П.Наранбаяр: Гуравдугаар ангиас англи хэл заах туршилтыг танхим болон цахимаар хослуулна


2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг   есдүгээр сарын  1-ний ням гарагт  эцэг эх, сурагчдыг сургуулийн орчинтой танилцах нээлттэй өдөрлөг байдлаар зохион байгуулна гэдгийг салбарын сайд онцоллоо. Түүнчлэн энэ удаад  есдүгээр сарын  1  амралтын өдөр таарч байгаа учраас ийм зохицуулалт хийх бөгөөд   2-ны даваа гарагт шууд хичээл сургалтын үйл ажиллагааг орон даяар эхлүүлнэ гэдгийг хэллээ.  Боловсролын сайд П.Наранбаяр хичээл, сургуулийн бэлтгэл ажлын талаар олон нийтэд хандан мэдээлэхдээ цэцэрлэгийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмж, нэмэгдлийг эцэг, эхээс гаргуулахаар болсныг  хэлсэн. Энэ нь  ажлын 22 өдрөөр тооцоход  сард 22 мянган төгрөг  болж байгааг хэлсэн.  Ингэснээр хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2500-3000 төгрөг болж хоолондоо цадах хэмжээнд хүрэхээс гадна хоолны шим тэжээлд анхаарал хандуулахаа илэрхийллээ. Дээрх шийдвэрийг эхний ээлжид Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх бөгөөд  цаашид хөдөө орон нутагт хэрэгжүүлэх юм байна. Харин зорилтот бүлгийн өрхийн хүүхдийн зардлыг төр хариуцна. Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт байдаг бөгөөд энэ заалтыг хэрэгжүүлэх нэг хэлбэр гэлээ.

Бага ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэх зөвлөмжийг Боловсролын яамнаас гаргалаа.  Энэ нь  хүүхэд алдаанаасаа айх бус засаж залруулан суралцах боломжийг бий болгох зорилготой бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын бичгийн хэрэгсэлд харандаа ашиглахыг багш, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байгаа юм байна. Харандаа ашигласнаар хүүхэд буруу бичсэнээ баллуурдан, хялбархан засаж, бие даан суралцаж, хөгжих боломжтой. Энэ тухайд  Боловсролын сайд П.Наранбаяр “Бага сургуулийн хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь эхлээд шууд үзгэн балаар бичүүлдэг. Буруу бичихэд алдсан үгэн доогуур нь зуруулаад дахин хуулуулдаг. Энэ бол хүүхдийг шийтгэж байгаа нэг хэлбэр. Алдаа хийх эрхийг нь тэр хүүхдэд олгох ёстой. Хүүхэд алдаанаасаа айдаг биш засдаг, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх боломжуудыг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана”  гэдгийг  онцолсон юм. 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сурагчийн гарын авлага, дасгал ажлын дэвтрийн туршилтын эх зохиох, хянах багийнхан ажилдаа орсон. Энэ үеэр шинэ хичээлийн жилд сургалтын системд хэрхэн өөрчлөлт оруулах, ямар шинэ арга барилыг ашиглах талаар хэлэлцсэн юм. Мөн үеэр Боловсролын сайд П.Наранбаярын мэдээлснээр 3-18 насныхны онцлогт тохирсон номын жагсаалтаар унших дадал суулгах хөтөлбөр боловсруулжээ. Хүүхдүүдийн уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой дээрх төслийн хүрээнд 3-18 насны хүүхдүүдийн онцлогт тохирсон сэдвүүд бүхий 1000 номын жагсаалтыг гаргаж, ном унших дадал бий болгох хөтөлбөрийг боловсруулсан байна. Мөн Чимээтэй номын сан, “Magic box” зэрэг хэд хэдэн ажлыг амжилттай үргэлжлүүлж байгаа тул цар хүрээгээ улам тэлэхэд бодлогын дэмжлэг хүсэж буйгаа төслийн багийнхан уламжилсан юм. Боловсролын сайдын зүгээс хөтөлбөрийн хүрээнд монгол ёс заншил, уламжлалаа сурталчлах, хүүхдээс гадна гэр бүлд чиглэхэд анхаарах хэрэгтэйг онцолж, төсөлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн энэ хичээлийн жилээс сурагчдын даалгаврын ачааллыг 20 минутад багтах зохицуулалт хийх юм байна. Энэ тухайд салбарын сайд “Pisa” шалгалт “Монгол Улсын боловсролд унших чадвар сул байна” гэж  дүгнэсэн. Унших чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, сурах бичгүүд гарч ирнэ гэж ойлгож болно. Хамгийн гол онцлох зүйл нь өмнө нь унших бичиг гэж байсан. Унших бичгийг хүүхдийн сэтгэхүйд таарсан, гоо сайхан руу чиглэсэн, утга зохиолын ертөнц рүү аваачсан унших бичиг гарна гэж найдаж байна. Түүний зэрэгцээ хэрхэн бүтээлч сэтгэлгээг бий болгох вэ, түүнийг хэрхэн дэмжих вэ гэдэг нь шинэ сурах бичгийн онцлог байх ёстой. Сурах бичгүүд интерактив ухаалаг төхөөрөмжтэй шууд харьцдаг байх ёстой. Мөн хичээнгүй бичгийн асуудлыг харж үзэхээс өөр аргагүй гэдгийг онцоллоо. Мөн “Энэ жил англи хэлийг үндсэн гадаад хэл болгосон. Иймд гуравдугаар ангиас нь англи хэлийг заахаар байгаа. Гэхдээ үүнийг 100 сургууль дээр туршиж, танхим, цахим хөтөлбөрөөр хослуулна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хоёр мянган багшийг бэлдэхээр оруулж байна. Мөн таваас дээш жил багшилж буй багш нарт гаднын өндөр хөгжилтэй оронд магистрын зэргээ хамгаалах боломжийг олгоно. Ирэх жилээс поло, ханцуйтай цамцыг оруулахаар судалгаа хийгдэж байна. Боловсролын зээлийн санг хүнээс хамаарахгүй болгохоор шинэчлэл хийнэ”  хэмээн мэдээлсэн. 
“Боловсролын ерөнхий хуулиараа үндэсний хөтөлбөрийг 10 жил тутамд өөрчилнө гэж заасан. Энэ нь 10 жил тутамд нийгэм, цаг үе өөрчлөгдөж байгаатай холбоотой. Тухайлбал, 2014 онд хиймэл оюун ухааны асуудал хөндөгддөггүй байсан. Өнөөдөр бол өдөр тутмын амьдралын нэг хэсэг боллоо. Үүнтэй холбоотойгоор сурах бичиг бас шинэчлэгддэг. Сурах бичиг бол таван жилд нэг удаа шинэчлэгддэг. Өнөөдөр цуглаан, арга хэмжээнээс сургуулийн өмнөх болон бага сургуулийн боловсролын үндэсний хөтөлбөр, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах 254 хүнтэй баг ажлаа эхлүүлсэн”  гэдгийг дуулгасан юм.

ЕЭШ-ын босго болсон монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангиасаа өгөх боломжтой болно

Боловсролын  сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болж, харьяа байгууллагууд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан арга хэмжээ, үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өгсөн байна. Мэдээлэлд, нийслэлд цэцэрлэгийн цахим бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэлсэн. Урьдчилсан судалгаагаар нийслэлд 142,150 хүүхэд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна. Мөн англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж буй юм. Шуурхай хуралдаанаар сайд П.Наранбаяр дараах үүрэг чиглэл өгчээ. Үүнд, бага сургуулийн хэмжээнд дүрэмт хувцсыг поло цамц гэх мэт сонголттой болгохдоо стандарт, материал, үнийн судалгааг сайтар хийж, танилцуулах, сургалт эрхлэх энгийн болон тусгай зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж, хүнд сурталгүй ажиллах, шинээр баригдан дуусаж байгаа 11 сургуулийн барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулахаар аж ахуйн нэгжүүдэд хандах, элсэлтийн ерөнхий шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжтой болгох судалгааг хийх, санал, шийдэл боловсруулах, багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхэд бэлтгэх зэрэг чиглэл өглөө.

Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр