​ С.Сайнбаяр: Төлөвлөлт бол бүх зүйлийн суурь



Зөвлөх инженер, доктор С.Сайнбаяртай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд газрын салбар хууль эрх зүйн хувьд сүрхий бэхэжсэн гэж нэг талаасаа хэлж болно. Газрын асуудлаар цоо шинэ эрх зүйн ойлголт бий болсон. Газар өмчлөх хууль хэрэгжсэн гээд олон зүйлийг  дурдаж болно. Энэ салбарын мэргэжилтний хувьд  газар түүний эрх зүй, нийгмийн харилцааны талаар эхлээд тодруулахгүй юу?
-Газар бол хүн төрөлхтний  амьдралын үндэс. Улс орон оршин тогтнох үндэс. Энэ талаасаа  магадгүй хамгийн чухал  зүйл. Монголчууд олон зууны тэртээгээс  газрыг этүгэн бор газар гэж сүслэн залбирч хүндлэн дээдэлсээр ирсэн ард түмэн. Энэ бол нүүдэлчдийн өвөрмөц хэв маягийн амьдрал нь нөлөөлсөн байх гэж боддог.  
Ер нь  нийгмийн  тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдон газрын эрх зүйн хуулийн  шинэчлэл хийгдсэн гэж болно. 2002 онд Газрын багц хуулийг боловсруулж  тухайн үеийн УИХ-аар баталсан байдаг.   Хорь  шахам жил өнгөрөхөд энэ багц хуулийг  шинэчлэн сайжруулах шаардлага зүй ёсоор гарч байгаа ч хэд хэдэн удаагийн УИХ дамжин  хойшлогдсоор өдий хүрлээ. Газрын салбарын  өмнө цаг үеийн нөхцөл байдлаас болсон эрх зүйн тулгамдсан асуудал их байгаа. 2002 оны Газрын тухай багц хууль  нь газрын зах зээл, үнэ цэн, эрх зүйн харилцааны хөгжлийн өнөөдрийн нөхцөл  байдлыг сайн урьдчилан харж чадаагүй, өөрчлөлт шинэчлэлтийн явцад  зохицуулах олон асуудал  үүсэн гарсаар байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан газрын багц  хуулинд зайлшгүй  өөрчлөлт оруулах хэрэгтэй. 
Газрын эрх зүйн зохицуулалт,  өмчлөх эзэмших эрхийн ялгаа, газрын үнэ цэн, дахин төлөвлөлт, шинэчлэн хөгжүүлэлт, газрын зах зээлийн нээлттэй, ил тод, тэгш  байдал,  газрын эрх олгогчдын  зохисгүй үйл ажиллагаа,  зориулалтын бус үйл ажиллагаа гээд олон хуулиар хатуу зохицуулах шаардлагатай зүйлүүд гарч ирж  байна.  

Эдгээрийг хуульд тусгаж зохицуулахгүй бол ирээдүйд баялгийн тэгш бус байдал газар авч, нийгмийн тэгш бус байдлаас үүдэлтэй хямралууд бий болно. Газарт хөрөнгө оруулах боломжууд хомсдож газрын эрх цөөн бүлэг хүмүүст төвлөрч, үүнээс үүдэлтэй нийгэм эдийн засгийн олон сөрөг үр дагаврууд бий болно. Тийм учраас эрх зүйн шинэ орчныг  бүрдүүлж, энэ  алдаа дутагдлуудыг  арилгаж, иргэдийн оролцоотой тэгш шударга газрын засаглалыг бий болгох хэрэгтэй болоод байгаа юм.

-Та бол  газрын  мэргэжилтэн. ОХУ-д энэ мэргэжил эзэмшиж эрдэмтэн болсон хүн. Мэргэжилтний нүдээр харахад  Монгол Улсад газрын хуулийн хэрэгжилт,  эрх зүй ямар түвшинд явж ирлээ гэж боддог вэ?

-Өнгөрсөн хугацаанд  газрын салбарын  эрх зүй , үйл ажиллагаа төлөвлөлтийн бус аргаар л явсан нь зөрчил гажилтыг бий болгосон. Өөрөөр хэлбэл эмх замбараагүй. Энэ нь өнөөдрийн Улаанбаатар хотын олон бухимдлыг  бий болгож байгаа юм. Тухайлбал  хөрсний бохирдол,  замын түгжрэл,  хотын утаа гээд оршин суугчдыг  бухимдуулж, амьдрал, эрүүл мэндэд шууд нөлөөлж байна.Тэрчлэн эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо аашилж,  газар эзэмшиж, өмчлөх ашиглах үйл явц, жирийн иргэд  энгийн аж ахуйн нэгжүүдэд газар олдохгүй байх зовлон бүгд л хот төлөвлөлт, газрын эрх олгох үйл ажиллагаа ил тод бус явж ирснээс үүдэлтэй. Авлига цэцэглэн хөгжих  нэг том үндэс газрын наймаа болж хувирсан. Хууль хэрэгжихгүй байх  томоохон шалтаг нь  эрх мэдэлтнүүд  бизнесмэнүүдийн хуулийг үл ойшоож, норм стандартыг мөрдөөгүй, зохисгүй үйл ажиллагаа газар авсан нь энэ бүхний бодит  шалтгаан юм.  Мэргэжилтний  зүгээс харахад ч, олон улсын  практикт ч газрын харилцаа нь  хоёр чиглэлээр л  зохицуулагддаг юм. Нэгдүгээрт  төлөвлөлтөд суурилсан газрын харилцаа, Хоёрдугаарт нь эрх зүй, эдийн засаг  дээр суурилсан газрын харилцаа гэж үздэг.  Миний хувьд бол  төлөвлөлтөд суурилсан  газрын  эрх зүйн харилцааг  түлхүү судалсан. Энэ чиглэлийг баримталдаг хүн. Монгол орны тухайд  төлөвлөлтөд суурилсан газрын харилцаа илүү тохиромжтой.

-Өөрөө  газрын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургуульд багшилж байна. Танай бэлтгэж байгаа мэргэжилтэн  цаг  үеийн эрэлтэд  нийцэн ажиллах  мэдлэг, дадлагатай болж чадаж байгаа юу?

-Миний тухайд  2009 онд эрдмийн зэргээ хамгаалж ирээд л багшилсан. Тэр үед газрын мэргэжилтэн гэхээр их өөр ойлголттой байсан.  Зөвхөн газрыг өгдөг, хуваарилдаг  хүн л гэж ойлгодог байсан. Үнэндээ бол тийм биш юм. Жинхэнэ газрын мэргэжилтэн гэдэг хүн газраа мэддэг, судалдаг, төлөв байдал, чанарыг нь тодорхойлдог тухайн газар нутгийнхаа байгаль экологи, нийгэм эдийн засгийн онцлогт суурилаад тооллого бүртгэлийг нь хийсний үр дүнд тухайн газарт тохирсон газрын бодлого боловсруулж, төлөвлөлт, олголт, зориулалтыг нь  тодорхойлох  чадвартай  байх ёстой. Ингэж байж сая жинхэнэ мэргэжлийн   газрын мэргэжилтэн болж чадна. Ийм мэргэжилтэн л  газраа үнэлж, хянаж, төлөвлөж төлөвлөлтөө хэрэгжүүлж чадна гэсэн үг. Эцсийн эцэст газрын асуудлыг цогцоор харна гэсэн үг. Энэ бүхэнтэй уялдуулаад  сургалтын хөтөлбөрөө гурван удаа шинэчилсэн. Иргэд,  олон нийтийн зүгээс газрын мэргэжилтэн гэхээр   газрын албанд сууж байгаа хүнийг л газрын мэргэжилтэн гэж ойлгодог. Энэ хүн бол төрийн  өмнөөс хууль хэрэгжүүлж буй мэргэжилтэн хүн юм. Гэтэл гол мэргэжлийн ажлаа эрхэлж буй хүмүүс бол мэргэжлийн тусгай эрх бүхий хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжилтнүүд юм. Тэд газрын тооллого, хянан баталгаа, төлөвлөлт, нөхөн сэргэлтийн ажлаа цогцоор нь хариуцаад ажилладаг.

-Бид хоёр   газрын салбарын хууль эрх зүй бодлого чиглэл гээд нэлээд алсаас даяллаа. Сая та   боловсон хүчин бэлтгэж байгаа талаар, газрын мэргэжилтэн гэж хэнийг хэлэх талаар ярилаа. Тэгвэл  танай ХААИС.  Улаанбаатар хотын хамгийн онцгой бүсэд  оршдог, дэлхийн  анхны  дархан цаазат уулсын хормой бэлд  байна. Өөрөө энд ажиллаж, амьдарч байна.  Энэхүү хамгаалагдсан газарт шунах сэтгэлтэн олон болж,  Газрын тухай хуулийн хэрэгжилтийг уландаа гишгэсэн тохиолдол их боллоо.  Яах ёстой юм бол?

-Юуны өмнө дарга даамлаасаа эхлээд энгийн иргэнээ хүртэл тусгай хамгаалалттай газар нутаг гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.  Тусгай хамгаалалтай газар нутгийн хууль маань 1992 онд  батлагдсан.  1992 онд Дэлхийн байгаль хамгаалах сангаас  эрс тэс уур амьсгалтай, эмзэг нөхцөлтэй, Монгол орны хувьд байгаль дэлхийгээ хамгаалахын тулд  тусгай хамгаалалттай газрын сүлжээг бий болгох, хамгаалалттай газруудын хүрээг тэлж  улмаар 2030 он гэхэд  ийм хамгаалагдсан газар нутгийн хэмжээг  30 хувьд хүргэх тухай чиглэл зөвлөмжийг өгсөн.

Ингээд бодохоор тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй нь харагдаж байна. Тусгай хамгаалалттай газар нутаг гэж ховор, ховордсон ан амьтан, биологийн төрөл зүйл, өвс ургамал бүхий газар нутгийг хэлнэ. Тусгай хамгаалалттай газар маань дотроо дөрвөн төрөлтэй, дархан цаазтай газар,  байгалийн цогцолборт газар, түүхийн дурсгалт газар,  байгалийн нөөц газар гэж ангилдаг. Богд хан уулын тухайд 1778 онд  дархан цаазтай болсон дэлхийн анхны уул. Энэ ууланд маш олон ховор болон ховордсон ан амьтан, мод, өвс ургамал байдаг. Тэгтэл энэ бүсэд маш олон аж ахуйн нэгж, айл хүн амьдарч, үйл ажиллагаа явуулж байна. Хуулиараа бол болохгүй. Хуулиараа бол энэ бүсэд  ажиглах, жуулчлах зэрэг   үйл ажиллагаа явуулах учиртай. Өөрөөр хэлбэл,  зөвхөн ашиглах нөхцөлтэй. Түүнээс эзэмших, өмчлөх эрх хаалттай гэсэн үг. Одоо байгаа нөхцөл яг эсрэгээрээ байна. Зүй нь бол 5 жил  үндсэн зориулалтаар нь ашиглаж эргээд байсан ёсоор нь  хүлээлгэж өгөх заалттай.

-Зайсангийн олон ам,  Зайсан  хавь бол  Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэр. Газар үнэд орж энд тэндгүй газрын асуудал босож ирээгүй байхад эгэл энгийн цөөн айлаас өөр юм энд байгаагүй. Зайсан толгой,  Зөвлөлтийн дайчдын сүрлэг хөшөө  хотын хаанаас ч харагддаг байсан. Одоо бол  олон давхар сүндэрлэсэн барилга,  олон байгууллага эргэн тойрон  байшин дунд орчихоод Зайсан толгойг олж харахуйяа хэцүү боллоо.  Нүүлгэлтэй биш,  яах ёстой юм бол?    Газрын хуулийг зөрчсэн сонгодог талбар л болоод байна?

-Хан-Уул дүүргийн хамгаалж бас бахархаж  байх ёстой газар бол Богд хан уул мөн. Бидний 20 жилийн өмнө урьдчилан харж чадаагүй хуулийн энэ зүйл заалтуудыг  шинэчлэх хэрэгтэй. Юуны өмнө хилийн цэсийг дахин тогтоох шаардлага гарч байна. Түүнээс  хүмүүсийн бүтээсэн энэ их баялгийг нурааж устгаж болохгүй.  Эрх зүйн хувьд.  2002 оны хууль дээр орхигдуулсан нэг  алдаа бол хариуцлагын  асуудал юм. Маш олон хүнд  эрхийг нь өгсөн. Өнөөдөр  сумын бүх засаг дарга газар олгож л байна. Дүүрэг, нийслэлийн засаг дарга нар газраа олгосоор л байна. Яам  газар олгож л байна. Энэ нь газрын сан нэгдмэл байна гэсэн газрын тухай  хуулийг зөрчөөд байгаа юм. Аливаа удирдлага, эрх мэдлийн толгой олшроод байвал  өрсөлдөөн газар авч, авлига,  хээл хахууль дэлгэрч төр, иргэдийн амьдралын үндэс болсон  газрын зохисгүй хууль бус харилцаа тэлээд байгаа байдал яван явсаар ийм байдалд хүрчихлээ л дээ.  Энэ зохисгүй  алдааг засахын тулд эрх мэдэлтнүүдийн хариуцлагын  тухай зүйл заалтыг тодорхой болгож багц хуулиа  засан сайжруулахад хүрээд байна. Дархан цаазат Богд хан ууланд олгосон байгаа тэр бүхий л газар  үе үеийн сайд нар тэднийг мэргэжил аргазүйгээр хангаж байсан мэргэжилтэн, албан хаагчдын буруу. Монгол Улсын хэмжээнд 73 тусгай хамгаалалттай газар нутаг байна. Ганцхан Богд хан уулаар жишээллээ. Бүгдийг нь маш сайн  төлөвлөлт хийж, маш сайн менежментээр ашиглалт хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэх  ёстой. Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар мөн л адилхан. Хамгаалах, оршин суугчид нь  амьдралдаа ашиглах, эргээд өөрсдөө  хамгаалах  давхар үүрэг, хариуцлага эрх зүйн тогтолцоог нарийсган  тогтоож өгөх цаг болсон. Одоогийн нөхцөлд хилийн цэсийг нь тогтоогоод л орхидог нийтлэг дутагдал байсаар байна.

-Бид хоёрын яриа газрын  салбарын хууль эрх зүйн талаар эхэлж,  магадгүй таны ажиллаж, амьдарч буй  дархан цаазтай газар Богд хан уулын хормой, хатан туулын эрэг  хөвөө болсон  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр өрнөөд байна. Нийслэлийн тухайд ихээхэн онцлогтой  бүс л дээ. Энэ бүхнийг цэгцэлж, төлөвлөлтөд суурилсан зөв менежмент хийх зайлшгүй шаардлага урган гарч байна гэж таны ярианаас ойлголоо. Нийслэлийн газар төлөвлөлтийг  та мэргэжлийн хүн, салбарын эрдэмтний хувьд юу гэж боддог вэ?

-Юуны өмнө энэ асуудлыг цогцоор нь харж, системтэй шийдвэрлэх хэрэгтэй.  Хэсэг хэсгээр нь таслаад зөвхөн  газар олголтоор ч гэдэг юм уу, зөвхөн хамгаалах асуудлаар хашиж хамгаалаад  гэж  туйлширч болохгүй. Бүхий л талаас нь харж нийгэм, эдийн засгийн шийдлийг хамтад  нь тусган  шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах нь зөв гэж бодож байна. 2002 оны газар өмчлөлийн хуулийг аваад үзвэл хоёр талтай. Нэг талаас нь харвал, иргэнээ өмчтэй болгосон, иргэндээ газрыг өмчлүүлсэн, баталгаатай хөрөнгөтэй болж байна гэдэг нь сайн талтай.  Тэгтэл  энэ их  замбараагүй газар олголт маань хотын өргөжин тэлэхэд  саад болж байна.  Нөгөө л утаа,  бохирдол, түгжрэл эндээс үүдэлтэй. Төр эргээд хотоо хөгжүүлэхийн тулд иргэнээсээ маш өндөр үнээр  өмчилсөн газраа эргүүлэн  худалдан авч байгаа нь  дахин төлөвлөлтийн  асуудлыг ч хүндрүүлж байна. Хүмүүс  хот ямар сайхан байв аа, тэр  хороолол, энэ 120 мянгат, тэр Зайсан гээд. Цахим ертөнцөд зураг хөргийг нь тавьдаг. Энэ бол төлөвлөлтөд суурилсан норм стандартаа мөрддөг хотын хөгжлийн дүр төрх байсан юм. Тэгтэл бид сүүлийн  30 жил ийм төлөвлөлт хийлгүй хотоо тойруулаад замбараагүй гэр хороолол буй болгосон. Зай талбай бүрт барилга барих эрх олгосон. Төлөвлөлт гэдэг бол  зам байх газар нь замаа, сургууль байх газар нь сургуулиа,  худаг байх газар нь худгаа барих тийм нарийн төлөвлөлт юм.  Ингэж чадаагүйгээс   нийгмийн  шаардлага гараад ирэхээр сургууль барих гэдэг газар байхгүй, эмнэлэг барих гэтэл газар байхгүй. Үүсэж байгаа асуудлыг  дахин төлөвлөлт нэрээр иргэдээс эргүүлэн газар чөлөөлүүлж худалдан авах   арга замыг сонгохоос өөр гарцгүй. Энэ нь амьдрал дээр бараг тэр сургууль, эмнэлэг барих зардлаасаа ч илүү  хөрөнгө зарж газар  олж авч байна. Энэ нь төлөвлөлтгүй газар олголт, эмх замбараагүй суурьшил бий болсонтой холбоотой.

-Миний бодохоор хот бол мод шиг юм. Хоёр тийшээ хөгждөг. Хүмүүс  хөрсөн дээр байгаа хотыг л анзаарахаас хотын зүрх болсон хөрсөн доорх хотын тухай ойлголт муутай байдаг. Газар ашиглалт төлөвлөльийн асуудалд  газар доорх энэхүү “судас” болсон хотын хөгжил ихээхэн үүрэгтэй байх даа.

-Тантай зуун хувь санал нэг байна. Мод бол  үндсээрээ дамжуулан шим тэжээлээ авч өөдөө дээшээ ургаж  мөчир нахиагаа дэлгэн томордог. Хот үүнтэй адилхан  газар доорх хотоосоо  ус дулаан,  эрчим хүчээ хүртэл авч  хөгждөг. Энэ бүхэн нь байхгүй бол  зоорь гараашаас ч доор  шавар оромжууд л болох байсан. Тэгтэл газар доорх  хот нь  газар дээрх хотынхоо цохилох зүрх нь болсоор байна. Тэгвэл бид энд яаж анхаарч байна. Үүнийг харгалзан үзээгүйгээс   зассан зам, барьсан барилгаа  эргүүлэн нураахад бэлэн байна. Нураасаар ч байна. Мөн л төлөвлөлтийн алдаа. Өндөр хөгжилтэй орнууд болон  газар нутаг багатай орнууд газар доорх хотыг илүү анхааран үзэж байгуулдаг. Ингэснээр газар дээрх хотын төлөвлөлт хөгжилд  урагштай зөв  шийдлүүд гарч эргэн давтах алдаанууд багасдаг.  Манайд газар доорх  хот нь газар дээрх хоттойгоо уялдаа муутай. Дулаан, ус нь нэг яаманд, цахилгаан нь нэг яаманд  гэхчилэн  олон эрх мэдлийн хүрээнд шийдэгддэг. Хотын хөгжил тэлэлт нь дэд бүтцийн хангамжтай шууд холбоотой түүнгүйгээс л бид хэт төвлөрч жижигхэн орон зайд түгжирч байна. Газар зохион байгуулалт төлөвлөлтөө зөв хийгээд иргэд аж ахуйн нэгждээ газрыг нь холбож өгч,  нэгж талбар бүрээсээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлого олж байж айл өрх, иргэд сайхан амьдарна, орон нутаг, бүс нутаг цаашлаад улс орон хөгжинө. Энэ бүхнийг Газрын тухай хуульдаа тусгах ёстой, хууль амьдрал хоёр нийцэж байж сая зөв төлөвлөлт, улсын, хотын зөв хөгжил бий болно. Цогцоор нь шийдэх, системтэй авч үзэх, шинжлэх ухаанч алсын хараатай  менежментийг цаг алдалгүй хийх цаг үе бидэнд тулж ирээд байна. Үүнийг шийдэж байж бид цаашаа хөгжинө.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
2
care
0
haha
7
liked
4
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.168
2024/09/08
0
0
Монгол төрд газарын зохион байгуулалтын мэдлэг мэрэгжилтэй хүн хэрэгтэй байгаа юмдаа
Хариулах
202.179.25.230
2024/09/07
0
0
Ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье маш зөв зүйтэй юм бичсэн бна баярлалаа дэмжинээ таныг
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 19 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 19 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 20 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 20 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 20 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 20 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 21 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 21 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 21 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 21 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 21 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 21 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 21 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 22 цагийн өмнө