Хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдаа нийслэлийн бүх дүүрэгт зохион байгуулагддаг уламжлалтай. Хүн амын төвлөрөл ихсэж, худалдаа, үйлчилгээний байгууллагууд хараахан цэгцэрч амжаагүй Нисэх, Яармаг, Нүхт, Төв аймгийн худалдан авагчдад хамгийн ойр нь Нисэхийн тойргоос дөнгөж уруудангуут байдаг Icpark цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй “Нандин боловсрол 2024” үзэсгэлэн худалдаа юм. Icpark нь ногоон байгууламжаа дөнгөж цогцлоож эхлээд буй томоохон төсөл билээ. “Нандин хөгжил” сангийн хамт олон эх үрсийн баяраар “Нандин үрс” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ удаад тэд “Нандин боловсрол 2024” экспог удирдаж, сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, бүх насны хүүхдийн бэлэн хувцасны бизнес эрхлэгчдийг нэгтгэн хамруулаад байна. Амралтын өдрүүдээр “Нандин нас”, “Сургуулийн хайр” киногоороо өсвөр насныхны танил болсон “Төгс хөгжил” продакшны авьяаслаг багачууд бүрэн хэмжээний тоглолт үзүүлж байгаа тухай зохион байгуулагчид ярив. Ногоон байгууламж, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай бүхий цэлгэр уужим талбайд гэр бүлээрээ амарч, зугаалангаа хичээлийн шинэ жилдээ бэлдэх тухтай орчныг бүрдүүлжээ. ХУД-ийн оршин суугчид, нийслэлийн төр, захиргааны байгууллагынхан үзэсгэлэн худалдаа зорилтот хэрэглэгчдэдээ ойртсонд сэтгэл хангалуун байна. Тус үзэсгэлэнг зорин ирж худалдан авалт хийсэн хүмүүсээс азтан тодруулах, наймдугаар хорооны зорилтот бүлгийн багачуудад хичээлийн хэрэгсэл үнэ төлбөргүй өгөх зэрэг олон талт ажлыг “Нандин хөгжил сан”-гийн хамт олон санаачилжээ. Тус үзэсгэлэн худалдаанд бизнес эрхэлж буй зарим бизнес эрхлэгчийн сэтгэгдлийг уншигч та бүхэнд хүргэе.
Ц.Ганганчимэг: “Бүбү” брэнд онцгой хямд үнийг санал болгодог
-Жилийн өмнөөс Солонгос улсаас хүүхдийн хувцас импортоллоо. Иргэдэд чанартай барааг хямд үнээр борлуулах бодлого баримталж байна. Нян бактер үрждэггүй, хүүхдийн биед харшил өгөхгүй материалаар хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг. БНСУ-ын компанитай шууд харилцаж, нийлүүлэлт хийдэг учир манайх бүтээгдэхүүнээ хямд үнээр худалдаалдаг. Үүнийг давуу тал гэж ойлгож болно. Хичээлийн шинэ жилд зориулаад онцгой хямд үнэ буюу 10-50 мянган төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцаснуудыг “Нандин боловсрол 2024” үзэсгэлэнгээр дамжуулан худалдаалж байна. Бүх улирлын бэлэн хувцас нийлүүлэх бодлого баримталдаг. Сэрүүн улирлын намрын хувцсыг ч энэ экспогоос худалдан авах боломжтой. Бүх насны хүүхдийн хувцасны сонголт бий. Төв дэлгүүрт илүү өргөн сонголттой байдаг. Цэцэрлэгийн насны хүүхдийн дотуур хувцас, тирко, унтлагын хувцас, даашинз, өмд, цамц бүгдийг та бүхэн нэг дороос сонгож болно. Манай “Бүбү” брэндийн дэлгүүр нь БЗД, 25 дугаар хороо, Нарны зам дагуу Миний хайпермаркетын зүүн талд “Lux house” барилгын хоёр давхарт байрладгийг энэ ташрамд хэрэглэгчдэд дуулгая.
А.Сайханцэцэг: Хямд, чанаргүй бүтээгдэхүүн хүүхдийн эрүүл мэндэд хортой
-"Улаанбаатар принт" ХХК-ийн бүх дэвтрийг үйлдвэрийн үнээр, бусад 200-гаад нэр төрлийн хичээлийн хэрэгсэл худалдаалж байна. Бичиг хэргийн хэрэгслэлийн тухайд жил бүр хүүхдүүдийн сонирхлын улмаас загварын трэнд хүртэл өөрчлөгддөг. Ер нь жилээс жилд сайжирч ирдэг. Бид Хонгконгоос хамгийн чанартай бичиг хэргийн барааг хэрэглэгчдэд нийлүүлж ирлээ. Хатуулагтай балын харандаа, охидод зориулсан жимстэй баллуур, наадаг штрих, усан баримлын шавар гэх мэтчилэн. Бага насны хөвгүүдэд зориулсан үзгэн бал буу хэлбэртэй, хайч бол зориулалтын хамгаалалттай байгаа. Хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг өдөөх зорилгоор үйлдвэрлэгчид загварыг улам сонирхолтой болгосоор байна. Чанартай бичиг хэргийн хэрэгслэлүүд нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй учраас бид Хонгконгоос бүтээгдэхүүн импортолдог. Хямд, чанаргүй, элдэв химийн бодистой бүтээгдэхүүн хүүхдийн эрүүл мэндэд хортой. Чанартай бүтээгдэхүүнийг 4-5 жил хэрэглэх нь бий. Улирлын чанартай бизнес учраас таван жил нийслэлийн хамгийн тохиромжтой байршлуудад худалдаа эрхэлж, олон хүүхэдтэй айлд хөнгөлөлт, урамшуулал олгодог. Яармаг, хорооллын "Чансаа" дэлгүүр, Хархоринд манайх бүтгээгдэхүүнээ борлуулж байна.
Б.Уянга: Долоон жил дүрэмт хувцас худалдаалж байна
-Энэ жилээс манайх “Icpark” цэцэрлэгт хүрээлэнд “Нандин боловсрол 2024” экспод оролцож байна. 2017 оноос эхлэн сурагчийн дүрэмт хувцасны бизнес эрхэлж байна. Хувийн сургуулиуд ихэвчлэн өөрсдөө загвараа гаргадаг учраас улсын сургуулийн хүүхдүүдэд зориулсан хувцсыг импортолдог. Манайх хятад улсын Хунвэй гээд дүрэмт хувцасны үйлдвэртэй хамтран ажиллаж, тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Хотын төвд худалдаалж буй дүрэмт хувцсуудаас үнийн хувьд харьцангуй хямд. Хүн ам ихээр төвлөрсөн Яармагт хэрэглэгчдэдээ илүү ойртохыг, тэдний цаг завыг хэмнэхийг эрхэмлэж байна. Бага ангийн сурагчийн форм гэхэд иж бүрнээрээ 85-95 мянган төгрөгийн хооронд худалдаалж байх жишээтэй. Ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй формын иж бүрдэл 130 мянгөн төгрөгийн үнэтэй байна. Поло цамц, ёслолын өмд, бага насны хүүхдүүд хичээл, энгийн үед ч өмсчихөж болохоор гоёлын, охидын сонирхолд түгээмэл нийцдаг загварууд манайд байна. Монгол, хятадын үйлдвэрүүдэд материалын л ялгаа байна. Сайн нь сайн, муу нь муу. Манайх байнгын харилцагчтай учир тэд хамгийн чанартай, бөөсөрдөггүй материалаар оёсон хувцсыг бидэнд нийлүүлдэг. Энэ хугацаанд бид байнгын худалдан авагчидтай болж, тэдний талархлыг хүлээгээд байна. Угаахад бөөсрөхгүй, индүүдлэг сайн авдаг хувцсыг эцэг эхчүүд чухалчилдаг. Ноосон майк бүх размер байна. Өвлийн улиралд ноосон майк нь хүүхдийн биед илүү эвтэйхэн. Тааран, нимгэн цэвэр даавуун, үрчийдэггүй силкэн гээд цагаан цамцнууд материалын хувьд өргөн сонголттой.
Т.Хүслэн: Өвөрхангайгаас хэрэглэгчдэдээ хүрч байна
“Топ зүү” ХХК нь Өвөрхангай аймагт үйл ажиллагаа эрхэлдэг. Миний хувьд энэхүү үзэсгэлэнд тус компанийн бүтээгдэхүүнийг борлуулж байна. “Топ зүү” нь ажлын болон сурагчийн дүрэмт хувцсыг орон нутагтаа үйлдвэрлэдэг. Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Өмнөговийн дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Улаанбаатарт гурван байршилд зохион байгуулж буй хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Манай дүрэмт хувцасны материалын давуу тал нь сүүлийн зургаан жил бөөсрөх гэдэг асуудлаас ангижирсан. Эсгүүр, оёдол, материалыг хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүйг бодолцож тохируулдаг онцлогтой. Суганы эсгүүр доош сул байх гэх мэтээр яв цав тооцоолж үйлдвэрлэдэг. Охидын банзлыг дотор талдаа их биетэйгээ залгаа богино шорт, халаастай шийдсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг. Даавууны хувьд лабороторын шинжилгээгээр хүүхдийн арьсанд харшил өгөхгүй, гандахгүй, бөөсрөхгүй гэдгийг тогтоосон. “Топ зүү” ХХК нь орон нутагт ажлын байр бий болгож, өргөжүүлэхийн тулд хичээн ажилладаг.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна