Нийслэл хот хөл хөдөлгөөнд ордог наймдугаар сарын сүүлчийн долоо хоног өнгөрлөө. Авто замын ачаалал төдийгүй явган хүний урсгал ихэссэн нь хичээлийн шинэ жил эхэлсний дохио. Өнгөрч буй долоо хоногийн гол үйл явдлуудаас тоймлолоо.
17 улсад оюутан суралцуулна
Улсын хэмжээний 64 их, дээд сургуульд 145 мянган оюутан суралцдагийн дийлэнх олонх нь нийслэлд төвлөрдөг учраас зуны саруудад эл хульхан байсан Улаанбаатарт хөдөлгөөний эрчим нэмэгджээ. Ирсэн гийчин буцдаг энэ цагаар гадаадад сурдаг оюутан залуус эх орондоо сэтгэл хоргодон сургуулийнхаа зүг хөлгийн жолоо залж байна. Улсынхаа Ерөнхийлөгчөөс илгээлт аван эрдмийн аянд мордож буй залуус “Чингис хаан” нисэх буудлаас дэлхийн 17 улсыг зорилоо. Тэд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсээд уламжлалын дагуу Төрийн далбаа дурсгасан юм. Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Австри, Вьетнам, Казахстан, Куба зэрэг 17 улсын их дээд сургуульд 245 оюутан суралцахаар явжээ. Ерөнхий боловсролын сургуулиудын урсгал засвар дуусаж, сурагчдаа угтан авах гэж байна. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэлд 78461 хүүхэд хамрагдах ёстой. Бүртгэлийг “Е-Монголиа” системээр явуулсан нь иргэдийн цагийг хэмнэсэн төрийн зохицуулалт байлаа. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ гэр сургуулийн хооронд зөөх амаргүй ажил. Үүнийг хөнгөвчлөх зорилгоор Улаанбаатар хотод төрийн өмчийн 72 сургуульд 75, хувийн сургуулиудын 140 автобусаар сурагчдад үйлчлэхээр зэхсэн байна. Төрийн өмчийн сургуулиудын автобусаар өнгөрсөн онд 520 гаруй мянган хүүхэд үйлчлүүлж, аюулгүй зорчих эрхээ эдэлжээ. Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг багасгах тухай ёс мэт ярьдаг. Тэгвэл энэ жил 44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллахаар болжээ. Боловсролын сайд П.Наранбаяр Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмыг яаралтай батлан албажуулах, гэрээт багш ажиллуулахтай холбогдох журам боловсруулахыг шуурхайлах зэргийг даалгасан байна.
Дэлхийн эмэгтэйчүүд чууллаа
Монгол Улсын имижийг эергээр харуулсан олон улсын уулзалт, өндөр түвшний айлчлалууд тогтмол болж, гаднын орнуудын анхаарлыг татаж эхэлсэн. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт наймдугаар сарын 22, 23-нд Улаанбаатар хотноо амжилттай боллоо. Чуулганд оролцогчид жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцооны тухай өргөн цар хүрээтэй яриа өрнүүлж, харилцан туршлага солилцсон юм.
Эдийн засгийн эерэг дохио
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрс экспортолсон нь төсвийн орлого нэмэгдүүлэхэд гол хүчин зүйл болсныг онцлов. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд дээрх үзүүлэлтийг хангасан байна. Өөрөөр хэлбэл, 2023 онд нүүрсний экспорт өмнөх оноос 37.8 сая тонноор нэмэгдсэн аж.
Урлаг, спортынхон амжилтаа мялаалгалаа
Урлаг, спортын хүрээнийхэнд шагналын хур буусан долоо хоног өнгөрлөө. Энэ бол тэдний хөлс, хүчээрээ бүтээсэн амжилтыг үнэлсэн мялаалга. ОХУ-ын Пермь хотноо болсон олон улсын балетын бүжигчдийн XVIII “Арабеск” уралдаанд тэргүүн байр эзэлсэн Консерваторын сурагч Ү.Анарт 65 сая төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ. Олон улсад балетын "А" зэрэглэлд тооцогддог нэр хүндтэй тэмцээн юм. Мөн Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сурагч Г.Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Түүнчлэн Дархан аварга Н.Батсуурь дэлхийн аваргын гурван медальт, Олимпын наадмын шагналт байрын эзэн, Гавьяат тамирчин Д.Отгонжаргалд амласан хоёр өрөө байрныхаа түлхүүрийг гардуулжээ. Тэгвэл “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдогийн тамирчин Б.Баасанхүү төрөлх сургуулийнхаа 50 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бэлэглэж, эрдмийн аянд нь амжилт ерөөлөө. Б.Баасанхүүгийн хувьд 2017 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэнэ” сургуулийг төгсжээ.
Намар цаг, ургац, урсгал засвар
Нийслэлийн хэмжээнд энэ жил 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугам шинэчилж байна. Өнгөрсөн сард эхэлсэн УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх 900 метр хос шугамыг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн I, VI, VIII хорооны хэрэглэгчдийг дулаанаар хангадаг тус шугам хоолойг анх 1959 онд ашиглалтад оруулсан ч насжилтын хугацаа нь дууссан аж. Үүнтэй холбоотойгоор дээрх байршлын 2Ф350 мм-ийн голчтой 0.95 хос.км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөж буй. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллаж, тус ажлыг ирэх сарын 15-наас өмнө дуусгахыг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо. Шугам хоолойн шинэчлэлийн ажил дууссаны дараа нийслэлийн Авто замын хөгжлийн газраас дээрх байршилд авто замыг хучиж, тохижилтын ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км дулааны шугам сүлжээ байгаагаас ихэнх нь 30-60 жилийн насжилттай гэж нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээлэв. Цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээний ажиглалтын мэдээгээр 2024 оны наймдугаар сарын 20-ны байдлаар газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудай сүүн бололтоос аарцан бололтын үе шатанд, төмс ихэнх нутагт цэцэглэлтийн төгсгөлөөс иш навчны гулжийлтийн үе шатанд байна. Есдүгээр сарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур газар тариалан бүхий ихэнх нутгаар дунджийн орчим бол хур тунадасны хувьд зөвхөн эхний 10 хоногт ахиу орох төлөвтэй байна. Иймд есдүгээр сарын дунд үеэр хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримал ургамлын ургац хураалтад таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын богино болон дунд хугацааны мэдээг тухай бүрт авч ажиллах, эртнээс сэргийлж, хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хүйтний ам наашилж, хөхүүрийн цаашилж байгаа ч энэ сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд зуншлага сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумын нутгаар муу гэж үнэлэгджээ. Ирэх өвөл,хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй, 30 гаруй хувьд хэтэрчээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна