Ялалтаас ичигсэд...


 А.БААТАРХУЯГ

Монгол-Манж ба Орос-Япон

Халхын гол халхын л болохоо харуулан мяралзан урссаар. Монгол Улсын зүүн хязгаар. Үүнээс цааш Баргын нутаг үргэлжилнэ. Уг нь Монголын л нутаг. 
1627 онд Авга, Үзэмчин, Сөнөд, Хуучидын ноёд Лигдэн хаанаас зугтан Халхын зүүн гарын Далай сэцэн жонон Шолойн нутагт дүрвэн ирж, Шолой жононд “Махасамади Сэцэн хаан” цол өргөмжлөн дагаар орсон. Ингэж Сэцэн хан аймаг үүсжээ. Хожим Халхын зүүнгарын хоёр аймаг сөнөдийг Манжтай булаалдан нэг сүрхий нүдэлдсэн ч ялагдаад алдчихсан юм. Дараа нь Манж нар Монголыг бүхлээр нь залгив. 


Энэ үед оросууд Сибирийг колоничилж, баргууд түрэгдэн Баргужин төхөм нутгаа орхин, Халхын Сэцэн хан аймгийн бэйс Жанчивдорж, бэйл Ванчин, ван Доржжан, засаг Шагдаржавын зэрэг хэдэн хошуунд нутаглаж, харьяалагдаж байгаад 1734 онд Манжийн Найралт төв хаанд өргөн мэдүүлснээр Хөлөнбуйрт нутаглаж, Шинэ Барга гэгдэх болжээ. Ингээд Халх, Баргын нутаг гэгдэх болов. 

Гаминг хөөсний дараа Хятадын зүүн хязгаарын захирагч Жан Золин Монголд ихээхэн шунамгайрч байсан ч япончуудын зохион байгуулсан галт тэрэгний ослоор үхэв. Түүний дараахан 1928 онд баргууд Мэрсэгийн удирдлагаар Хятадаас салах бослого гаргаад дарагдав. Тэр үед Монголд засаглаж байсан баруунтнууд цэрэг гарган дэмжиж, 2600 цэрэг хоёр замаар хил даван давшсанд Хятадын тал лига нацид Монголын түрэмгийллийн талаар гомдол гаргав. Асуудал хурцадсанд төмөр замаа хамгаалах нэрээр Зөвлөлтийн цэрэг Манжуурт нэвтэрч байлдаж буй талуудыг зааглаж, Монголын цэрэг буцжээ. Мэрсэ сураггүй алга болов. Бослого бүрийн дараа баргууд Монголд нүүн ирсээр байсан юм. 1932 оны хоёрдугар сарын 19-нд Япончууд Манжуурт хяналтаа тогтоон хуучин Чин гүрний залгамжлагч гэх Манжго улсыг байгуулав. Энэ бол манжуудын уугуул нутаг дахь Манжийн улс сүүлийн богино настай улс байлаа. Барга Манжго улсын харьяанд орж, оросууд Дорнод Хятадын төмөр замаа алдав.

Манжго улс байгуулагдсан цагаас Монгол Улс, Манжго улсын хооронд хилийн маргаан гарч, зохицуулах ажлууд хийгдэж байв. Япон-Манжийн талаас хоёр улсын хилийг Халх голоор тогтоох ёстой гэж үзсэнээс байдал үе үе хурцдаж байв.

1937 оны есдүгээр сарын 10-нд Алтанбулагт Ерөнхий сайдын орлогч, бүх цэргийн жанжны II орлогч Г.Самбуу нарыг хил дээр баривчлав. Манжготой хилийн маргаан зохицуулах хэлэлцээрийн V уулзалтанд оролцож байсан Засгийн газрын төлөөлөгчдийг БНМАУ-ын Гадаад явдлын яамнаас яаралтай дуудсаны дагуу тэд буцах замдаа ийнхүү баривчлагджээ. Яг тэр үед Коминтернээс “Үндэсний эрх ашгийг хэт дээгүүр тавьж байна” гэж матуулсан Ерөнхий сайд П.Гэндэн огцорч, ЗХУ-д дуудагдан очоод А.Амар Ерөнхий сайд болсон байв. Ерөнхий сайд П.Гэндэн “Байлдах дуртайгаараа Орос Япон хоёр байлддаг л юм байгаа биз, Монгол, Манж хоёр эвийг сахих ёстой” гэж зааварчилсан нь матаас болж, ЗХУ-д дуудагдсан байв.

Хэрэв тасалдуулаагүй бол Монгол-Манж хоёр эвээ олчихож магадгүй байсан хэлэлцээрт Монголын талаас Самбуу, Догсом, Дамба, Догсүрэн нар, Манжгогийн талаас Ли Жин, Японы талаас Сакурай, Сайто, Иногучи нар оролцож 1935-1937 онд таван удаагийн уулзалт хийсэн байв. Монголын талын төлөөлөгчдийг баривчлан цаазалсан нь “Анхны 14-ын хэрэг” гэгдэн түүхэнд үлджээ. Үүнтэй яг адил Манжийн төлөөлөгчдийн ахлагч Ли Жинийг япончууд баривчлан буудан хороосон байна. Ийнхүү хилийн маргааныг зохицуулах арга хумигдаж, дайн эхэлсэн билээ. Байлдах дуртайгаараа Япон-Орос хоёр л, гэвч...

 

Халхын голын дайны олз

 

1936 оны гуравдугаар сарын 12-нд И.Сталины шахалтаар Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протоколыг (Орос: Протокол взаимпомощи между СССР и МНР) Улаанбаатар хотноо зурав. Тухайн үед БНМАУ-ыг олон улсад хүлээн зөвшөөрөөгүй (тэр тусмаа ЗХУ өөрөө) байсан ба харин энэ олон улсын гэрээ нь манай улс тусгаар тогтносон улсын ёсоор бие даан гадаад улстай байгуулсан гэрээ байсан юм.

Протокол байгуулагдмагц Хятадын талаас (Гоминданы Засгийн газар) Монголыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэгээ мэдэгдэн, ЗХУ-ыг 1924 оны Зөвлөлт-Хятадын гэрээг зөрчиж байна хэмээн эсэргүүцэв.

Протоколд, гуравдагч орны зүгээс ЗХУ болон БНМАУ-ын нутаг дэвсгэрт заналхийлсэн тохиолдолд хоёр улс бие биедээ бүх талын туслалцаа үзүүлнэ (1-р зүйл), аль нэг талд нь цэрэглэн халдсан тохиолдолд цэргийн тусламжийг оролцуулан бүх талын туслалцааг үзүүлнэ (2-р зүйл) гэж тохиролцжээ. Дээрх хоёр заалтын дагуу орж ирсэн цэрэг хүч нь уг аюултай нөхцөл байдал арилтал нөгөө орныхоо нутаг дэвсгэрт байрлахаар (3-р зүйл) тусгасан байна. 4-р зүйлд уг гэрээний хүчинтэй хугацааг 10 жил гэж заажээ.

Протоколын дагуу Зөвлөлтийн армийн хүч 1936 онд Монголд орж ирэн, 1937 онд эхэлсэн Япон-Хятадын дайны үеэр хүн хүчний тоо нь улам нэмэгдсээр Халх голын байлдаанд Зөвлөлтийн 40 шахам мянган цэрэг оролцсон байна. ЗХУ ба Монгол, Япон Манжго дөрвөн улсын хооронд болсон дайнд Зөвлөлт Монголын тал ялжээ.

Зарим түүхч энэ дайныг дэлхийн II дайны эхлэл гэж үзэх саналтай байдаг. Халхын голын дайн дуусмагц Европт Герман Польшид халдан довтолсноор дэлхийн II дайн эхэлсэн гэж үздэг. Мэдээж дэлхий дахинд түгээмэл болсон Европ төвт соёлын орчинд аливаа үйл явдлын эхлэлийг Европ руугаа чирэх нь ойлгомжтой тул Монголын дайныг тоохгүй байх нь ойлгомжтой. Сүүлийн үед олонх түүхч ЗХУ өрнөдөд дайнд бэлтгэхийн тулд дорнод хилээ бататгаж энэ дайныг эхлүүлсэн гэдэг юм. Харин Японы талаас дайн өдөөх шалтгаан нь Зөвлөлтийн Алс Дорнодыг булаан эзлэхээс илүү ирээдүйн дайнд хэрэгтэй гадаад Монголын түүхий эдийн нөөцийг эзэмшихэд байсан гэдэг.  

1905 оны Цусимын ялалтаар хүчирхэг гүрэн болсноо мэдрүүлсэн япончууд Солонгосыг эзэлж, Оросын иргэний дайны үед Владивостокт цэрэг буулгаж, Хятад, Азийг нэгэн дээвэр дор нэгтгэхээр түрэмгийлж байв. Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө үзэлцэж байсан 1910-1920-иод онд Монголын хэрэг явдлыг анхаарлаасаа огтхон ч салгаагүй билээ. Тэр байтугай “Нармай Монгол”-ын үзэл санааг сурталдаж, нармай Монголын Засгийн газар гэгчийг байгуулахад ч дэмжлэг үзүүлж байсан учраас өнөөг хүртэл Монголын үндсэрхэг үзэлтнүүд Японд тал өгөх гээд байдаг юм. Япон Монголыг нэгтгэх гэсэн үү, эсвэл энэ уриалгаар дамжуулж өөрийн нөлөөгөө тэлэх гэсэн үү гэдэг бас л асуулт. Ард түмэнд ах дүү гэж байдаггүй, эрх ашиг л гэж бий... Цагаан Оросын үлдэгдэл Семёнов, Барон Унгерн нарыг ч, Хятадын эзэрхэг генералуудыг, тэр дотроо Сүй Шүжаныг, тэр байтугай Өвөрмонголын тусгаарлахын төлөө тэмцэгчид, босогчдыг ч санхүүжүүлж, хуучин Чин гүрний өвийг бүхлээр нь өвлөж Их Азийг мөрөөдөж байсан.

Халхын голын дайн зүгээр нэг л өдөр эхэлчихээгүй юм. Чухамдаа 1945 оныг хүртэл япончууд хагас зуун жил Азид ааглаж байсан. Дайны талаар тоочих шаардлагагүй байх, олон улсын цэргийн түүхчид энэ талаар боть ботиор нь судлаад бичсэн.

Дэлхийн II дайны дараа холбоотон гүрнүүдийн байгуулсан Ялтын “маш нууц” гэрээгээр холбоотны гүрнүүд Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. Халимагийн яруу найрагч Давид Кугультинов Герман ЗХУ-д халдан довтлох үед Дорнодод алба хааж цэргийн агт цуглуулах ажил хариуцаж байжээ. Тэрбээр нэгэн малчин өвгөнийд цай ууж суухад өвгөн хуруу даран, “Орос, Англи, Америк, Франц, Монгол нэг тал болбол Герман юу гэж тэсэх вэ” гээд “Чи инээж байна уу, чигчий хуруу хэдий жижигхэн ч гарт бол хэрэгтэй л байдаг юм даа” гээд инээсэн гэдэг. Тэр ёсоор болов.

Тэр үед тусгаар тогтнолоо олж авсан ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөх арга саам хайж байсан монголчууд зөв талдаа нэгдсэн юм. Дэлхийн II дайны үед БНМАУ ЗХУ-д гэрээ ёсоор чадлаараа тусласан. Зөвлөлтийн армийг Квантуны армийн эсрэг дайнд оролцуулах нэг нөхцөл нь Монголын (статус-кво)-г хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх явдал байсан бөгөөд Халхын голын дайны ялалтаар үнэлэгдсэн Монголын арми Манжуурыг чөлөөлөх байлдааны ажиллагаанд оролцсон юм. Жанчхүүгийн даваанд энэ үйл явдалд зориулсан дурсгалын хөшөө өдгөө ч бий.

Чухамдаа аль 1936 онд л Хятадын гоминданы Засгийн газар БНМАУ-ыг ЗХУ-тай бие даан хэлэлцээр байгуулсныг эсэргүүцэж байсныг дээр дурдсан, бодит байдалд БНМАУ нь бие даан хэлэлцээр байгуулсны үр дүнд газар нутгаа хамгаалан ялалт байгуулсан нь маш чухал үйл явдал байв. Хэрэв Хятадын тал БНМАУ-ыг өөрийн нэг хэсэг гэж үзэж байсан юм бол 1939 оны дайны үед л хамгаалах үүргийг хүлээх ёстой байсан, гэвч тэд Монголтой мантай 1937 оны дайнаар Японд цусаа холиулж байсан билээ.

Харин монголчууд яаж ч үзсэн 1939 онд Халхын голд, хил дээрээ ялж, тусгаар тогтнолоо хамгаалж чадсан нь бодит факт юм. Энэ бол Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нэг үзүүлэлт мөнөөсөө мөн, тэгээд ч 1944 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Монголд айлчлахдаа БНМАУ нь Хятадаас ямар ч хамааралгүй болсныг үзэж баталгаажуулсан билээ.

 

Хүйтэн дайны үргэлжлэл

 

Хүйтэн дайн эхэлмэгц дэлхий дахин хоёр ертөнцөд хуваагдав. Дэлхийн II дайнд ялсан холбоотнууд нэгнээ хялайн харах болов. Газар зүйн хаагдмал байрлалын улмаас БНМАУ коммунист лагерийн гишүүн байхаас өөр гарцгүй байв. Энэ явцад өмнөх дайны үеийн “дайснууд” нь барууны холбоотнуудын талд байв.

1990-ээд оны дэлхий нийтийг хамарсан өөрчлөлтийн дараа коммунист лагерь задран унахад монголчууд “тэжээгчээ алдсан” ч эрх чөлөөгөө олж, чөлөөт ертөнцийн нэг хэсэг болохоор тэмүүлсэн юм. Тэр үед хамгийн их тусалсан улс бол урьдын дайсан “самурай” нар байв.

Үүлэн чөлөөний нар шиг эрх чөлөөт цэцэглэн хөгжсөн амар амгалан он жилүүдийн дараа гэнэтхэн ОХУ Крымыг өөртөө нэгтгэснээр дэлхийн ”шинэ дэг журам” эвдэрч эхлэв. Тэнд, Крымд Ялта хот бий. ЗХУ задран унаад 30 жил өнгөрсний дараа ард нь үлдсэн хүүхдүүд нь хоорондоо дайтаж тоглох болов. Монгол ацан шалаанд оров. Урьдын холбоотнууд нь хоорондоо толхилцоод, “дайснууд” нь ирж туслаад өмнө зүгт Хятад гүрэн хөгжин цэцэглэж, ганцаардсан Орос гүрэн түүн лүгээ сүжирч эхлэв. 

Манайхан юмыг нарийн ялгаж хардаггүй, ОХУ бол ЗХУ гэж үзэх гээд байдаг. Чухамдаа Халхын голд Зөвлөлтийн улаан армид алба хааж байсан украинчууд тулалдаж байсан нь гарцаагүй. Улаан арми бол Зөвлөлтийнх болохоос Зөвлөлтийн аль нэг БНУ-ынх биш л дээ.

Бид шинэ түүхээ бүтээж байна. Ингэхдээ яг нүүдэлчдийн араншингаар өмнөх түүхээ толгой дараалан үгүйсгэж эхэллээ. Нэг ёсондоо коммунизмын нурангин дээр хүмүүсийн оюун санааг өөрчлөх “хүйтэн дайн” Монголд үргэлжилсээр байна. 

1921 онд монголчууд Хиагтад ялаагүй, монгол хувцастай оросууд л байлдсан, 1939 онд монголчууд ялаагүй, оросууд л ялсан, тиймээс тэд л тэмдэглэх гээд байна. Чөлөөлөх II дайнд манай арми сүрхий оролцоотой байгаагүй юм аа, зүгээр л морин марш хийчихээд л буцаад ирсэн... Гэтэл тэр дайнд Монголын армитай дүйцэхүйц суртал нэвтрүүлгийн ач холбогдолтой хүчин зүйл нь Монгол Улсын, Халхын голд ялсан Монголын армийн нэр хүнд байсан. Учир нь манайхаар чөлөөлөх II дайн голлон монгол угсаатны нутаг дэвсгэрт өрнөсөн. Хуучны баримтуудыг үзэхэд Өвөрмонголыг чөлөөлөх 1913-1915 оны Таван замын байлдааныг Чөлөөлөх нэгдүгээр дайн, 1945 оны дайны чөлөөлөх II дайн гэж үздэг байсан. Үүнийг ч бид мартсан. Ер нь монголчууд XX зуунд ялж байсан юм уу. Япон одон зүүчихээд Монголыг үгүйсгээд байж болохгүй л дээ. Бид ядуу, бид дорой, бид тоглоомын хүүхэлдэй, бид муу байсан, тэд муухай байсан. Өмнөх түүхээ сүйтгээд оронд нь бид ямар түүх бүтээж байгаа улс вэ.Ер нь Халхын голын дайны талаар бичихдээ япончууд ялагдлаа нуух гэж “Номунханы мөргөлдөөн”, Зөвлөлт-Оросын түүхчид болохоор бас эх орны дайны ач холбогдлыг өндөрт өргөх гэж “Халх голын тулалдаан” гэж нэрлэж байсан. Харин Монголын тал ялалтын ач холбогдлоо өргөх гэж “Халх голын дайн” гэж нэрлэдэг байсан.  

Хоёр талаас дөрвөн улсын 100 гаруй мянган цэрэг офицер оролцож, 1200 гаруй онгоц, 700 гаруй танк, мянга гаруй их буу хэрэглэн тулалдсан, дэлхийн түүхэнд хамгийн олон онгоц оролцсон агаарын тулаанууд хийж, арав шахам жил бэлтгэж, хагас жил үргэлжилсэн тулааныг дайн гэхгүй өөр юу гэх вэ. Уг нь Халхын голын ялалт манай нэр төр юм. Улсын биш болгох гээд байгаа бол ядаж армийн нэр төр юм. Харин үүнийг мөнгөөр худалдаж болохгүй. Ерөөсөө түүх бол тусгаар үндэсний үзэл суртал байдаг. Түүхэн үнэнийг хэлэх ёстой гэдэг ч аль ч үндэстэн ялалтаа дөвийлгөж, ялагдлаа нуудаг. Япончууд Халхын голын дайны таагүй түүхээ дарахын тулд Монголд яаж ажиллаж байгааг харж л байгаа биз дээ.  

Ялалтын найранд зочин ирэх дуртай, харин ялагдлын гутамшгийг хуваалцагч цөөн. Тиймээс ялалтын найранд ирсэн зочноо барьж өгдөг ёс байхгүй. Цагтаа монголчууд элчийг нь хөнөөсний төлөө ямархан том эзэнт гүрнүүдийг сүйтгэсэн билээ.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 18 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 18 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 18 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 18 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 19 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 19 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 19 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 20 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 20 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 20 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 20 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 20 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 20 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 20 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 20 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 20 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 21 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 21 цагийн өмнө