Цэцэрлэгийн эхний ээлжийн бүртгэл дуусахад арав хүрэхгүй хоног үлдээд байна. Тодруулбал, 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг E-Mongolia системээр авч эхэлсэн. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний ээлжийн бүртгэл энэ сарын 18-нд хаагдана. Харин бүртгэлийн хоёрдугаар үе шат ирэх есдүгээр сарын 2-ноос эхэлж, мөн сарын 15-нд дуусна. Хоёр дахь бүртгэлд хаягийн өөрчлөлтөө хийж чадаагүй, бүртгүүлж амжаагүй хүүхдүүд хамрагдах боломжтой юм.
Цэцэрлэгт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлнэ. Энэ жил нийслэлийн хэмжээнд 142150 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос энэ сарын 7-ны өдрийн байдлаар 80326 хүүхэд цахим бүртгэлдээ хамрагджээ. Харин цэцэрлэгт хамрагдахаар таван настай 19 мянган хүүхэд бүртгүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргасан хүүхдүүдийг гэрт нь хамгийн ойр цэцэрлэгт явуулах хуваарилалтыг "Esis.edu.mn" системээр тогтоож, санал болгоно.
Бүртгүүлж амжаагүй бол хоёрдугаар ээлжид хүсэлт илгээх боломжтой
Орон нутгийн сонгуулийг ирэх аравдугаар сард зохион байгуулах тул холбогдох хуульд заасны дагуу шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд зогсооно. Тиймээс наймдугаар сарын 12-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийж, цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлэх шаардлагатайг “И Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран анхаарууллаа.
Тэрбээр “Бид цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт гэдэг нь 2-5 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, түр оршин суугаа хаягаар нь цахимаар бүртгэж буй үйл явц юм. Тиймээс цэцэрлэгт шинээр болон цэцэрлэгийг нь сольж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Наймдугаар сарын 18-нд нэгдүгээр үе дуусна. Хоёрдугаар үе шат есдүгээр сарын 2-15-ны хооронд үргэлжилнэ. Энэ хугацаанд хаягийн өөрчлөлтөө хийж чадаагүй, бүртгүүлж амжаагүй хүүхдүүд бүртгүүлэх боломжтой. Мөн хүсэлт явуулсан үр дүн, тоог parent.edu.mn гэсэн хаягаар харж болно. Дүүрэг болон хороогоороо харагдаж байгаа. Тэгэхээр та харьяа хороон дээр хэдэн насны хэчнээн хүүхэд хүсэлт явуулсныг харах боломжтой гэсэн үг. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой видеог “E Mongolia Academy” фэйсбүүк хуудаст байршуулсан. Тэрхүү бичлэгээс хэрхэн яаж бүртгүүлэх тухай заавар мэдээллийг харах боломжтой” хэмээгээд хүүхдийнхээ цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг цаг хугацаанд нь цахимаар илгээхийг эцэг эхчүүдэд уриаллаа.
Цэцэрлэгийн бүртгэлийн гурав дахь жилдээ цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил 134639 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээж байжээ.
Хуваарилалтыг наймдугаар сарын 19-21-нд гар утас руу илгээнэ
Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой олон нийтийн дунд гарч буй түгээмэл асуултуудад Боловсролын ерөнхий газраас дараах хариултыг өгч байна.
-Өмнө нь суралцаж байсан цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах тохиолдолд бүртгүүлэхгүй байж болох уу?
-Болохгүй. Өмнөх цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах болон шинээр элсэх хүүхэд бүр E-Mongolia системээр заавал бүртгүүлэх ёстой. Өнгөрсөн 2023-2024 оны хичээлийн жилд гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжүүлэн хамруулна” гэдэг сонголтыг цахимаар хийсэн тохиолдолд тухайн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах боломжтой.
-Цахимаар бүртгүүлээд дараа нь хуваарилагдсан цэцэрлэгтээ очиж дахиад баталгаажуулж бүртгүүлэх ёстой юу?
-Цахимаар зөвхөн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ гаргаж байгаа. Тиймээс цэцэрлэгт хуваарилсан тухай зурвас ирсний дараа тухайн цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулна.
-Цахимаар бүртгүүлэх боломжгүй тохиолдолд яах вэ. Хаана хандах ёстой вэ?
-Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй бол ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгт өөрийн болон хүүхдийн бичиг баримттай очиж, дэмжих багийнхны тусламжтайгаар хүсэлтээ цахимаар илгээх боломжтой юм.
-Хаяг дээрээ түр оршин сууж байгаа тохиолдолд хэрхэн бүртгүүлэх вэ?
-Түр оршин суух хаягтай иргэд амьдарч буй дүүргийнхээ хороонд очиж хүн ам, өрхийн мэдээллийн системд түр оршин суугаа хаягаа бүртгүүлсэн байх шаардлагатай.
-Одоо амьдарч байгаа хаяг дээр аав нь бүртгэлтэй, ээж нь шилжиж ирээгүй бол яах вэ?
-Эцэг, эхийн аль аль нь хүсэлт гаргах боломжтой. Хүүхдийн мэдээлэлд үндэслэн хуваарилалт хийж байгаа тул энэ сарын 12-ны 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.
-Хувийн цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу?
-Цэцэрлэгт бүртгэлтэй тул хүсэлт илгээх боломжгүй. Тиймээс өмнөх хичээлийн жил хүүхдээ хувийн цэцэрлэгт явуулсан эцэг эхчүүд энэ жил хүүхдээ төрийн өмчийн цэцэрлэгт явуулах бол заавал өмнөх цэцэрлэг дээр нь очиж хасалт хийлгэх шаардлагатай. Хасалт хийлгэсний дараа хүсэлт илгээх боломжтой.
-Цэцэрлэгт хуваарилагдсан ч тухайн цэцэрлэгийн барилга баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй, ажиллахгүй байвал яах вэ?
-Харьяа дүүргийнхээ боловсролын хэлтэст хандана.
-Хүсэлт илгээсний дараа хариу нь хэзээ ирэх вэ?
-Бүртгүүлсэн гар утасны дугаарт наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зурвасаар очно. Мөн E-Mongolia систем рүү орж шалгах боломжтой.
-Цэцэрлэгийн бүртгэл элсэлтийн мэдээллийг хаанаас авч болох вэ?
-E-Mongolia систем болон https://parent.edu.mn/login цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11, Нийслэлийн боловсролын газрын 7011-3039 дугаарт хандан мэдээлэл авах боломжтой. Цахимаар хэрхэн бүртгүүлэх тухай зааврыг E-Mongolia фейсбүүк хуудаст байрлуулсан.
Хичээл эхлэхээс өмнө найман цэцэрлэг, нэг цогцолбор ашиглалтад оруулна
Монгол Улсад 2021-2022 онд цэцэрлэгийн хамрагдалт 76 хувьтай байжээ. Харин 2022-2023 оны хичээлийн жилд 90.2 хувь болж, 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ хугацаанд шинээр 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулжээ.
Харин боловсролын салбарт энэ онд 2,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 490 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээрийн дундаж гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа аж. Нийт төсөл арга хэмжээнээс энэ онд 74 төсөл, арга хэмжээг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Үүнд 3720 хүүхдийн хүчин чадалтай 29 цэцэрлэгийн барилга, 560 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн хоёр цогцолборын барилга багтаж байна. Энэ онд дуусгах 74 төсөл, арга хэмжээнээс 54-ийг нь ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх аж. Тухайлбал, Улаанбаатар хотод 5840 суудалтай арван сургууль, 1330 хүүхдийн хүчин чадалтай найман цэцэрлэг, 280 хүүхдийн хүчин чадалтай нэг цогцолбор тус тус ашиглалтад оруулах юм байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулиар цэцэрлэг, сургуулийн засвар, тохижилтын ажлыг тухайн орон нутгийн засаг захиргаа хариуцаж ажилладаг. Энэ хүрээнд их болон урсгал засварын ажлыг эрчимжүүлж, хичээлийн жил эхлэхээс өмнө дотоод агаарын чанарыг сайжруулж, сурагчдын эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг орон нутгийн боловсролын сургалтын байгууллагуудад зөвлөжээ.
Цэцэрлэгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд 33.925 хүүхдээр цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хамран сургалтыг 92.9 хувьд хүргэжээ. Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилд урьдчилан тооцоолж байгаагаар улсын хэмжээнд 292359 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсэх аж. Үүний 142150 хүүхэд нь нийслэлд хамаарна. Тиймээс хэд хэдэн чиглэлээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг эрчимжүүлж эхэлжээ. Тухайлбал, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн дотоод нөөц боломжийг бүрэн ашиглах, шаардлагатай засвар, тохижилтын ажлыг хийх, сургуулийн өмнөх боловсролын салбарт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, зарим барилга, байгууламжийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахыг даалгасан байна.
Мөн цомцог гэр буюу орчин үеийн гэр цэцэрлэгийн төслийг дуусгах, ашиглалтад оруулах, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамран сургах тойрог тогтоолгосон хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, хоолны мөнгөний хамт олгох замаар хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг дэмжих бодлогыг үргэлжлүүлэх, сургалтын зориулалтаар ашиглах боломжтой иргэн, аж ахуйн нэгжийн шаардлага хангасан барилга байгууламжийг түрээсэлж, салбар бүлэг ажиллуулахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Цэцэрлэг, сургуульд элсүүлэхдээ тусгай зөвшөөрлийг нь нягтлаарай
Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэхдээ тусгай зөвшөөрлийг нь нягтлахыг Боловсролын ерөнхий газраас анхаарууллаа. Тодруулбал, шинээр байгуулагдсан гэх цэцэрлэг, сургуульд элсүүлэхдээ тухайн боловсрол сургалтын байгууллагын сургалт эрхлэх үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөлтэй танилцаж, сургалтын гэрээ байгуулахыг зөвлөв.
Тухайн байгууллага зөвшөөрөл авснаар Боловсролын ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар нөхцөл шаардлагыг хангаж, сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх мэргэжлийн багш, ажилтан, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулах, дотоод гадаад аюулгүй орчныг хангасан гэдгийг нотолсон албан ёсны боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага байна гэж ойлгож болох аж. Хэрэв сургалт эрхлэх нөхцөл шаардлагыг хангаагүй байгууллагатай гэрээ байгуулбал боловсролын цахим мэдээллийн системд таны хүүхдийг бүртгэж авах боломжгүй бөгөөд сурлагын хоцрогдол, завсардалт үүсэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, хяналтаа сайжруулахыг эцэг эх, асран хамгаалагчдад анхуурлав.
Ташрамд дурдахад, нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 12-ноос эхлэн E-Mongolia системээр хүлээн авна. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2018 онд төрсөн хүүхдүүд хамрагдана.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна