АНУ гадаад бодлогодоо Монгол Улсыг чухалчиллаа


Тэд бидний тухай

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилсан. Тэрбээр  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, олон улсын болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Монгол Улс чухал “гуравдагч хөрш”, итгэлт түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгөө Ерөнхийлөгч онцолсон юм. Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээ нь Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, Компакт гэрээг хуваарийн дагуу амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай буйгаа нотоллоо. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын олон улсын болон бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн үзэл санааны хүрээнд цэвэр эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засаг зэрэг салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр санал нэгдлээ. Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон иргэд хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан улам бэхжүүлэхээ тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэх, ялангуяа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, цахим хөгжил, боловсролын ерөнхий хуульд сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасантай холбогдуулан манай англи хэлний багш нарыг чадавхжуулах зэрэг асуудлаар үр дүн эхнээсээ гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид АНУ-ын  Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлийн санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сансар судлал, сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний салбарт үргэлжлүүлэн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр тохиролцжээ. Айлчлалын хүрээнд  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээр, хамтарсан мэдэгдэл хийснийг дурдах нь зүйтэй. Энэ үеэр Энтони Блинкен “Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд харилцаандаа онцгой анхаарч, бүх талаар нягт харилцаатай ажиллана. Монгол Улс Солонгосын хойгийн асуудлаар тогтвортой байр суурь илэрхийлдэгт бид үргэлж талархдаг. Ирэх жилүүдэд хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ" хэмээв.  Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын бүс нутаг дахь арга барил нь аль нэг улстай сөргөлдөхөд чиглээгүй, харин хамтын алсын харааг дэмжих зорилготойг онцлон тэмдэглэсэн. Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр энэхүү алсын хараанд үндэстний бүрэн эрхт байдлын зарчмыг багтааж, улс орнууд ирээдүйнхээ талаар шийдвэр гаргах, сонголтоо хийх боломж  олгодог.  Хүндэт зочныг Монгол улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад бараалхсаны дараа айлчлалд зориулж “Их тэнгэр” цогцолборт Бэсрэг наадам зохион байгуулж, үндэсний өв соёлыг танилцуулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад морь бэлэглэсэн юм. Энэхүү айлчлалыг гадаадын хэвлэл мэдээллүүд хэрхэн онцолсныг товч тоймлолоо. 


Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээрийг ахиулна

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны сайтад “Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Азийн орнуудад хийсэн 10 хоногийн айлчлал өндөрлөлөө.  Блинкен Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапур, Монгол Улсад айлчилсан. Зүүн Өмнөд Азийн зарим оронд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины хамт цэргийн болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа сайжруулж байгаагаа зарлав. Энтони Блинкен Монгол Улсад айлчлахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нарт бараалхсан. Уулзалтын үеэр иж бүрэн стратегийн яриа хэлэлцээрийг ахиулах, хоёр орны ард иргэдийн харилцааг бэхжүүлэх арга замыг судлахад анхаарал хандуулжээ. Айлчлал холбоотнуудаа бэхжүүлэх, бүс нутаг дахь Бээжин, Москвагийн нөлөөг тэнцвэржүүлэхэд чиглэсэн АНУ-ын стратегийн хүчин чармайлт болсон.  Дэлхийн хүчирхэг гүрнүүд болох ОХУ, БНХАУ-ын дунд оршдог далайд гарцгүй, ардчилсан оронтой харилцаа өсөн нэмэгдэж байна” гэжээ. 


“Газета.ру”: Монгол бол стратегийн ач холбогдолтой улс

Оросын “Газета” сайтад “АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Азид хийсэн айлчлал Монголд геополитикийн гайхалтай хэтийн төлөвийг харууллаа. Монгол бол стратегийн ач холбогдолтой улс юм. АНУ-ын тал Монгол Улстай ойр дотно харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дипломат харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энтони Блинкений айлчлал өнгөрсөн зургадугаар сард болсон парламентын сонгуулийн дараа болсноороо онцлог. Вашингтон Хятад, Оростой түүх, эдийн засгийн харилцаатай улс орнуудтай харилцах стратегийн хүрээнд Монгол дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж байна. Блинкен Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй уулзахдаа “Монгол Улс бол энэ бүс нутгийн төв түнш юм. Манай хоёр  улс ардчиллын үнэт зүйлс, нийтлэг ашиг сонирхлоор холбогдсон гуравдагч хөршүүд гэдгээрээ бахархсан. Москватай түүхэн харилцаатай, Бээжинтэй худалдааны чухал түнш Монгол Улсад нөлөөгөө нэмэгдүүлэхийг Вашингтон хүсэж байна” гэжээ. 


“Дипломат”: Ардчиллын баян бүрд

“Дипломат” сайтад “АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлалаар далимдуулан хоёр орны харилцааг хөгжүүлэх, гуравдагч хөршийн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх талаар ярилцсан. “Гуравдагч хөрш”-ийг тусад нь дурьдах нь зүйтэй. Монголын дипломатчид хүчирхэг  хөрш орнуудын нөлөөнд автахгүй байх стратеги баримталж буйгаа харууллаа БНХАУ, ОХУ-тай  хиллэдэг Монгол Улсын хувьд ийм гадаад бодлого тохиромжтой. Энэ стратегиас АНУ ч хоцорсонгүй. Энтони Блинкен, Б.Батцэцэг нар Вашингтонд уулзахдаа хоёр орны стратегийн иж бүрэн яриа хэлэлцээрийг эхлүүлсэн. Үүнд стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа эдийн засгийн өсөлт, эрчим хүчний чадавхыг дэмжих, ардчилал, хүний эрхийг хамгаалах тухай багтана. Блинкен “Монгол Улс бүс нутагтаа ардчиллын баян бүрд. Хамтдаа эдийн засгийн илүү уян хатан байдлыг бий болгож, хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, ард түмнийхээ сайн сайхан байдлыг дээшлүүлэх арга замыг хайж байна” хэмээсэн. Монголд парламентын сонгуулийн дараа айлчилсан учраас бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцжээ” гэсэн байна. 

“Америкийн дуу хоолой”: Хоёр улс түншлэлээ бэхжүүлж байна

“Америкийн дуу хоолой” сайтад “Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Энэтхэг-Номхон далайн бүсийн зургаан оронд айлчиллаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Гучин таван жилийн өмнө монголчууд ардчиллын төлөө саналаа өгсөн. Энгийнээр хэлбэл, асуудлыг нээлттэй шийдвэрлэнэ гэсэн үг.  Монгол Улс бүс нутгийн гол түнш.  Манай хоёр орныг ардчиллын нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхол холбодог. Эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох зэргээр харилцаагаа  улам бүр бэхжүүлж байна. Өнгөрсөн зун эхлүүлсэн эдийн засгийн замын зураглалын дагуу бид сэргээгдэх эрчим хүч, эдийн засгийн хараат байдлыг бууруулж, ажлын байр бий болгоно” гэв.  АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилтын корпорацын усны Компакт гэрээнд Монгол Улс оролцсоноор Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Мөн хоёр улс өнгөрсөн онд байгуулсан хэлэлцээрт үндэслэн шууд нислэгтэй болж, худалдаа, аялал жуулчлалын шинэ боломжийг бий болгохоор ажиллаж байна. Энтони Блинкен Монголын удирдагчидтай хийсэн яриа хэлэлцээрийн үеэр “Хөрөнгө оруулалтын талаарх шийдвэрийг эцсийн дүндээ хувийн хэвшил гаргадаг. Гэхдээ бид хөрөнгө оруулалтыг ил тод, хууль дээдлэх, хувийн хэвшилд шаардлагатай дэмжлэг үзүүлэх замаар татахыг хүсэж байна” гэжээ. Талууд бүс нутаг болон дэлхийн хэмжээнд тулгарч буй нийтлэг сорилтод нягт хамтран ажиллаж байна. Хоёр улс НҮБ-ын дүрмийн гол цөм болох бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол гэсэн зарчмуудын төлөө зогсдог юм. 

“Ассошиэйтед пресс”: Улс төрийн өөрчлөлт Вашингтоны гадаад бодлогод нөлөөлөхгүйг харууллаа

“Ассошиэйтед пресс” агентлагийн тоймд “Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн харилцааг бэхжүүлж, АНУ-ын үүрэг амлалтыг онцлохыг зорьж байна. Тэрбээр Ерөнхийлөгч Жо Байденыг сонгуульд нэр дэвшихээс татгалзах шийдвэрийг тойрсон улс төрийн эмх замбараагүй байдлыг үл тоомсорлож, Энэтхэг-Номхон далайн холбоотнууд болон түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх зорилгоор Азийн орнуудыг зорилоо. Төрийн департаментаас айлчлалыг цуцлах, хойшлуулж болох  ч  АНУ-ын  улс төрийн байдал өөрчлөгдсөн ч Вашингтоны гадаад бодлогод нөлөөлөхгүй гэдгийг харууллаа. Холбоотон, түншүүддээ АНУ үнэнч хэвээр байна гэдгийг баталгаажуулах нь түүний нэн тэргүүний зорилт юм. Ерөнхийлөгч Байдентай олон жилийн турш ойр ажилласан Блинкен Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапур, Монгол Улсад айлчиллаа” гэжээ.

 Х.Эрдэнэзаяа 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр