Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, Монгол, ОХУ-ын хамтарсан ёслолын жагсаал, хүндэтгэлийн хурал Дорнод аймагт болж өнгөрлөө. Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Чойбалсан хотод ЗХУ, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг нээж, Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Монгол, Оросын Зэвсэгт хүчний анги, салбаруудын цэргийн ёслолын жагсаалын өмнө Халхын голын байлдаанд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргийн нэгтгэл, ангиудын байлдааны тугийг залж, хүндэтгэл үзүүллээ. Түүхт ялалтын баярын хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар оролцож, Монгол, Оросын ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, зочид, иргэдийн төлөөлөлд баяр хүргэлээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган ахмад дайчин Ц.Чимэдцэрэнг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулан өглөө. “Суман дундуур гүйж явлаа” хэмээн дурсах Ц.Чимэдцэрэн гуай өдгөө 100 гаруй нас зооглож байна. Ялалтын ойн баярын хамгийн хүндтэй зочин тэрбээр Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон 14-18 насны 16 охины нэг бөгөөд чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин юм. Ц.Чимэдцэрэн гуай 1939 онд Халхын голын байлдаан эхлэхэд 15 настай, Баяндунгийн охидын түр сургуульд сурч байсан ажээ. “Гэнэтийн дайралт боллоо гэхийг сонсоод, дайн болж байгаа газарт очиж тусалъя. Юу хий гэснийг хийнэ” хэмээн бусдыгаа уриалан тэргүүн фронтод очиж байсан нэгэн юм байна. Түүхт ялалтын баярын хурлын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар “Энэ ялалт монголчууд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн түүхэн үйл явдал” гэдгийг онцоллоо. Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн, түүхэн сургамжийг ирээдүй хойч үедээ өвлүүлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх ёстойг тэмдэглэв. Мөн энэ өдрүүдэд Монгол-Оросын хамтарсан байлдааны буудлагатай “Сэлэнгэ-2024” цэргийн сургууль боллоо. Сургуульд хоёр улсын хуурай зам, агаарын цэрэг, тусгай ажиллагааны 700 гаруй цэрэг, 200 орчим техник, хэрэгсэл оролцсон юм. Энэ сургуулийг 2008 онд “Дархан”, 2011 оноос “Сэлэнгэ” нэртэйгээр хоёр улсын нутагт жил бүр зохион байгуулж байна. Энэ нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, алба хаагчдын мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, зэвсэглэл-техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Халхын голын түүхт ялалтын 85 жилийн ойн арга хэмжээ Халх гол суманд үргэлжинэ.
Энэ онд Монгол Улс, ОХУ-тай Дипломат харилцаа тогтоосны 102 жил, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой тохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сарын эхээр манай улсад хүрэлцэн ирэх товтой байгаа. Ингэснээр хоёр орны Төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээ эхлэх хөтөлбөртэй байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний хувьд хамгийн сүүлд 2019 онд Монгол Улсад айлчилж байсан удаатай. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нь Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байдаг. Түүнчлэн Монгол Улс, ОХУ хоорондын стратегийн түншлэлийн харилцааг “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” болгон нэг шатаар ахиулсан юм. Энэ хүрээндээ хоёр тал 10 баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг.
Х.ЦАЦРАЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна