УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар хуралдсан ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана. УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн шинэ парламент анхны ээлжит бус хуралдаанаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахын зэрэгцээ улсын төсвийг тодотгох ажилтайгаар чуулсан. Чуулганы хуралдааны хугацааг энэ сарын 27 гэж анх товлосон ч 30-ныг хүртэл сунгасан юм. Ингэснээр ээлжит бус чуулган зорилгоо биелүүлэн хаалтаа хийхээр болж байна. Тодруулбал, УИХ-ын чуулганы наймдугаар сарын 27-ны хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан бол хаалтын өдөр 2024 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлана. Ийнхүү улсын төсвийг тодотгож буйтай холбоотойгоор нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газар 2023 онд төсвийн талаар тэргүүлэх найман чиглэлийн хүрээнд 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласныг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлоод төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 22.5 их наяд төгрөгөөр аудит хийж баталгаажуулсныг мэдээлсэн.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 1.3 их наяд төгрөгөөр давуулж, урсгал зарлагыг 966.2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг нэг их наяд төгрөгөөр тус тус дутуу зарцуулан, эргэн төлөгдөх цэвэр зээл 29.8 тэрбум төгрөгөөр дутуу бүрджээ.Мөн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 786.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Засгийн газрын нийт өр 2023 онд 30.8 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь өнөөгийн үнэ цэнээр тооцвол 26.6 их наяд төгрөг болж ДНБ-ий 38.6 хувьтай тэнцэж, өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.1 их наяд төгрөгөөр буюу дөрвөн хувиар буурсныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав дурдлаа. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд 7.4 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 1139 төсөл, арга хэмжээг 2.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсны тухайн жилийн санхүүжилтийн гүйцэтгэл 83.2 хувь, тухайн онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн 883 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 62.5 хувьтай байгаа аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг хэрэгцээ шаардлага, тэргүүлэх ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлээгүй, санхүүжилтийг хэрэгжих хугацаатай нь уялдуулж төлөвлөөгүй, тулгарсан асуудлыг шийдвэрлэх цаг хугацаа, шат дараалал тодорхойгүй, гэрээний хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа зэрэг нь төсөл арга хэмжээний хэрэгжилт удаашрах, зогсонги байдалд хүрэхэд нөлөөлж, төсөвт өртөг нэмэгдэх шалтгаан болж байна гэж аудитын дүгнэлтэд дурдсан байна. Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчдад 11 зөвлөмж өгч, илэрсэн зөрчилд 8.2 тэрбум төгрөгийн 11 төлбөрийн акт тогтоож, 28.6 тэрбум төгрөгийн 15 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоог үнэлэх, барилга байгууламжийн зураг төсөл, гүйцэтгэлд илэрч байгаа нийтлэг зөрчил, тулгарч буй асуудалд судалгаа, шинжилгээ хийж эрх зүйн орчныг сайжруулах замаар хөрөнгө оруулалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэрбээр Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулахдаа онцолсон юм.
УИХ-ын гишүүд зэсийг биржээр арилжаалах санал гаргаж, ТЭЗҮ-гүй төслүүдийн үр дүнг хөндлөө
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тухайд гадаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дамжуулан зээлдүүлсэн олон жилийн насжилттай, хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгдээгүй 1.1 их наяд төгрөгийн авлагын үлдэгдэлтэй, гадаад зээлээр санхүүжүүлж 2018-2022 онд хэрэгжиж дууссан “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл төсөл”-ийн нийт 176.7 тэрбум төгрөгийн дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулаагүй, авлагаар бүртгээгүй, орон сууцны хороолол, дэд бүтэц төслийн хүрээнд дамжуулан зээлийн гэрээний дагуу 2012 онд олгосон нийт 239.2 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийн гэрээний эргэн төлөлт хийгдээгүй, гэрээний дагуу маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллаагүй, мөн гадаад зээл, буцалтгүй тусламжаар санхүүжсэн 10 төсөл хөтөлбөрийн бусад эргэлтийн хөрөнгө, дуусаагүй барилга байгууламж, урьдчилж гарсан зардал дансанд бүртгэлтэй нийт 534.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг эзэмшигч, ашиглагч байгууллагад шилжүүлж, төслийн хаалтын санхүүгийн тайлан бэлтгээгүй зэрэг үндэслэлээр “Хязгаарлалттай” гэсэн дүн тавьсан байна. Түүнчлэн, нийт нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбоотой 3.85 их наяд төгрөгийн алдаа илэрснээс 3.8 их наяд төгрөгийн алдааг залруулж, хууль тогтоомж зөрчсөн 4.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 62 төсвийн ерөнхийлөн захирагчийн 34-т “Өөрчлөлтгүй”, 28-д “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгчээ. Аудитын дүгнэлтэд үндэслэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд тусгасан эдийн засгийн үзүүлэлтүүдийг тухайн жилийн төсвийг батлахдаа өөрчлөхгүй байх, Төсвийн тухай хуулиар батлаагүй хөрөнгө оруулалтын болон нийгмийн шинжтэй төсөл, арга хэмжээг төрийн өмчит хуулийн этгээдүүд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж, байгууллагын ашигт ажиллагаа, төвлөрүүлэх ногдол ашигт сөргөөр нөлөөлж буй асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулахад анхаарал хандуулж, дэмжиж ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүсэв. Мөн төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гарган, биржээр нээлттэй арилжаалж олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангах талаар Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллахыг хүслээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Г.Дамдинням, М.Нарантуяа-Нара, Д.Батлут, Го.Ганбаатар, Б.Мөнхсоёл, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар асуулт асуув. УИХ-ын гишүүд зэсийг яагаад биржээр зарахгүй байгаа, нүүрсний биржийн арилжаа ямар түвшинд байгаа болон төсвийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, утаагүй түлшний үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилт, төслийг амжилтгүй болгосон хүмүүстэй ямар хариуцлага тооцож байгаа, “Авлига хороолол” гэгддэг Акуа хорооллыг барьж байгаа аж ахуйн нэгжийн хууль зөрчсөн үйлдлийг яагаад таслан зогсоохгүй байгаа, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийн гүйцэтгэгч компаниудад хэрхэн хяналт тавьж буй, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төслүүдтэй холбоотойгоор хохирсон иргэдийн эрх ашгийг хэрхэн хангах, мөн “Бордюрын мафи”, төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, өр төлбөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөлгүй төслүүдийн санхүүжилтийн дүн, төсөвт өртгийн өсөлтийн шалтгаан, Гашуун сухайт-Ганц мод боомт чиглэлийн төмөр замын ажил, улсын төсвийн зардлын өсөлт тусгай шаардлагыг хэтэрсний шалтгаан, нөхцөл, давсан орлого болон хэмнэсэн зардлыг захиран зарцуулах нөхцөл боломжийг нээх, авлигын хэргээс хурааж авсан хөрөнгө, түүний зарцуулалт, аудитын зөрчлүүдэд тавьсан акт, түүний мөнгөн дүн, хохирол барагдуулах арга хэмжээ зэрэг асуудлуудыг хөндөж, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хууль зүйн сайд О.Алтангэрэл, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав, Ерөнхий аудитын орлогч Я.Самбууням болон Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээг 28 их наядаар тооцов
УИХ-ын ээлжит бус чуулганы 28-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан даргалан явуулав. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж төсвийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар байнгын хороонд шилжүүлсэн хоёр санал, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн найман саналаар тус тус санал хураалт явуулсныг онцлон дурдсан юм. Тогтоолын төслийн гуравдугаар заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул Байнгын хороо Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсгийг баримтлан анхны хэлэлцүүлгээр батлуулах талаарх Ж.Бат-Эрдэнэ гишүүний гаргасан горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр нар асуулт асууж, хууль бусаар олгосон газрыг нийтийн эзэмшлийн газар болгож ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон "Хэрлэн-Тооно", Орхон-Онги төслүүдийг ямар зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, мөн хилийн зурваст уул уурхайн ашиглалт явуулж байгаа гэх мэдээллийн талаар хариулт авав. Дараа нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Галбадрах, С.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан, Г.Очирбат, А.Ганбаатар, Го.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг тогтоолыг батлах талаар санал хураалт явуулав. Тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж олонх үзсэнээр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тогтоолыг баталлаа. Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэгт хэсгийн “тэнцвэржүүлсэн тэнцэл” гэсэн үзүүлэлтийг хуульд хэвээр үлдээж, эшлэлийг хуульд нийцүүлэн өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдэд УИХ-ын Тамгын газраас хийсэн хууль зүйн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсжээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал төсвийн тусгай шаардлагыг өөрчилснөөр гарах зардлын болон Засгийн газрын өрийн өөрчлөлтийг талаар асууж хариулт авсан юм. Дараа нь Төсвийн байнгын хорооноо гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэгт хэсгийн “тэнцвэржүүлсэн тэнцэл” гэсэн үзүүлэлтийг хуульд хэвээр үлдээж, эшлэлийг хуульд нийцүүлэн өөрчлөх тухай уг зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн П.Ганзориг хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, төслийн эцсийн хувилбараар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээг 28 их наяд 872.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 30 их наяд 487.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.5 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг нэг их наяд 615.4 тэрбум төгрөг буюу ДНБ-д эзлэх нийт төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -2.0 хувьтай тэнцүү байхаар тооцсоныг дурдаад, хуулий төслүүдийн эцсийн хувилбарыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн талаар тэмдэглэв. Төсвийн байнгын хороны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй тул Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна