Монгол Улсад радио өргөн нэвтрүүлэг 1934 оны есдүгээр сарын 1-ний өдөр эхэлснээс хойш 90 жил болж байна. Монголын радио төр, нам засгийн бодлого ,тогтоол, шийдвэр, олон улсын байдал, иргэдийн боловсрол, соёл, урлаг, уран сайханы болон мэдээллийг иргэдэд хурдан, шуурхай хүргэх нэвтрүүлгийг тогтмол явуулсаар ирсэн ба явуулсаар байна.
Радио нь 1890 -ээд оноос эхлэн дэлхийд Оросын эрдэмтэн А.С.Попов, Италийн Г.Марконы Английн М. Фарадея, Д.Максвелла, Немц Г.Герц нарын олон физикчид техникийн шинжлэх ухааны суурь судалгаа , туршилтаар радио холбоог анх 1895 онд бүтээсэн гэж үздэг.
Монгол Улсад радио холбоог хөгжүүлэх үйлст гүн туслалцаа үзүүлж байсан Оросын холбооны улсад 1925 оны гуравдугаар сарын 24-ний өдөр байнгын радио нэвтрүүлэг явуулж эхэлсэн түүхтэй юм. Монгол Улсад Орос Улсын Элчин сайдын яамны дэргэдэх Оросын ажилчдын “НАРДОМ" клубт ажиллаж байсан радио узелээр радио нэвтрүүлэг явуулдаг байжээ.
1931 оны 5 дугаар сарын 1 -нд Улаанбаатарт анхны радио нэвтрүүлгийг сонсгосон гудамжны радио чанга яригч
МАХН-ын 1927 онд хуралдсан зургадугаар их хурлын илтгэлд "Агаарын сонсох мэдээ хэрэглэх явдлын тухай хэргийг бодолхийлэн оролдвоос зохино" гэж тэмдэглэж , их хурлаас гаргасан шийдвэрт “Агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого, зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино" гэж заасан байдаг. Радиог байгуулахад ЗХУ -аас тусламж авах нь зүйтэй гэж үзэж Намын Төв Хороо ЗХУ -аас Монгол улсад суугаа Элчин сайдад, дараа нь нам, засгийн төлөөлгчид ЗХУ -д очиж албан ёсоор асуудлаа тавьсан байдаг.
Радиог Монголд байгуулах ажил бүх нийтийн үйлс болж, улс олон нитийн байгууллага, ард иргэд хандив өргөж хөрөнгө хуримтлуулах их ажил өрнөж байсан бөгөөд 1931 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын дөрөвдүгээр хурлаар “Монгол радио" хоршоо байгуулж, дүрмийг нь батлан хуримтлуулах хөрөнгийг 1060000 төгрөг байхаар тогтоосон байдаг . Уг хоршоог 1934 оны хоёрдугаар сарын 3-нд татан буулгахад 216000 төгрөгийн хуримтлал цугларсан байдаг.
1931 оны тавдугаар сарын 1-ний Майн баярыг тохиолдуулан оройн 19 цагт төлөвлөсөн ёсоор дөрвөн чанга яригчийг тавьж дуу хөгжим илтгэл, яриаг анх дамжуулсан ба дараа нь долоон хоногт хоёр удаа хоёр цагийн нэвтрүүлгийг явуулдаг болсны зэрэгцээ Улсын баяр наадмын ажиллагааг наадмын талбайд дамжуулж байжээ. Ингэж “ Нардом “ -ын радио үзелиэр радио нэвтрүүлгийг анх зохион байгуулж сонсгож байжээ.
БНМАУ-д радио дэлгэрүүлэн байгуулах тухай “БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондын гэрээ"-г 1933 оны хоёрдугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо байгуулсан байна.
Энэхүү хэлэлцээрээр Улаанбаатар хотод радио өргөн нэвтрүүлгийн станц, радио хүлээн авах станц , 13 аймаг болон Москватай харилцах радио холбооны харилцааны станц, шугамын радиогийн үзель, шугам, радио нэвтрүүлгийн студи холбох шугам зэргийг байгуулж 1934 оны есдүгээр сарын 1-ний өдөр радио өргөн нэвтрүүлгийг явуулж эхэлсэн түүхтэй юм. 1930-аад онд олон аймгууд Улаанбаатар хоттой харилцах холбоогүй байсан ба зарим аймагт харилцааны радио станц тавьснаар холбоотой болсон түүхтэй юм. Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн анхны станцыг 1919 онд Да хүрээнд Дундат иргэн улсын цэргийнхний байгуулсан Бээжинтэй харилцдаг байсан харилцааны Радио станцаас үлдсэн антенны цамхагийг ашиглаж байгуулсан байдаг юм. Одоо энэхүү антенны цамхаг болон Радио нэвтрүүлэх станцын зарим барилга нь хувийн хэвшлийн өмч болон өв тээгчдэд хадгалагдаж байна.
Радио өргөн нэвтрүүлгийн анхны станц
Монголд байгуулсан радио холбооны иж бүрэн барилга байгууламжийн боловсон хүчнийг Зөвлөлт холбоот улсын Иркутск хотод нэг жил сургаж бэлдсэн ба мөн 1927 онд Герман улсад явуулж сургасан хүүхдүүдийн нэг С.Лувсанцэнд ба Цэргийн радио холбооны курсээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байлаа. Тэдгээр анхны мэргэжилтэнгүүд радио холбоог хөгжүүлэх үйлсэд олон жил ажил, амьдралаа зориулсан буурлууд байлаа.
Радио өргөн нэвтрүүлгийн студийг Сүхбаатарын талбайн ойролцоох, одоогийн Цахим хөгжил харилцаа холбооны яамны байрладаг байшингийн суурин дээр байсан Шуудан цахилгаан холбооны хоёр давхар байшингийн хоёр давхарт хоёр өрөөнд тоноглож 5-6 жил холбооны байгууллагын бүрэлдэхүүнд байж холбоочны дүрэмт хувцастай, цалин хөлс, зардлаа холбооны байгууллагаасаа авдаг байжээ.
Радио нэвтрүүлгийн анхны студи, ба түүний байсан холбооны төв барилга
Радио өргөн нэвтрүүлгийг анх эхлэхдээ зохиолч С.Буянэмэхийн “Монгол интернационал" дууны аяар дуут дохио дуугаргаж “Анхаараарай, анхаараарай радио хорооноос ярьж байна” гэж эхлэж байснаас хойш одоо 90 дэх жилдээ иргэдийн хүсэн хүлээдэг радио нэвтрүүлгийг улсын хэмжээнд 60 гаруй төрийн болон хувийн хэвшлийн радио станцууд явуулж байна.
1940 оны гуравдугаар сард хуралдсан МАХН-ын 10 дугаар их хурлаас Радио нэвтрүүлгийг Холбооны байгууллагаас тусгаарлан Намын Төв Хорооны шууд удирдлагын дор ажиллах тусгай газар болгох нь зүйтэй гэж 1940 оны дөрөвдүгээр сарын 18-нд заасны дагуу манай улсын радио өргөн нэвтрүүлгийн программыг бэлтгэдэг байгууллага- Радио хороо анх байгуулагдаж эдүгээ 83 жил болж байна. Радио нэвтрүүлгийн программын бэлтгэх ажлыг Төв хорооны хэлтсийн дарга Л. Дүгэрсүрэн (1941 -1943 он), дараа нь мөн хэлтсийн лекторын товчооны дарга Ч.Лодойдамба (1941 -1947 он ) Радио хорооны даргыг хавсран гүйцэтгэж байжээ.
Радио хорооны орлогч дарга Дуламдорж, Улс төрийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Намсрайжав, Уран сайхны хэлтсийн даргаар Н.Мягмарсүрэн нар ажиллаж байжээ.
Энэ үед радио нэвтрүүлгийг микрофоноор шууд ярьж явуулдаг байсан ба урдчилан бичдэг төхөөрөмж байдаггүй байжээ. 1944 онд холбооны радио засварт ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн М.С. Вяткин киноны хальс дээр яриа дуу бичдэг "Шоринофон" төхөөрөмжийг радиогийн яриаг бичдэг болгон өөрчлөн зохицуулснаар өдөр бүр, өглөө үдэш, орой өөрийн биеэр оролцдог 16-20 уран сайханчийн хүч хөдөлмөр цагийг хэмнэж хөнгөвчилснөөс гадна радио нэвтрүүлэгт дуу бичлэгийн техник хэрэглэх эхлэл болсноороо чухал ач холбогдолтой болсон ба 1946 онд В.С.Вяткин энэ төхөөрөмжөө радио хороонд бэлэглэж өгсөн байдаг.
1946 онд радио студийг өргөтгөх болж Гадаад явдлын яамны зүүн талын одоогийн "Зориг сан"-ийн байрлаж байгаа хоёр давхар барилгыг Радио хороонд шилжүүлж өгсөн ба тэр барилгад Улаанбаатар хотын шугамын радиогийн төв зангилаа, радио нэвтрүүлгийн том студийг тоноглосон ба 1960 оны арванхоёрдугаар сар хүртэл энэ студиэс радио нэвтрүүлгийг явуулж байв.
Радио өргөн нэвтрүүлгийг хөдөө орон нутагт сонсгох зорилгоор Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд улсын төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгөөр бүх сумдын захиргаа радио хүлээн авагчтай болгож, Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд бүх багийг радио хүлээн авагчтай болгож байлаа.
Хөдөөний айл өрхийн иргэд радио нэвтрүүлгийг олноороо цуглаж сонсдог байлаа
1960 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Хонхор нуур дахь их хүчний радио нэвтрүүлэх станц, Богино долгионы дөрвөн радио өргөн нэвтүүлгийн ба харилцааны станц, гадаадын сонсогчдод зориулсан 4-5 чиглэлийн антенны байгууламж, радио хүлээн авах станц бүхий иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад оруулсан юм.
1960 оны арванхоёрдугаар сарын 3-нд Холбооны төв барилга ашиглалтад ороход Уг барилгын дөрвөн давхарт ярианы дөрвөн студи, дуу бичлэгийн Том студи болон мэдээлэлийн “ МОНЦАМЭ “агентлаг, гадаадын хэд хэдэн агентлагийн мэдээг хар, цагаан, өнгөтөөр хүлээн авдаг холбооны цех болон гадаадын радио сонсогчдод зориулсан гадаадын 4-5 хэлний нэвтрүүлгийг явуулдаг болсон юм. Энэ үеэс эхлэн үндэсний радио өргөн нэвтрүүлгийг өдөрт 16 цаг явуулдаг болсон юм.
Радио хороо, Монцамэ агентлаг, холбооны бүх төрлийн үйлчилгээний төв барилга
1966 онд Баян-Өлгий аймагт радио өргөн нэвтрүүлгийн станц, радио хүлээн авах станц, цахилгаан станц, Холбооны иж бүрэн барилга зэрэг барилга байгууламжийг БНЧСУ-ын тусламжаар байгуулж ашиглалтад оруулсан нь үндэстний цөөнхийг эх хэлээрээ радио өргөн нэвтрүүлгийг сонсох боломж олгосон нь Монгол Улсын төр, засгаас үндэсний бодлогын талаар авсан том арга хэмжээ болсон юм.
1970 оноос дэлхийн агаар мандлын цахилгаан соронзон орны нягтрал ихсэж радио долгионы тархалт муудсанаас болж радио нэвтрүүлгийн тархалт муудаж шуугиантай болсон учраас радио өргөн нэвтрүүлгийг Улаанбаатарын төв станцаар явуулах боломжгүй болсон тул орон нутагт радио өргөн нэвтрүүлгийн станцуудыг байгуулах шаардлагатай болсон юм. Социалист орнуудын Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнуудын тусламжаар Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн сүлжээг сайжруулахад туслах асуудлыг тавьсны дагуу ЗХУ-ын Коммунист намын Төв хорооноос Монгол Улсыг тунхагласны 50 жилийн ойг тохиолдуулан Зөвлөлтийн ард түмнээс Монголын ард түмэнд 60 сая рублийн бэлэг болгож Улаанбаатар, Чойбалсан, Даланзадгад, Алтай, Мөрөнд их хүчний ба богино долгионы бага чадлын радио өргөн нэвтрүүлгийн станц, Сайншанд, Өлгий хотод богино долгионы бага чадлын радио станцын иж бүрэн барилга байгууламжийг байгуулж өгсөн юм. Мөн 1900 км урттай Радио релйн шугамыг байгуулснаар радио өргөн нэвтрүүлгийн программыг олон улсын стандартын өргөн зурвасын сувгаар өгдөг болсноор радиогийн сонсголын чанар эрс сайжирч Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээ буй болсон юм.
ЗСБНХУ -ын бэлгийн радио станц
Радио өргөн нэвтрүүлгийн үндсэн сүлжээний өндөр чанартай радио долгионы тархалтын 1990 оны байдал
Радио өргөн нэвтрүүлгийн станцуудыг тоон технологид шилжүүлснээр цахилгааны бага зардлаар, нэг сувгаар хэд хэдэн программыг дамжуулах, богино бяцхан мэдээлэл дамжуулах боломж олгодгоороо аналоги технологоосоо давуу талтай юм.
Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх ажлыг хойш нь тавилгүйгээр хэрэгжүүлэх арга хэмжээг ойрын жилүүдэд зохион байгуулахыг радио сонсогчид, холбоочид төр засгаасаа хүлээсээр байна .
Монголын холбоочид радио өргөн нэвтрүүлгийн техникийн баазыг хөгжүүлэх, иргэдийг өндөр чанар, сонсголтой радио өргөн нэвтрүүлгийг хүлээн авах боломжийг хангахад цогц арга хэмжээнүүдийг авч байсан ба цаашид ч энэ чиглэлээр шинэ дэвшилттэй технологийг нэвтрүүлэх талаар их зүйлийг хийхэд туршлага, оюун ухаанаа дайчлан ажиллах болно.
И. Норовжав
/Монгол Улсын Гавьяат холбоочин, Холбооны яамны сайд асан
1979-1989 он/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна