Өлзий жаргалын орны өргөн дэлгэр наадам


Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13 хүртэл баяр наадмыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг  уламжлалтай. Энэ хуулийн дагуу баяр наадмын товоо гаргасан анхдагчдын өлгий Булган аймгийн Бугат, Дашинчилэн, Сайхан, Хутаг-Өндөр, Рашаант гэсэн дөрвөн сум тэгш ойн баяраа тэмдэглэж байгаа юм. "Монголын үнэн" сонин Булган аймгийн Дашинчилэн сумын 100 жилийн ойн баяр наадмыг сурвалжлахаар шүлгийн мөр шиг замаар хүлгийн жолоо заллаа. Бидний очих ёстой Дашинчилэн сумын нэрийг монгол хэлнээ утгачилбаас Өлзий жаргалын орон хэмээн буух учиртай санж. Өлзий жаргалын орон Улаанбаатар хотоос 227 дахь километрт, аймгийнхаа төвөөс 147 километрийн зайтай байрлан буй. Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Булган аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумтай хил залган, хүн зон нь хаяа нийлэн, бэлчээр зайчлан суух аж. Хуучнаар бол Үйзэн гүний хошуу, Богдын их шавийн Эрдэм Номун хааны отогт харяалагдаж байв. Орон нутгийн засаг захиргааг өөрчлөн сайжруулахаар Засгийн газрын төлөөний түшмэл 1924 онд очиж Жавзандамба хутагтын шавь отог байсныг шинэ хошуу, сум, 10 гэрийн захиргаа байгуулан өөрчлөөд "Чин ширээт Монгол уулын хошуу" гэх болжээ.  Засаг захиргааны дахин хуваарилалтыг 1931 онд хийхдээ Дашинчилэн сум болгосон байдаг. Өлзий жаргалын орон Дашинчилэн сумын 100 жилийн ойн баяр наадам сайхан болж өнгөрлөө. Энэ  удаа бид сумын ойд ямар бөх түрүүлж, хэний морь айрагдаж, хэн гэдэг мэргэн харваачийн сум байгаа мэргэн онов гэдгийг онцлохыг хүссэнгүй. Энэ бол сумын 100 жилийн түүхийг бүтээлцсэн эгэл жирийн ажилчин, малчин, албан хаагчдын баяр. Тэдний сэтгэгдэл баяр хөөрийг, зураглах нь зөв буюу. 


МУСГЗ Ш.Гүрбазар нэгэнтээ 
“Зүс булаалдсан гурван сумын 
хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон 
            дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван 
сумын морьд
Ижилссэн юм шиг суман 
    дэлээрээ гайхуулж...” 
хэмээн нүдэнд харагдтал шүлэглэсэн сумын наадам. Торгон дээлээрээ ижилссэн хос морьтой залуус наадмын талбайг чимж, тос даасан хуушуурын үнэр саахалтын цаанаас үнэртсэн сумын торгон ногоон дэвжээ. Хүн бүхний нүднээс баярын мишээл цацарч, хүүхэд бүрийн нүүрнээс инээд гэрэлтэх нь жаргалтай. Хэдэн  өдөр үргэлжилсэн борооны дараа байгаль дэлхий сэргэж, наадмын талбайгаас зайдуухан буусан уяачдын асар майхан, гэрүүд ногоон хилэн дээр цацсан эрдэнийн шигтгээ мэт үзэгдэх авай. 
Дашинчилэн сум нийслэл хоттой засмал замаар холбогдсон дэд бүтэц сайтай сумдын нэг. Тийм болохоор ч тэр үү нийслэлд суугуул нутгийн уугуул иргэд ирэхэд төвөггүй байсан биз, машин тэрэг ихтэй харагдана. Улсын наадам шиг наадмын талбайгаа бүсчилж машин унаандаа зөвшөөрөл олгож нэвтрүүлдэггүй бололтой. Гэхдээ ямар ч байсан нэвтэрч болохгүй тэг тойрог татсан байх агаад наадамчдын унаа түүнээс дотогш орохгүй. Хоолны гэрүүдийг наадмын төв асраас зүүн хойш нэлээд зайтай нэг газарт төвлөрүүлжээ. Эндээс өтгөн, шингэн хоолойгоор хуушуур, хорхог, бууз идэхийг уриалан дуудаж төв асрын зүг явж байгаа наадамчдын алхааг сааруулж орхино. Бас нэг содон зүйл нь хотын гудамжид олширсон машинд суурилуулсан явдаг галт тогоо зөндөө харагдлаа. Хөдөөний хүүхдүүдэд хотын залуусын өдөр тутмын хэрэглээ болсон солонгос, хятад, барууны түргэн хоолоор үйлчилж байгаа харагдана. Гэрээс гарч гэдэс алдаж үзээгүй хүүхдүүдэд сонин содон байгаа нь гарцаагүй. Хоолны гэрүүдийн баруунтай багууд, төр захиргааны байгууллага, сургууль цэцэрлэгийн гэрүүд эгнэн байрлажээ. Наадамчид гэрүүдээр хэсэж айраг цагаа ууж, ааруул идээ амсан хөөрөлдөх аж. Нутаг нэг ч газар хол өөр, өөр багийн малчид наадмын өдрүүдээр л нэг нэгнийхээ царайг харж, хөөрөг зөрүүлэн, хууч хөөрөх боломж гардаг биз. Малчид хэдийгээр холыг товчлох, цагийг хэмнэх хурдан унаа тэрэгтэй болсон ч зорьж уулзахгүй л бол зоргоор таарах хот хүрээ газар биш, тийм завтай зайтай ч хүмүүс биш. Хот хүрээ гэснээс багуудын гэрээр хэсэж, айраг цагаа эргүүлж яваад ойрын хэдэн жил уулзаагүй садан төрлүүд уулзан золгож, учран баярлалдах баярт мөчүүдийн гэрч болсон шүү. Монгол наадмын бас нэгэн утга учир үүнд оршдог биз ээ. 
Бид баг, албан газар, сумын захиргааны гэрүүдээр хэсэж дуусаад наадмын талбайгаар явж наадамчдын баяр хөөрийг хуваалцлаа. Хамгийн эхэнд тааралдсан хүн сургуулийн биологийн багш бүсгүй байв. Гэтэл бүр баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүн гэнэ. Тэрбээр “Дашинчилэн сумын маань 100 жилийн ой өргөн дэлгэр сайхан болж байна. Би сумынхаа тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх баяр наадмын соёл урлагийн комисст багтан ажиллаж наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцсондоо сэтгэл хангалуун байна. Манай сумаас төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал ахайтнаас эхлээд Алдарт, гавьяат хөгжимчин, хуурч Д.Түдэв, Хөдөлмөрийн баатар хоньчин Д.Бадгаа, Монгол Улсын анхны гавьяат тээвэрчин Осоржамаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг зэрэг нэр цуутай олон алдартан төрөн гарсан байдаг. Юун төлөө баяр наадмын, урлаг соёлын комисст ажиллаж байгаа билээ манай наадмын нээлтийн тоглолтод МУГЖ дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, мөн манай сумаас төрөн гарсан МУГЖ дуучин Д.Ширмэнтуяа, дуучин С.Сэрчмаа гээд үзэгч түмний хайртай олон уран бүтээлч ирсэн байгаа гээд нууц задаллаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Наадамчидтай уулзан сэтгэгдлийг нь сонсож яваад нэгэн эрхэмтэй санаандгүй таарсан нь УИХ-ын гишүүн Д.Батлут байв.


 Гишүүн алсын аянаас дөрөө мултлаад л бидэнтэй таарсан байлаа. Бид түүнээс баяр наадмын талаар сэтгэгдлээ хуваалцаж үг хэлэхийг хүсвэл “Эрдэнэт хотын анхдагч илгээлтийн эздийн 50 жилийн ойн баяр наадам өчигдөр эхлээд өнөөдөр үргэлжлээд явж байна. Наадмын арга хэмжээнд оролцчихоод өнөөдөр Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор ирээд байна. Саяхан болсон УИХ-ын сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж иргэд төрд төлөөллөө сонгож явууллаа. Булган, Орхон, Хөвсгөл аймгууд бүсчилсэн хэлбэрээр нэг тойрог болсон. Тойргийн сонгогчдын төрд илгээсэн төлөөллийн хувьд Дашинчилэн сумын 100 жилийн ойн баяр наадмыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Баярын арга хэмжээнд оролцож байгаа өөр нэг шалтгаан бол Дашинчилэн сумын хүн эмнэлэг, эрүүл мэндийн салбарт тодорхой хөрөнгө оруулж “Ланд 78” маркийн автомашин бэлэглэж байгаа. Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд хамгийн чухал зүйлийн нэг бол хурд, хүч сайтай автомашин, тоног төхөөрөмжийн асуудал байдаг. Энэ утгаараа эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж эхлэх эхний гараа, анхны шангаа татсан ажил боллоо. Дашинчилэнчүүд энэ 100 жилийн хугацаанд Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон алдартнуудаараа бахархаж, ойн баяраа ёслол төгөлдөр, өргөн дэлгэр сайхан тэмдэглэж наадаж байна. Эдгээр алдартан Монгол Улсын хөгжилд оруулсан Дашинчилэнчүүдийн хувь нэмрийг гэрчилж байгаа юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Дашинчилэн сумыг “Алтан гадас” одонгоор шагналаа. Энэ сайхан баяр наадмын өдөр олон амжилт бүтээлийн эзэд болсон Дашинчилэнчүүддээ ирэх он жилүүдийг олон, олон амжилт бүтээлийн эзэд байгаарай гэж хүсэн ерөөе” гээд бидэнд амжилт хүсэн гар бариад явж одлоо. 


Хөдөө сумын наадам гэхэд  сайхан морьдоор гангарсан залуус ховор харагдаж байсан нь жаахан уйтай ч юм шиг. Цаг хугацаа, орон зайг хэмнэх хурдан унаа гэдэг зүйлийг энэ их хурдтай нийгэмд тэсэж үлдэхийн тулд сонгохоос өөр аргагүй. Ийн бодохоор буруутгах арга олдохгүй. Биднийг наадмын талбайгаас гарч явахад соёолон насны морьд бариандаа орж байгааг цагаан хоолойгоор зарлаж байна. Хэн гэдэг азтай аавын хүү, хурдан хүлгийнхээ шандсыг бахдан самсаа шархируулан зогсоо бол. Цагтай нартай ажил, цантай, цастай өвөл биднийг хүлээж байгаа. 
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь  туурайн хээтэйг ухаарлаа
Ийм сайхан Монгол наадмаа  орхиж хэн чадах вэ дээ 
хэмээн Төрийн шагналт Ш.Гүрбазар найраг­чийн өгүүлсэнчлэн хоргодон, хоргодон явлаа. Нээрэн наадам тарахад сэтгэл хоосроод нэг хэсэг эвгүй болдогсон. 

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 23 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр