СДМЭХ-ны 21 аймаг болон нийслэл, дүүргийн салбар холбооны удирдлагуудыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны /СДМЭХ/ Ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жавзандорж, Нийслэлийн салбар холбооны дарга Б.Ану-Үжин болон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд, 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн төлөөлөл оролцсон юм. СДМЭХ нь 1994 оны арваннэгдүгээр сарын 4-нд “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд энэ онд 30 жилийн ой нь тохиож байгаа билээ. Уулзалтын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо бүх шатанд өндөр байсныг дурдаад ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд нь амжилт хүссэн юм. Тэрбээр “Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Үүний дагуу улс төрийн нам болон Сонгуулийн тухай хуульд томоохон өөрчлөлт оруулснаар УИХ анх удаа 126 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Мөн бүсчилсэн хэлбэрээр холимог тогтолцоогоор сонгуулийг явуулсан нь парламентын засаглалыг бэхжүүлэх, төлөөллийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд томоохон өөрчлөлт, шинэчлэл болсон. Сонгуулийн дүнгээр цөөнгүй эмэгтэй парламентад орсноор Азийн төдийгүй дэлхийн жишигт хүрч чадсан. Тиймээс цаашдаа Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн оролцоо улам нэмэгдэх чиг хандлагатай байна” гэдгийг тодотгоод тийм ч учраас шинээр бүрдсэн УИХ-ын дэд даргаар СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяаг томилсныг онцолсон. Түүнчлэн тэрбээр аль ч талаасаа энэ удаагийн орон нутгийн сонгуулийн дүн чухал ач холбогдолтой учраас СДМЭХ бүх шатандаа маш өндөр ач холбогдол өгч, идэвхтэй ажиллахыг хүссэн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар СДМЭХ-ны аймаг, нийслэлийн салбар холбооны дарга нарт хандан ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцож, өндөр үр дүн үзүүлэхийг хүссэн юм. Түүнчлэн тэрбээр МАН сонгуулийн дүнд олонх болсон ч хамтарсан Засгийн газар байгуулах болсон гурван үндэслэлийг тайлбарласан. Үргэлжлүүлэн СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа саяхан болж өнгөрсөн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцохоор 200 гаруй гаднын зочин манай улсад хүрэлцэн ирснээс дэлхийн улс орнуудад томоохон албан тушаал хашдаг, улс төрийн зүтгэлтэн эмэгтэйчүүд ирсэн нь манай улсын эмэгтэйчүүдэд ч жишиг болохуйц арга хэмжээ болсныг дурдаад дээрх чуулганд СДМЭХ-ны гишүүд идэвхтэй оролцсоныг дуулгалаа. Түүнчлэн тэрбээр дэлхийн эмэгтэйчүүд улс төрд ямар оролцоотой байгаа юм, тэдний баримталж буй чиг хандлага нь хаашаа чиглэж байна вэ гэдгийг мэдэхгүйгээр улс төрд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж байхгүй гэдгийг тодотгосон. Төр барилцаж байгаа хүмүүс ямагт бусдаас таван алхмаар түрүүлж явах үүрэг, хариуцлагатай байдаг учраас өнөөдрөө харсан биш ирээдүйд чиглэсэн шийдвэрийг гаргах шаардлагатай болдог гэдгийг хэлээд МАН-ын хувьд УИХ-ын сонгуульд олонх болсон ч хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэж үзсэн нь ч үүнтэй холбоотой гэдгийг дурдаж байв. Мөн тэрбээр ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүд хэрхэн оролцох талаар “Намын дүрэмд зааснаар нийт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэдэг заалтаа баримталж ажиллах саналаа манай холбооны зүгээс бүх аймаг, дүүргийн дарга нарт явуулсан. Тэр дундаа Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон нийслэлийн МАН-ын хороонд энэ саналаа уламжилсан. Сонгуулийн тухай хуулиа баривал орон нутгийн сонгуульд нийслэлд л гэхэд есөн эмэгтэй л нэр дэвшихээр байна. Харин 30 хувиа бариад явбал нийслэлд 14 эмэгтэй нэр дэвших боломжтой болно. Суманд дөрвөн хүн нэр дэвшихээр байгаа бол 30 хувьд хүргэснээр долоо болох боломжтой. Аймаг, дүүрэгт ес байсан бол 13 болгох боломж бүрдэнэ. Ингэснээр улс төр, шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн тоо улам олон болно гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. Аймаг, нийслэлийн СДМЭХ-ны тэргүүн, удирдлагуудын зүгээс Ерөнхий нарийн бичгийн даргад тулгарч буй зарим асуудлын талаар хэлэхийн зэрэгцээ холбооны удирдлагуудад ч зарчмын байр сууриа илэрхийлж байлаа. Ингэхдээ үг хэлсэн гишүүдийн олонх нь цаашид улс төр дэх мөнгөний хамаарлыг багасгахад анхаарч өгөхийг хүсэж байлаа. Учир нь эмэгтэйчүүд улс төрд ороод явахад хамгийн түрүүнд тулгамддаг асуудал нь хөрөнгө санхүүтэй холбоотой байдаг. Энэ нь нэг ёсондоо эмэгтэйчүүдийн хувьд сул тал болох хандлагатай байдаг учраас намын удирдлагуудыг эрх барьж буй энэ цаг хугацаанд улс төрийг мөнгөний хамаарлаас салгах тухайд санаачилгатай бөгөөд шийдвэртэй ажиллахыг хүсэж байлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хувьд дээрх тэдний хэлж буйтай бүрэн дүүрэн санал нийлж байгаа бөгөөд МАН цаашид энэ тухайд шийдвэртэй ажиллана гэдгийг хэлж байлаа.
Б.Жавзандорж: СДМЭХ цаашид нийгэмд чиглэсэн олон төрлийн ажил, арга хэмжээг идэвхтэй өрнүүлнэ
Энэ үеэр СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жавзандоржоос дараах асуултад хариулт авлаа.
-УИХ-ын сонгуулийн дараа, орон нутгийн сонгуулийн өмнө болж буйгаараа онцлогтой хурал боллоо. Таны хувьд ач холбогдлыг нь хэрхэн тодорхойлох вэ?
-Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн салбар зөвлөлийн удирдлагуудыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч уулзлаа. Бид энэ удаагийн уулзалтаар олон талын асуудлыг хөндөж ярилцан, холбооны гишүүддээ буюу анхан шатанд, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар сонсож, мэдээлэл авч, санал солилцлоо. Намын удирдлагуудын зүгээс УИХ-ын сонгуулийн дараах анхны томоохон уулзалт нь энэ болж байна. Энэ бол МАН эмэгтэйчүүдэд ямар өндөр ач холбогдол өгдөг вэ гэдгийн томоохон илэрхийлэл юм. Нөгөө талаас анхан шатанд ажиллаж буй эмэгтэйчүүдээ сонсох, тэдэнд ямар асуудал тулгамдаж байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг гарц, гаргалгааг олж харах боломж бүхий уулзалт боллоо. Бидний уулзалтын бас нэг гол зорилго нь Аймаг, нийслэл, сум, дүргийн ИТХ-ын сонгуулийн өмнө болж байгаагаараа өндөр ач холбогдолтой. Энэ сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн дээшлүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг ямар байдлаар хангах вэ гэдгээс авахуулаад цаашид энэ чиглэлээр тухайлсан үйл ажиллагааны хөтөлбөр гаргах талаар мөн нарийвчлан ярилцаж санал солилцлоо.
-СДМЭХ-ноос санаачлан 21 аймгийн Эрүүл мэндийн төвд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон талаар та хэлж байсан. Энэ төслийн талаарх мэдээллийг манай уншигчдад өгнө үү?
-Энэ удаагийн 21 аймаг, есөн дүүргийн салбар холбоодын удирдлагуудын уулзалт, арга хэмжээтэй зэрэгцүүлээд бидний зүгээс 21 аймагт жишиг төслийг эхлүүлж байгаа юм. Тодруулбал, 21 аймгийн Эрүүл мэндийн төвүүдийн Төрөх тасагт “Сэтгэлзүйн өрөө”-г байгуулах юм. Энэ төсөл маань бэлэн болсон учраас салбар зөвлөлийн эмэгтэйчүүддээ гардуулж өглөө. Төслийн гол онцлог нь СДМЭХ-ны салбар зөвлөлүүдийн маань бодит ажлын үр дүн болох юм. Түүнчлэн энэ төслөөр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтыг хангахаас гадна эмэгтэйчүүдийн холбоо учраас бид бүхний зүгээс энэ жилийн хувьд илүү нийгэмд чиглэсэн олон талт арга хэмжээг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн нэг хэсэг нь гэж ойлгож болно. Тиймээс цаашид СДМЭХ-ноос санаачилсан, нийгэмд, нийтэд чиглэсэн олон төрлийн ажил, арга хэмжээг идэвхтэй өрнүүлэхээр ажиллаж байна.
-СДМЭХ орон нутгийн сонгуульд хэрхэн бэлдэж байна вэ, нэг үеэ бодвол аливаа сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр болчихлоо шүү дээ. УИХ-ын том сонгуулийн квотоо орон нутагт хангаж чадахаар байна уу?
-Улс төрийн намын тухай хуулиар эмэгтэйчүүдийн оролцоо 30-аас доошгүй байхаар заасан бол Сонгуулийн тухай хуулиар 20 хувь гэж заасан байдаг. СДМЭХ-ны хувьд энэ удаагийн орон нутгийн сонгуульд 30 хувийн квотоо хадгалж ажиллана гэж харж байгаа. Магадгүй цаашид 40, 50 хувьд хүргэх ч боломжтой талаар бид ярилцаж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна