Улс төрийн нам, эвслүүд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Улмаар өөрийн нам, эвслээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх эрхээ баталгаажуулсан нэр дэвшигчид хуулийн дагуу нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид есдүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчийн баримт бичгийг өгөх учиртай. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан бол тухайн шатны сонгуулийн хороо есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс эхэлж есдүгээр сарын 2-нд ийнхүү дууслаа. СЕХ-ноос аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахтай холбоотой арга зүйн сургалтыг наймдугаар сарын 23-наас хойш танхим, томилолт, цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм. Орон нутгийн сонгуулийн санал хураалт ирэх аравдугаар сарын 11-нд орон даяар болно. Тухайн өдрийн 07:00-20:00 цагийн хооронд иргэдийн саналыг авна. Тодруулбал, энэ сонгуулиар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид буюу ирэх дөрвөн жилд орон нутгийг удирдах төлөөлөгчдөө сонгох юм. Энэ удаагийн орон нутгийн сонгууль хуучин хуулиараа буюу 2020 оны хуулиар зохион байгуулагдана. Учир нь өмнөх парламент хуулийн хугацаандаа багтаж, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж амжаагүй юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд өөрчлөхгүй байх зохицуулалттай байлаа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн хуулийг өнгөрсөн аравдугаар сараас өмнө өөрчлөх ёстой байсан гэсэн үг. Гэвч энэ хугацаанд багтаан хуулиа өөрчилж амжаагүй учраас ийнхүү хуучин хуулийн зохицуулалт энэ удаад мөн адилаар үйлчилнэ.
МАН-аас нийслэлийн ИТХ-д найман эмэгтэй нэр дэвшиж байна
Сонгуулийн цагалбарын дагуу аймаг, нийслэлийн намын хороод хуралдаж ИТХ-д нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулаад байна. Тухайлбал, Х.Нямбаатар даргатай нийслэлийн МАН-ын хороо энэ сарын 2-нд хуралдаж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших 45 хүнийг тодруулсан юм. Х.Нямбаатар даргын хувьд “Энэ удаагийн орон нутгийн сонгуульд шилдэг инженер, эдийн засагч, хуульчдыг нэр дэвшүүллээ” хэмээн тодотгож буй. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахын тулд өнгөрсөн наймдугаар сард нийгмийн чанартай хэд хэдэн төрлийн судалгааг явуулсан. Нийслэлчүүд ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт хийх цаг хугацаа учраас инженер, эдийн засагч, хуульчид илүүтэй түлхүү төлөөлбөл зүйтэй юм гэдэг хариулт өгсөн судалгааны дүн гарсан. Ингэснээр энэ судалгааны дүнг үндэслэж бид нэр дэвшигчдээ тодрууллаа. Манай нэр дэвшигчид дотор Монгол Улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн менежментийн багийг ахалж ажилласан зөвлөх инженерүүд, Монгол Улсын барилгын залуу зөвлөх инженерүүд бий. Мөн хот төлөвлөгч, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж байсан санхүүчид, эдийн засагчид, Монголын хуулийн салбарын шилдэг төлөөлөл багтсан. Түүнчлэн өмнө нь нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулж байсан нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллүүдээс бүрдсэн” хэмээн тодотгосон. Мөн нийслэлийн МАН-ын хороо “Хотын сэргэлт”, “20 минутын хот” хөтөлбөрөө Үндэсний аудитын байгууллагаар хянуулж, нийслэлийн Сонгуулийн хороонд өргөн бариад байгаа юм. МАН-ын мөрийн хөтөлбөрийн тухайд үндсэн таван бүлэгтэй бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаж байгаа иргэдийн амьдрах орчин, орон сууц, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшиг ослын эрсдэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтыг дэвшүүлсэн гэдгийг Х.Нямбаатар дарга тодотгож буй. Ялангуяа хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга зам, санхүүжилт, эдийн засгийн тооцооллуудыг мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарган удаан хугацаанд судалж багцалсан байдаг. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн бас нэг онцлог нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд, өртөг тооцож болдог үйлчилгээний төрлүүд дээр бүхий л боломжуудыг ашиглан хотын эдийн засгийг тэлэх бодлого баримталсан хэмээн танилцуулж байсан юм.
Ташрамд дурдахад, 2024 оны орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-аас нэр дэвшигчдийн олонх нь 1980-1990 онд төрсөн залуучуудын төлөөлөл байгаа аж. Ийнхүү шинэ үеийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх залуусаас нийслэлийн парламентыг бүрдүүлэхээр зорьж буй Х.Нямбаатарын багт томоохон төсөл, менежментийн багт ажиллаж байсан, гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн шинэ үеийн залуусын төлөөллийг нэр дэвшүүлж буйгаа онцолсон. МАН-аас нийслэлд нэр дэвших 45 нэр дэвшигчийг харвал Хөгжлийн банк, Хөрөнгийн бирж, Улаанбаатар хөгжлийн корпорац зэрэг томоохон байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан, түгжрэлийг бууруулах, Шинэ сэргэлтийн бодлого, шинэ Цэнгэлдэх хүрээлэн зэрэг төсөл, нэгжийн удирдлагаар ажиллаж байсан туршлагатай хүмүүсээс бүрдэж байгаа бөгөөд нийт 45 нэр дэвшигчийн найм нь эмэгтэй нэр дэвшигч байна. Түүнчлэн МАН-аас нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлж буй 45 хүний 17 нь одоогийн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байгаа юм. МАН ийнхүү ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан бол АН Шинэ намтай эвсэж энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Улаанбаатар хотын 12 тойрогт намуудаас өрсөлдөх нэр дэвшигчид ийнхүү тодорлоо. Нийслэлийн ИТХ нь нийт 45 мандаттай бөгөөд МАН, АН, ХҮН нам 45 нэр дэвшигчээ танилцуулсан.
Х.Мандал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна