Найрын хөг тасардаггүй намрын сар үүдээ нээж, өвсний толгой цайрч, үр жимс боловсрон хүйтний ам наашилж байгааг сануулж байна.
Монгол Улс 126 хууль тогтоогчтой болж, гурван нам хамтран Засгийн газар байгуулснаар саарал ордонд их нүүдэл үргэлжилж байна. Өмнө нь Төрийн ордны албан хаагчид өрөөгөө сэлгэж нүүдэг байсан бол энэ удаа сандал ширээгээ аваад хашаанаас гарч, Хууль зүйн үндэсний хүрээлэн байрлаж байсан байр руу нүүж эхлэв. Одоогоос 73 жилийн өмнө Төрийн ордны суурийг олзны япон цэргүүд цутгаж, орос, монгол, хятадууд барьж байсан түүхтэй. Тэгвэл 73 жилийн дараа Төрийн ордонд том өөрчлөлт орж энэ байшингаас намын бүлгийн ажлын албаныхан, хуульч, зөвлөхүүдийг эхний ээлжид гаргаж, Засгийн газрыг нүүлгэх талаар ярьж эхэллээ. Яам, агентлаг, Нийслэлийн захиргааг хотын төвөөс гаргах тухай асуудал сүүлийн 10 гаруй жил ярьсан ч бодит ажил хэрэг болж чадалгүй өнөөдөртэй золгосон. Уг нь Засгийн газрын харьяа байгууллагууд Төрийн ордноос нүүвэл төрийн эрх мэдлийн 45 орчим хувь нь Бага тойруугаас шилжиж, Улаанбаатар хот хоёр төвтэй болж хөгжих боломж бүрдэх юм. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Орхоны хөндийд баригдах шинэ Хархорум хот руу нүүлгэхээр зураг төсөл гаргаж байна. Хэрвээ энэ төслийг амжилттай хэрэгжүүлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Хархорум хотод өөрийн гэсэн ордонтой болж бүр Улаанбаатараас нүүх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө эцэслэж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Мөрийн хөтөлбөрийг “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт суурилж гаргасан гэж албаныхан мэдэгдэж байгаа ч иргэд яг ямар асуудал тусгасныг харахаар хүлээж байна. Үүнээс гадна яам агентлагууд хөл хөдөлгөөн ихтэй, шинэ сайд, дарга нарынхаа амыг харсан, төрийн албан хаагчид ажлын байраа алдах вий гэсэн түгшүүр болгоомжлол дүүрэн өдрүүд үргэлжилж байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар яамдын зөвлөх, туслахууд эхний ээлжид халаа сэлгээнд өртөж, АН-ын 250 гаруй хүн дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтээ удирдлагууддаа өргөн барьсан гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаж эхэллээ.
Орон нутгийн сонгуулийн саналт хураалт болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдэж аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгууллаа. Үндэсний аудитын газраас нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэг нам, эвслээс болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож, сошиал орчинд багагүй шуугиан дэгдээгээд байна. НИТХ-ын сонгууль гэхэд л УИХ-ын сонгуулийн адил томсгосон тойрогт явагдана. Тиймээс нам, эвсэл, нэр дэвшигчээс гарах зардал эрс өсжээ. Тухайлбал, Баянгол дүүргээс нэр дэвшигч 883 сая 500 мянган төгрөг, Багахангай дүүрэгт нэр дэвшигч 99 сая төгрөг зарцуулах юм байна. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч ойролцоогоор хамгийн багадаа 100 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөг зарцуулах хэмжээний санхүүгийн чадалтай, бядтай байх нь эхний шалгуур үзүүлэлт болж байна гэсэн үг. Сонгуулийн зардал өсөхийн хэрээр өрсөлдөгч нарын чансааг мэдлэг боловсрол, туршлага бус харин мөнгө тогтоох нь гэсэн болгоомжлол олон хүнд төрж байна.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн сайн мэдээг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт дуулгалаа. Засгийн газраас онц дэглэм тогтоосон 19 сарын хугацаанд тус компани 200 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийг барагдуулжээ. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн экспорт-тээвэр өсөж, Гашуунсухайт авто замын хөрөнгө оруулалтыг 2023 онд 4.5 дахин нэмэгдүүлж, машин нэвтрүүлэх хүчин чадал найм дахин нэмэгдэж, нүүрс тээвэр 2.3 дахин, нүүрсний экспорт 2.4 дахин өсжээ.Тавантолгойн ордын нөөц баялгийг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж, 8.1 тэрбум тонноор шинэчлэн тогтоосон байна. Үүний зэрэгцээ санхүүгийн сахилга батыг чангатгаж, зардлын хэмнэлтийг бий болгосноор 400 гаруй тэрбум төгрөгийг хэмнэжээ. Онцгой дэглэм тогтоосон үед ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр түүхэн дээд амжилтыг тогтоож, улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн төсвийг төвлөрүүлсэн байна. Үүнд, борлуулалтын орлого 14.9 их наядад хүрч 3.6 дахин өссөн, цэвэр ашиг 4.5 их наядад хүрч 3.7 дахин өссөн, татвар төлөлт 4.4 их наядад хүрч 1.8 дахин өссөн үзүүлэлт гарчээ.
Манай улсад өнгөрсөн онд нийт 650 мянга гаруй жуулчин ирж, 1.3 тэрбум ам.долларын орлогыг төсөвт төвлөрүүлсэн нь түүхэнд байгаагүй амжилт болсон. Тэгвэл энэ тоо 2024 онд нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 100 гаруй мянгаар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн хамгийн таагүй мэдээг эдийн засагчид дуулгаж байна. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр томоохон савлагаа үүсэж, хамгийн өндөр үнээр борлуулагддаг 47 хувьцааны 46-гийнх нь үнэ унаж, санхүүчдийг сандаргалаа. “Хөрөнгийн зах зээл сул хөгжсөн Монгол Улсад хувьцааны үнийн өсөлт нөлөөлөхгүй” гэж зарим нэг хүн тооцоолж байж магад. Гэвч эдийн засагчид “ Олон улсын хувьцааны захын хямрал Хятадын түүхий эдийн үнэ, гангийн үйлдвэрлэлд нөлөөлбөл манай экспорт, тэр дундаа нүүрсэнд эрсдэл бий болно. Нүүрсний экспорт буурснаар эдийн засгийн өсөлт удаашрах, ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засгийн идэвх суларна. Мөн гаднаас олж буй валютын орлого буурснаар нөөц нь буурч, төгрөгийн ханш хүчтэй сулрах суурь шалтгаан эхэлнэ" гэсэн таагүй таамаг дэвшүүлээд байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна