"Цэнхэр нүдэн гараг”-ийн маань уур амьсгалын өөрчлөлт, хэлбэлзэлтэй холбоотой ажиглагдах байгалийн гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд хүн төрөлхтөнд гэнэтийн гай зовлон, их уй гашуу учруулсаар байна. Байгалийн ийм гамшигт үзэгдэлд халуун орны циклон, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, хар салхи, догшин хуй, цунами, цасан нурлага, гол мөрний үер болон хүчтэй, удаан хугацаагаар үргэлжлэн орсон аадар борооны улмаас үүдэх үер, том ширхэгтэй мөндөр, аянга цахилгаан, чулуун нурлага, газар доош суух, газрын гулсалт, их халуун, хүйтний улмаас болох ган, зуд зэрэг нь хамаардаг билээ.
Энэ удаад бид дээрх үзэгдлүүдээс дулааны улиралд олонтаа ажиглагддаг аянга цахилгааны талаар өгүүлэхийг зорилоо. Учир нь сүүлийн саруудад дэлхийн бөмбөрцгийн энд тэнд аянгад өртөж хүн ард нэг дор арав, хорь бүр зуугаараа амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарлаа. Өөрөөр хэлбэл, аянгын аюул бас дэлхийг нөмөрч байна уу гэлтэй. Гадаад оронд болсон олон тохиолдлын жишээ дурдаж болох ч түр азная!..
Тэгвэл манай оронд ч сүүлийн жилүүдэд хот суурин газрын барилга, байшин зэрэг обьектууд, мал амьтад аянгад өртөх, хүмүүс ч аадар бороотой үед энд тэнд явж байгаад аянгад ниргүүлж, амь насаа ч алдах нь цөөнгүй байна. Монгол орны нөхцөлд хамгийн эрт дөрөвдүгээр сард, хамгийн орой аравдугаар сард аянга цахилгааны үзэгдэл ажиглагддаг. Иймээс аянгын улирал дуусах болоогүй байна. Энэ зуны аянгын идэвхтэй үе эхлээд энд тэнд аянгад өртөж эрдэнэт хүний амь нас хохирох, нийгмийн болон иргэдийн үнэт хөрөнгө сүйдэх, мал адгуус олноор үрэгдэх явдал гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймагт айлын гэр дээр аянга бууж гэрийн эзэн эмэгтэй амь үрэгдэж, хүү нь гэмтсэн, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Их уул цэргийн хүрээ”, ”Хонин цохио” гэдэг газар долдугаар сарын 29-ний 17:00 цагийн орчимд аянга бууж 17 бог мал (11 ямаа, 6 хонь) өртжээ. Мөн долдугаар сарын 30-ны өдөр Увс, Ховд, Завхан аймгийн нутгуудад аянга буусан таван тохиолдол ажиглагдаж, нийт 31 бод, 30 бог мал хорогджээ. Энэ өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт 15:50 цагийн орчимд айлын гэр дээр аянга бууж, 52 настай эмэгтэй өртөж, амь нас хохирсон, энэ наймдугаар сар гарсаар Ховд аймгийн Мянгад суманд малаа хариулж явсан гурван хүн аянгад цохиулж, 17 настай хоёр хүүхэд амь нас хохирч, 25 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байсан тул аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж буй ажээ.
Иймээс ер нь аянга гэж юу вэ гэдгийг тайлбарлах нь илүүц ч дахин нэг санахад буруу нь бас юу байх билээ. Нийгмийн олон салбар, нэн ялангуяа агаарын тээвэр, эрчим хүч, холбоо, барилга байгууламжид ихээхэн нөлөөлж, улсын үнэт баялгийг хоромхон зуур устгаж, сүйтгэж, хүн, амьтны амь насанд аюул учруулдаг байгалийн гамшигт үзэгдлийн нэг аянга билээ. Физикийн үүднээс авч үзвэл аянга гэдэг нь эсрэг цэнэгээр цахилгаанжсан хоёр хэсэг үүл, эсвэл үүлний хэсгүүдийн, үүл газрын хоорондох цахилгааны ниргэлгээ юм гэдгийг манай хүмүүс сайн мэднэ. Аянга нь 0.2-0.3 секунд хэртэй хугацаанд үргэлжлэх ба хэдэн арван сантиметр голчтой, 2-3 км, зарим тохиолдолд 20 км, түүнээс ч их урттай салаалсан зурваст явагдаж, гүйдлийн хүч нь хэдэн арван мянган ампер, зөвхөн нэг аянга зөөх цахилгааны хэмжээ 20-50 кулон, түүнээс ч хол давдаг байна. Аянгын сувгийн агаарын температур 25000-2700 градус хүрч, даралт хэдэн мянган атмосферээр нэмэгдэх учир замд нь тааралдсан бүхнийг шатаах, дэлбэлэх, эвдлэн сүйтгэх, устгах их хүчтэй байдаг.
Аянга цахилгааны үзэгдэл хаана их ажиглагддаг, ямар газар нутагт олонтаа буудаг вэ?
Манай гарагт жилд дунджаар гурван тэрбум нэг зуун сая орчим аянга цахилгааны үзэгдэл ажиглагддаг. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрд секундэд 100-гаас доошгүй удаа цахилгаан цахина гэсэн үг юм. Аянгад хамгийн их нэрвэгддэг газарт Өмнөд Африк, Бангладеш, Энэтхэг, Малайз зэрэг улс орж байна. Өмнөд Африк нь аянгын нийслэл хэмээн алдаршсан бөгөөд тус улсад жил бүр 500 орчим хүн аянгад цохиулан амь насаа алдаж, 1000 гаруй хүн бэртэж гэмтдэг гэсэн судалгаа бий. Харин аянга цахилгааны үзэгдэл хамгийн олон ажиглагддаг газар бол Индонезийн Ява арал юм. Судалгаанаас үзэхэд тэнд жилд дунджаар 322 өдөр аянга цахилгаантай байдаг.
Далай тэнгисийг бодоход эх газарт аянга олонтаа бууж, Экватораас туйл руу шилжих тутам аянгын давтагдлын тоо буурдаг. Гүн эх газрын манай орны хувьд аянгатай өдрийн тоо харьцангуй цөөн, газрын гадаргаас хамаарч аянга нь нийт нутгаар харилцан адилгүй тохиолдоно. Хангай, Хэнтийн уулархаг мужид жилд дунджаар 25-36 өдөр аянгатай, эндээс холдох тутам цөөрч, тал хээрийн бүсэд 15-25 өдөр байна гэсэн бүхий л нутгийн хэмжээнд нэгтгэсэн судалгааны дүн бий. Хэнтийн Дадал, Өвөрхангайн Хужирт орчмын нутаг нь аянгын хамгийн их давтагдалтай газар бол хамгийн бага нь манай орны өмнөд хэсэг, Их нуурын хотгор орчим юм. Аянга цахилгааны үзэгдэл хамгийн эрт дөрөвдүгээр сард эхэлж, хамгийн орой аравдугаар сард дуусах ба зуны улиралд өдрийн 12-18 цагийн хооронд голчлон ажиглагдана.
Монгол орны төвийн нутгийн хувьд аянга цахилгаантай борооны бөөн үүлний дээд хилийн, өөрөөр хэлбэл үүлний орой хүртэлх дундаж өндөр нь 8.5 км, хамгийн их нь 11.2 км, хамгийн бага нь 6.9 км, харин уруйн үер болоход хүргэх их хүчтэй аадар, мөндрийн үүлний хамгийн их өндөр 14.5 хүрдэг болохыг радиолокаторын ажиглалтаар өнөөгийн бадлаар тогтоосон болно.
Борооны бөөн үүлнээс хүчтэй аадар бороо, мөндөр орох үед дагалдах аянга цахилгааны үзэгдлийн хүн, нийгэмд үзүүлэх дээр өгүүлсэн баримтуудаас үзэхэд аянга цахилгаантай бороотой үед уул толгод, хөдөө хээр, гол ус, нуурын хавь, ой модонд яваа, тэр бүү хэл нийслэл хотын хороололд, гэр орондоо ч тухлан, зурагт үзэж, утсаар ярьж байгаад хүмүүс аянгад өртөх тохиолдол цөөнгүй байна. Хүн, амьтан дээр буусан шууд аянга нь үхлийн аюул учруулдаг бол хаа нэгтээ буусан аянга ч мөн их хөнөөлтэй болох нь тогтоогджээ. Аянгын хэт хүчдэл нь эрчим хүч, холбооны шугамаар дамжин гэр, байшин доторх цахилгааны хэлхээ, багаж төхөөрөмж, телефон утсанд орж сүйтгэн, улмаар хүний амь нас ч хөнөөдөг байна. Мэргэжилтнүүдийн судалгааны нэг дүнгээс үзэхэд аянгад өртсөн 1055 хүний 225 нь шууд аянгад, 392 нь байшин барилга дотор байхдаа, 188 нь ойролцоох ургаа модонд аянга буухад, 20 нь холбооны шугамаар дамжсан аянгын хэт хүчдэлийн нөлөөнөөс болжээ. Тэгэхээр манай иргэд, нэн ялангуяа хүүхэд залуучууд хүчтэй аадар бороо орж, аянга цахилгаан ажиглагдаж буй үед биеэ аюулаас хэрхэн хаацайлах, улс нийгмийн үнэтэй баялгийг яаж хамгаалах талаар наад захын тодорхой мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай юм.
Хэрвээ таныг гэр орон, ажлын байранд байхад дээр чинь аянга цахилгаан нүргэлж, аадар бороо, мөндөр орвол цахилгаанаар ажиллаж буй бүх төхөөрөмжөө даруй унтрааж, нийтийн сүлжээ, гаднах антеннаас салгаж, утас залгуур, унтраалга, уурын халаагуур, түүний төмөр хоолой зэргээс аль болох хол байх нь зүйтэй. Гадаа яваа хүн гар утас зэргээр ярихыг шууд хориглоно. Байрны цонх, салхивч, агааржуулах хоолой, хаалгаа хааж, гэр хороололд бол яндангаа буулгаж, өрхөө татах нь өрөө тасалгаа, гэрт аянгын нэг аюултай хэлбэр болох бөмбөлгөн аянга “зочлох” аюулаас сэргийлж чадна.
Аянгатай үед аль тааралдсан хашаа саравч, бухалдаж нуруулдсан өвс, ганц нэгээр ургасан модны нөмөрт орох нь туйлын аюултай. Өндөрлөг зүйл дээр аянга илүү олон буудгийг санаж, аль болох хонхор газар, суваг, шуудуу, жалганд хэвтэж, нуугдаж өнгөрөөх, биеэсээ металл эдлэлийг авч тусгаарлах нь зүйтэй. Металл тоноглолтой барилга байшин, гадна угаасан хувцас хатаах төмөр хэц зэрэгт хүрэх, ойртох бүр хэрэггүй. Тэр бүү хэл гартаа дэгээ, шүхэр, гольфын цохиур гэх мэт металл зүйл бүү барь. Хаа нэгтээ нуугдаж байгаад гэнэт гүйж ил задгай талбайд гарвал шууд л аянгад өртөнө гэдгийг мартаж болохгүй. Ганц нэгээр ургасан модны дэргэд байх нь бүр ч хориотой. Иймээс аянгатай үед ургаа модноос 8-10 метрээс багагүй зайд нам сууж, хэвтэж өнгөрөөх нь зөв байна. Ойд яваа бол аянга нүргэлж эхлэхээс өмнө ойн цоорхойд гарч хэвтэх нь амь насанд аюул багатай.
Ургаа модон дээр 100 удаа аянга буудаг гэж үзвэл түүний 54 нь царс, 24 нь улиас, 10 нь гацуур, 6 нь нарс, 3 нь эвэрлэг мод, 2 нь далдуу мод, 1 нь хуайс дээр буудгийг тогтоожээ. Тиймээс гэр, байшингаа царс модтой ойр барих нь аянга цахилгааны нөлөөнд өртөх аюул ихтэйг мэдэхэд илүүдэхгүй.
Хээр хөдөө хонь малд яваа бол, малаа аль нам дор, жалга, судагт тараан байрлуулаад, өөрөө морь малаасаа хол, элсгүй, аль болох хонхордуу газар хэвтэж өнгөрөөх шаардлагатай. Энэ мэтийн хамгийн наад захын мэдлэгтэй байвал бие хүн хаана ч явсан аянгын аюулаас зайлж холуур тойрч болно.
Дугуй, мотоцикл, задгай машинаар явах аюултай. Та машинаар явж байвал хурдаа хасах юмуу ургаа мод, өндөр хүчдэл, холбооны шугам, шонгоос хол зогсох шаардлагатай. Хэрэв та голоор завьтай аялж явбал эрэг рүү аль болох түргэн дөхөх, тийм боломжгүй бол гүүр, усан буудал зэрэг өндөр байгууламжийн дор хоргодох нь зүйтэй.
Барилга, байгууламж, өндөр цамхаг, эрчим хүч, холбооны шугам, шатах, тэсрэх, дэлбэрэх бодисын агуулах савыг аянгаас хамгаалахын тулд аянгын гүйдлийг өөртөө татаж газардуулдаг төхөөрөмж болох “Аянга зайлуулагч” хийж ашигладгийг бид дунд сургуулийн физикийн хичээлээс мэдэх билээ. Харин сүүлийн үед бид энэ “асуудалд” нэг их “ач холбогдол” өгөхгүй болсноос улс, нийгмийн үнэт хөрөнгө аянгын золиос болох нь дээр өгүүлсэн баримтуудаас тод харагдаж байна. Байгалийн сүр хүчит үзэгдлийн дээр бид нэгэнт гарахгүйгээс хойш тэр “Аянга зайлуулагч” мэтийг жинхэнэ ёсоор нь “халтуурдахгүй” хийж, аянгын улирал эхлэхээс урьтаж хавартаа, бас намар уг төхөөрөмжийн эсэргүүцлийг нь шалгуулж байх ёстой юм. Ийм хялбархан зүйлийг цагт нь хийж, анхаарч байвал та өөрийгөө төдийгүй, өрөөлийн амь насыг, бас хувь, хувьсгалын үнэт эд хөрөнгөө “Зевс бурхны галт могой”-ноос сэтгэл түгшүүргүй хамгаалж, сэргийлж чадна.
Газрын хөрсний хувийн эсэргүүцэл ихтэй манай орны нөхцөлд аянгын газардуулгын ерөнхий эсэргүүцэл 10 ом хүртэл байж болно гэж үздэг. Харин үүнээс их эсэргүүцэлтэй байвал хөрсийг идэвхжүүлэх буюу аянга зайлуулагчийн газарт булсан металл саваануудын тоог олшруулна. Ганц обьект, цомхон хураасан ачаа барааг хамгаалахад багана хэлбэрийн газардуулагч тохиромжтой. Харин цуваа байрласан барилга байгууламж, агуулах, өндөр хүчдэлийн шугамыг хамгаалахад хэц хэлбэрээр татсан газардуулагч илүү зохимжтой. Багана хэлбэрийн хамгаалагчийг 60 м хүртэл, хэц хэлбэрийнхийг 30 м хүртэл өндөр байхаар тооцно. Хэц маягаар татсан хамгаалагчийн шон бүрд газардуулгатай байх ёстой.
Аянга нь буух замдаа хийн мандал дахь олон сая тоон азотыг хамж газарт шингээн, хөрсийг нь азотаар баяжуулдгийг санаж, түүнийг “чөдөрлөн” газар тариаландаа ашиглахыг үгүйсгэх бас юун. Түүгээр үл барам аянгын тэр их эрчим хүчийг хүн төрөлхтөн өдөр тумын амьдрал ахуйдаа бас ашиглах талаар сэдэж буй зүйлс ч олон бий.
Ер нь “Байгальд муу цаг агаар, муухай үзэгдэл байхгүй...” гэж сайхан дуу хүртэл гарсан юм билээ. Тийм ээ, байгалийн сүр хүчит, сонин хачин, гайхам үзэгдлүүд болдгоороо болно. Харин ухаант хүмүүн Та хаана байж, амь нас, мал хунар хийгээд эд агуурсаа хэрхэн хамгаалахаа өөрөө мэдэх учиртай гэж асуудлын “нөгөө өнцгөөс” мэргэжлийн хүмүүс таны тусын тулд байнга ярьж, анхааруулж, шаардаж байдгийг хэзээ ч умартаж болохгүй ээ!..
Х.Хангайсайхан
/Газарзүйн ухааны доктор (Ph.D) /
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна