Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа гурван намын дарга “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээх урт нэртэй гэрээнд гарын үсэг зурж, 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлж байна. Өнгөрсөн сонгуульд гурван намын барьж орсон мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг нэгтгэж хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, олон жил улс төржин гацсан төслүүдийн зангилааг тайлахад чиглэгдсэн хөтөлбөр боловсруулсан гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ. Тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд эдийн засаг дунджаар 5-8 орчим хувийн өсөлттэй байж чадвал бид энэхүү хөтөлбөрийг хамтын хүчээр бүрэн хэрэгжүүлэх боломжтой” хэмээн тодотгов.
Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөр ахалж ажиллажээ. .
Тэрбээр, энэ удаагийн Засгийн газар улс төрийн гурван өөр улс төрийн үзэл баримтлалтай намуудын нэгдэлд суурилж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн заалт бүрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах боломжгүй гэдэгт бид нэгдэж, улс орны том эрх ашгаа харж боловсруулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд төрийн 140 гаруй төсөл, хөтөлбөр зарласан. Үүнээс 30 гаруй нь нийгмийн чиглэлийн дэд бүтцийн хөгжлийн хөрөнгө оруулалт байна. Үүнийг төсвийн хөрөнгөөр байгуулна. Харин 30 хувийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Мэдээж тодорхой хувь нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэнэ гэлээ. “Монголын үнэн” сонин Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөөс онцлох заалтуудыг хүргэж байна.
Эдийн засгийг тэлэх 14 мега төсөл хэрэгжүүлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэнэ
Эдийн засгийг тэлэхийн тулд дараах 14 мега төслийг Засгийн газраас онцолж байгаа ажээ. Тухайлбал, “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгана, Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станцыг барих, Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх, говийн бүсэд зайлшгүй шаардлагатай Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хийх, Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станцыг эхлүүлэх, Зэс боловсруулах цогцолбор болон гангийн үйлдвэр, Газрын тос боловсруулах цогцолборыгг барьж байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа. Мөн Оюутолгойд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ гэв. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлсний үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэнэ гэсэн заалт мөрийн хөтөлбөрт багтжээ.
Нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ
Боомтын шинэчлэлийг эрчимжүүлж, боомтын тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь бүрэн цахимжуулж, төмөр замын хил дамнасан холболтыг гүйцээж, нүүрсний экспортын хэмжээг жилд 100 сая тоннд хүргэнэ. Хувийн хэвшлийн жам ёсны бизнесийн орчныг бүрдүүлж, татварын реформ хийж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, зах зээл дэх төрийн зохицуулалтыг багасгаж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Төрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухааныг ашиглан зохион байгуулна.
"И-Монгол" платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын данс нээнэ
Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, “И-Монгол” платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын данс нээнэ. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж буй хүчин зүйлс, архи, тамхины хэрэглээг бууруулж, гар утсанд суурилсан стратеги (one or two way messaging)-ийн тусламжтайгаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг дэмжих боловсрол олгоно. 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарлаж, оюутан, залуучуудын чөлөөт цагаараа ажил, хөдөлмөр эрхлэх, гарааны бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулж, нийгмийн идэвх, оролцоог дэмжинэ.
Туулын хурдны замыг барьж, ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна
Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байрыг барьж ашиглалтад оруулна. Хөшигийн хөндийд шилжин суурьших төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-аас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно. Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөө дагуу 17.7 км “Их багтаамжийн нийтийн тээвэр Метро шугам-1”, Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө дагуу 11.9 км урт тусгай замын автобус “BRT Шугам-1”, Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Дүүжин тээвэр шугам-1” бүхий олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн системүүдийн уялдаа холбоог хангаж, үе шаттай барьж байгуулна. Олон улсын чанартай 88 км “Шинэ тойрог зам”, Туулын хурдны замыг барьж, ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна.
Тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ
Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна. Тэтгэврийн хэмжээг инфляц, хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.
Хүүхдэд зориулсан “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Хүүхэд харах үйлчилгээний хүрээнд хоёр хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, 1-2 насны хүүхдийн яслийн үйлчилгээний хувилбарыг бий болгоно. Сургуулийн өмнөх боловсролыг академик мэдлэг олгоход бус хүүхдийг сургуульд бэлтгэх, зөв хүмүүжлийн хандлага төлөвшүүлэх, зөв хооллолт болон өөрийгөө арчилж чаддаг чадварт сургахад чиглэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас эхлэн англи хэл, кодчилол, роботик болон хиймэл оюуны ур чадварыг хөгжүүлэх сургалтыг нэвтрүүлнэ. Бүх түвшинд англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, ахлах сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагад зарим хичээлийг англи хэлээр заах боломжийг бүрдүүлнэ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг үдийн сүүгээр хангах “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй байшин барьсан өрхөд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, орон сууцжуулалтыг эрчимжүүлнэ. Өрхийн төлбөрийн чадварт нийцүүлж ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Үндэсний орон сууцны корпорац байгуулж, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг үе шаттайгаар Засгийн газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулна. “Хашаандаа сайхан амьдаръя” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан тохиолдолд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
Гадаад жуулчдын тоог жилд 2 саяд хүргэнэ
Аялал жуулчлалын томоохон парк, цогцолборыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд байгуулж, шашин, соёл, спорт, адал явдалт аялал зэрэг дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Аялал жуулчлалын гол зам дагуу амрах өртөө, түр отоглох цэг, зорин очих газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулна. Гадаадын иргэдийн визний шаардлагыг хөнгөвчилж, гадаад жуулчдын тоог жилд хоёр саяд хүргэнэ.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна