УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаражаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах тухай Монгол Улсын санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр анхнаас нь дэмжиж, зохион байгуулалтад идэвх, санаачилгатай оролцсонд талархал илэрхийлсэн. НҮБ, түүний дотор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, 60 гаруй жилийн турш хамтран ажилласан бидний найдвартай түнш гэдгийг мөн онцолсон. Цаашид тогтвортой хөгжлийн зорилгууд, жендэрийн тэгш байдал, эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн менежмент, сайн засаглал зэрэг олон чиглэлд, өргөн хүрээгээр идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаража Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцах хүрээнд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах, дасан зохицох ажлууд болон малчид, хоршоодын сайн туршлагатай танилцсан талаар онцлов. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзаж, цаашид орон нутагт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр олон улсын сайн туршлага нэвтрүүлэх талаар санал солилцсон гэв. Цаашид Хоршоолол болон эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин ажиллахаас гадна эрчим хүчний шинэчлэлд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ. Талууд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар улам баяжуулж, өргөн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска болон Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой санхүүжилтийн төвийн эдийн засагч Номан Иштиак нарыг албаны бусад зочдын хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хүндэт зочидтой байнгын хорооны гишүүдийн хамт уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, НҮБ болон түүний системийн байгууллагуудтай олон талт, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг цохон тэмдэглэв. Тэрбээр үргэлжлүүлэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд байгуулагдсан парламент дахь Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагаа нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын биелэлтийг хурдасгахад хэрхэн уялдаж, дэмжин ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн юм. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска, УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж буй энэ чухал үед хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн сацуу байнгын хорооны гишүүд хүний эрх, жендэрийн тэгш байдал, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч гэхчилэн хамтын ажиллагааны онцлох чиглэлүүдэд өөр өөрсдийн оролцоо, туршлагаар дамжуулан үлэмж хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн үндсэн гурван хүрээг хамарч төр, хувийн хэвшил, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжих учиртай тул хоорондын нягт уялдаа бүхий салбар дамнасан асуудлуудыг цогцоор нь харж, шийдэл гаргах нь зүйтэй гэдэгт уулзалтад оролцогч талууд санал нэгдлээ. Хатагтай Матилда Димовска хэлэхдээ, дэлхийн улс орнуудад Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хурдасгахын тулд төсвийн шинэчлэлээр дамжуулан үр дүнд суурилсан төсөвлөлт, түүний зарцуулалт, сахилга батыг нэмэгдүүлэх үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байгааг тодотгов. Түүнчлэн Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээг төлөвлөх, түүнд хүрэх замын зураглалыг тодорхойлох, бодлогын уялдааг хангах чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаа. Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой санхүүжилтийн төвийн эдийн засагч Номан Иштиак, төсвийн сахилга батыг хэвшүүлэхэд дунд хугацааны төсвийн хүрээ, түүний гүйцэтгэл нь чухал үүрэгтэйг тэмдэглээд, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг оновчтой тодорхойлох асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэлээ. Тэрбээр энэ сэдвээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс олон талт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй талаар мэдэгдээд, байнгын хорооны гишүүдийг оролцохыг урьсан юм. Уулзалтын төгсгөлд, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, төсөв санхүүгийн ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна