Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, төсөв дагасан хэрүүл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр тойрсон асуулттай, шинэ гишүүдийн амбиц, бас факттай долоо хоног өнгөрч байна.
Өнгөрсөн онд Улсын төсөв ашигтай гарч, давсан орлогоороо цалин тэтгэвэр нэмж байсан удаатай. Харин энэ жил төсвийн орлого, зарлага огцов нэмэгдэх нь тодорхой болов. Тодруулбал, Засгийн газраас төсвийн орлогыг 28.8 их наядад хүргэж 3 их наядаар тэлэх, зарлагыг 27.3 их наяд байхаар тооцсоныг 30.4 их наядад хүргэж 3.1 их наядаар тэлэв. Ингэснээр төсвийн алдагдал 1.6 их наядад хүргэх тооцоолол оруулж ирлээ. “Ирэх дөрвөн жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай” гэдэг тооцоо Сангийн яам хийжээ. Гэвч улсын төсвийн эх үүсвэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой байгаа юм. Ямартаа ч байгаа нөөц бололцоондоо тулгуурлан Засгийн газрын том төсөл хөтөлбөрийг эхлүүлэхийн тулд төсвийн зарлагыг нэмэгдүүлэх ёстой гэж тайлбарлаж байгаа ч УИХ-ын гишүүд үүн дээр санал нийлэхгүй байна. Хамтарсан Засгийн газарт орсон ХҮН намын гишүүд эсэргүүцэж, АН-ын гишүүд горимын зөрүүтэй санал гаргаж, ээлжит бус чуулган болон Байнгын хорооны хуралдаанууд нэлээд ширүүн болж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дагаж хаа сайгүй төсөв төлөвлөгөө барьсан хүмүүс. Гэхдээ үүний үр дүнд хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртэй, төсөвтэй болж төрийн ажил жигдрэх шатандаа оров.
Монголын Засгийн газар Францын Төрийн өмчит "Орано" Төрийн өмчит групптэй Зөөвч-Овоогийн ураны төсөл дээр Хөрөнгө оруулалтын гэрээг ирэх аравдугаар сард байгуулж, Зөөвч-Овоогийн ураны төслийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд чуулганы хуралдаан дээр мэдэгдлээ. Францын "Орано" групптэй хэлэлцээр хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлах болсон байна. Зөөвч-Овоо ордын ураны нөөц нь 93 мянган тонн. Урьдчилсан байдлаар Зөөвч-Овоо уурхайд нийт 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төсөл 50 жил үргэжилнэ гэсэн мэдээлэл байна. Монгол Улсын Засгийн газар төрийн эзэмшлийн эзэмших хувийг 10 хувийг давуу эрхтэйгээр үнэ төлбөргүй эзэмших боловч ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байхаар тохирсон сурагтай. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр манай улсад жилдээ 5.5 сая ам.доллар, 3.2 тэрбум ам.долларын татварын орлого орж ирэх тооцоог гаргажээ. Монгол Улс анх удаагаа уранаа ашиглах том хэмжээний хэлэлцээрийн ширээнд суух гэж байна. Гэвч энэ гэрээг тойрсон олон асуудал сөхөгдөж, хэл ам хэрүүл зарга ч нэмэгдэх нь тодорхой.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлж дуусаад нэр дэвшигчдээ тодруулахаар ханцуй шамлан орлоо. Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ноос эхэлж, есдүгээр сарын 2-ныг дуустал үргэлжилэх учраас горилогч нарын хооронд ширүүхэн тэмцэл эхэлж, улс төрийн намуудын судалгааны ажил эрчимжээд байна.
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн их шуугиан тарьсан хүнээр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара тодорлоо. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанаа тасалж, Хятадад аялсан, цахим орчинд бараа бүтээгдэхүүн сурталчилсан нь тодорхой болж, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж энэ асуудлыг авч хэлэлцлээ. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зэрэг олон хууль тогтоомж зөрчсөн нь тодорхой болж, цахим орчинд “Зөв, буруу” гэсэн маргаан хүртэл өрнөв. Хуулийн дагуу УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад сануулах арга хэмжээ авч, зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох шийтгэл ногдуулжээ. Гэвч эрхэм гишүүн “Цалингийн таван сая төгрөг хаанаа ч хүрэхгүй байна. Тиймээс бараа бүтээгдэхүүн сурталчлах ажлаа зогсоохгүй” гэж мэдэгдээд байгаа юм.
Монгол Улсад Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийг 30 жилийн дараа хурж Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд өнгөрөгч долоо хоногт хөл хөдөлгөөн ихтэй, гадна дотноос цугласан хэдэн мянган мөргөлчидтэй байлаа. “Даян дэлхийн амар амгалангийн төлөө” уриан дор Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшиг айлдах үеэр Монголын Бурханы шашны тэргүүн Оройн дээд Очирдара X Богд Жэвзүндамба хутагт заларч сүсэгтэн олныг баярлууллаа. Номын авшиг хүртэж, суудалдаа заларснаас хойш олны дунд төдийлөн гарч ирээгүй Х Богдтой уулзахаар Халимаг, Буриад, Тува, Энэтхэг, Төвөд зэрэг олон улсаас олон зуун сүсэгтнүүд ирээд байгаа юм байна.
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн таагүй мэдээг Тэргүүн шадар сайд Т.Доржханд дуулгалаа. Тэрбээр “Ирэх арваннэгдүгээр сараас эрчим хүчний үнийг нэмнэ” хэмээн баяр ёслолын байдалтайгаар мэдэгдэв. Эрчим хүчний хэрэглээ өсөж, хомсдол бий болоод байгаа нь үнэн. Гэхдээ үнэ нэмснээр монголчууд эрчим хүчний хямралаас гарахгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ л өснө” гэж олон хүн болгоомжилж байна. Засгийн газрын хуралдаанаар хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын ачааллыг хувааж, түрээсийн байранд нүүлгэж оруулах шийдвэр гаргасан байна. Эхний ээлжид сургуулийн зориулалтаар 22 байр түрээсэлж, 16 мянга гаруй хүүхдийг суралцуулахаар шийдвэрлэжээ.
Сүүлийн хэд хоног Төрийн ордон бүсгүйчүүдийн хөлд дарагдаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Дэлхийн цөөхөн эмэгтэй Ерөнхийлөгч нарын нэг Др.Наташа Пирц Мусарын айлчлал дуусаагүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Төрийн ордонд эхэллээ. “Ногоон ирээдүйн төлөө” уриатай энэхүү чуулга уулзалтад 15 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дэд дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллага, бизнес, спорт, урлаг зэрэг бүхий л салбарын эмэгтэй манлайлагчид оролцож байгаа юм.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна