Сошиал халуурал



Хүн төрөлхтөн хөгжин дэвшиж, урагшлан давшихын хэрээр хөдөлмөр хөнгөвчлөх түмэн арга сүвэгчлэн бодож олсоор байна. Өнөөгийн үйлдвэрийн ажилчин, малчин, тариачны ажлыг хийлгэхээр XIX зуунаас хүн авчирлаа гэж бодвол түүний хувьд ижил мэргэжилтнүүдийнх нь ажил диваажинд байгаа мэт санагдах нь лавтай. Энэ нь гэхдээ миний өгүүлэх сэдэвтэй жижигхэн зүйлээр, нууцхан шижимээр л холбоотой болохоос гол асуудал биш л дээ. Хөдөлмөр хөнгөвчилсөн олон нээлтүүдийн нэгэнд хүн хоорондын харилцааг гүйцэлдүүлдэг шуудангийн үүргийг хэн нэгнийг цалинжуулж нэг байшингаас нөгөө байшингийн хооронд гүйлгэж, нохойд хөөгдөж, ноён зантай нэгэнд нь зандчуулж явуулахаа болиод хэдхэн товчлуурын тусламжтайгаар өөрсдөө хийж чаддаг болсон  явдал орж байлаа. Үүнийг дэлхийг холбосон эсвэл хэрсэн интернэт гэж нэрлээд байгаа юм. Интернэтийн тусламжтайгаар хүн хоорондын харилцаа нэг талдаа хэт ойртож, нөгөө талдаа хэт холдсон гэж болно. Энэ бас л тусдаа асуудал. Сэдэв рүүгээ орох гэж үе үе далийх янзтай. Интернэт дэлхий дахиныг аалзны тор мэт хэрэн түгснээр хүний нийгмийн харилцааны платформууд бүтээгдэж, гудамжны хэрүүл зодоон, хов жив цахим хэлбэрт шилжин орцныхоо үүдэнд буу халж суудаг нөхдийн тоо эрс цөөрсөн тоо баримттай сууж байна бид. Хүүхэд багачуудад нийгмийн харилцааны анхны мэдэгдэхүүн суулгаж өгдөг профессорууд л даа уг нь. Орцны үүдэнд суудаг, мэдээ мэдээлэл, хов жив, ертөнцийн элдэв шуугиан чихнийх нь хажуугаар өнгөрч үзээгүй эдгээр нөхөд одоо ч улаан номд орохоор болж. Нийгмийн харилцааны платформууд бүтээгдсэнээр, мэдээ мэдээлэл авах хурд дээд түвшинд хүрэв. Мөн хүн хоорондын харилцаа цаг хугацаа, орон зай, хэл соёлын ялгаатай байдалд цагдуулж суудгаа болих нь тэр. Зарим нэгний хувьд эдгээр платформуудыг мэдлэг, мэдээлэл авах боломж гэж хардаг бол өөр нэг хэсэг нь баяжих, мөнгөжих, наймааны алтан шижим гэж харах нь бий. Өөр нэг хэсэг нь зүгээр л өөртэйгөө адил нөхөдтэй дэмий ярьж цаг нөхцөөх талбар гэж харах ажээ. Нийгмийн сүлжээ гэх энэ зүйл бий болсноор хүн төрөлхтний амьдралд шинэ, шинэ сорилтуудад ч тулгараад байгаа юм. Шинэ сорилтуудаас гадна шинэ ойлголтууд ч бий болж хэрхэн тайлбарлах, эсвэл хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй харзнасан байдалтай л байна. 

Үлгэр амилах цагаар

Ийм шинэ ойлголтуудын нэгэнд “Цахим халуурал” ордог. Уг нь ч Монголд нэг их шинэ сэдэв биш л дээ. Суурин амьдралын хэв маягт нэлээд хожуухан орсон ч гэлээ нийгэм даяар түрхрэн шуугих энэ халууралтай бид хэдийнэ танил. “Ардын хувьсгал ялснаас хойш чөтгөрийн тоо эрс багассан” гэдэг шиг явдал ардчилсан хувьсгал ялснаас хойш болов. Тухайн үед нийгэм гэнэтхэн харанхуй мунхаг ертөнцөөс нүд нь нээгдэн гарч ирсэн мэт л байлаа. Өвөлжөө бууц чөтгөрт эзлэгдэн эзгүйрч, тайлбарлах боломжгүй гоц үзэгдлүүдийн тухай сонины хуудсууд мэдээлж дийлэхээ больж байлаа шүү. Монгол орны тэнгэрт нисдэг биет зогсоо зайгүй сүлжилдэн хонины бэлчээрт бууж, нутгийн бүсгүйтэй үдийн цайгаа уучихаад морддог. Алтан цөгц, Ромбу гараг, өөрөөсөө гал гаргадаг бүсгүй, Сонсголонгийн гүүрэн доорх тохой биетэй хүн. Энэ бүх шуугианаар нийгэм амьсгалж сонссон нэг нь сонсоогүйдээ өөрийнхөө жижигхэн хачрыг нэмж дуулгасаар төрийн хэмжээнд очсон нь ч бий. Хэдийгээр эдгээр үймээн тарьсан шуугиант мэдэгдлүүдээс хойш 30 гаруй жил өнгөрөөд байгаа ч нийгмийг цочоосон үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл өнөөдөр ч зүсээ хувирган бидний дунд тэнүүчилсээр л байна. Иймэрхүү үндэслэлгүй худал мэдээ цуурхал тарааж нийгмийг айдаст автуулах гаж донтнууд ч мөнөөх цахим сүлжээнд үй олноороо төрөх янзтай. Ийм цуурхал тараагчид хоёр төрөлд хуваагдана. Нэг дэх төрөл нь нийгмийн мэдээллээс хол хэсэгт хандсан үндэслэлгүй, нотолгоогүй мэдээлэл цацан айдаст автуулж, үүнийг ганцхан би л шийдэж чадна гэдэг ойлголтыг төрүүлэн, иргэдийн саналыг авч, эрх мэдэлд хүрэх арга зам болгодог. Ёс суртахууны тухай ойлголтгүй эдгээр эрх мэдэлд шунан дурлагсдын нийгэмд цацдаг хуурамч мэдээллийн“Ач”-аар улс орны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын том төслүүд гацаж, улс орнуудын хооронд тогтоосон найрамдалт харилцаа хүртэл баларч сүйрэхдээ тулдаг гэхээр ямар их хортой үр дагавар дагуулдаг нь ойлгомжтой. Хоёр дахь хэсэг нь урлаг, спортын карьер нь дууссан олны танил “Од” нэгэн байх нь бий. Эдний зарчим их энгийн. Олны танил статусаа ашиглан нийгмийн эмзэг бүлэгт хандсан хүмүүнлэгийн ажиллагаа явуулж олонхын сэтгэлийг татах уран нарийн тактиктай. Нэгэнт бий болсон дагагчдын хүрээлэлдээ бараа бүтээгдэхүүн борлуулах, реклам зар сурталчилгаа хийх замаар хөрөнгөө нэмэх зорилго агуулдаг.  

“Зомби” болгох урлаг

Хэн нэгнийг “Зомби” болгох гэхээр хүмүүс мэдээж гайхна. Ухаан санаа нь цоо эрүүл, инээж хөхөрч, уурлаж бухимддаг мэдрэмж нь бүрэн орчин үеийн хүнийг яаж зөгнөлт кинонд гардаг шиг өөрийн ухаангүй, мэдрэмжгүй, зөвхөн хоолны төлөө амьдардаг амьтан мэт болгоно гэж. Дээр өгүүлсэн хоёр төрлийн нөлөөлөгч үүнийг хийдэг. Орчлонд болж буй зүйлс, үйл явдлууд  зөвхөн хар ба цагаан гэдэг хоёрхон туйлд хэмжигдэнэ гэдэг хэт туйширсан сэтгэхүйтэй, цахим нийгмийн идэвхтэй аккаунт мэдээж нийгэмд хортой. Гэтэл ийм сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг болох "Цахим халуурал"-д автахдаа амархан хүмүүс эрх мэдэл, хөрөнгө санхүүгээ нэмэх ашиг хонжоо хайгч нөлөөлөгчдийн хялбархан зууш болдог. Тэдгээр цахим  нийгмийн идэвхтэй хүмүүсийн хар, цагаан гэсэн хоёр туйлт сэтгэлзүй дээр тоглолт хийж “Эх оронч үзэл, түүх, шашин, улстөрийн” сэдэвт өгөөшийг хаяж зангандаа оруулна. Энэ мэтээр нөлөөлөгчид санаатай болон, санаандгүй байдлаар технологиос хамааралтай амьдралын хэв маягийг тэдэнд санал болгож байдаг. Алгоритмд суурилсан технологи тэднийг судалж нөлөөлөгчдийн талд үйлчилдэг гэхэд хилсдэхгүй. Нөлөөлөгчдийн бас нэг зууш нь дэлгэц ширтсэн, донтсон, сэтгэлээр унасан, тусгаарлагдаж ганцаардсан аккаунтууд байдаг. Тэдний цахим ертөнц дахь оролцоог нэмэгдүүлэх өгөгдөл санал болгох замаар цахим ертөнцөөс хамааралтай зомби болгох нь алгоритмд суурилсан платформуудын хийх ажил. Нэгэнт цахим ертөнцөөс хараат болсон хүмүүст хандах нөлөөлөгчдийн гол зорилго, дээр өгүүлсэнчлэн итгэл олох, мөнгө санхүүгээ өсгөх гэсэн оролдлого л байдаг. Ингээд нөлөөлөгчид өөрсдийг нь дэмжих мянга, мянган аккаунттай боллоо. Эцсийн дүндээ цахим платформууд оюун санааны, мэдлэгийн хүсэл эрмэлзлэлийг няцааж хамаагүй явцуу, хязгаарлагдмал ертөнцөд нийгмийг түгжиж орхив. 

Цахим ертөнцийн “Эзэнт гүрэн”-үүд

Цахим ертөнцөд умбаж сэтгэл хөдлөлдөө туйлширч, нөлөөлөгчдийн хараат байдалд орсон хүмүүсийн сэтгэл зүй дээр нөлөөлөгчид тоглолт хийж, өөрийн цахим орчинд байгуулсан ертөнцдөө эзэнт гүрэн байгуулж эхэлнэ. Тухайн нөлөөлөгч эзэнт гүрнийхээ хил хязгаарыг байнга тэлж байхын тулд сэтгэцийн олон төрлийн эмгэг үүсгэж мэдэх хорт халдварыг мөн л байнга тараах хэрэгтэй болдог. Тэдний бий болгосон дижитал ертөнцийн эзэнт гүрэн хүмүүсийн тархины ажиллах зарим зарчмуудыг бодит болгон хувиргадаг цахим ертөнцийн алгоритмд түшиглэн ийм халдваруудаа тарааж нөлөөлөгчдийн эзэнт гүрний хил хязгаарыг тэлж байдаг юм. Саяхан би нэгэн нөлөөлөгчийн бахдал болгон бичсэн богино нийтлэлийг уншин эгдүүцэж байлаа. Тухайн нөлөөлөгчийн өгүүлснээр “Хүн бүрийн мэддэг зүйлийг мэдэн будилж нийтлэх нь хандалтыг өсгөх, тухайн бичвэрийг хүн болгон унших боломжтой болгодог” гэсэн байж билээ. Цахим хэрэглэгчдийн хандалтаар тэжээгддэг туйлшралд автсан мөнөөх нөлөөлөгч ийнхүү өөрийн эзэнт гүрэндээ  манкурт боолуудыг бий болгох замаа тавьж эхэлж буй нь энэ. Цахим ертөнцийн эзэн хаадаар өөрсдийгөө өргөмжилсөн нөлөөлөгчид манкурт боолуудынхаа дэмжлэгээр нөлөөллийн хүрээгээ тэлж жинхэнэ тоглолтоо эхэлнэ. Тухайн тоглолтын зохиолыг нийгэм өөрөө бичиж өгөх бөгөөд түүнийг овжноор мэдэрсэн нөлөөлөгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн, зар сурталчилгаа болон үзэл бодлоо тулгадаг юм. Өнөөгийн нийгмийн соёлыг тодорхойлогч болоод байгаа нөлөөлөгчдийн өглөөний сэтгэл санаа ямар байгаагаар тухайн өдрийн ажил амжилттай байх үгүй нь шийдэгдэнэ гээд бодоход төсөөлөхөд ч бэрх. Дэлхийн сүйрлийн тухай ор үндэслэлгүй мэдээлэл цацаж нийгмээрээ шахуу хөнжил гудас, лаа шүдэнз базаан зуслан бараадаж байсан хөгтэй түүх тун саяхных. Гол тоглогч нь олны танил нийгмийн идэвхтэн нэгэн байсныг бүгд санаж байгаа. Тун саяхан гарсан ор үндэсгүй шуугиануудыг бичихээс ичмээр тул ингээд л өндөрлөхөөс өөр аргагүй. Эдгээр инээд хүрмээр үндэслэлгүй шуугианаас гагцхүү хохирогч нь нийгэм болдогт л учир нь бий. 

Элийрэл ба халуурал

Цахим ертөнцөд ёс суртахууныг үзэн ядагчид гудамжны хараалын үгээр зэвсэглэн өөрийн дураар тонгочиж, эх орон, төр засаг, зан заншил, өвөг дээдэс, түүх соёл руугаа нулимагчдын бүхэл бүтэн арми бий. Тэднийг “Элийрэгч”-дийн сүрэг гээд нэрлэчихэд гэмгүй л болов уу. Нэг талаас нь харвал гутранги үзэлт үгүйсгэгчдийн арми юм уу ч гэж бодогдмоор. Тэдний гол сэдэв засгийн газрыг шоолох, буюу доромжлох. Хэзээ ч гарц гаргалгаа гаргаж ярьдаггүй бөгөөд шийдвэр гаргагчдын өмссөн зүүсэн, зүс царайг өөчлөхөөс өөр ажилгүй мэт харагдах нь сонин. Засгийн газрын шийдвэр, хууль, тогтоолд нийгмийн хяналтын үүрэг гүйцэтгэх учиртай нийгэмд танигдсан, карьер нь дууссан улстөрчид тэдний нэг болох нь бий. Цахим ертөнцийн халууралд автан элийрэх нь бодит байдалтай нүүр тулахаас зүрхшээж буй хэлбэр юм уу даа. Бодит байдал мэдээллийн санд амьдардаггүй. Эдгээр цахим ертөнцийн нөлөөлөгчид эхнээсээ улстөрийн зүтгэлтэн болоод эхэлсэн гэхээр яах ч аргагүй нийгмийн асуудал болсон. Ерөөсөө цахим ертөнцийн халуурал ганц Монголынх ч биш дэлхий нийтийн асуудал болж ирсэн. Энэ тухай "Дижитал галзуурал” ном бичсэн доктор Кардарас нийгмийн сэтгэлзүй нэг л буруу байгаа талаар өгүүлсэн байдаг. Эцэст нь хэлэхэд үг хэлэх, бичих нийтлэх эрх нь таных ч гэлээ хохирогч нь нийгэм байж болохгүй гэдгийг л өгүүлэх гэсэн юм. 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/ 


0
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 23 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр