Одон орон судлалын төвийг санаачлан, үүсгэн байгуулагч, дунд болон их, дээд сургуулийн одон орон судлалын сурах бичгийг анхлан зохиож, хүүхэд, залуусын оюуны мэлмийг нээсэн нэрт сурган хүмүүжүүлэгчийг танилцуулахад таатай байна. Энэ эрхэм бол профессор, уламжлалт зурхайн ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон бүтээл туурвисан Монголын анхны одон орон судлаач, нэрт эрдэмтэн Санжмятавын Нинжбадгар юм.
Богд ууланд одон орон судлалын оргил байгуулах газар хайж яваад Хүрэл тогоотыг олсондоо олзуурхсан С.Нинжбадгар аав нь энд адуугаа манаж явсан, нөмөр нөөлөгтэй сайхан газар хэмээж байсныг санан дурссан гэдэг. Тэр үед Нинжбадгар МУИС-ийн оюутан байсан гэхээр 1942-1946 оны явдал. Түүнээс 10-аад жилийн дараа буюу 1956 онд эх орныхоо цэнхэр тэнгэрийг дуран авайгаар харах мөрөөдлөө биелүүлэхээр астрономич Нинжбадгар аавынхаа адуу манаж явсан газар ирээд буй нь энэ. Аав Санжмятавтайгаа Нинжбадгар ерөөлөөр учирсан гэж хэлэх дуртай. 1924 онд Тамирын голын хөвөөнөө буюу одоогийн Архангай аймгийн нутагт охиныг төрөхөд төрсөн эцэг нь ертөнцийн мөнх бусыг үзсэн байжээ. Ээж Долгоржав нь нялх охин, аавын хамт нийслэл хүрээнд ирснээр хөгжил, хөдөлгөөнт их амьдралын замд орж, Санжмятав гэж хүнтэй ханилан суужээ. Ингэж Нинжбадгар ч насан турш овоглох алдраа олов. Тэр үед хотын залуу бүсгүйчүүд цэргийн даргатай суухын хүслэн болдог, Дэмид жанжны цог жавхааг бахдан шагшдаг байлаа. Санжмятав цэргийн дарга хүн байжээ. Ерөөлөөр учирсан сайхан аав, элбэрэлт ээжийн хайр энхийрлэлд өсөн торниж, Хүрээний бага сургууль, анхны дөрөвдүгээр ангид суралцаж, бичиг ном сурлаа. 1938 онд дунд сургуулиас хэдэн хүүхэд сонгон авч, дээд сургуулийн дэргэдэх хоёр жилийн бэлтгэлд элсэн суралцуулсны нэг нь С.Нинжбадгар. Эндээсээ Шинжлэх ухааны хүрээлэнгийн химийн лабораторид хуваарилагдан хоёр жил ажиллажээ. 1942 онд Монгол Улсын их сургууль байгуулагдахад 18 настай С.Нинжбадгар анхны оюутнуудын нэг болж, тоо, физикийн ангид элсэн суралцав. Дэлхийн II дайны хүнд хэцүү үед анхны их сургууль байгуулагдахад Зөвлөлтийн багш нар орос хэлээр хичээл зааж, хичээлээсээ хоцрохгүйн тулд орос хэлийг ямар нэг аргаар суралцдаг, дэвтэр, харандаа олдохгүй, тарчиг ядуу оюутны дөрвөн жил өнгөрөв. Анхны их сургуулийн анхны төгсөгчдийн нэг С.Нинжбадгар Багшийн сургуульд хуваарилагдан нэг жил багшлаад байтал нэг өдөр дөрөвдүгээр ангид, дараа нь их сургуульд хамт суралцсан багын найз Содномтойгоо таарчээ. Тэрбээр дахин суралцах зорилгоо хэлж, хоёул Шинжлэх ухааны хүрээлэн орж, даргатай нь уулзаад тун нааштай хариу авчээ. Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчөөс цаг уур, астрономийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх захидал ирүүлсэн тухай Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Ж.Жаргалсайхан хэлсэн ба Москвагийн их сургуульд суралцаж байгаа нөхөртэйгөө хамт явахад татгалзах зүйлгүй гэсэн хариу өгчээ. Харин хүүхдүүдээ орхиод явах л хэцүү санагдаж байв. Гэсэн ч тэрбээр Монголын одон орон судлаач анхны эрдэмтэн болохоор холыг зорив. Тэр үед Москвагийн их сургуулийн философийн ангид суралцаж байсан Дарамын Төмөр-Очир ханьтайгаа С.Нинжбадгар 1941 онд танилцаж, халуун гал голомтоо бадрааж хүү, охин хоёр төрүүлээд байв. Монголын шинэ цагийн шилдэг сэхээтнүүд болох том зорилго өмнөө тавьсан залуу хосын алтан Москвад хамт суралцсан он жилүүд дурсгалтай сайхан. Сурах эрдэм зүгээр олдохгүй, унтах нойр, идэх хоолоо хасаж байж л бүтнэ гэж хэлэх нөхрөө даган С.Нинжбадгар номын санд байнга сууна. Хэдий тийм ч хоёул зав л гарвал Орос орны соёлоос олж хүртэх санаатай музей, театр байнга үзнэ.
С.Нинжбадгар М.В.Ломоносовын их сургуульд одон орны астрометрийн салбарын мэргэжлээр Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, профессор, тэнгэрийн өмнөд хэсгийн бүдэг оддын бүртгэлийг гаргах эрдэм судлалын ажил хийсэн М.С.Зверев багшийн удирдлага дор суралцаж байв. 1949 оны хаврын нэг өдөр багш нь Зөвлөлтийн Астрономи-геодезийн нийгэмлэгийн хурлын үеэр Монголын тухай илтгэл тавихыг оюутан шавь С.Нинжбадгарт даалгажээ. Тэрбээр монгол орны газар зүй, цаг уурын онцлогийн тухай, малчид од, гаргийн байрлалаар цаг агаарыг шинжин мэддэгийг ярьж, шинийн 2-ны сар, мичид сарны тохиолын утга учрыг тайлбарласанд одон орон судлаачид ихэд анхааран сонсож, нэрт одон оронч А.Я.Орлов бүр гэртээ урьжээ.
Эрдмийн энэ их уурхайд нэрт одон орон судлаачдаар хичээл заалгаж, Одон орон судлалын хүрээлэнд дадлага хийж, суралцан буй мэргэжилдээ үнэнхүү дурлаад байсан оюутанд үүн шиг аз завшаан үгүй. Нэг өдөр нөхөр Д.Төмөр-Очирын хамт зочлон очжээ. Эрдэмтэн А.Я.Орлов Монгол орны өргөн уудам нутагт өргөргийн судалгааны станц байгуулахын чухлыг хэлж өгчээ. Энэ уулзалт С.Нинжбадгарын Монголынхоо хөх тэнгэрт холын ертөнцийг дуран авайгаар ажиглах нь мөрөөдөл биш, бодит зүйл гэдгийг улам ухааруулжээ. Огторгуйн дуран авиаг Орос, Германы алинаас авахаа хүртэл тооцоолон бодох болов. Ямар ч гэсэн нутагтаа очоод ярих юмтай, амьдралын зорилготой болсон мэт санагдана. Тэр үед Зөвлөлтөд таван секундийн жижиг огторгуйн дуран дөнгөж хийж эхэлж байсан ба С.Нинжбадгар тэр дуран дээр ажиллах, ажиглалт хийх сэдвээр дипломын ажлаа хамгаалан, 1950 онд сургуулиа төгсөв. Ломоносовын их сургуулиас түүнийг Украинд эрдмийн ажил хийлгэхээр хуваарилсан ч эх нутаг руугаа тэмүүлэв. Дунд сургуулийн багш гэсэн цол, дээд сургууульд багшлах эрх, одон орон судлалын шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан гэсэн диплом өвөрлөн ирэхэд нь түүнд их сургуульд багшлах санал тавьжээ. Гэвч тэр огторгуйн дуран хөөцөлдөхөд дөхөмтэй гэж бодоод Шинжлэх ухааны хүрээлэнд орж, их сургуульд цагийн багшаар ажиллав. Энэ хугацаанд эрдэмтдийн лекцийг товхимол болгон хэвлүүлэх, олон нийтэд уншихын зэрэгцээ эмэгтэйчүүдийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, намын сонгуульт ажлууд хийж, хотын депутатаар хүртэл ажиллав. Дуран авиа авч, цэнхэр тэнгэрээсээ хол, ойрыг дурандах сэтгэлийн мухарт хадаастай мөрөөдлөө ч битүүхэн тээсээр, өргөргийн болон газар хөдлөлтийн станц байгуулах хүсэлтийг дээд газарт удаа дараа тавьсан ч нааштай хариу өгсөнгүй.
Иймэрхүү маягаар ажиллаж байтал олон улсыг хамарсан Олон улсын геофизикийн жил тохиож, Монгол Улсыг уг үйл ажиллагаанд оролцуулахаар Зөвлөлтөөс мэргэжилтэн ирж, Үндэсний хороо хүртэл байгуулагдан С.Нинжбадгарыг нарийн бичгийн даргаар томилов. 1956 оны хавар Олон улсын геофизикийн жилийн салбар хуралдаан Москвад болоход С.Нинжбадгар оролцон Монгол орныхоо мөнх цэвдэг, мөсөн гол, цаг уурын онцлогийн талаар тавьсан илтгэлдээ мөнөөх л станц байгуулах саналаа дахин бичиглэж, багаж, хэрэгслийн туслалцаа үзүүлэхийг хүслээ. Польш, Орос, Герман, Хятад гээд хуралд оролцсон бүх л орныхон туслахаа илэрхийлж, багш Зверев нь хүч нэмжээ. Хурлын дараа шууд л ажилдаа орж, Зверев багштайгаа хамтран Монголдоо одон орон судлалын төв байгуулах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, Зөвлөлт холбоот улсын ШУА-ийн Одон орон судлалын зөвлөлөөр батлуулав. Ингэж олон жилийн бодол мөрөөдөл болсон тоо-физикийн нарийн ухааныг эх орондоо хөгжүүлэхээр болсондоо туйлын ихээр баярлавч хажуугаар нь улсаас хөрөнгө гаргаж өгөхгүй бол яана гэж битүүхэн санаа зовно. Тэндээсээ шууд Герман улсад очин, огторгуйн дуран авиа авах захиалгаа өгөөд буцаж иртэл Гадаад худалдааны орлогч сайд З.Соль жаахан дургүйхэн байж. Тэгэхээр нь оймс, гутал урагдаад алга болно, огторгуйн дуран авиа зуун жилээ даана шүү дээ гэсэн гэдэг. Үнэхээр ч тэр үед авчирсан дуран авиа бараг 60 жилийн дараа С.Нинжбадгар гуайг дурсамжийн номоо бичиж суухад ажилласаар л байсан билээ.
Станц байгуулах ажилд улсаас 200 мянган төгрөг гарган өгч, аавынх нь адуу манаж явсан сайхан газрыг ч сонгож, утас, цахилгаан татах, зураг, төсөл хийлгэх, барилга байшин бариулах нөр их ажил ундарч, бүгдийг С.Нинжбадгар хариуцан хийлээ. Гурван жил барьж байгуулсны эцэст БНМАУ анх удаа Одон орон геодезийн ажиглалт судалгааны сайхан төвтэй болж, тэндээ зүүн Герман, Зөвлөлт, Польш, Хятадаас нарийн ажиллагаатай, хүчирхэг дуран, багаж тоног төхөөрөмж суурилуулан, монгол хүн тэнгэр сансрыг дурандаж, од эрхэстэй нөхөрлөж эхэлсэн юм. Барилга барих явцдаа ажиллах боловсон хүчнээ ч давхар бэлтгэж, 1957 оноос судалгааны ажилдаа оржээ. Ингээд огторгуйн дуран авиагаа ч суурилуулж, од түгэх үдшийн бүрийгээс үүр цайж од гараг үзэгдэхгүй болох шөнийн турш ажиглалт хийнэ. Од, сарнаас гадна нарны ажиглалт хүртэл хийхээр болж, нарыг дуран дотор хиймлээр хиртүүлэх аргаар нарны титэм буюу өнгөт мандлыг дурандах болжээ. Токиогоос Алма-Ата хүртэлх өргөн уудам нутагт анхны нарны ажиглалт Монголын цэнхэр тэнгэрээс ийнхүү эхэлжээ. 1962 онд Одон орон судлалын оргилын төвийнхөн нарны титэмийн зургийг гарган авч, бөөн баяр болжээ. С.Нинжбадгар эрдэмтний бичиж үлдээснээр, нар бол дэлхийд хамгийн ойрхон од учраас түүнийг судалснаар дэлхий дээр соронзон шуурга болох, цаг агаар өөрчлөгдөх, туйлын туяа татах, газар хөдлөх, галт уул идэвхжих, тэр байтугай хүний эрүүл мэндэд хүртэл ямар нөлөөлөл үзүүлэхийг ч мэдэж болох ажээ.
С.Нинжбадгар нь өөрийн байгуулсан Одон орон судлалын төвийн захирлаар 1965 он хүртэл ажилласан юм. Энэ хүртэлх зам ололт амжилт ихтэйн дээр бас онцгой үйл явдлаар баялаг. 1957 оны сүүлээр түүнийг "Зенит" дуран хөөцөлдөөд Польш улсад явж байтал эх оронд нь асар хүчтэй газар хөдлөлт болсныг сонсжээ. Арванхоёрдугаар сарын 5-нд одоогийн Говь-Алтай аймгийн нутаг Их Богд хайрхнаас голомтлон Их, Бага богд, Аж богдын нурууг дайрч хагалбар үүсгэн, ойролцоох сумын төвүүдийн барилга байшин нурж сүйрэн 13 хүн нас барж, олон хүн бэртэж гэмтэн, 80 орчим мянган мал дарагдаж үхсэн байна. Газар хөдлөлийн станцын захирал С.Нинжбадгар 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн газар дээр нь ажиллахад уул хайрхан байрнаасаа хөдөлсөн, дунд нь дов толгод үүссэн, нутгийнхан хүртэл нутаг газраа танихгүй байсан гэдэг.
12 баллын хүчтэй уг газар хөдлөлтийн талаар судалгааны багийн ахлагч С.Нинжбадгар тайлан бичиж, баримтат кино хийн Олон улсын геологийн жилийн хурлын үеэр үзүүлж өндөр үнэлгээ авав. Уг судалгааны ажил Монгол оронд одон орон, геофизикийн судалгааны ажлыг эрс түргэсгэж, гаднынхны анхаарлыг ч онцгой татсан гэдэг. Тэрбээр уг хурлын үеэр "Тийм хүчтэй газар хөдлөлтөд ганцхан монгол гэр л тэсэж үлддэг юм билээ" хэмээн үндэсний сууцаа үнэн мөнөөр сурталчилж явжээ. Энэ мэтээр Монголын одон орон судлалын шинжлэх ухаанд түүний оруулсан гавьяа зүтгэл үнэхээр их байлаа. Зөвлөлт холбоот улсад суралцсан учраас орос хэлд гаргуун, хамтын ажиллагаа өргөн, дэмжлэг их учраас тэндээс хөрөнгө туслалцаа ч авч чаддаг байв. Харамсалтай нь түүний гавшгай амжилтууд удаан үргэлжлээгүй юм.
1962 онд түүний хань Дарамын Төмөр-Очирыг улс төрийн шалтгаанаар хэлмэгдүүлж, нутаг заан хөдөө явуулахдаа гэргий С.Нинжбадгарыг үлдэж ажлаа хийхийг санал болгосон гэдэг. Гэвч тэрбээр "Төмөр-Очиртой суусан болохоос Төв хороотой суугаагүй" гэж хэлээд ханьдаа түшиг тулгуур болох замыг сонгожээ. Ингэж овоо явж байсан Монголын одон орон судлал гал цогтой ганц эрдэмтнээрээ дутаж, харин С.Нинжбадгар 18 настайдаа ханилсан хайрт ханиа 1985 онд бусдын гарт эмгэнэлтэйгээр амь насаа алдах хүртэл ёстой л нэгэн биенийх нь түшиг болж явсан юм. Тэрбээр "Өсөхөд эр эм, өтлөхөд аав ээжийн үлгэрээр бид насан туршдаа бие биедээ хайртай байлаа" хэмээн амьдралын түүх хүүрнэсэн номдоо бичиж үлдээжээ. Нийгэм өөрчлөгдөж, цаг уясахад нөхөр Д.Төмөр-Очирыг нь цагаатгасан бичиг, өөрийнх нь профессор цолыг сэргээсэн гэрчилгээ хоёр хамт ирсэн гэдэг. Амьдралын хатуу хөтүүтэй нүүр тулсан ч үргэлж ямар нэг дэвшилтэт зүйл хийсээр ирсний баталгаа бол С.Нинжбадгарын зурхай судлалын шинжлэх ухааны хөгжилд оруулсан их хувь нэмэр юм. Тэнгэр эрхсийн байрлал, нар сарны хиртэлт зэргийг тооцоолдог монгол зурхайн өвөрмөц аргыг ахмад зурхайч Жамц, Жамба нарыг урьж залан авчирч, 1962 оны усан бар жилээс эхлэн цаг тооны бичиг хийж, "Шинжлэх ухаан" сэтгүүлд хэвлүүлжээ. 1965 онд нөхрөө даган Хөвсгөл аймагт явахдаа хүртэл үргэлжлүүлэн зурхайч Пүрэвсүрэнгийн хамт зурхайн эхийг 1966 оны гал морин жилд шилжүүлж, хэд хэдэн хүснэгт зохиож, 60 жилийн литийн зурлага үйлдэх зэргээр ажилласан байх юм. Энэ гайхамшигт эмэгтэй 1953 онд "Орчлонгийн тогтоц" ном, 1956 онд "Одон орны ухааны дунд сургуулийн сурах бичиг", 1968 онд "Одон орон" их, дээд сургуулийн сурах бичиг, 1998-1999 онд "Монгол зурхайн ном" зэрэг 10 орчим бүтээл бичжээ. Түүний эрдэмтэн зохиолч Э.Оюунтай хамтран бичсэн "Би эндээс явахгүй" уянгын драмын жүжиг ихэд алдаршсан. Хамгийн сүүлд 2004 онд "Монгол зурхайн лит" хэмээх бүтээл хийсэн бөгөөд "Хүн байгалийн амьтан юм чинь байгальтайгаа нягт холбоотой" хэмээн ярьсаар байсан билээ.
"Зууны 100 эмэгтэй" I ботиос...
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна