Хичээлийн шинэ жил айсуй. Зуны зугаалга, найр наадмаас харьж ирсэн эцэг эхчүүд дүрэмт хувцас хаанаас худалдаж авах, үнэ ханш ямар байгаа талаар бие биеэсээ сураглаж эхэлдэг. Жил бүр хэдэн мянган эцэг эх анх удаа сургуулийн бэлтгэл хийж эхэлдэг. Тэр шинэ сурагчийн эцэг эхчүүдэд “Шилмэл загвар” компанийн захирал Ч.Оюунцэцэгтэй хийсэн ярилцлага хэрэг болох биз ээ.
-Нэг үеэ бодвол сурагчид дүрэмт хувцсаар жигдэрдэг болж. “Шилмэл загвар”компанийг сурагчийн дүрэмт хувцасны загварыг гаргасан гэж сонсож байсан. Хэдэн оноос үйлдвэрлэж хэрэглээнд оруулсан юм бэ?
-Нийгэм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос хойш сурагчийн дүрэмт хувцас анхаарлын гадна орхигдож, хүүхэд болгон дуртай хувцсаа өмсөн сургуульдаа явдаг болсон байсан. Энэ байдал 20 гаруй жил үргэлжилсэн. Оёдлын салбарын үйлдвэрлэгчид, холбоодыг нэгтгэсэн Монголын оёдлын нэгдсэн холбооны / МОНХ/санаачилгаар нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ЕБС-ийн сурагчдыг нэгдсэн дүрэмт хувцсаар хувцаслах нь олон талын ач холбогдолтойг мэдэрч, энэ зорилгоор бид ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэж нийлүүлэх “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” төслийг боловсруулсан. Үүний тулд манай компани хүүхдийн дундаж хэмжээ болон загварыг боловсруулан зохион бүтээж туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Төсөлд тусгаснаар энэ холбооны /MOHX/ долоон том үйлдвэр бусад жижиг үйлдвэрлэгчид нь кластерын зарчмаар уг дүрэмт хувцсыг үйлдвэрлэж нийлүүлэх үүрэгтэйгээр 2013 оноос сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлт хэрэгжиж эхэлсэн.
-Төсөл боловсруулаад шууд үйлдвэрлээд эхлэхгүй байх. Монгол сурагчдын дүрэмт хувцасны талаар ярьж байгаа учраас төр, захиргааны зөвшөөрөл хэрэг болж таарна. Чанар, өнгө, хэмжээ гээд бүгд стандартад нийцсэн байх ёстой болов уу?
-Төслөө боловсруулаад холбогдох яамд болон шийдвэр гаргах түвшинд тодорхой хэмжээний хугацаа зарцуулсан. Боловсролын яам, ХХААХҮЯ манай төслийг судлан дэмжээд Засгийн газрын хуралдаанд оруулснаар Засгийн газар дэмжиж тогтоол гаргасан. Аливаа шинэ ажлын эхлэлтэй адилаар дүрэмт хувцас үйлдвэрлэгчид нэлээд том эсэргүүцэлтэй тулж эхэлсэн л дээ. Өмнөд хөршөөс дүрэмт хувцас импортлогчид нь тэр үеийн сургуулийн захирлуудтай хамтарч дүрэмт хувцас шахдаг наймаа хүчээ авчихсан байсан учраас тэр л дээ. Ингээд импортлогчид бидний эсрэг зогсож эхэлсэн. Тэдний тавьдаг асуудал нь “Амьдралын боломж муу өрх айлуудад хямд импортын хувцас хэрэгтэй”гэдэг юм. Хямдхан гэдэг нь синтетик материалаар хийсэн өнгө үзэмж тааруу, үнэ хямдтай, хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэндийг бодолцоогүй бүтээгдэхүүн байсан юм.
Бид сургуулийн дүрэмт хувцсыг насны онцлогт нь тохируулж бага, дунд, ахлах ангийн загвар гэсэн ялгаатайгаар боловсруулсан. Манай төсөл хэрэгжиж эхлээд нэн удалгүй тодорхой хугацааны дараа сурагчид, эцэг эхчүүд болон сургуулиуд уг дүрэмт хувцасны давуу талуудыг мэдэрч эхэлснээр үндэсний үйлдвэрлэгчдийнхээ дүрэмт хувцасны чанарт итгэж одоо байнга авч хэрэглэдэг болсон.
-Төсөл хэрэгжих явц амар хялбар байгаагүй байх нь. Яг дүрэмт хувцас бүтээх үйл явцаас цухасхан ч болов ярьж өгвөл сурагчийн дүрэмт хувцас ямар ур ухаан, хүч хөдөлмөр, үнэ цэн шингэсэн талаар эцэг эх төдийгүй сурагчид ойлголт авах болов уу. Үнэ цэн гэхээр мөнгө төгрөг биш гэдгийг хүмүүс ойлгох байх?
-Бид бусад олон улсын сурагчдын дүрэмт хувцаснуудыг судалж, мөн монгол хүүхдийн биед тохирсон хувцас хийхийн тулд антропологийн судалгаа хийж монгол хүүхдүүдийнхээ дундаж хэмжээг тогтоосон. Хэдийгээр том институтийн хэмжээнд биш ч гэлээ өөрсдийнхөө мэдлэг туршлага дээр үндэслээд, хуучин СЭВ-ийн орнуудын хүүхдийн дундаж хэмжээтэй харьцуулалт хийж, энэ талаар судалгаа хийсэн эрдэмтдийн ажил зэрэгт түшиглэж, “Шилмэл загвар”-ын олон жилийн туршлагатай зохион бүтээгчид нь монгол хүүхдүүдийн дундаж хэмжээг тогтоож зохион бүтээлтийг хийж туршиж баталгаажуулснаар эдгээр загварууд биед нь тохиромж сайтай болсон нь бидний судалгаа, туршилтын ажлын үр дүн байсан гэж болно. Энэ бүх ажлыг мэргэжлийн байгууллагын хувьд манайх хийж бусад үйлдвэрүүд бэлэн болсон загвар, размерын шатлал бүхий үлгэрүүд, техникийн баримт бичгийн дагуу дүрэмт хувцсаа үйлдвэрлэж эхэлсэн. Зарим жижиг үйлдвэрт сургалт явуулж дадлагажуулах ажлыг бас гүйцэтгэсэн. Сургуулийн сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэж нийлүүлэх энэ төслийн хамгийн том дэвшил бол олон ажиллагсдыг хамруулж эдгээр үйлдвэрүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, эв нэгдэл, зорилгодоо үнэнч байсан явдал гэж боддог.
-Ер нь сурагчид дүрэмт хувцастай байх нь ямар ач холбогдолтой юм бэ гэх эцэг эхчүүд байдаг. Яагаад өмсөх ёстой гэх асуудал ч яригддаг?
-Хүн болгон хүүхдэдээ дуртай зүйлийг нь өмсгөөд явуулаад байж болох л байх. Гэхдээ үүний чинь цаана маш том агуулгууд нуугдаж байдаг. Нөгөө амьдралын ялгаа, үүнээс үүдэлтэй сургууль дээрх ялгаварлан гадуурхалт гэдэг зүйл бий болох нь бий. Өмссөн хувцсаараа анги дотор ялгаа үүсэж, аль нэг боломжийн амьдралтай айлын хүүхэдтэй адил хувцаслаж чадахгүй байгаадаа сэтгэлээр унаж хүүхэд өөртөө итгэх итгэлгүй, сургуульдаа явах хүсэл эрмэлзэлгүй болж сурлага нь муудахад хүрэх нь ч бий.
Үүнээс гадна эцэг эхийн санхүүд хэмнэлттэй гэдэг нь мэдээж. Хэрвээ хүүхэд дуртай хувцсаа өмсөөд явах бол жилд хэдэн хувцас солих вэ. Харин жил тойрон нэг л дүрэмт хувцастай явбал хэдэн төрлийн хувцас хэмнэж болох вэ гэдэг ойлгомжтой асуудал биз дээ. Жилд нэг л удаа, зарим тохиолдолд хоёр жилд ч нэг удаа худалдаж авах хувцасны үнэ дээр гомдоллоод хохирогч мэт аашлаад байх хэрэггүй шүү дээ. Яагаад хоёр жилд гэж байна вэ гэхээр материалын чанар нь нэг жилийн хэрэглээг бүрэн даадаг, мөн хүүхдийн өсөлтийг тооцсон тавилтын нөөцтэй хийгдсэн байгаа.
Сургууль дээр сурагчдаас гадна багш нарын хувьд ч гэсэн тэднийг ядраахгүй тайван хөх өнгийг сонгосныг зарим нь хэт бараан байна гэж шүүмжилдэг. Гэтэл багшийн болон бусад сурагчдын нүдний өмнүүр баахан тод өнгийн хувцастай хүүхдүүд эрээлжлээд байвал ядарч, төвлөрөх чадвар алдагдана биз дээ. Тэгээд ч энэ нь судалгаагаар хэдийнэ нотлогдсон байдаг. Харин хувцсыг тодруулж сэргэлэн болгохын тулд цайвар цэнхэр цамц, эрээн зангиаг хослуулж хийсэн байгаа.
-Анх гаргасан загвараасаа өөрчлөгддөггүй юм байна. Сонирхоод асуухад тухайн жилийхээ загварын чиг хандлага, хүүхдийн өмсгөлд тааруулаад ганц нэг деталь нэмэх, солих хасах зэрэг өөрчлөлт байх уу?
-Анх батлагдсан загвар нь хэлбэр, загварын хувьд ер өөрчлөгдөөгүй. Боловсролын яамнаас тогтоосон стандартууд байгаа. Дүрэмт хувцасны загвар нь загварын чиг хандлагад тэр бүр өртөөд өөрчлөгдөөд байхаар биш классик загвар дээр суурилж хийгдсэн. Бид стандартад нийцсэн хүүхдийн эрүүл мэндэд тохирсон эдэлгээ даах, будаг гарахгүй сайн чанарын ноосон даавуугаар дүрэмт хувцсыг үйлдвэрлэж байгаа. Бага ангийн охидын хувцасанд бага зэргийн өөрчлөлт хийсэн. Охидын углаж өмсдөг өмсгөл заавал өөр хэн нэгний тусламж шаардаад байна гэдэг асуудлыг шийдэж сурагч өөрөө чөлөөтэй тайлж өмсөх боломжтой болгож урд энгэрийг нэлд нь задгай, товчлогдохоор өөрчилж шийдсэнээр бага насны хүүхэд заавал хүний тусламж авах шаардлагагүй болсон.
Мөн бага ангийн хөвгүүдийн өмд нь дээд хэсэгтээ резинэн бүстэй байсныг дөрөв, тавдугаар ангийнхны өмдийг нь халаастай болгож өөрчилсөн.
-Эцэг эхчүүд хүүхдийн дүрэмт хувцас бөөгнөрөөд байна гэдэг. Бид бөөстөх гэж ярьдаг даа. Ингэж бөөгнөрөөд байгаа нь даавууны чанар муу юм биш үү гэдэг асуудал тавьдаг?
-Эхний үед дотоодоос нийлүүлсэн даавуу нь ноосны агууламж өндөртэй байсан учраас бөөсрөх асуудал гарсан. Ноос их байх тусам бөөгнөрдөг. Уг нь ноосны агууламж өндөртэй даавуугаар тансаг хэрэглээний хувцсыг хийдэг. Ялангуяа өдөр тутамд өмсөх дүрэмт хувцас, тэр тусмаа хүүхдийн хөдөлгөөний үрэлтээс бөөсрөлт их үүссэн. Хэдийгээр эрүүл ахуйн талаасаа эерэг сайн боловч хэт зузаадсанаас хүүхэд халууцаж хөлрөх явдал байхаас гадна ноосны бүтэц өндөртэй бүтээгдэхүүн нь агших, үрэлтээс бөөсрөх асуудал үүсдэг. Үүнийг шийдэхийн тулд бид стандартад зааснаар ноосны хольцтой даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Ингэснээр эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, суналтгүй, үрчийлт багатай, бөөсрөхгүй бүтээгдэхүүн гарч байгаа юм. Одоо дүрэмт хувцасны үйлдвэр болгон стандартын шаардлагад нийцүүлсэн даавуугаа Япон, Солонгос, Хятад, АНУ зэрэг улс орнуудаас авч дүрэмт хувцсаа үйлдвэрлэж байгаа.
-Хүүхдийн дүрэмт хувцсыг анхны долоон үйлдвэр л хийдэг үү. Бусад жижиг үйлдвэрүүд хийх боломжтой юу?
-Анхны долоон үйлдвэр - кластер үйлдвэрүүд бүгд л хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлэж эхлээд 11 дэх хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. Мэдээж бидний гаргасан энэ загвараар жижиг оёдлын үйлдвэрүүд, тэр ч бүү хэл хувь хүмүүс гэрээрээ оёод худалдаалж л байгаа. Анхны кластерын толгой долоон үйлдвэр бүгд үйлдвэрлэж л байна. Тэдний дундаас Налайхад байдаг “Бүтээлч үйлс” , мөн “Өүлэн менч”, “Торгон хийц” компаниуд тасралтгүй, маш сайн хийж байна. Үүнээс гадна Дарханы Шүтэн уул, Төмөр трейд, Эрдэнэтийн оёдлын үйлдвэрүүд бас үйлдвэрлэж байгаа. Бид энэ төслөөр 3000 гаруй ажлын байрыг ажлаар тогтмол ханган ажиллаж байна.
-Үнэ дагаж чанар гэдэг. Гэхдээ хэрэглэгчдийн хувьд чанартай хэрнээ хямд бүтээгдэхүүн сонирхоод байдаг?
-Үнийн хувьд манайх харин ч хямддаа орно шүү. Анх боловсролын яамнаас тогтоож өгсөн үнэлгээгээр их олон жил явсан. Үнэ тогтоож байх үед ам.доллар 1000 төгрөг байсан бол одоо 3-4 нугарчихаад байгаа. Энэ мөнгөний уналтыг дагаад үнэ өсөх нь зайлшгүй. Сонирхуулахад пиджакийг л үйлдвэрлэхэд 30-аад төрлийн үндсэн болон бусад туслах материал орж байж бүтээгдэхүүний өнгө үзэмж, эдэлгээний чанар сайн байдаг. Нэгэнт Монголд даавуу болон бусад материалыг үйлдвэрлэдэггүй болохоор бид хувцасныхаа материалыг аль найдвартай үйлдвэрлэгчээс чанартайг нь сонгож татан авдаг учраас тээврийн зардал, гаалийн, бусад татвар, үйлдвэрлэлийн болон бусад зардал ч өдрөөс өдөрт өсөж байхад бид өртгөөс доогуур үнээр худалдаалах бололцоогүй байгаа. Бараа таваарын таталт, тээвэрлэлтийн зардал зэргийг бүгд валютаар төлбөр тооцоо хийж байгаа гэдгийг ойлгох байх аа. Ташрамд хэлэхэд импортлогчдын оруулж ирж буй дүрэмт хувцсуудыг гааль болон бусад татваруудын төлөлтөд бүрэн хамруулбал импортын дүрэмт хувцас нь илүү бодит үнэд дөхнө гэж боддог. Монголчууд бид гадагш гарах мөнгөн урсгалыг эх орондоо үлдээж, оёдлын үйлдвэрүүдэд ажиллаж буй ээж, аав, эгч ах нарыг ажил, орлоготой нь байлгаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байхыг хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна