Монгол Улсад анх удаа газар доорх хогийн савыг угсарч, байршуулжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн I хороо буюу Улсын их дэлгүүрийн зүүн талд 18мкв талбайд энэ хогийн савыг байгуулсан байна. Харагдах байдал талаасаа хоёр ширхэг хар хайрцаг байх бөгөөд тэдгээрийн доор тус бүр нь гурван куб метрийн багтаамж бүхий хогийн савыг газар доор байршуулжээ. Тухайн хогийн сав чиптэй бөгөөд картаар онгойно, дүүрсэн тохиолдолд чип ажиллахгүйгээр улаан гэрэл асна. Энэ тохиолдолд дүүргийн ТҮК-т мэдээлэл хүрснээр тусгай зориулалтын машинаар газар доорх хогийг ачих юм байна. Ингэж Чингэлтэй дүүргийн I хорооныхон ил задгай хог хаягдлаасаа салж, Монголын анхны “Ухаалаг хогийн сав”-тай хороо болж байна.
Энэ хогийн сав нь ахуйн хог хаягдалд зориулагдсан бөгөөд ихдээ 25-ын шуудай бүхий буюу хамгийн том хэмжээтэй хар ууттай хог багтах амсартай. Хэрвээ иргэд оршин суугчид түүнээс том овор хэмжээтэй хог хаях бол жижиглэж нугалах зэргээр амсрын хэмжээнд тааруулах шаардлагатай. Харин бусад шингэн болон барилгын зориулалттай, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг дүүргийн ТҮК-д дуудлага өгснөөр ачуулах бүрэн боломжтой юм байна. Ингэж Чингэлтэй дүүргийн I хорооныхон хогийн асуудлаа маш ухаалаг бөгөөд энгийн байдлаар шийдсэнээр иргэдийн цэвэр, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломж энэ хороонд үндсэндээ хангагдаж байна.
Аюулгүй гэсний учир нь Чингэлтэй дүүргийн I хороо мөн л Монгол Улсад анх удаа “Ногоон бүс” болсон байдаг. Тодруулбал, Чингэлтэйнхэн дүүргийнхээ нутаг дэвсгэрийг өдгөө бүрэн камержуулсан бөгөөд хүний хөл хөдөлгөөн ихтэй, жуулчид олноор зорчдог Улсын их дэлгүүр буюу нэгдүгээр 40 мянгат орчмыг хамгийн түрүүнд буюу 2022 онд бүрэн камержуулсан юм. Ингэснээр тухайн бүсэд гарах хулгай дээрмээс авахуулаад хогоо ил задгай хаях зэрэг зөрчил, гэмт хэргийн гаралт үнэмлэхүй хэмжээгээр буураад байгаа нь албаны мэдээлэл, статистикаас харагддаг. Эхний ээлжид ийнхүү I хороонд суурилуулсан бөгөөд цаашид дүүргийнхээ байшин хороодод буюу бүх байр, хотхон, хороололд “Ухаалаг хогийн сав” хийхээр төлөвлөж байгааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Мөнхбат онцолж байна. Газар доор байрлуулсан хогийн савны хэрэглээ болон, давуу тал, ач холбогдлын талаар бусад дүүргийн удирдлагуудад үлгэр жишээ, туршлага болгох үүднээс Чингэлтэй дүүргийн I хорооны Засаг дарга Н.Сайнболдтой ярилцлаа.
Н.Сайнболд: Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цаашид төлөвлөсөн ажил цөөнгүй бий
-Газар доорх хогийн сав гэдэг шинэ тутам ойлголтыг бий болгож, анх удаа нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлжээ. Энэ ажлыг хэзээнээс хэрхэн санаачлав, ач холбогдлын хувьд мэдээж олон талтай болов уу?
-Энэ бол яг одоо Европт хэрэгжиж байгаа технологи, Монголд анх удаа хэрэгжүүлж эхлээд байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Мөнхбатын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл юм. Энгийнээр хэлэхэд том хэмжээтэй хогийн савыг газар доор суурилуулсан гэж ойлгож болно. 72 цагийн дотор угсралтын ажлыг хийсэн. Энэ сарын эхээр ажиллагаанд оруулаад явж байна. Нэг бүр нь гурван куб метрийн багтаамжтай хоёр хогийн савыг таван орон сууцны дунд суурилуулсан. Ингээд зургаан куб метрийн багтаамжтай хогийг газарт хуримтлуулснаар зориулалтын машинаар ачиж тээвэрлэнэ. Эхний ээлжид хоёрыг суурилуулаад байна. Цаашид нөхцөл байдлаасаа шалтгаалаад шаардлагатай тохиолдолд нэмж суурилуулах боломжтой. Хогийн савны хувьд чипээр ажиллах учраас бүх айл өрхүүддээ тараах ажил ид өрнөж байна. Айл бүр өөрийн кодтой, ухаалаг карттай байх юм. Иргэд маань өөрийн картаа уншуулаад хогоо хийнэ. Газар доорх бункер дүүрсэн эсэх болон айл өрхүүд энэ тусгай цэгт хогоо хаяж байгаа эсэх мэдээллийг Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэст хянана. Мөн бункер дүүрсэн тохиолдолд чип ажиллахгүй, хаалга онгойхгүй. Энэ тохиолдолд тусгай зориулалтын машинаар ачна.
-Танай хороо хотын төвд байрлалтай учраас оршин суугчдаас гадна нийтийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага цөөнгүй байх. Тэгэхээр ахуйн жижиг хог хаягдлаас гадна овор хэмжээ ихтэй хог хаягдлаа хэрхэн хаях вэ?
-Газар доор суурилуулсан хогийн сав маань ахуйн зориулалтынх гэдгийг дээр хэлсэн. Харин шингэн хог хаягдлыг тийш хийх боломжгүй. Газар доорх бункерт хуримтлагдсан хогийг өргөж зөөвөрлөх болохоор өвөлдөө хөлдөх зэрэг эрсдэлтэй учраас бид иргэдээ хогоо ангилан, ялгаж хаяхыг давхар шаардаж байгаа юм. Нөгөө талаас хогоо хийх хайрцагны амсар жижигхэн учраас түүнд тааруулж хогоо уутлах, шингэн хогоо ялгах зэрэг дадалд давхар суулгаж байгаа юм. Иргэддээ ингэж мэдээлэл өгөхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд тусгайлан зориулсан зөвлөмжийг боловсруулан хүргүүлж байна. Овор хэмжээ ихтэй эсвэл барилгын хог хаягдлыг хогийн цэгт хаяж болохгүй хуультай шүү дээ. Харин цайны газар, ресторанууд тос, маслоо хаях шаардлага гарвал цугуулж байгаад Чингэлтэй дүүргийн ТҮК-руу дуудлагаа өгөөд тусад нь ачуулах бүрэн боломжтой. Ач холбогдлын хувьд мэдээж маш их. Тухайлбал, бид өмнө нь хог хаягдлыг өдөрт 3-4 удаагийн ачилтаар цэвэрлэдэг байсан. Тэгвэл ийм илүү зардлыг багасгаж байна, ил задгай хог хаягдал байхгүй болж байна. Харагдаж үзэгдэх байдал талаасаа ч оршин суугчдад төдийгүй манай хороогоор дамжин өнгөрч буй иргэд олон нийт төдийгүй гаднын жуулчдад ч цэвэр цэмцгэр болж байгаа юм. Цаашлаад ил задгай хог хаягдлаас үүдэлтэйгээр аливаа халдварт өвчин гарахаас авахуулаад хог ухдаг хүмүүсээс салах, цэвэр орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.
-Өмнө нь танай хорооны хувьд хогийн хэдэн цэгтэй байв. Одоогоор хоёр бункерийг газар доор суурилуулсан юм байна. Хүрэлцээний хувьд боломжийн байж чадах уу?
-Өмнө нь бид хогийн бункергүй байсан. Өөрөөр хэлбэл, манай дүүргээс хогийн сав байрлуулахгүйгээр шууд хогийн машиндаа ачуулдаг байсан. Энэ тохиолдолд хотын түгжрэл зэрэг шалтгааны улмаас хогийн машин цагтаа ирж амжихгүй байх тал бий. Ингэснээр хорооны нутаг дэвсгэрт ил задгүй хог хаягдал хуримтлагдах зэрэг хүндрэл гардаг байсан. Улаанбаатар хот сая гаруй хүн амтай том хот болчихсон атлаа хуучин технологиор яваад байх нь улам бүр учир дутагдалтай болж байна. Тиймээс бид технологийн дэвшлийг ашиглах, уламжлалт аргыг халах шаардлага тулгарах болсон. Хотын өнгө үзэмжид ч сөргөөр нөлөөлж байгаа учраас өөрчлөлт шинэчлэл хийх үүднээс XXI зууны том хот учраас дэлхийн жишигт нийцэх үүднээс манай Чингэлтэй дүүргээс хэрэгжүүлж байгаа ажил гэж ойлгож болно. Энэ ажлыг Монголд анх удаа манай Чингэлтэй дүүрэг, манай хорооноос эхлүүлж байна. Цаашид бүх хороонд хэрэгжүүлэх, улмаар бусад дүүргүүд маань ч санаа авч, хог хаягдлынхаа асуудлыг шинэлэг байдлаар зохицуулаасай гэдэг утгаар бид энэ ажилд маш их ач холбогдол өгч, хариуцлага хүлээн ажиллаж байна. Цаашдаа Улаанбаатар хот ийм байдлаар ил задгай хог хаягдлаасаа салах боломжтой гэж харж байгаа. Бид бүхний хувьд аливаа ажлыг хийхдээ татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулахгүй, хэмнэх талаас ажилдаа ханддаг. Үүний нэг илрэл нь энэ ажил гэж ойлгож болно. Ухаалаг хогийн савтай болсноор бид өмнө нь өдөртөө 2-3 удаа хог ачдаг байсан бол одоо нэг л удаа ачиж байна. Ингэснээр бензин тосноос авахуулаад цаг хугацаа, ажлын бүтээмж гээд олон зүйлийг хэмнэж байгаа юм.
-Дүүргийн иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээн авч байна вэ. Шинэ тутам ажил учраас хог хаяж байгаа хүмүүстээ мэдээлэл хүргэх нь чухал байх?
-Иргэд, аж ахуйн нэгжүүд маш тааламжтай хүлээн авч байгаа. Учир нь бид өмнө нь өдөртөө багадаа гурав ачаад байхад л хог овоороод байдаг байсан учраас маш зөв, зүйтэй ажил болсныг хэлж байна. Хогоо хаяхын тулд айл бүр чиптэй карттай байх юм. Одоогоор картаа тараагаад дуусах шатандаа орж байна. Карт тараахдаа бид давхар хогийг хэрхэн хаях заавар зөвлөгөөг өгч, иргэдээ мэдээлэлжүүлж байна. Түүнчлэн хорооны пэйж, фэйсбүүк зэрэг сошиал сувгаар болон цаасан хэлбэрээр буюу бүх талаар иргэдээ мэдээлэлжүүлж байна. Ингэснээр хогоо зориулалтын бусаар буюу бункерт хийлгүйгээр орхих, эсвэл зориулалтын бус газарт хог хаях тохиолдолд торгуулийн систем маш өндөр гэдгийг давхар хэлж, ярьж байна. Мөн манай хороо бүрэн камерын системд холбогдсон учраас аливаа хууль бус зөрчлийг баримттайгаар илрүүлэх боломжтой гэдгийг оршин суугчид маань мэддэг болсон доо.
-Чингэлтэй дүүргийн I хороо бол ногоон бүс болсон анхны хороо. Одоо харин ил задгай хог хаягдлаасаа салсан анхны хороо болж байна. Хотын өнгө төрхийг тодорхойлдог, Улсын их дэлгүүр орчмын бүс учраас нийгмийн хариуцлага өндөртэй байдаг юм шиг санагдлаа?
-Тэгэлгүй яахав. Улсын их дэлгүүр орчмын энэ хэсэг буюу манай нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр бол олны хөлийн газар. Өдөртөө 500-800 хүн дамжин өнгөрдөг гэсэн судалгаа бий. Тэр дунд дотоодын төдийгүй гаднын жуулчид ч маш ихээр зорчдог. Улаанбаатар хотын өнгө төрхийг илтгэдэг нэг чухал хэсэг гэдэг утгаараа бид аливаа шинэлэг ажлыг хамгийн түрүүнд авч хэрэгжүүлж, хийхийг байнга эрмэлзэж ажилладаг. Үүний нэг жишээ нь 2022 оноос дамжин өнгөрөх урсгал төдийгүй оршин суугчдыхаа аюулгүй байдлыг хангах үүднээс хорооны нутагт дэвсгэрээ бүрэн камержуулж, ногоон бүс болгосон. Ингэж бид хяналтын системийг бүрдүүлсэн бол одоо дараагийн шатанд шилжиж, орчны хог хаягдал, хорооны нутаг дэвсгэрийн өнгө үзэмжид анхаарч эхэлж байгаа нь энэ юм. Улаанбаатарчууд аюулгүй, цэвэр орчинд ажиллаж амьдрах хэрэгтэй байна шүү дээ. Гаднын жуулчид зорчин өнгөрөхөд ч цэвэр орчин байлгах үүднээс энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Мэдээж цаашид төлөвлөсөн ажил цөөнгүй бий. Энэ төслийг хэрэгжүүлснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж нөхцөл хангагдахаас гадна бусад дүүргүүддээ ч үлгэр жишээ болоосой гэдэг үүднээс бид бүхэн энэ ажилд маш их ач холбогдол өгч ажиллаж байна. Уриалж хэлэхэд цэвэр цэмцгэр, эрүүл орчин бүрдүүлэхэд Улаанбаатар хотын иргэн бүрийн үүрэг оролцоо, хандлага маш чухал. Тиймээс дамжин өнгөрөгч, оршин суугч алин боловч зорчсон, байгаа газар бүрдээ цэвэр цэмцгэр байж, дор бүрнээ хог хаягдлаа зөв ангилан ялгаж, хотын иргэний соёлд суралцах шаардлагатай байгааг хэлмээр байна. Хойч үедээ цэвэр цэмцгэр, аюулгүй Улаанбаатар хотыг үлдээхэд иргэн нэг бүрийн оролцоо чухал юм шүү гэдгийг танай сониноор дамжуулан хэлье.
Чингэлтэй дүүргийн I хорооны оршин суугчдын төлөөллөөс “Ухаалаг хогийн сав”-ны талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
А.Бямбажав: Оршин суугч бидний хувьд энэ ажилд үнэхээр талархалтай хандаж байгаа
-Манай хорооныхонд өмнө нь хогийн асуудал үнэхээр хүндрэлтэй байсан. Хогийн машин тухай бүрд нь ачдаг байсан болохоор овоорч бөөгнөрөх, хуримтлагдах нь их байсан л даа. Ингээд ил задгай хогон дээр нохой, муур цуглана, хог түүдэг хүмүүс хүртэл ирж ухаж тараагаад хэцүү байсан. Үнэр танар ч их гарна, өнгө үзэмж талаасаа бүр хэцүү. Одоо нөхцөл байдал үнэхээр сайхан болоод байна. Хогийн савыг газарт булаад дээр нь хоёр ширхэг жижиг хэмжээний хоёр сав байрлуулсан, бид тийш хогоо ангилж ялгаад хийж байна. Оршин суугч бидний хувьд энэ ажилд үнэхээр талархалтай хандаж байгаа. Яахав шинэ тутам ажил учраас хүмүүс эхлээд чипээ хорооноос аваагүй, хогоо зориулалтын бус газарт хаях зэрэг асуудал мэр сэр гарч байна. Цаашид бүх айл чипээ бүрэн авч дуусахаар аяндаа жигдэрчих байх. Манай энэ хавь хөл хөдөлгөөн ихтэй, гаднын жуулчид ч их зорчдог. Гэтэл овоолсон хог байгаад байдаг, иргэн хүний хувьд маш их санаа зовдог байсан бол одоо сайхан болчихоод байна.
Б.Буд: Олон талын ач холбогдолтой, иргэдэд хэрэгтэй ажил боллоо
-Үнэнийг хэлэхэд өмнө нь хогийн асуудал манай хорооныхонд үнэхээр хүнд байсан. Хогийн машин өдөртөө хэд эргэж ачаад байгаа атлаа л овоорчихдог. Хогноос гарч байгаа үнэрээс авахуулаад оршин суугчдын тав тух үнэхээр алдагдана. Хүн харахад ч хэцүү, манай энэ орчмоор дотоодын гэлтгүй гаднын иргэд маш олноор дамжин өнгөрдөг учраас ичмээр нөхцөл байдалтай байлаа шүү дээ. Харин хороо, дүүргийн удирдлагууд энэ асуудлыг маш ухаалгаар, энгийнээр цэвэрхэн шийдэж өгсөнд баяртай байгаа. Гаднаас нь харахад ч хоёр сав л харагдана. Түүнд картаа уншуулахад хогийн сав онгойно. Хэрэглээ талаасаа маш энгийн, ойлгомжтой учраас бүх насныхан хогоо хаях боломжтой. Хүн ирж хог ухаад байхгүй, нохой шувуу шаваад байхгүй үнэхээр амар болсон. Хогийн савны амсар тийм ч томгүй учраас иргэд ч хогоо ангилж ялгаад сурчихлаа. Томоохон овор хэмжээ их байвал жижиглэж нугалах гэх мэтээр хаяад сурчихаж байгаа учраас олон талын ач холбогдолтой, иргэдэд хэрэгтэй ажил боллоо гэж харж, хүлээн авч байгаа. Том болон шингэн, эсвэл барилгын хог хаягдлаа дуудлага өгөөд ачуулдаг юм. Газар доорх хогийн сав бол ахуйн хог хаягдалд зориулагдсан учраас иргэд хогоо хэрхэн хаяхаа одоо мэддэг болсон.
А.Оюунбаатар: Хог хаягдалд шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлсэнд баяртай байна
-Манай улс анх удаа газар доор хогийн савтай болсон нь манай хороо болж байгаа юм билээ. Оршин суугчийн хувьд энэ ажлыг маш их талархалтайгаар хүлээн авч байгаа. Одоо бид дэлхийн жишгийг дагаж, шинэ дэвшилтэт технологиудыг амьдралдаа бага багаар ч болов нэвтрүүлээд явах хэрэгтэй гэж би хувьдаа үздэг. Дэлхийн бусад улсад газар доор хамаг амьдрал нь өрнөөд байдаг. Манайд энэ талын ашиглалт гэж бараг байхгүй шүү дээ. Харин одоо хогийн саваа газарт байрлуулаад өмнө нь ил задгай өнгө үзэмжгүй, дээрээс нь муухай үнэр гардаг байсан нөхцөлийг өөрчилж байгаад үнэхээр баяртай байна. Хог хаядаг хүмүүс ирж ухна, авахаа авчихаад ууттай хогийг задалж хаячихаад явна. Өнөөх нь тарж бутраад салхинд хийсэх гэх мэтээр хаа сайгүй тарна. Үнэхээр хүндрэлтэй байсан. Харин одоо бол энэ бүх асуудал шийдэгдэж байна. Иргэн хүний хувьд хэлэхэд хотын бусад дүүргүүд энэ ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Нэг кноп дарж чипээ уншуулаад л хогоо хаяна. Хүүхэд ч хогоо хаячих боломжтой болохоор хэрэглээ талаасаа ч хүндрэлтэй зүйл байхгүй юм билээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна