Монгол Улс дэлхийн анхаарлын төвд багтаж, олон улсын бүхий л мэдээллийн сувгаар Монгол гэсэн нэр цуурайтсан адармаатай хэрнээ бахархал дүүрэн долоо хоног өнгөрч байна. Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлаад буцлаа. Орос Украины хооронд үүссэн сөргөлдөөнөөс шалтгаалан гаднын айлчлалуудаа үндсэндээ цуцалж, сөрөг мэдээллийн бай болж хувираад байгаа В.Путины энэ айлчлалын талаарх мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татав. Монголчуудын хувьд Оросын гар хардаг, тулгамдсан хоёр асуудал бий. Нэгдүгээрт эрчим хүч. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёрдугаарт, монголчууд шатахууны хувьд Оросын холбооны улсаас хараат байж, элдэв хомсдол үүсэхээс үргэлж болгоомжилж суудаг нь нууц биш. Тэгвэл В.Путины айлчлалын багт хамт ирсэн Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. ОХУ 2023 онд шатахууны экспортдоо хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад л газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээ мэдэгдсэн юм. Тэгвэл энэ хэлэлцээр батлагдсанаар Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй улс орны тоонд багтаж байна. Монголчууд Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг сүүлийн 20 гаруй жилийн турш ярьж, ОХУ-тай ойлголцож чадахгүй суусаар өнөөдрийг хүрсэн. Харин энэ удаагийн айлчлалаар яриа хэлэлцээр шинэ шатанд гарч, Эгийн голын усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн шийдэлд хүрлээ. Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна гэдэг дээр тохиролцож, хэлэлцээрийн ширээний ард суув. Айлчлалын хүрээнд ярилцаж тохирсон нэг том зүйл бол Чөлөөт худалдааны түр хэлэлцээр. Энэ хэлэлцээрийг 2024 онд багтааж байгуулна гэдгээ зарлалаа. Хэрвээ Чөлөөт худалдааны түр хэлэлцээр батлагдвал Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөгдөх болно. Орос Украйны асуудал хурцадсан энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгчийг хүлээж авах нь зохисгүй, тэр ч бүү хэл барьж хорих ёстой гэсэн элдэв өдөөн хатгалга хаа сайгүй хөвөрч, цахим орчинд айлчлал тойрсон элдэв цуурхал өвсөнд ассан түймэр шиг өрнөсөн. Тухайлбал, “Олон улсын эрүүгийн шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал өгчээ”, "ДЦС-3-ын өргөтгөлийг ОХУ-тай хамтарч 1.3 тэрбум еврогоор хийх гэрээ байгуулах гэж байна", "ОХУ-ын Ерөнхий прокурор галт зэвсэгтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байсан тул хил дээрээс буцаалаа" гэсэн ташаа мэдээлэл гарч, зарим иргэд жагсаал цуглаанд ч уриалаад амжилт олж чадсангүй. Айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” гэсэн үг дайж, хүндэт зочноо үдлээ. Дэлхийн анхаарлыг татсан цуутай, цуурайтай айлчны тоос арилаагүй байхад Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Хөшигийн хөндийд хөл тавих мэдээлэл түгж дахиад л Монгол Улс олны анхаарлын төвд орж ирэв. Хятадын эдийн засгийн бодлого төлөвлөлтийн асуудлыг бүхэлд нь хариуцаж байсан Хань Жөн даргын айлчлалыг сурвалжлахаар гаднын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Улаанбаатарт цуглаж эхлээд байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гаднын олон зочны хөлд дарагдаж, хэлэлцээрийн ширээнээс босох завгүй байгаа энэ үед УИХ-ын дарга тоо, тооцоо бодох том ажилтай сууж байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын нэгдсэн чуулганаар 2024 оны Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж дууссан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголоо батлуулж авангуутаа зөрүүлээд 2025 оны төсвийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барив. Засгийн газар ирэх онд эдийн засгийн өсөлт найман хувь байна гэж төсөөлж байгаа юм байна. Тиймээс экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Мөн 2025 онд 14 төслийн хөрөнгө оруулалт, зураг төсөв, бэлтгэл ажлыг хангахад зориулж багагүй мөнгө төсөвлөжээ. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчныг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ.
Өнгөрөгч долоо хоногт Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Ардчилсан намын хувьд НИТХ-д өрсөлдөх 45 кандидатаа зарласан бөгөөд үүнд нь ШИНЭ эвслийн гишүүн, тус эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан хүмүүс багтжээ. МАН-тай эвсэж Засгийн газар байгуулсан АН-ынхан орон нутгийн сонгуульд Шинэ эвсэлтэй хамтарч орж байгаад намых нь гишүүд сэтгэл хангалуун бус байна. Монгол Улсын нийт хүн амын бараг 50 хувь нь амьдардаг Улаанбаатар хотод хамгийн хүчтэй өрсөлдөөн өрнөдөг. Энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар инженер, эдийн засагчдаар багаа бүрдүүлжээ. Харин Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт өөрийн нэр дэвшигчдийг “Инженерээр удирдуулсан ард түмний баг” гэж тодорхойлов.
Монголчууд бид “Есөн сарын 1 боллоо. Ерөөсөө бидний баяр даа” хэмээн дуулж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийдэг ард түмэн. Харин энэ жилийн хувьд ерөөсөө биднийг баярлуулдаг есдүгээр сарын 1-ний өдөр амралтын өдөр таарч, 2-ны өдөр хичээл орлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 1-нд аливаа албан тушаалтан ямар нэг цэцэрлэг, сургууль дээр очихгүй байх чиглэл өгсөн учраас сургууль бүр даруухан, цомхон арга хэмжээ зохион байгууллаа.
Эрх баригчид халамж тарааж, хамаг мөнгө үрж байна гэж байнга шүүмжилсээр ирсэн АН-ын нэр бүхий гишүүд хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр бүгдээрээ цэнхэр хувцсаар жигдэрч зогсож байгаад “Есдүгээр сарын 1” гэдэг өвөрмөц нэртэй хуулийн төсөл санаачилснаа мэдэгдлээ. Энэ хуулийн төсөлд хүүхэд бүрд 30 мянган төгрөгийн эрхтэй карт олгох” заалт орсон нь бүр ч олон хүнийг гайхшируулав.
Өнгөрөгч долоо хоног Монголчуудын хувьд омогшил, бахархал дүүрэн өдрүүд байлаа. Монголын паралимпын тамирчид Парис хотод тунчиг гайхалтай наадаж, өмнө авсан нэг алтан медаль дээрээ нэмж хоёр мөнгөн медаль хүртэн түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж чадлаа. Тэсвэр тэвчээр, авьяас чадал, эр зоригийн бэлгэ тэмдэг болсон паралимпын наадмын медалийн буухиа цаашид ч үргэлжилнэ гэсэн хүлээлт олон хүнд байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна