Монголын радио хэмээх их айлын тулгын чулууг босголцож,
түүхийнх нь шанг татан, цээл сайхан хоолойгоо эх орон даяар
цангинуулсан анхны радио нэвтрүүлэгчдийн нэг Лувсангийн Рагчаа
* * *
Лувсангийн Рагчаа нь Хөвсгөл аймагт эцэг эх дээрээ хүмүүжиж байгаад 1926 онд тэр үеийн Наранжаргалант уулын хошууны (одоогийн Хөвсгөл аймгийн Мөрөн хот) танхимд орж гурван жил суралцан төгсжээ. Улмаар 1930 онд Цэцэрлэг мандал аймгийн (одоогийн Архангай аймаг) бэлтгэл дунд сургуульд шилжин суралцаж байхдаа сурлага хичээл сайтайн учир Германы Берлин хотод болсон дэлхийн пионерын хоёрдугаар чуулганд монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож явжээ.
Тэр жилийнхээ намар Хөвсгөл аймгийн Наранжаргалант уулын хошууны эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллаж байгаад 1931 онд аймгийн эвлэлийн хороог анх байгуулагдахад тус хорооны товчооны гишүүн болж, пионерын товчооны эрхлэгчээр 1932 оны гуравдугаар сар хүртэл ажилласан байгаа юм. Дараа нь Эвлэлийн төв хорооны шалгуур, шийдвэрээр Улаанбаатар хотод шилжин ирж Эрүүлийг хамгаалах яамнаа эх нялхсыг хамгаалах байцаагчийн хариуцлагатай ажлыг хийж эхлэв.
Энэ үед Улаанбаатар хотод Монголын Хэвлэл мэдээллийн ууган хэрэгслийн нэг Монголын радио төрөх тун дөхсөн дуншиж байв. 1930 онд МАХН-ын Төв хороо, Хянан байцаах төв комиссийн хамтарсан хурлаар "агаарын мэдээ байгуулах явдал болбоос маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн" гэж заагаад Ардын хувьсгалын 10 жилийн ойн баярын өмнө заавал радио нэвтрүүлэг эхлүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн байдаг. Радио байгуулах ажилд олон нийтийн хүчийг татан оролцуулах үүргийг Худалдаа аж үйлдвэрийн яаманд даалгахаас гадна 1930 онд ЗХУ-аас радио хүлээн хүлээгч, микрофон, чанга яригч гээд урд хожид сонсож дуулаагүй тоног төхөөрөмжийг авчирчээ. Радиогийн материал техникийн баазыг байгуулахын тулд "Монгол радио" гэдэг хоршоог байгуулж, 1931 онд радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Иркутск хот руу илгээсэн байгаа юм. Тэд хоёр жилийн дараа Монголын радиогийн анхны ажилтнууд болсон түүхтэй. Ингэж мэргэжилтнүүд болон тоног төхөөрөмжөө бэлтгэсний дараа туршилтаар нэвтрүүлэг хийж эхэлжээ. Тодруулбал, 1931 оны тавдугаар сарын нэгэнд Засгийн газар, Цэнгэлдэх хүрээлэн, Лениний нэрэмжит клуб зэрэг хэд хэдэн газар радио цагаан хоолой байрлуулж үдшийн 19 цагаас монгол, орос, хятад хэлээр илтгэл уншуулж, дуу хөгжим нэвтрүүлэв. Мөн оны зургаадугаар сарын хоёрноос эхлэн Улаанбаатар хотод долоо хоногт хоёр удаа радио нэвтрүүлэг явуулдаг боллоо. Ингээд 1931 оны долоодугаар сарын 11-нд Ардын хувьсгалын 10 жилийн ойн баяраар Буянт-Ухаа дахь наадмын талбайгаас анх удаа радио нэвтрүүлэг дамжуулжээ. Радио нэвтрүүлгийн цацах хүрээ нь эхэн үедээ нийспэл Улаанбаатар хотоор хязгаарлагдаж байсан бол тун удалгүй ЗХУ-ын тусламжтайгаар радиогийн техникийн төв, дахин дамжуулах станцыг Монголд барьж байгуулжээ. 1934 оны 8-р сард ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан радио станцыг БНМАУ-ын Засгийн газрын комисс хүлээн авсан байна. Ингээд 1934 оны 9-р сарын нэгэнд Монгол улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхлэв.
Монголын радио анх байгуулагдахдаа Харилцан нэвтрэлцэх холбооны харьяанд, одоогийн Сүхбаатарын талбайн баруун урд орой дээрээ цамхаг, цагтай хоёр давхар байшинд байрлаж байв. Радио нь эрхлэгч, хоёр нэвтрүүлэгчийн бүрэлдэхүүнтэй өдөрт хоёр цагийн нэвтрүүлэг бэлтгэж, Монгол орны 1700 орчим цэгт нэвтрүүлгээ цацаж байв. "Анхаараарай, анхаараарай, радио хорооноос ярьж байна" гэж эхэлсэн анхны түүхэн нэвтрүүлгийг Харилцан нэвтрэлцэх хорооны дарга, орчуулагч, радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жасрайн Батаа дамжуулсан байна. Энэ үед Эрүүлийг хамгаалах яаманд Эх нялхсыг хамгаалах байцаагчаар ажиллаж байсан Лувсангийн Рагчаад Монголын радиод нэвтрүүлэгчээр орох даалгаврыг Эвлэлийн төв хорооноос өгөв. Ингэж л 1935 оны нэгдүгээр сараас Монголын радиогийн нэвтрүүлэгч хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг Рагчаа бүсгүй гардан хийж эхлэв.
Монголын радио өглөөний долоон цагаас есөн цаг хүртэл, үдэш 17 цагаас 21 цагийн хооронд нэвтрүүлэг цацаж байлаа. Харин өглөөний есөн цагаас 17 цагийн хооронд Оросын радиогийн нэвтрүүлгийг нийслэлд дахин дамжуулдаг байжээ. Монголын радиогоор ихэвчлэн нам засгийн шийдвэр, тогтоол нэвтрүүлнэ. Олон улсын байдлын талаар багахан мэдээлнэ. Уран сайхны нэвтрүүлэгт Улсын төв театр, Сүхбаатарын нэрэмжит үлгэр жишээ клуб, Ардын цэргийн ансамбль, сайн дурын уран сайханчид, зохиолч С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг гээд тэр үеийн тэргүүний сэхээтэн зохиолчид оролцдог байжээ. Энэ үед шинээр байгуулагдсан радиод олон бэрхшээл тохиолдоно. Энэ тухай радиогийн ахмад ажилтан С.Лувсанцэнд "Тухайн үед радиогийн бүх нэвтрүүлэг шууд цацагддаг байсан тул уран сайханчдыг өглөө 5 цагт дуудаж ирүүлнэ. 30-40 хүн зэрэг цуглахгүй. Хоцорч загнуулах, санамсаргүй алдаа гаргах тохиолдол бишгүйдээ л тохиолдож байсан" гэж дурсан ярьсан байдаг.
"Тухайн үед автобус байхгүй, хөлсний морин тэргээр явдаг байсан болохоор хоцрохгүйн тулд нэгнийдээ очиж хоноод өглөө нь хамтдаа ирдэг байсан" гэж Л.Рагчаа 1974 он радиод өгсөн ярилцлагадаа дурссан байв. "Эхэндээ радиод редактор, сурвалжлагч гэж байсангүй. Би нэвтрүүлэгчээс гадна бичээчийн ажил хийж байсан бол Батаа орос хэл мэддэг болохоор орчуулдаг байлаа. 1939, 1945 оны дайны жилүүдэд шагнагдсан хүний материалыг шууд уншдаг байж. Нэвтрүүлгийн үндсэн сэдэв нь нам, засгийн тогтоол, шийдвэр, ялангуяа энэ үед намын шинэ эргэлтийн бодлогыг хөдөлмөрчин ард түмэн хэрхэн баяр баясгалантайгаар хүлээн авч байгаа нь гол материал болж байлаа. Уран сайхны нэвтрүүлгийн төлөвлөгөө, программыг нэвтрүүлэгт оролцох хуваарьтай газрууд тус тусдаа хийж, өөрсдийн удирдах газруудаар батлуулж ирнэ. Уран сайхны нэвтрүүлгийг голлон явуулж байсан газрууд гэвэл Улсын төв театр, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Амгалангийн үлгэр жишээ клуб, ардын цэргийн ансамбль, нийслэл хотын хороодын клубуудын сайн дурын уран сайханчид урлагийн нэвтрүүлгийн гол бааз болж байсан. Ер нь манайд сайн дурын уран сайханчид, зохиолчид маш идэвхтэй, хариуцлагатай оролцож байсан. Жишээ нь өглөө долоон цагт орох уран сайханчид маань зургаан цагт ирчихсэн хөгжмөө хөглөж, бэлтгэж байдаг сан. Бас тэр үед эгшигт хайрцгийн пянзны бичлэгийг нэвтрүүлж байсан. 1950-иад оны дунд үеэс одоогийн сурвалжлагын болон шууд нэвтрүүлгийн аппаратууд нэвтэрч, радио нэвтрүүлгийн сэдэв төрөл, өссөөр манай байгууллага улсын хэмжээний нэр нөлөө бүхий том байгууллага болтлоо өсөн бэхэжлээ" гэж ярьсан байдаг.
Л.Рагчаа нь радиогийн анхны нэвтрүүлэгчийн хувьд XX зууны Монголын ээдрээ нугачаатай олон түүхэн үйл явдлын гэрч болж, энэ зовлон бэрхшээл, баяр бахдал дундуур өөрийн амьдрал хувь заяаны эрхээр туулан гарсан эгэл нэгэн эмэгтэй юм. Тухайн үеийн сэхээтнүүдийн нэгэн адил түүний амьдралыг их хэлмэгдүүлэлтийн шуурга мөн л тойрсонгүй. 18 насандаа ханилан суусан, цэргийн арын албаны орлогч дарга байсан нөхрийг нь 1938 онд баривчлав. Рагчаа амралтаараа нутаг яваад иртэл бариад явчихсан байжээ.
Энэ тухай тэрээр ярихдаа "Залуу байхад бас сүйхээтэй байжээ. Дараа нь хоёр хүн ирсэн. Нэг нь их ширүүн. Дээл хувцас хүртэл тоолж үзээд "Чи яасан олон дээлтэй юм" гэж байна. Тэгэхээр нь "Ингэж хураагдана гэж мэдээгүй. Олсон ганц хоёр юмаараа хувцас хийж л байлаа" гэж хэлээд тавьчихсан. Хүн зовлон үзэхээр үнэхээр зориг ордог юм билээ. Арай ахимаг руу нь " Би одоо өөрийгөө л бодохоос биш, өөр бодох юм байхгүй боллоо" гэж хэлж байсан. Ингээд би гурван настай жаахан хүүхэдтэй хоцорч, удалгүй ажлаасаа гарсан. Тэр үеийн цэргийн даргын эхнэр, гэр бүл, хүүхдүүд их л зовж байсан сонсогддог. Бие биетэйгээ хамаагүй уулзахаас бас их айна. Их л дотно улсууд нь орой хүний чөлөө зав харж байж нэг нэгнийдээ ирнэ. Миний хувьд сүүлд нь хоёр дахь нөхөртэй суугаад, дараагийнхаа амьдралтай золгосон" гэж тухайн цаг үеийг дурссан байдаг.
Нөхрийг нь хэлмэгдүүлсний дараа 1938 онд Л.Рагчааг "эсэргүүний гэр бүл" хэмээн ажлаас нь чөлөөлсөн тул төрсөн нутагтаа очиж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын бичиг хэргийн эрхлэгчээр ажиллав. 1940 онд түүнийг эргэн ирэхэд радиод дахин ажилд авсан байна. Л.Рагчаа нь дайн эхэлсэн тухай түгшүүрт мэдээг анх уншиж байсан бол ялалтын тухай баярт мэдээг эх орон даяараа цуурайтуулж байсан ховор түүхтэй нэгэн. Энэ тухай өөрийн дурсамждаа "Дайн эхлэх үед "Манай театрын зорилго бол малчин ардыг хамгаална..." гээд л дуу явж байсан чинь гэнэтхэн өөр долгион орж ирээд орос нэвтрүүлэг ороод ирсэн. Герман Оросод цэргийн хүчээр дайрч гэнэ гээд л, хэдхэн хоногийн дотор л өөрчлөлт орсон. Холбоо олон орос мэргэжилтэнтэй байсан. Дайн зарласнаас хойш долоохон хоногт цөөхөн хүн үлдсэн. Бүгд фронтод явлаа гээд яваад өгсөн. Бид өөрсдийнхөө хэр чадлаар дотночлон уйлж унжаад л гаргаж өгч байлаа. Энэ үед радиогийн ачаалал маш өндөр байсан. Ажилчид ч гэсэн хагас цэрэгжүүлсэн байдалд орсон болохоор цагийн хязгаар байхгүй. Хэрэв жаахан сахилга алдаж, ажлаас хожигдвол тэр дор нь сахилгад хийнэ. Ажил тараад л шууд сахилгад аваачаад хийчихдэг хатуу дэглэмтэй байсан. Би нэг удаа үнэмлэхээ орхиод ирсэн. Гадаа цэргүүд оруулдаггүй. Уйлж унжаад, ерөнхий жижүүрт хэлж байж ороод нэлээн зэмлүүлж байсан удаатай. ТАСС-ын мэдээг орчуулаад цохиж амжилгүйгээр нооргоор нь нэвтрүүлдэг байсан. Гэхдээ энэ хүнд үед радиогийн байгууллага үүргээ биелүүлж чадсан. Намаас ч тэгж дүгнэсэн" гэжээ.
Монголын радиогийнхан дайн дуусахад бөөн баяр болж билээ. Гадаа талбайд дүүрэн хүмүүс цугласан тул цонхоо онгойлгож хөгжим тавиад микрофоноо цонхон дээр тавьж байгаад нэвтрүүлгээ дамжуулсан гэдэг. Мөн 1942 онд ширнофон гэдэг аппарат дээр киноны хальс бичих үеэр маршал Х.Чойбалсантай уулзаж байсан гээд Л.Рагчаагийн амьдралд тохиосон сайхан дурсамжууд олон.
Тэрээр дөрөвдүгээр ангийн боловсролтой гэж өөрийгөө чамлах ч хамт ажиллагсад, ойр тойрныхондоо амьдралын их сургуулийг хэдийнээ төгссөн нэгэн байлаа. Монголын радиод 1974 онд өгсөн ярилцлагадаа "Сургууль соёлгүй байсан нь миний ухамсрын дутуугаас болсон. Ажил хийгээд хүүхдээ өсгөөд л явбал болох юм, сайхан юм гэж бодоод боловсрол хөөж чадаагүй. Тэр үед эвлэлийн хороонд ороход 60 төгрөг, нэвтрүүлэгч байхад 390 төгрөгийн цалинтай. Болоод л явдаг байсан" гэжээ. Л.Рагчаа ийм л эгэл нэгэн. Гэхдээ өөрийн энэхүү эгэл зам мөрөөр залуусыг дагуулан сургаж, авьяаслаг нэвтрүүлэгч, сэтгүүлч, уран бүтээлчдийг төрүүлсэн байгаа юм. Нацагням, Лхагважав, Батсүх, Лхамжав, Цэдэндорж, Намсрайжав гээд түүний шавь нар сонсогч олны хайрыг хүлээсэн авьяаслаг нэвтрүүлэгчид байв. Ийм ч болохоор түүнийг Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулахад Соёлын яамны орлогч дарга Пүрэвээ гуай "Булган сүүлтэй хүн. Радиогийн олон хүнийг хүмүүжүүлсэн" гэж магтаж байжээ.
Рагчаа Монголын радиод 1935 оноос эхлэн 1959 оныг хүртэл тасралтгүй 24 жил нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад хүүхдээ төрүүлсний дараа 1960 оноос Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дуу хөгжмийн фондчиноор ажиллаж эхэлсэн байна. Түүнийг фондод ирэхэд нь дуу хөгжмийн бичлэгүүдэд минут секундыг бичиж тэмдэглээгүй гээд эмх замбараагүй байдалтай байлаа. Иймээс бичээч, бусад ажилтнуудын хамт уйгагүй ажиллаж, фондны бичлэгүүдийг эмх цэгцэнд нь оруулсан тухай ярьсан байдаг. Цэвэрлэгээ ч их хийжээ. Түүнийг 1960-1977 он хүртэл Монголын радиогийн фондод ажиллахдаа өнөөгийн эргэлтийн фондны бааз суурийг тавьсан хэмээн радиогийн ахмадууд дурсан ярьдаг байсан нь өнөө ч дуурсагддаг. Маршалын хэлсэн үгийг хүртэл хаячихсан байсныг азаар авч үлдэж байсан удаатай гэнэ. Үүнд Рагчаагийн хичээнгүй, нямбай, ажилсаг зан чанарын ач хэмээх нь бий. Тухайлбал, радио нэвтрүүлэгч Ш.Лхамжавын ярьсныг нэрт сэтгүүлч, зохиолч М.Чойжил өөрийн "Чихнээ сонсголонт радио" номондоо ийн бичсэн байв. "Манай Рагчаа гуай маш их нямбай. Би түүнээс их юм сурсан. Хөнгөн гоомой юм хийж болохгүй энэ тэр гээд захина. Хүний амьдрал ахуйд ч их сайхан санаа тавьж зөвлөдөг байсан" гэжээ.
Монголын радиогийн тэр үеийн ажилтнууд ёстой л манай нэрт найрагч Ш.Сүрэнжавын шүлэглэснээр "хөгжим баривал дуучин, клубт очвол жүжигчин, багт гарвал ухуулагч" болдог байв. Тэдний нэг нь ууган нэвтрүүлэгч Рагчаа яах аргагүй мөн биз. 1940-өөд он гартал радиогийн нэвтрүүлэг, дуу хөгжим бичлэгийн аппаратгүйгээс шууд нэвтэрдэг байсныг дээр өгүүлсэн. Радиогоо эхлүүлэх гэж уран сайханчид нь өглөө бүр эртлэн ирж хөгжмөө тоглоно. Ший жүжгийн тоглолтыг мөн л шууд амжуулна. Хэн нэг нь өвдсөн ч юм уу ирээгүй тохиолдолд нэвтрүүлэгчид өөрсдөө дуулахаас өөр аргагүй болдог байж. Нэг өдөр "Сумьяа ноён" жүжгийн тоглогч ирсэнгүй. Энэ үед Рагчаа нэвтрүүлэгч жүжигчнээс дутахгүй шахам дуулж байжээ. Бас сурвалжлагч гэж байсангүй учир радиогоор нэвтрүүлэх мэдээний эрэл хайгуулд байн байн гарна. Энэ тухай өөрийн дурсамждаа "Радио сурвалжлагч, сэтгүүлчгүй байхад "Үнэн" сонин авах гэж хэвлэх үйлдвэр дээр радио нээгдэхээс өмнө гүйж очно. Тэгээд үйлдвэрийнхэнд загнуулна. Одоогоор бол сурвалжлагчийн ажил шахуу. Мөн тэр үед радио "Интернациональ" дуугаар эхэлдэг байсан. Бид төгсгөлөө хийчхээд зэрэгцэж очоод дуулдаг байлаа шүү дээ. Хүч нэмж байгаа нь тэр" гэж хуучилж байжээ.
Ийм л нэгэн ажилч, хичээнгүй эгэл нэгэн эмэгтэй Монголын радио, телевизийн салбарын түүхийн эхлэлийг тавилцжээ. Ард олон, сонсогч түмний түүнд өгсөн анхны "Алтан гургалдай" хэмээсэн нэр Монголын радиогийн анхны эмэгтэй нэвтрүүлэгч Л.Рагчаа ямар яруу тунгалаг, эрмэг дуу хоолойтой байсныг гэрчилнэ.
Улс, нам түүний хөдөлмөрийг үнэлж олгосон Хөдөлмөрийн хүндэт медаль, 25, 40 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Улсын ударникийн тэмдэг, Соёлын тэргүүний ажилтан тэмдгүүд өдгөө эзнийхээ алдар гавьяаг гэрчлэн үр хүүхдүүдийнх нь хоймор заларсан буй. Л.Рагчаа зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 90 шахам насыг зоогложээ.
"Зууны 100 эмэгтэй" I ботиос...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна