 хувь, Завхан аймаг 243.9 мянга, оны эхний малын 7.9 хувийг хорогдуулсан нь хамгийн өндөр хорогдолтой байна. Улсын хэмжээнд 25.2 сая хээлтэгч төллөхөөс 16.1 сая хээлтэгч төллөж 14.9 сая төл хүлээн авч, бойжилт 92.1 хувьтай байна. Мал, тэжээвэр амьтны 2024 оны хагас жилийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 66.8 сая толгой мал тоологдсон дүн мэдээтэй байна.
-Өнгөрсөн жилүүдэд малчид маань хүнд өвлийг тэмцэн туулсан. Ер нь судалгаа хэр явуулж байсан бэ?
-Улсын хэмжээнд 2023 оны эцэст 190.7 мянган малчин өрхийн 64.6 сая мал тоологдсон. Үүнээс өөрийн аймгийн нутагт 4,303 малчин өрхийн 1.6 сая, бусад аймгийн нутагт 2,322 өрхийн 785.5 мянга, сум дундын отрын бүс нутагт 710 өрхийн 378.9 мянга, аймаг дундын отрын бүс нутагт 1,047 өрхийн 700.3 мянга, хилийн зурвас нутагт 2,907 өрхийн 1.4 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 7.570 өрхийн 2.9 сая, нийт 18.8 мянган өрхийн 7.8 сая толгой мал отроор өвөлжсөн байна.
Өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн нийт нутгаар цас орж, арванхоёрдугаар сард гэнэт дулаарах, огцом хүйтрэх зэргээр цаг агаарын хэлбэлзлээс үүдэн мөсөн зуд үүсэх нөхцөл бүрдсэн. Өвлийн улирлын урьдчилан мэдээ болон зудын эрсдэлийн үнэлгээ, зураглалаар нийт нутгийн 90 орчим хувьд их эрсдэлтэй гарсан. 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 13 аймгийн 58 суманд “төмөр зуд”-ын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай, 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байсан.
-Эрсдэлийн судалгаа хийсний үр дүнд малчид зудыг харьцангуй хохирол багатай туулсан. Цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн малчин өрхүүдэд нийт 51.1 тэрбум төгрөгийн тусламжийн өвс, тэжээл, хүнс, автотехник, гэр, дулаан хувцас, ариутгалын бодисын дэмжлэг үзүүлсэн. Олон улсын байгууллагаас нийт 7.8 сая ам.долларын мөнгөн болон бараа, материалын хандив, тусламжийг 21 аймгийн 266 сум, хоёр дүүргийн давхардсан тоогоор 174,930 малчин өрхөд үзүүлсэн байна.
Малчдад туслах үндэсний аянд 3.7 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 1.1 тэрбум төгрөгийн 78,281 ширхэг 200 орчим нэр төрлийн бараа, материалын хандив буюу нийт 4.8 тэрбум төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирснийг орон нутагт хуваарилан олгосон байна.
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль, Засгийн газрын 2024 оны “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хүрээнд долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 47 мянга гаруй хоршоонд 250.0 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Малчдыг малжуулах арга хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны төсвийн хуваарийн дагуу 21 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт нийт 2.769 өрхөд 22.1 тэрбум төгрөгийг зарцуулж хонин толгойд шилжүүлснээр 132.614 толгой мал худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн эрчим, давтамж манай орны хөдөө аж ахуйн салбарт хүчтэй нөлөөлж, бэлчээрийн даац, хадлан бэлтгэл, малын тарга хүч авалт жилээс жилд муудаж малчид, иргэдийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх сонирхлыг улам бүр нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ өсвөр мал буюу шүдлэн үхэр, бяруу, хурга шахаж бордох аж ахуй олноор бий болох төлөвтэй байгаагаас үүдэн малын тэжээлийн хэрэгцээ нэмэгдэхээр байгаа юм. Тиймээс тэжээлийн ургамал тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор мянган тонн овьёос, арвай, вандуйн нэгдүгээр сортын үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр олголоо.
Малын гоц халдварт өвчний гаралт, дэгдэлтээс сэргийлэхийн тулд отор нүүдлийг багасгах, аль болох өөрийн орон нутагтаа малын өвөлжөө, хаваржааг тохижуулан, мал сүргээ тэжээж онд оруулах, таваарын болон үржлийн бус малыг зах зээлд худалдан борлуулах, өвс, тэжээлийг хангалттай базаах, тэжээлийн ургамлыг захиалгаар бэлтгэн нийлүүлэх ажлыг бүх шатанд хариуцан гүйцэтгэх шаардлагатай байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24607/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна