Н.Оюунсувд: Төмс, хүнсний ногооны болц хэвийн байна


ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Оюунсувдтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ жилийн зуншлага тариалалт, ургацад хэр нөлөөлж байна вэ?

-Тариалалт хийж байх үед, тарьсаны дараагаар ч тариалангийн талбайн чийг хэвийн байлаа. Энэ зун ургамлын өсөлт хөгжилийн үе шатанд тариалангинй төв бүсийн зарим нэг газраар явцад хур тундас бага орсон. Зургадугаар сарын сүүлч, долдугаар сарын дундуур цаг агаарын хэт халалт үүссэн. Үүнтэй холбоотой Сэлэнгэ аймгийн бороо ороогүй зарим нэг бүсэд тарималд ялангуяа “буудайн боловсролтод механик болцтой болчлоо” гээд тариаланчид ярьж байна. Долдугаар сарын төгсгөлөөр хур бороо орсон нь тариалалт ургацад бага ч гэсэн нэмэртэй болохоор боллоо. Гэхдээ хэт халалт нь болц, ургацын чанарт сөргөөр нөлөөлдөг. Ерөнхийдөө төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, малын тэжээл, тосны ургамлын тариалалтын  болц хэвийн байна. Дараагийн долоо хоногоос бүх аймаг сумдын тариалсан талбайд ургацын урьдчилсан бланс тогтоож, хянан баталгаа хийнэ.

Архангай, Завхан, Хөвсгөл аймагт гандуу байснаа долдугаар сараас бороо ороод тариалангийн талбайд болон бэлчээрийн гарцад сайнаар нөлөөллөө.

-Энэ онд хичнээн га-д тариалалт хийсэн бэ? Тариалалт өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн үү.

-Улсын хэмжээнд  2024 онд нийт 577247 га-д тариалалт хийлээ. Үүнээс 390.6 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөснөөс 347.3 мянган га-д тариалсан.  Улаанбуудайг 360 мянган га-д тариалахаар төлөвлөсөн хэдий ч 310 мянган га-д тариаллаа. Бусад үр тариа, тос, тэжээлийн тарималыг төлөвлөсөн хэмжээнд тариалсан.

Төмс 17.5 мянган га-д,  хүнсний ногоо 15.6 мянган га-д тариалаад байна. Энэ Байгаль цаг уурын нөлөө хэвийн байх бол ургацаа сайн авах боломж бүрдэнэ. Мэдээж олон хүчин зүйл нөлөөлнө. Ажиллах хүч, шатахуун, техникийн засвар үйлчилгээ, зоорь агуулах, элеваторын ариутгал, тээвэр, эрчим хүч, зам засвар гэх мэт. Сүүлийн жилүүдэд улсын дундаж ургац авбал гайгүй л тогтмол өсөж байгаа. Зарим таримлын төрөл дээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах юм. Хүнсний ногоог өмнөх жилийнхээс 300 га-гаар илүү тариалсан байгаа. Хүнсний ногооны тариалалт, ургац жилээс жилд нэмэгдэж байгаа.

Мөн малын тэжээлийг 60 мянган га-д, тосны ургамал 113.3 мянган га-д, жимс, жимсгэнийг 4000 га-д тус тус тариаллаа.  Ер нь хураан авч байгаа төмс, 10 нэр төрлийн  хүнсний ногоо жил бүр ахицтай байгаа.

-Ерөнхийлөгчийн “Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилт ямар байна вэ?

- Манай тариаланчид нэг га-гаас хураан авдаг ургацаа нэмэгдүүлсээр ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хийх уриалга гаргаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоол нь хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөв, хүрэх үр дүнгийн шалгуурыг нь ҮАБ, Засгийн газар, Сангийн яам хянаад бодит үр дүнд хүрэх бүх боломжоор хангасан явдал юм.  2022 оноос хойш хүнсний ногооны тариалалтад ахиц гарч ирлээ. Монгол хүн өдөрт 260 грамм хүнсний ногоо хэрэглэх эрүүл мэндийн зөвлөмж, хэмжээтэй.  2022 онд нэг хүн өдөрт дотоодын үйлдвэрлэл, импортын ногоо ороод 180 грамм хүнсний ногоо хэрэглэж, хангамж 48 хувь л байсан. Тэгвэл дотоодын хүнсний ногооны хэрэгцээг 80-85 хувиар хангаж байна. Импортоор байцай, сонгино, улаан лооль, өргөст хэмх, чинжүү, буйцай зэрэг навчит ногоонууд жилд дунджаар 20.0 мянган тонн орж ирдэг. 

Импортоор орж ирж байгаа хүнсний ногооны таримлын үрийг авахад Засгийн газраас их хэмжээний төсвийг тусгаж өгсөн нь маш том дэмжлэг болсон. Өмнө нь хүнсний ногоон үйлдвэрлэл нь 1998-2012 онд “Ногоон хувьсгал”,  2018-2022 онд “Хүнсний ногоо” хөтөлбөр хэрэгжүүлж өрх бүрийг ногоо тарихад сургасан бол, 2022 оноос Улсын хэмжээнд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын үйлдвэрлэлээр бид хангамж, чанар аюулгүй байдал, хүртээмж, нэр төрлийг нэмэх “Хүнсний хангамж аюулгүй байдал”, “Хүнсний хувьсгал” гээд том хүрээгээр нь хангах бодлого хэрэгжиж эхлээд 2 жилийн дотор бодит үр дүнд хүрэх хандлага их аятайхан гарч ирлээ.  Ингэснээр  тариаланчдыг хүнсний нарийн ногоог тарьж сурах, хэрэглэгчид улирал харгалзахгүй нарийн ногоо хэрэглэх том “Хувьсгал” болж чадсан.  10 нэр төрлийн хүнсний ногоогоо дотор нь ангилвал хангамж өөр өөр дүн гарна. Өнөөдөр Монгол Улс ил талбайд тариалдаг  шар лууван, шар, хүрэн манжин, сармис гээд хүнсний ногоогоор  дотоодын хэрэглээгээ 100 хувь хангаж чадаж байна. Хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх, татвар, хөнгөлөлттэй зээл, урамшуулал, техникийн болоод бордооны хөнгөлөлтийг цахим системд мэдээллийг оруулснаар хянаж олгож эхэлсэн нь үр дүнгээ өгсөн гэж мэргэжилтэний хувьд дүгнэх байна.

-“Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр малчид хоршиж  малын ногоон тэжээл, хүнсний ногоо тарих, тоног төхөөрөмж худалдаж авахаар төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ямар өөрчлөлт авчирна гэж харж байна вэ?

-“Шинэ хоршоо хөдөлгөөн” малчдад үр өгөөжөө өгнө гэж харж байна. Төр, засгийн бодлогоор хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр үр дүнд хүрдэг. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр саяхан 10 гаруй газар тариалангийн холбоодын удирдлагыг хүлээн авч уулзаж, тариаланчдын саналыг сонссон. Энэ үеэрээ төмс, хүнсний ногоо, малын тэжээл тарьж байгаа хүмүүс хэрхэн хоршиж ажиллаж,  хамтарч газар тариаланг хөгжүүлэх, эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Өнөөдөр хүнсний ногоочид хоршиж, чанартай, хүртээмжтэй ургац нийлүүлж, ашиг орлоготой  байх нэгдсэн системтэй ажиллахыг салбарын сайд санал болголоо. Нэгдсэн системээр ажиллахын тулд хөдөө, аж ахуйн салбарыг  цахимжуулна гэж сайд хэлсэн. Өнөөдөр ХХААХҮЯ-ны дүн мэдээтэй ҮСХ-ны мэдээ зөрдөг. Энэ ялгааг бид багасгаж ирсэн ч бүрэн арилаагүй байна. Өнөөдөр мэдээ өгч байгаа сумын анхан шатны мэдээлэл үнэн байх ёстой. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын мэдээлэл цахимжихаар сумын мэргэжилтэн биш тариаланчид, ногоочид  мэдээллээ оруулж, байнга шинэчлээд явах болно.

-Жил бүр улсын төсөв батлахад тариаланчдад улаан буудайн урамшуулал олгодог. Гэтэл дотоодын улаанбуудайн чанар муу байна гэж үйлдвэрлэгчид шүүмжилдэг. Улаанбуудайн чанарт хэр анхаарч байна вэ?

-Ноднингийн ургац хураалтын үеэр ургац хураалтын үеэр 7 хоногийн үргэлжилсэн бороо  яах аргагүй улаанбуудайн чанарт нөлөөлсөн. Өмнөх жилүүдэд хураалтын үеэр долоо хоног үргэлжилсэн бороо орж байгаагүй. Тариаланчид, гурилын үйлдвэрлэгчдийн хооронд “Итгэмжлэгдсэн лабораторийн чанарын үзүүлэлтээр бус тухайн үйлдвэрийн лабораторийн  чанарын үзүүлэлтээр хянаж байна” гэсэн зөрчил Тариаланчид, гурил үйлдвэрлэгч нарын хооронд гардаг.Чанарын үзүүлэлт гэвэл олон стандарт, хүчин зүйл яригдана л даа. 

-Уур амьсгалын өөрчлөлт ургацын чанарт хэр нөлөөлж байна вэ?

-Тухайн таримал ямар болц дээр байгаагаас шалтгаална. Дөнгөж соёолж байтал хяруу цохивол болцод нөлөөлнө. Сортын өөрийн онцлог байдаг. Бутлалт, гол хатлалт, үр суух болц гүйцэх гээд /буудай/ таримал ургамлын ямар үе шатанд байхад чийг, хөрсний шим тэжээл, нар дутагдаж байна уу гэдгээс шалтгаалдаг. Ер нь тариалалт хэр байх нь хүний болоод байгалийн хүчин зүйл, хамгийн гол нь агротехнологийн хугацаа, сайн төлөвлөлт, мэдээж байгаль эх дэлхийгээ хайрлах, аргадах гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална. Сүүлийн жилүүдийн байгаль цаг уурын дулаарал, эсвэл бороо, шуурга, ган, мөндөр цас гээд таашгүй гэнэт гэнэт тохиолдох нь мэдээж ургацын гарц, чанарт, тариаланчдын бүтээмж орлого, улсын төсөвт үзүүлэх нөлөө гээд л бүх зүйлд шууд болон шууд бусаар нөлөөлнө.

-Техник, технологийн хангамж хэр вэ? Ногоогоо ургууллаа хадгалах зоорь байхгүй байна гэж шүүмжилдэг байсан.

-Технологио дагаад янз бүрийн тоног төхөөрөмж орж ирж байна. 2008 оноос “Атрын 3” аяны хүрээнд хөдөө аж ахуйн техник, төхөөрөмжийг хангалттай оруулж ирсэн байдаг. Төрөөс олон жил ХАА-н тркатор, комбайн, усалгаа,  хүлэмжийн, гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж дэмжсэн. Төр, засгийн хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр үр дүнгээ сайн өгсөн. Ковидыг даван туулахад иргэдээ төмс, хүнсний ногоогоор таслаагүйгээс харж болно. Манайхан зооринд ногоогоо сайн хадгалж байна. Одоо байгаа зооринуудын 70 хувь нь энгийн болоод газар доорх зоорь, 15 хувь нь механикжсан, автомат тохируулгатай байна. Цаашид тариалын онцлогт тохирсон төрөлжсөн, автомат тохируулгатай зоорь зайлшнүй шаардлагатай. Үүнийг сүүлийн 3 жил Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр аж ахуйн нэгж иргэн нь банкны барьцаагаа хангасан үед ньяам  бодлогын гэрээ байгуулаад явж байгаа.  

-Манайх төмс, хүнсний ногоогоор дотооддоо хангаж байгаа ч үнэ байнга нэмэгдсэн ирсэн. Үнийн асуудал зах зээлийн ханшаар явах ч хөөрөгдөх тал анзаарагддаг. Үнийг хэрхэн тогтвортой байлгах вэ?

-Яам үнэ ханшид оролцдоггүй. Гэхдээ улаанбуудайн өртөг дээр суурилсан ашиг нэмж ХААК ТӨХХК нь өр авлагадаа авах буудайн үнэ зарладаг байгаа. Гурил үйлдвэрлэгчид, тариаланчид үнээ өөрсдөө гэрээгээр зохицуулаад худалдан авалтуудаа хийдэг.Энэ үнэд яамны талаас оролцоо байхгүй л дээ. Иргэд үнэ өслөө гэж эмзэглэх хэрэггүй. Үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо, тээвэр, ажилчдын цалин, эрчим хүчний үнийн өсөлт, ус гээд урсгал зардлын үнэ байнга нэмэгддэг. Дээр нь улирлын чанартай ажиллуулдаг. Байгаль, цаг уурын хүчин зүйлс дор цаг хугацаатай уралдаж ажиллаж, ургацаа хурааж, зоориндоо хураадаг.Хүйтрэхээс өмнө амжиж сав, агуулахдаа зорилох гээд улирлын ажилчдын цалин хэт өндөр болоод хүндрэл гараад ирэх үе зөндөө шүү дээ.Ургац хураалт жигдрээд ирэхээр нийлүүлэлт ихэсч төмс, хүнсний ногооны үнэ буураад, хавар зоорины ногоо нь хадгалалтын үнэ бусад зардлаг ордог тул нэмэгддэг, зун эртийн ургац гарахад үнэ өндөр байснаа буурдаг.  

-Энэ жилийн ургацын урьдчилсан төлөв хэр байхаар байна вэ?

-Энэ жилийн ургацын төлөв хандлагын талаар дүн мэдээ наймдугаар сарын 20-ноос хойш гарна. Бид аймгуудаас мэдээлэл авч, мэдээллээ нэгтгэж байна. Тариаланчид маань техникээ засварт оруулж, шатахуунаа нөөцөлж, ажиллах хүчний гэрээгээ хийж, зоорио ариутгаж  байна. Бэлтгэл ажлууд эрчимтэй явж байна. Үрийн тариаланд хянан баталгаа хийж байгаа. Ургац арвин байх биз ээ.

Н.Энхлэн 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 23 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр