Б.Юмжирмаа: Хүн бүр улс төрч байгаасай



“Шинэ хөдөө Булган хөтөлбөр” төслийн  зохицуулагч, СДМЭХ-ны Булган аймаг дахь салбар холбооны дарга Б.Юмжирмааг энэ удаагийн “Эмэгтэйчүүд” буландаа урьж ярилцлаа.

-Таныг “Шинэ хөдөө Булган хөтөлбөр” төслийн зохицуулагч, хотоос хөдөөд шилжин суурьшсан залуучуудын төлөөлөл гэдгээр тань мэдэх юм.  Их хотод ирж суурьшаад олон жилийн дараа хөдөөг зорих ямар сэдэл, шалтгаан байсан талаар ярилцлагаа эхлүүлье?
-Миний хувьд Булган аймгийн Сэлэнгэ сумын унаган охин. Сумандаа ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд, бусдын адилаар эрдэм өвөртлөхөөр их хотыг зорьсон. Монгол Улсын ууган сургууль болох МУИС-д Экологич мэргэжлээр бакалавр, Биологич мэргэжлээр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгссөнөөс хойш арав гаруй жил байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр ажилласан туршлагатай. 2020 оны сүүлчээр Булган аймагт ажиллах санал ирснээр хөдөөг зорьсон. Арав гаруй жилийн дараа эргээд төрсөн  нутагтаа  очсон л доо.  Шалтгаан нь ерөөсөө хот, хөдөөгийн боловсролын ялгаатай байдалтай шууд холбоотой гэж ойлгож болно. Учир нь миний хувьд  сумын төвд сургуулиа төгсөөд оюутан болж, хотод орж ирээд эрүүл мэндийн үзүүлэлтээр зүйрлэвэл шоконд орж байлаа. Өөрөөр хэлбэл, сумын хэмжээнд 100 орчим хүүхэд төгсөхөд эхний аравт эрэмбэлэгддэг, сурлага сайтайдаа ордог, урлагаас бусад үзүүлэлтээр манлайлалтай гэж үнэлэгддэг хүүхэд байлаа. Гэтэл Улаанбаатарт ирээд оюутан болоход миний мэдлэг мэдээлэл, чадвар “шалны алчуур” шиг байсан нь шок болсон хэрэг л дээ. Ерөөсөө өндрөөс унаад хагарч байгаа шаар шиг л мэдрэмж авч байлаа.  Өөрийгөө өмөөрч ярихад хүн ер нь тухайн орчноосоо хамаарч өөрийгөө хөгжүүлдэг юм байна л даа. Би сумандаа онц, сайн сураад, багш нар маань ч сайн, мундаг гэсээр төгсөж байгаа юм.  Гэтэл үүний цаана хэл сурах нь ямар чухал болохыг, мэргэжил сонголтоо хэрхэн яаж хийх ёстойг хэн ч ярьж хэлээгүй, сонсоогүй. Ингээд хотод ороод ирэхэд юу ч мэдэхгүй хүн болж хувирч байгаа юм. Компьютер дээр А үсгээ хайгаад сууж байгаа хүн бие даалтаа хийгээд хамгаална гэдэг асар хэцүү зүйл болж байгаа юм, миний хувьд. Бусдын хувьд буюу хотын хүүхэд уншвал инээх зүйл. Гэхдээ ангал шиг ийм том боловсролын ялгаатай байдал бидэнд нүүрлэсэн, нүүрлэсээр байна. Ингээд хүүхдүүдээс илүү цагаар суух, илүү их хичээх шаардлагатай болсон.  Шалтгаан нь би өөрөө өөрийгөө хөгжүүлэх, өсөх тухай биш, зөвхөн үеийнхнээ гүйцэхэд л хамаг цаг хугацаагаа зарцуулсан. Тэр цагаас хойш хүн ер нь энэ амьдралыг туулж, энэ насыг  дуусгах хугацаандаа хэрхэн орших, юу хийх ёстой юм бэ гэдэг асуултыг өөртөө тавьж байлаа. Гарсан хариулт бүрд ЯАГААД гэдэг асуултыг үргэлжлүүлэн тавьсаар өнөөдрийг хүрсэн гэж ойлгож болно. Ингээд л залуу хүнийхээ хувьд ухамсарт амьдралаа юунд зарцуулахаа маш сайн бодож тунгаасан. Надад маш олон сонголт байсан. Гадагшаа явах, аялах, худалдаа наймаа эрхлээд санхүү мөнгөний асуудалгүй сайхан амьдрах ч боломжтой байлаа. Би зүгээр л хөдөө төрснийхөө төлөө  ангал шиг  том боловсролын ялгаанаас болж цаашид хэн байх вэ, миний амьдрал хэрхэх вэ гэдэг чиглэл замнал тодорхойлогдож байгаа учраас хөдөөд очиж амьдрах шийдвэрийг итгэл, галтайгаар гаргасан. Энэ шийдвэр зөвхөн миний тархи толгойгоор гарсан шийдвэр. Хэн ч миний эцсийн шийдвэрт нөлөөлөөгүй. Хөдөөд амьдарч буй нэг ч гэсэн хүний, хүүхдийн зам мөрт тус дэм болох, ганц ч болов хүнд  амьдралын  зорилго чинь ийм байх ёстой  шүү  гэдэг ойлголтыг өгөх үүднээс орон нутгийг зорьсон.

-Орон нутгийнханд зүг чиг,  дуу хоолой, түүчээ нь болох үүднээс хөдөөг зорьжээ.  Таныг хүүхэд байх үеэс нөхцөл байдал хэр өөрчлөгдсөн байна. “Шинэ хөдөө Булган хөтөлбөр” төслийн зохицуулагчаар ажиллах  санал таны хувийн байр суурьтай нийцсэн учраас шийдвэр гаргасан хэрэг үү?

-Боловсролын ялгаатай байдлын талаар ярьсан учир нь миний энэ түүх зүрх сэтгэлд үнэнчээр оршиж, надад хэзээ ч мартагдаж байгаагүй, би хөдөө явна гэдэг бодлоо хэзээ ч орхиж байгаагүй. Өөрийгөө илүү дархлаажуулах ёстой, үнэртээ дасдаггүй байх ёстой, хөдөө очоод би хэмнэлд нь дасчихвал ямар ч үр дүн гаргаж чадахгүй гэж мунхаглаж, бодож явдаг байсан. Тийм ч учраас өөрт байгаа цаг хугацааг дандаа ахиж дэвших, хөгжүүлэхэд зарцуулж, өөрийгөө бэлтгэж ирсэн.  “Шинэ хөдөө Булган хөтөлбөр ” төслийн тэргүүлэх зорилго нь ерөөсөө л ажлын байр бий болгох. Тоо статистикаар 50 гэж байгаа ч Монголын хүн амын 60-70 хувь нь Улаанбаатарт амьдарч байна, хөдөө эзгүйрч байна. Шалтгааныг нь харахаар нэн тэргүүнд боловсролоос шууд хамаардаг. Би хүүхдээ гадаад хэл сургамаар байна, өөртэйгөө адилхан байлгамааргүй байна шүү дээ. Тийм л болохоор хотынхонд үргэлж дутагдаж ирсэн цэвэр агаартай,  замын түгжрэлгүй, уудам сайхан тал нутагтаа амьдарч дассан ахуйгаа орхиод Улаанбаатарт ирж зөөгч хийж, шал угааж, таксинд яваад байгаагийн  шалтгаан нь үр хүүхдүүдээ арай илүү орчинд, арай өндөр боловсролтой, өрсөлдөөнтэй байдлаар үргэлж хөгжсөн, мэнд үлдэх чадвартай хүн болгох гэснийх. Нөгөө талдаа хотоос хөдөөг зорихоор гэр бүлийн хоёрын нэг нь ажилтай, нөгөө нь ажилгүй болж таардаг. Хөдөөг сонгосныхоо төлөө тэр хүн хөдөлмөрлөх, эдийн засгийн эрхээ хязгаарлуулж байгаа учраас орон нутгийг сонгохгүй байна. Тийм л учраас хөдөөд ажлын байр бий болгох нь асар чухал байгаа юм. Ажилтай Юмжирмаа, ажилгүй Юмжирмаа хоёрын  боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, өөртөө зориулж буй хөрөнгө оруулалт асар ялгаатай. “Шинэ хөдөө Булган хөтөлбөр” төслийн  гол зорилго нь хөдөөд ажлын байр бий болгох юм. Миний бодож зорьж, санаж сэдэж явдагтай энэ төсөл хөтөлбөрийн зорилго яв цав нийцсэн учраас би сонголтоо хийсэн хэрэг. Хөдөөг зорьж очоод дөрвөн жил орчмын хугацаанд амьдарч байна. Одоо бол манай аймгийн онцлог юу юм, аль суманд ямар асуудал, амьжиргаа байна бүгдийг харьцангуй мэднэ. Төрийн бодлого, зохицуулалтаар ямар ажлыг, аль суманд хийх шаардлагатай байна гэдгээс авахуулаад хөдөөд ажлын байр бий болгоход ЖДҮ-ийг хөгжүүлэх зээл, төрөөс баримталж буй бодлого хөрсөн дээрээ бууж байна уу гэдгийг судалж, оношлохын зэрэгцээ өөрөө ч давхар суралцсан он жилүүдийг туулж байна.  Хөдөө ямар байна вэ гэдэг асуултад хариулахад “Бурхдын орон гэмээр Булган сайхан нутаг” гэж  бахархалтайгаар хэлэх дуртай. Манай Булган аймаг бол хангай, говь хосолсон, уул, ус нь тэгш дүүрэн, газар тариалан, мал аж ахуй хосолсон гайхамшигтай сайхан байгалийн тогтоц, өгөгдөлтэй, бүхий л талаар ажиллаж,  хөдөлмөрлөж, амьдрах боломж бололцоо дүүрэн сайхан нутаг. Төрийн бодлогыг цогцоор нь зөв хэрэгжүүлээд явбал бүхий л талын боломж, нөөцтэй. Тийм ч болохоор хөдөөд амьдрах шийдвэр гаргасандаа харамсдаггүй.


-Та бүхний хэрэгжүүлж буй энэ төслийн үр дүн хэр байна вэ. Хөдөөд ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар дээшилсэн бодит үр дүнгийн талаар хуваалцана уу?

-“Шинэ хөдөө Булган хөтөлбөр” төсөл хөдөө аж ахуй, ЖДҮ, мал аж ахуй, газар тариалангийн салбарт өрнөдөг. Тэднийг тоног төхөөрөмжөөр хангадаг, юм хийе гэсэн иргэндээ, бизнес эрхлэгчдэдээ боломж олгохыг зорьдог төсөл байгаа юм. Энэ төслийн ач холбогдлыг би өөрөө сайн гэж хэлэхгүй, харин энэ төслийг хэрэгжүүлж байгаа аймгуудын статистикаас та бүхэн харж болно.

Одоогоор 16-17 аймаг, нэг дүүрэгт энэ төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн анхлан санаачилснаар энэ төслийг орон даяар хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ч УИХ-аас дэмжээгүй учраас зөвхөн Булган аймагт хэрэгжүүлэхээр  2017 онд эхлүүлсэн түүхтэй. Ингээд хэрэгжүүлэх явцад барилга байшин, зам харгуй барих чухал ч хүндээ хөрөнгө  оруулалт хийх нь ямар чухал ач холбогдолтой юм бэ гэдгийг бид бусдадаа харуулж, үлгэрлэж, жишээ болж чадсанд хамаг үнэ цэн нь оршиж байгаа юм. Нөгөөтэйгүүр аймгууд энэ хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхийн тулд ямар нэг бичиг баримт бүрдүүлэхгүйгээр чиглэлийн бодлогын байгууллагадаа хүсэлтээ гаргаад Шинэ хөдөө Хөвсгөл, Увс, Ховд, Баянзүрх дүүрэг гээд улсын хэмжээнд мэддэг, хэрэгжүүлдэг болсноос та бүхэн үр дүнг нь үнэлж, дүгнэж болно. Өргөн агуулгаараа манай Булган аймагт энэ төсөл хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлж явснаар улсын хэмжээнд цөөнгүй хүн дэмжлэг хүртэж, аж ахуй, амьжиргаагаа дээшлүүлсэн байдаг. Нэг жижиг хоршоо, өрхийн үйлдвэрлэл дээр 2-3 ажлын байр бий болж, өргөжүүлээд явж байгааг нь харахад зөв зүйтэй ажил болсон нь илхнээ харагддаг. Яахав сүүлийн жилүүдэд ковидтой холбоотойгоор төслийн маань хөрөнгө оруулалт хумигдсан тал бий. Гэхдээ бид энэ хугацаанд зүгээр суугаагүй, боломж эрэлхийлж явсаар Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, хоршоодоо чадавхжуулах ажлыг эхлүүлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Учир нь аж ахуйн нэгжүүдийг бэлдээд төслийг нь бараг бичиж өгөөд хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэхээр 3-4 дүгээр шат хүртлээ яваад уначихдаг. Шалтгаан нь хүмүүс сүү цагаан идээгээ боловсруулаад, талх нарийн боовоо хийгээд чадаад байдаг. Харин тухайн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад менежмент, маркетинг гэдэг орц алга буюу дутагдаад байна. Төрөөс орж ирдэг ЖДҮ-ийн зээлээ авч чадахгүй, алдаад байгаа нь ерөөсөө л чадавхгүй байгаагийн илрэл бөгөөд бодлогоор зөвлөн туслах үйлчилгээ дутагдалтай, хүртээмжгүй байгаа юм. Тэгвэл яаж энэ ЖДҮ эрхлэгчдээ чадавхжуулах вэ гэдэг дээр тархиа гашилгаж, бодож байгаад “Шинэ хөдөө Булган бизнес инкубатор төв” ТББ-ыг байгуулсан. “Юмжирмаа байна, надтай хамтарч ажиллаач” гэхээр  олон улсын байгууллагуудаас эхлээд хамтрах, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжгүй.  Аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй хамтарч ажилладаг учраас дээрх ТББ-ыг байгуулсан юм. Ингээд Германы хамтын ажиллагааны байгууллагатай “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих PROGRES” II бүрэлдэхүүн төсөл хөтөлбөртэй хамтран, чадавхжуулах, бойжуулах сургалтуудыг аж ахуйн нэгж, хоршоодод өгч ажилласан байна. Ингэснээр 40 гаруй хоршоо, 50 гаруй аж ахуйн нэгжийг хамруулаад аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл болон мал аж ахуйн салбарын бодлогыг тодорхойлох форум, чуулганыг зохион  байгуулж ажилласан. Үр дүнд нь бид дөрвөн хоршоо,  дөрвөн аж ахуйн нэгжийг  тоног төхөөрөмж, буцалтгүй тусламжаар дэмжиж чадсан. Буцалтгүй тоног төхөрөөмжөөр дэмжихээс илүү оюунд нь хөрөнгө оруулалт хийж, хэнээс ч, юунаас ч үл хамааран суралцах үедээ бичсэн төслийн боловсруулалт, материалаараа багадаа л ирээдүйд 10 жил мэрж идэх, төслийн бичиг баримттай болж чадсан юм.  Мөн манай “Шинэ хөдөө Булган бизнес инкубатор” төвийн хэмжээнд 2023 онд найман байгууллагыг бэлтгэн, ЖДҮ-ийн сонгон шалгаруулалтад оруулсан. Зургаа нь тэнцээд 600 гаруй сая төгрөгийн ЖДҮ-ийн зээлийн босгыг давж, зээлжих эрхтэй болж, үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсан. Энэ жилийн хувьд 10 байгууллагыг дэмжээд хоёр нь л тэнцлээ. Нуулгүй хэлэхэд үүнд орон нутгийн улс төрийн нөлөө орсон тал ч бий. Ингээд ямар ч байсан хоёр жил хүрэхгүй хугацаанд нутгийнхаа аж ахуйн нэгж, хоршоодыг чадавхжуулах, дараагийн шатанд гарах ажлыг амжилттай хийгээд явж байна. Тэд хөдөлмөрөө хөнгөвчилж, ажлын байраа нэмэгдүүлэх зэргээр ахиж дэвшиж байна. Мэдээж  тэр болгоны цаана ажлын байр бий болж байгаа. Ямар ч байсан үйл ажиллагаа нь тогтворжсон, тасралтгүй үргэлжилж байгаа хоршоо гэхээр тоолох боломжгүй байсан бол өнөөдөр хуруу дараад тоолоход 20 орчим болжээ. Энд тэндэхийн төсөл, хөтөлбөрт материалаа өгөөд, илтгэл танилцуулгаа хийдэг, төслөө бэлтгэдэг арай өөр түвшинд хүрснийг ам бардам хэлэх байна. 

 

Мянгат биш  “Бүтээлч малчин” цол олгодог болох хэрэгтэй

 

-Төр засгийн түвшинд сүүлийн жилүүдэд хөдөөг хөгжүүлэх үүднээс Хөдөөгийн сэргэлт санаачилга, малчдаа дэмжих, чадавхжуулах үүднээс “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, бодлогын томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Та бүхний хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө Булган хөтөлбөр” төсөлтэй ер нь хэрхэн уялдаж байна вэ?

-Эдгээр  томоохон хөтөлбөрийг зарлаж байгаад би хувьдаа маш талархалтай хандаж байгаа. Аливаа ажлыг эхлүүлэх л хамгийн хэцүү. Эхлүүлж чадвал  алдаа оноогоо дэнслээд, цаашаа зөв болоод явдаг. Бидний хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө Булган хөтөлбөр” төсөлд ч алдаа, оноо бий. Гагцхүү бид бусад аймагт ийм төсөл хэрэгжүүлэх боломжийг нь нээж өгсөн.  “Шинэ хоршоо хөдөлгөөн”, Хөдөөгийн сэргэлт санаачилгыг эхлүүлээд удаагүй  байна. Өнөөдөр бид  үр дүн ярихаасаа илүү ийм сайн санаачилга, алхмыг эхлүүлж байж, Монголын хөдөө сэргэнэ, малчид  хөгжиж, шинэчлэлт, өөрчлөлт, реформ хийнэ гэж харах ёстой.  Ингэж зарлаж, бүх нийтийн анхааралд оруулж чадаж байгаа нь зорилтынхоо эхний алхмыг давлаа л гэсэн үг. Харин цаашид энэ төсөл хөтөлбөрт орон нутгийнхнаа, малчдаа хамруулахын тулд чадавхжуулах сургалтыг сайн хийх хэрэгтэй. Сүүлийн дөрвөн жил мал аж ахуй, хөдөө аж ахуйд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд малчид маань илүү бизнес сэтгэлгээтэй, бизнесийн технологийг ашиглаж, хэрэглэж, хөрсөн дээрээ буулгадаг байх хэрэгтэй буюу эдийн засаг талаас нь харах хэрэгтэй байгаа юм. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд манай төр засгийн бодлого “Мянгат малчин”-аа болиод “Бүтээлч малчин” гэдэг шагналтай болмоор байна. Ингэхээр малчид маань 500 хониноосоо ямар ашиг шим авч,  яаж эдийн засгийн эргэлтэд оруулахаа бодолцоно биз дээ, мянгат гэхээр малаа мянга гэдэг тооноос буулгахгүй бариад байгаа хандлага илтэд харагдаж байна. Гэтэл нүүдэлчин өв соёлын амин үнэт зүйл нь нүүдлийн мал аж ахуй юм шүү дээ.

Нүүдлийн мал аж ахуйгүйгээр бид дэлхийд гайхагдах хэмжээний өв соёл ярьж чадахгүй.  Тэгэхээр малчид уламжлалт мал аж ахуйгаа аялал жуулчлалтай холбосноор  ам.доллароор орлогожих хүртэл боломж энүүхэнд. Тиймээс Монгол Улсынхаа, аймгийнхаа, сумынхаа эдийн засагт ямар хувь нэмэр оруулав, байгаль орчноо доройтуулахгүйгээр яаж цөөн тооны, чанартай мал аж ахуй эрхэлж, өөрийнхөө орлого, амьжиргааг сайжруулж чадсан эсэхийг үнэлдэг болмоор байгаа юм. Ингэж байж  малчид байгальдаа ээлтэй, эх оронч үзэлтэйгээр уламжлалт мал аж ахуйгаа урт хугацаанд авч явах боломжтой болно, ирээдүй хойчдоо үлдээнэ. Мал аж ахуйгүйгээр Монголыг төсөөлөх боломжгүй. Малчид байгаа учраас Монгол оршин тогтнож, ард иргэд нь эрүүл чийрэг, оюун ухаан сийрэг байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй.

 

 Б.ЮМЖИРМАА: Хүнд зориулсан хөрөнгө оруулалт, улс орны хөгжил цэцэглэлтийн

үзүүлэлт хоёр шууд хамааралтай

 

-Таны хувьд нутаг орныхоо боловсрол, эрүүл мэндийн салбарт багагүй хувь нэмэр оруулж яваа юм билээ. Өөрийн санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар манай уншигчидтай хуваалцана уу?

-Өөрийнхөө чадах хэмжээнд хувь хүний хөгжилд зориулсан, чиглэсэн цөөнгүй ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Бидний дунд тулгамдаж буй маш олон чухал ажил, асуудал байгаа. Би гагцхүү суурь, өсөлт үзүүлэх, хамгийн чухал гэсэн зүйлдээ төвлөрч байна. Тийм ч учраас боловсролын чиглэлээр хувь хүний хөгжлийн Мини номын сан, “Англи хэлтэй Булган” хөтөлбөр, эрүүл мэндийн чиглэлээр “Хайр түгээе”, ЖДҮ-ийн чиглэлээр “Үйлдвэрлэгч Булган” төслүүдийг хамт олон, найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр санаачлан хэрэгжүүлж байна. “Англи хэлтэй Булган” хөтөлбөр гэхэд дотроо сурагч, оюутан, багш гэсэн дэд хөтөлбөртэй. Зөвхөн хүүхдүүдэд англи хэл заах биш багш нараа ч бас давхар чадавхжуулах гэж байгаа юм. Тухайлбал, манай аймгийн хэмжээнд ЕБС-д багшилдаг англи хэлний 60-70 багш байна. Тэднийг тасралтгүй дөрвөн жилийн хугацаанд  хөтөлбөрт хамруулаад чадавхжуулчихвал эдгээр багш нар маань одоогийн арга зүй, түвшнээсээ ахина. Ингэснээр ерөнхий боловсролын сургуульд заадаг программ, хөтөлбөрөөс илүү ахисан түвшинд, хурдтайгаар өсөлт үзүүлж ажиллах боломжтой болно. Хүүхдүүдэд яаж үг цээжлүүлбэл үр дүнтэй, дүрмийг яаж хурдан хугацаанд ойлгуулах вэ гэдэг тухайд багш нартаа албан боловсролын программын хажуугаар албан  бус боловсрол олгож, өөрийнх нь мэдлэгт суурилан чадавхжуулж байж дараагийн үеийг бэлтгэж, бид хамтдаа үр дүнд хүрч чадна.  Ингэж байж хөдөөд байгаа хүүхдүүдийн гадаад хэлний асуудал илааршина. Түүнээс биш  ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ирэхээр нь 3-4-хөн жилд нүдээд сургачихна гэж байхгүй, төдийлөн амжилт ч олохгүй учир бидний үеийн хэллэгээр 10 жил гэдэг бол алдаж үл болох алтан цаг хугацаа юм. Аав, ээжийнхээ дэргэд, төрсөн гэртээ, ямар ч амьдралын асуудалгүйгээр зөвхөн сурч боловсрохдоо төвлөрөх боломжтой алтан цаг.  Сурагч хөтөлбөр бол үндсэн суурь нь, оюутан гэдгийг би илүү орон нутгийн хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Оюутнуудын хувьд манай хөтөлбөрт хамрагдсанаар  IELTS, IBT оноо авна.  Ер нь хөдөө орон нутагт өсөж төрсөн хүүхдүүд илүү амьдрах чадвартай, амьдралын ухаантай, илүү оюунлаг байдаг. Гагцхүү ганц гацаа нь хэлний асуудал гэж би харж оношилдог юм. Тиймээс л гадаад хэл сурахад нь ач холбогдол өгөөд байгаа юм. Жишээлбэл, хэн нэгэн сурагч мал аж ахуйн чиглэлээр тэтгэлэгт хамрагдаад олон улсад сураад ирлээ гэхэд магадгүй олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж олдвол төрж өссөн Булган руугаа л татна шүү дээ. Энэ агуулгаар Булган нутгийн ирээдүйд, хөгжилд хувь нэмэр оруулах алсын хараатайгаар “Англи хэлтэй Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хувь хүний хөгжлийн Мини номын сангийн тухайд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа төсөл. Энэ хооронд жил бүр номынхоо тоог нэмж, сэлгэж явсаар одоогоор сүүлийн үеийн 300 гаруй ном бүхий шинэ номоор сумын номын сангийнхаа фондыг баяжуулаад байна. Бүх зүйл цахимжаад сонсдог ном, подкаст гэх мэтээр олон эх сурвалжаар суралцах боломжтой болсон ч  орон нутагт дата,  интернэт асуудалтай хэвээр байна. Арван жилийн хүүхдүүд тэр бүр хоёр цагаар юүтүүб сонсоод суух санхүү, мөнгөний боломжгүй шүү дээ.  Тиймээс  хувь хүний хөгжил, хандлагад нь  зөв үлгэрлэлд суралцах боломжийг хувь хүний хөгжлийн Мини номын сан маань олгож байгаа жишээ юм. Хувь хүнд сурах хандлагыг суулгаж чадсанаар тухайн хүүхэд цаашид  хэнээс ч үл хамаараад өөрийгөө хөгжүүлээд, зохион байгуулалт хийгээд сурахаа сураад явчих чадвартай болчихдог. Өнгөрсөн хугацаанд бидний үүсгэсэн номын санг зөвхөн хүүхдүүд гэлтгүй багш нар, төрийн албан хаагчид, малчид, иргэд, дарга, цэрэг гэхгүй бүх насныхан уншиж, үйлчлүүлж байна. Ингэж бүх хүнд хүртээмжтэй хөрөнгө оруулалт хийх боломж байдгийг биечлэн харуулахыг зорьж явна даа. Миний хувьд хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөж байгаа болон жижигхэн ч гэсэн эхлүүлсэн бүх төсөл хөтөлбөртөө тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжсэн бодлого баримталж ажилладаг.


-“Хайр түгээе” хөтөлбөрийн тухайд нийгмийн ямар бүлгийнхэнд чиглэсэн бэ. Ер нь  эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгээ хэрхэн шийдэж ирэв?

-Хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгахын тулд өөрийн санаачилга, хөрөнгө, найз нөхдийнхөө дэмжлэгээр  л хийж, хэрэгжүүлж явна.  Би юмыг томьёолж, товчилж ярих дуртай. Миний тодорхойлсноор “Баас шээс үйл ажиллагаа” гэж байна. Өнөөдөр манай нийгэмд аливаа баяр ёслол, найр наадмыг нэг хүний 100-200 мянган төгрөгийн такстайгаар зохион байгуулахад асуудал үүсдэггүй, бүгд л төлөөд тушаачихдаг.  Гэсэн атлаа “Англи хэлтэй Булган” хөтөлбөрт нэгдээд  500 мянган төгрөгөөр хөрөнгө оруулаач, номын санд маань баяжуулалт хийгээд өгөөч гэхээр төдийлөн хөдөлдөггүй байх жишээний. Миний хувьд эдгээр хөтөлбөрийг аль болох хүртээмжтэй байдлаар аймгийн хэмжээнд өрнүүлэх гэж зорьдог. Тэр тусмаа  биднээс  улбаалаад бусад аймгийнхан ч үлгэрлээсэй гэж боддог. Сайн дурын үндсэн дээр, хандиваар хийж байгаа, ямар нэгэн төсөвгүй ажил учраас  2-3 суманд л мини номын сангийнхаа үйл ажиллагааг явуулж байна. Хэлэлцээр хийгээд дэмжсэн хүмүүстэйгээ л хамтарч ажилладаг гэсэн үг.  “Англи хэлтэй Булган” хөтөлбөрийн хувьд эхлүүлсэн. Одоогоор хандивын үйл ажиллагаанаас гадна “Монголын англи хэлний академи”-тай санамж бичиг байгуулах, хөтөлбөр боловсруулахаас гадна гурван дэд хөтөлбөрөө хэрхэн явуулах зэрэг дэд бүтцийн бүх ажлаа хийсэн, сонгуулийн жилтэй холбоотойгоор хандив буюу хөрөнгө оруулалтын ажлууд маань түр зогсонги байдалтай байна. “Хайр түгээе” төсөл бол Булган аймгийн 16 сум, нэг тосгон буюу Булган аймгийнхаа Эрүүл мэндийн  төвүүдийн бүх Төрөх тасагт  бидэ орчин цагийн бүрэн автомат суултуурыг суурилуулах ажил байгаа юм. Энэ төсөл мөн л хандив, тусламж, дэмжлэг хэлбэрээр хэрэгжиж байна.  Ийм хэлбэр нь өөрөө зөв биш, мөн би үүнийг өөрөө таашаадаггүй. Гэхдээ би, бид эхлүүлж, бодлогын дуу хоолой болж, нөлөөлөл үзүүлэхийн тулд төрсөн эмэгтэйчүүдээ бага ч гэсэн хайрлаж, халамжлах, тэдний төрөх тасгийн нөхцөл байдлыг сайжруулах ажлыг санаачилж байгаа юм. Энэ төслөөр дамжуулаад зөвхөн бидэ суултуур ярих гээд байгаа юм биш. Бидний одоогийн нөхцөл байдал л ийм байна. Ер нь бол нийтлэгээрээ энэ Төрөх тасгийн орчин нөхцөлийг сайжруулж өгөөч, төсөв хөрөнгө шийддэг чиглэлийн төрийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд нь тусгайлан төсөв тусгаач гэж байгаа юм. Яагаад өнөөдрийг хүртэл Төрөх тасгуудаа шинэчлээд, олон улсын стандартад нийцүүлээд хүндээ ээлтэй орчин бүрдүүлдэггүй юм бэ гээд харахаар төрж үзээгүй буюу эрэгтэй хүйс шийдвэр гаргах, төсөв хуваарилах түвшинд ажиллаж байгаа учраас гэдэг хариулт гарч ирдэг.  Хүн биеэрээ  мэдэрч, туулахгүй болохоор  зовлонг нь ойлгодоггүй гэдэг шиг зүйл болоод байгаа юм. Тиймээс манай Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо (СДМЭХ)-ны Булган аймгийн салбар холбооноос энэ төсөл дээр ажиллаад, хөрөнгө оруулалтаа босгоод, сантехник бүрэн бүтэн байдал, сууриулахад шаардлагатай ажлуудаа эхлүүлээд явж байна.

-Таны хувьд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар, нутаг орноо гэсэн сэтгэлээр томоохон алсын хараатай төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Миний харж байгаагаар аймаг, орон нутгийнхаа удирдлагуудтай хамтраад хийвэл илүү өргөн хүрээг хамарч, хүртээмжийг нь нэмэгдүүлэх боломжтой санагдлаа. Энэ тухайд та юу хэлэх вэ. Цаашдаа бодлого, шийдвэр гаргах түвшинд орж ажиллах бодол бий юү?

-Заримыг нь хэрэгжүүлж байна, заримыг нь дөнгөж эхлүүлээд байна. Би МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны салбар холбооны даргаар ажилладаг. Тэгэхээр намайг улс төрийн чиг хандлагын хувьд МАН-ын хүн гэж хардаг гэсэн үг. Дээрх төсөл, хөтөлбөр, санаачилгыг хийж, хэрэгжүүлж буй дөрвөн жилд манай аймагт АН засаглаж байна.  Ийм нөхцөлд би хорвоогийн гайхамшиг бүтээгээд ч бодлогын түвшинд  хүрэхгүй, хүргэхгүй. Хэчнээн сайн зүйл хийсэн ч нэг нам биш л бол муулдаг улс төрийн соёл Монголд нийтлэг байна. Энэ жишгээр миний хийсэн бүх зүйлийг үгүйсгэх, дарах хандлага бий. Гэтэл угтаа  ЖДҮ, мал аж ахуйн салбараа сэргээх, хамгаалах, чадавхжуулах ажлыг шийдвэр гаргах түвшинд хийж байх ёстой юм. Гэхдээ миний хувийн итгэл үнэмшил бол залуу хүнийхээ хувьд  санаачилга гаргаад, өөрийн хийж чадах, мэдэх зүйлийг бусадтай хуваалцах, түгээх ажлыг чадахаараа хийх. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд орон нутагт улстөржилт таазандаа тулсан, бүр таазаа цөмлөсөн.  Ганцхан жишээ  хэлэхэд, надтай хамтарч ажилласан төрийн байгууллагын ажилтныг цалингийн хувиар торгоод, ажлаа өгөхийг шахаж байх жишээний. Сургалтаа хийх анги танхимгүй өдрүүд ч надад байлаа (инээв). Гэтэл миний, бидний хийж байгаа санаачилга, ажил бол хувийн юм биш, Булганчуудын амьдрал, амьжиргаанд хэрэгтэй ажил юм шүү дээ. Нутаг орноо гэсэн нэг сэтгэлээр асуудалд хандаж сурмаар байгаа юм. Сүүлийн ганц жишээ хэлэхэд, манай аймагт маш олон салбар, чиглэлийн хуулиар хориглоод байхад хогийн цэгээ бензин асгаж байгаад  галдчихаж байна. Гэтэл энэ үйлдэл нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд маш том эрсдэл үүсгэж байна, цаашлаад хорт хавдраар өвчлөх зэргээр асар хор хөнөөлтэй зүйлийг хийгээд сууж байна шүү дээ. Ер нь удирдлагад гарч байгаа хүний тархин дотор утаа байна уу, ухаан байна уу гэдгийг харах хэрэгтэй. Яг үнэндээ хогийн утаанаас илүү манай удирдлагуудын тархин дахь утаа намайг айлгаж байна.  Энэ мэтээр болохгүй зүйл олон байгаа учраас өөрөө дотор нь орж ажиллая гэдэг үүднээс  орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа дөнгөж өчигдөр аваад байна. Залуучууд, эмэгтэйчүүдэд босго өндөртэй энэ улс төр гэдэг салбарт орох болсны шалтгаан нь санаж, зорьсон ажлаа хэрэгжүүлэх, илүү олон хүүхэд, иргэдэд салбар салбартаа сурч боловсрох боломж олгох, бодлогын түвшинд ажиллах, хууль эрхзүйн орчин, шалгуур үзүүлэлтийг иргэдийн боломж нөхцөлд нийцүүлэх, хөрстэй нь уялдуулах замаар тэгш хүртээмжтэй боломжийг нээж өгөх, ийм л энгийн юм. Гэтэл өөрөөрөө жишээлбэл Ардын намын Юмжирмаагийн санаачилсан ажлыг АН засаглаж байгаа үед хэрэгжүүлэхгүй гэдэг босго, хана тавиад байгаа учраас л засаглах, шийдвэр гаргах түвшинд орж ажиллах, ажил хэрэг болгох юм байна гэдэг үүднээс энэ шийдвэрийг гаргаж сонгосон. Магадгүй АН-ын хэн нэгэн над шиг ажил санаачлаад явж байхад МАН засаглаж байвал дэмжихгүй гэдэг хандлага ч байгааг би үгүйсгэхгүй. Энэ нэг аймгийн асуудал биш ерөөсөө л манай улсын хэмжээнд нийтлэг ийм хандлага байгаа учраас улс төрийн зөв соёл, ёс зүй, жишиг тогтоож, хандлагаа өөрчлөх цаг болсон.


-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой тухайд та жишээгээр дурдлаа.  Орон нутгийн түвшинд жендэрийн харьцаа хэр хангагдаж чадаж байна вэ, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Архаг том улстөрчдийн дэргэд би бол цэг хатгаж байгаа л залуу эмэгтэй улстөрч. Миний хувьд оюутан байхаасаа Булган аймгийнхаа, их сургуулийнхаа оюутны холбоо, залуучуудын холбоонд удирдах ажлууд хийхийн зэрэгцээ мэргэжлийн чиглэлийн нийгэмлэг, холбоо, клубүүдэд сайн дурын ажлуудыг удирдаж гүйцэтгэж ирсэн. Мөн намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүдийн холбооны гишүүн, тэргүүлэгч, бага хурлын гишүүн, Булган аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Социал Демократ Академийн бүсийн сургагч багшаар, Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн орон нутгийн сургагч багш, Булган аймгийн Политехникийн коллежийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Миний танд ярьсан бүх төсөл, хөтөлбөр хэзээ нэгэн цагт бүтэн хэрэгжинэ. Би ингэж бодож,  цогцоор нь хардаг. Хийж, хэрэгжүүлэхийн төлөө хичээсээр байх болно. СДМЭХ-ны Булган дахь холбоог ахалж ажиллаад нэг жил гаруйн хугацаа болж байна. Ингэхдээ орон нутгийн стандартыг эвдсэн, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн, “баас шээс” үйл ажиллагаанаас салсан, эмэгтэйчүүдээ илүү чадавхжуулсан, мэдлэгжүүлсэн, хүний эрх, жендэрийн мэдлэг олгосон улстөрчийн  хүсэл зорилгыг нь тодорхойлсон байдлаар ажиллах гэж хичээж байгаа. Ер нь орон нутгийн түвшинд сумын ИТХ-ын бүтцийг өөрчилж байж бид шинэ шатанд гарна. Улстөрчид гэхээсээ илүүтэйгээр хэн олон санал авах бол гэдэг шалгуур үзүүлэлтээр нийтлэг жишиг нь банкны эрхлэгч, эмч, багш, худалдаа үйлчилгээ эрхэлдэг дэлгүүрийн эздээс сумдын ИТХ бүрдээд байдаг тал бүх л газар ажиглагдана. Гэтэл энэ хүмүүсийг бид улс төрч гэж харж болохгүй юм билээ. Учир нь Монгол Улсын хамгийн анхан шатны нэгж болсон сум, баг дээр ямар боловсон хүчин томилж, тэдгээр нь ямар тархи, оюун, харах өнцөг, хандлагаар олборлолт  хийж байна вэ гэдгээс асуудал бодитоор гарч ирдэг. Миний зорьж байгаа зүйлс хийгдэнэ гэж хэлээд байгаагийн шалтгаан нь “Бидэнд ийм асуудал тулгамдаад байна, эмнэлэг, сургууль барья, оёдлын цехтэй болно” гэхээсээ илүү миний хувьд хүнд л хөрөнгө оруулалт хийнэ. Сумын түвшинд эмэгтэй улстөрчдийг бэлтгэнэ. Эмнэлэг, сургууль барьж, төсөв батлуулж болно. Гагцхүү хүндээ хөрөнгө оруулалт хийхгүй бол өнөөх эмнэлгийн ашиглалт, хэрэглээ, гүйцэтгэл дээр очоод асуудал үүсдэг, аль ч салбарт. Тиймээс бид зөв улстөрчдийг бэлтгэж, зөв соёлыг бий болгож байж асуудлууд эрэмбээрээ зөв дараалалтайгаар шийдэгдэнэ. Энэ агуулгаараа миний цаашид хийх ажил бол эмэгтэй улстөрчдийг бэлдэхийн тулд би юу хийж чадах вэ, олон улсаас юу татаж чадах вэ, хаана, ямар дуу хоолойг хүргэх вэ гэдэгт төвлөрч ажиллана. Энэ нь эргээд салбар, чиглэл бүрдээ нэвчээд өсөлт, бойжилтыг үзүүлж байх ёстой гэж үзэж байгаа юм. Би саяхан Монголд анх удаа зохион байгуулагдсан “Кандидат” гэдэг улс төрийн реалити нэвтрүүлэгт оролцож, финалдаж, үндэсний шилдэг оролцогчдын нэг болсон.  Энэ нэвтрүүлгийг дурдаж байгаа шалтгаан нь миний оролцох болсон тэргүүлэх шалтгааны нэг нь ”Хүн бүр улстөрч байгаач” гэдэг мессэжийг олон нийтэд өгөх байсан юм. Улстөрч хүн байна гэдэг бол УИХ-ын гишүүн биш, багийн хуралдаа суудаг иргэн, сумын асуудалдаа судалгаатай, шийдэл, гарцтай дуу хоолойгоо хүргэдэг иргэнийг, тодруулбал эцэг эхийг, багшийг, эмчийг, хүүхдүүдийг ч хэлж байгаа юм.  Салбар бүрдээ дуу хоолой болдог, асуудлаа гаргаж ирдэг, эх оронч сэтгэлээр дуугардаг байгаач л гэж байгаа юм. Гэтэл манайх эсрэгээрээ, сайд  дарга нар ирэхээр шинэ халаадаа өмсөөд, ширээний бүтээлгээ солиод зогсож байдаг. Ингэж гоё сайхан харагдаад  “Дарга аа, би ажлаа сайн хийж байгаа, би мундаг байгаа” гэж хэлээд бусад бүх идээ бээрээ дараад нуучихаар тэр салбар яаж хөгжих вэ дээ.  Утга учиртайгаар, үндэслэлтэйгээр, шийдэл гарцтайгаар асуудлыг гаргаж ирдэг байя, дуу хоолойгоо хүргээч гээд байгаа нь “хүн бүр улстөрч бай” гэсэн санаа.


Таны дуу хоолой  баг, сум, аймгийн хурал дээр хүрч байх ёстой. Ингэж асуудлыг хөндөж гаргаж ирснээр  таныг магадгүй хэл амтай гэж хэлнэ, ингэж хэлүүлэх нь үнэ цэнийн үнэ цэнтэй харьцуулахаар жижигхэн зүйл, миний хувьд чухалд хамааруулж үздэггүй.   Таны хэлж ярьсны, дуу хоолой болсны хүчинд дараагийн олон хүнд тулгарах саад бэрхшээл арилж, боломжийг нээж, замыг нь засаж өгч байгаад зорилго утга учир нь байгаа юм. Наад захын жишээ нь нас насны асуудал өөр гэдгийг надаар хэлүүлэхгүй бүгд мэднэ. Тэгвэл хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн асуудал ч өөр.

Тийм ч учраас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг олон болгох шаардлагатай. Энэ нь эмэгтэйчүүдийг дарга болгох тухай ойлголт огт биш. Гагцхүү Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ хувийнхаа асуудлыг шийдэхийн тулд эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд ийм хэмжээнд байх ёстой л гэж байгаа юм. 2020-2024 онд парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17 байсан бол сая 2024 оны Улсын их хурлын сонгуулиар , хуулийн зохицуулалт, олон иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой, хичээл зүтгэл, квот, арга аргачлалын үр дүнд 25.4 хувьд хүрлээ. Айл гэрийн тулах 2 багана нь эхнэр, нөхөр гэж монголчууд ярьдаг. Тэгвэл бүгдээрээ Монгол Улсыг нэг гэр бүл гэж үзвэл 2020 оны тоо статистикаар бид 17 хувийн ээжтэй, 83 хувийн аавтай айл гэрт байна гээд бод л доо. Яг энэ харьцаанаас Монголд нийгмийн маш олон асуудал үүсээд байгаа юм. Тиймээс хүйсдээ таарсан дуу хоолойг тэгш хүртээмжтэйгээр хүргэх гээд байгаа тухай л ойлголт. Нийгмийн бүхий л төлөөллийг эмэгтэй хүйсээр, жендэрийн асуудлаар дамжуулан яриад байгаа хэрэг шүү дээ. Үүний цаана хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, залуучууд, малчдын дуу хоолой бүхий тэгш хүртээмжтэй парламент байгуулах ёстой гэж би хувьдаа үздэг.

  М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө