Т.Батжаргал: Дэлхийн цэрэг дайны түүхэн дэх хамгийн том агаарын тулалдаан Халхын голын тэнгэрт болсон


Халх голын дайны ялалтад нисэх хүчин тэр дундаа  сөнөөгч онгоц чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ талаар судлаач, инженер-нисгэгч, доктор Т.Батжаргалтай ярилцлаа. 

-Халх голын дайны үеэр өрнөсөн агаарын байлдаанууд голлон болсон газруудад нийт хэдэн онгоц оролцсоныг дурдана уу?
-Халх голын дайны ажиллагаа агаарт давамгайлж чадахгүй л бол газраар давших операцыг амжилттай явуулахад ихээхэн бэрхшээлтэй бөгөөд ялалтад хүрэхэд сөнөөгч онгоцны агаарт ноёрхох байлдааны нислэг чухал болохыг нотолсон юм. ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуков “Монголд болсон шиг тийм агуу том агаарын тулалдааныг дахиж хараагүй” гэж дуртгалдаа бичсэн байдаг. Энэ дайн бол эзлэх газар нутгийн тухайд Халх голоос улсын хил хүртэлх 60-80 км урт, 15-20 км өргөн газар оронд явагдсан боловч агаарын байлдаан орон зайны тухайд Халхын голоос баруун тийш Тамсагбулаг, Баянтүмэн хүртэлх, зүүн тийш Ганжуур сүм, Жанжин сүм, Халуун рашаан, Эрс уул, Нөмрөгийн гол хүртэлх орон зайг хамарсан.  Дайны фронтод нэг дор төвлөрүүлсэн нисэх онгоцны тоо Монгол-Зөвлөлтийнх 600 нэгжид хүрсэн бол Японы талаас 250 гаруй нэгж болсон гэж олон эх сурвалжид дурджээ. Ийнхүү хоёр талаас нийтдээ 850 гаруй нэгж нисэх онгоц оролцсон нь фронтын шугамын нэг км тутамд 10-14 нисэх онгоц ногдож байв. Энэ нь дэлхийн  хоёрдугаар дайны үед Герман 1941 оны зургадугаар сарын 22-нд довтлохын өмнөх ЗХУ-ын баруун хил дээр хоёр талаас нийт 15 мянган нэгж нисэх онгоц төвлөрүүлсэн нь тус фронтын шугамын нэг км тутамд таван нэгж нисэх онгоц ногдсоноос их үзүүлэлт болсон. 


-ЗХУ болон Японы талын байлдаанд ашигласан сөнөөгч онгоцууд, статистик тоо баримт байдаг уу? 

-Халх голын дайнд дан далавчит хурдтай сөнөөгч онгоцууд чухал хувь нэмэр оруулж агаарын байлдаанд хамгийн олон  удаагийн байлдааны нислэг үйлдсэн. 1939 оны тавдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 15–ны хооронд Улаан армийн нисэх хүчин 20524 удаагийн нислэг үйлдсэнээс сөнөөгч онгоцууд 18500 удаагийн байлдааны нислэг үйлдсэн. Энэ үзүүлэлтээрээ нийт нислэгийн 90 хувийг эзэлж байна. Үүнээс 14500 нислэг нь агаарт ноёрхол тогтоохын төлөөх байлдааны нислэг, 3500 удаагийн нислэг нь  өөрийн талын байрлал, давшилт, тулааны талбарыг халхлах, галаар дэмжих зорилгоор үйлдсэн байна. Нийт нэг сая гаруй ширхэг нисэх онгоцны пулеметын сумаар буудсаны 58 мянган сумыг нисэх онгоцны 20 мм-ийн их буунаас буудаж 78 мянган ширхэг буюу ойролцоогоор 1300 тонн бөмбөгийг дайсны амьд хүч, техник, цэргийн обьект дээр болон ар талд хаясан байна. Хоёр талын хамгийн их ашиглаж үндсэн үүрэг гүйцэтгэсэн сөнөөгч онгоцууд бол Зөвлөлтийн зохнион бүтээгч Н.Н.Поликарповын И-16, Японы Наказимагийн зохион бүтээсэн Ки-27 сөнөөгч онгоцууд бөгөөд И-16 сөнөөгч 300 гаруй нэгж, Ки-27 сөнөөгч нь 200 гаруй нэгжийг агаарын байлдаанд оролцуулсан байна. Дайны эхэнд Японы нисэх хүчин агаарт ноёрхсон тул Москва дахь Улаан армийн дээд удирдлага нь Халх голд байгаа цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Михайлович Штернийг томилсон. Ингээд тавдугаар сарын 29-нд Зөвлөлтийн 11 улсын бааар, Испани, Хятадад байлдааны ажиллагаанд оролцож агаарын тулаанд гарамгай байлдаж асар их туршлага, өндөр ур чадвар эзэмшсэн шилдэг 48 нисгэгчийг Монголд илүүлсэн. Тэднийг ЗХУ-ын хоёр удаагийн баатар, АТУА-ийн  Цэргийн нисэх хүчний орлогч дарга, ЗХУ-ын баатар Я.В.Смушкевич удирдаж байв.   

 
-Ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэсэн агаарын онцлох дайралтуудаас дурдана уу?
-Агаарын тулалдаан 1939 оны тавдугаар сарын 20–ны орой эхэлсэн. 1939 оны зургадугаар сарын 22-нд Зөвлөлтийн 95 сөнөөгч онгоц Японы 120 онгоцтой нэгэн зэрэг гурван газар агаарт болсон энэ тулалдаанд япончууд Ки-27 буюу И-97 загварын шинэ сөнөөгч онгоцоо оруулсан бол Зөвлөлтийн тал И-15, И-16 бис, “Чайка” хэмээх давхар далавчит И-153 сөнөөгч онгоцоор тулалдаж дайсны 30 онгоцыг унагаж өөрийн 14 онгоцоо алдсан байна. Зургадугаар сарын 27-ны өдөр Японы 30 бөмбөгдөгч, 74 сөнөөгч Тамсагбулагийг дайрч, 26 бөмбөгдөгч Баянтүмэнийг бөмбөгдсөн байдаг. Гэтэл энэ өдөр Зөвлөлтийн тал 20 онгоцоо алдсан. Долдугаар сарын 4, 5–нд Баянцагааны тэнгэрт болсон агаарын тулаанд Зөвлөлтийн нисгэгчид дайсны 24 онгоцыг унагаж өөрийн талаас нэг онгоцны хохирол амссан бол долдугаар сарын 8-нд дайсны 21 онгоцыг унагасан байна.  Ингээд долдугаар сар гараад Зөвлөлтийн нисгэгчид агаарын байлдаанд ноёрхож эхэлсэн ба агаарын тулааны эрчимжилт илт өсөж хоёр талын сөнөөгч нисгэгчид өдөрт 4-5 удаа байлдааны нислэг үйлдэж агаарт заримдаа таван цаг болж байжээ.  Японы тал Зөвлөлтийн 383 онгоцыг унагасан гэж зарлаж байсан ч үнэндээ агаарын тулалдаанд 78, газарт есөн онгоц сөнөөсөн байв. Энэ өдрүүдэд Зөвлөлтийн 150 болон 38 дугаар бөмбөгдөгч хорооны 108 бөмбөгдөгч онгоцоор дайсны ар талын Янху нуур, Үзүүр нуур, Номун хан, Бүрд овоо зэрэг газарт дайсны байрлалыг бөмбөгдсөн байна. 
Халхын голын дайны үед Зөвлөлтийн “СБ”, “ТБ-3” маягийн бөмбөгдөгч онгоцууд нийт 2015 удаа нислэг үйлдэж дайсан этгээдийг бөмбөгдсөн байна. Наймдугаар сарын 20-нд Монгол-Зөвлөлтийн дайчдын их давшилтын үеэр Зөвлөлтийн 144 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан 153 бөмбөгдөгч онгоцоор дайсныг бөмбөгдөж агаараас цохилт өгсний зэрэгцээ дайрагч хэсгийн 44 онгоцоор дайсны агаарын их бууны цэгүүд рүү дайрсан байна.  Удалгүй давшилтын хоёр дахь давлагаагаар 52 бөмбөгдөгч онгоц 150 сөнөөгч онгоцоор хамгаалуулан дайрлаа. Япончууд өөрсдийн цэрэг, газрын хүчийг хамгаалахыг оролдож маш том агаарын байлдаан өрнөсөн. Зөвлөлтийн талаас нэг ч онгоцны хохиролгүйгээр японы 16 онгоцыг унагасан гэж мэдээлэв. Японы тал ч Зөвлөлтийн 35 онгоцыг унагасан гэж мэдээлэв. Энэ өдөр агаарын байлдаан өглөө нар мандахаас орой нар жаргах хүртэл бүтэн өдөржин үргэлжлэв. Наймдугаар сарын 21 –нд Японы нисэх хүчин 88  нэгж Ки-27 сөнөөгч онгоцоор халхавчлан 49 бөмбөгдөгч онгоц хөөргөн Тамсагбулагийн чиглэлд дайрахад Зөвлөлтийн 250 онгоц хөөрч агаарт хоёр талаас нийт 300 гаруй нисэх онгоц оролцсон, урьд хожид цэрэг дайны түүхэнд болж байгаагүй маш том агаарын байлдаан болсон. Зөвлөлтийн нисгэгчид дайсны бөмбөгдөгч онгоцуудын дайралтыг өөрийн цэргийн байрлалд ойртуулалгүй таслан зогсоож японы 17 онгоцыг унагажээ. Дайнд оролцсон ахмад дайчдын яриа дурсамжид “Халх голын тэнгэрт болсон агаарын тулалдаанд Зөвлөлт, Японы олон зуун онгоц тэнгэр бүрхэн нар халхалж, ялаа шумуул мэт бужигнан хөөцөлдөж энд тэндгүй агаарын их бууны сум дэлбэрч, шатсан онгоцууд хар утаа татуулан доош унаж маш ширүүн тулалдаж байсан” тухай өгүүлсэн байдаг.  Есдүгээр сарын 14-ний өглөө Буйр нуурын ойролцоох Зөвлөлтийн цэргийн аэродром руу Японы 10 нэгж Ки-30 бөмбөгдөгч онгоц, 45 нэгж Ки-27 сөнөөгч онгоцоор хамгаалуулан дайрч ирэхэд  өөдөөс нь 75 нэгж И-16, 15 нэгж И-153 “Чайка” сөнөөгч босгож маш өргөн хэмжээний агаарын байлдаан өрнөв. Маргааш нь Халх голын тэнгэрт урьд хожид тохиолдоогүй олон онгоц оролцсон агаарын байлдаан болж Зөвлөлтийн 212 сөнөөгч онгоц Японы 180 онгоцтой тулалдав. Тулалдааны төгсгөлд Японы есөн нэгж Ки-27 сөнөөгч, нэг нэгж Ки-30 бөмбөгдөгч онгоц унагаасан бол Зөвлөлтийн тал зургаан онгоцоо алдсан. 

-Зөвлөлтийн арми шинэ зэвсэг туршсан баримт байдаг уу? 

-Халх голын дайны үед Зөвлөлтийн цэргийн мэргэжилтнүүд анх удаа агаарын бай устгах зориулалттай тийрэлтэд сум 82-мм РОС-82 пуужинг 5 нэгж И-16 сөнөөгч онгоцоос харвах ажлыг амжилттай туршсан. Байлдааны ажиллагааны хугацаанд РС-82 тийрэлтэд сумаар Японы 14 сөнөөгч И-97, 2 нэгж СБ-96 бөмбөгдөгч, ЛБ-97 онгоцыг сөнөөсөн ба 413 ширхэг тийрэлтэд сум харвасан байна.   
 -Сөнөөгч онгоцны нисгэгчдийн амжилт, гарз хохирлын тухай сонин содон баримтаас дурдвал? 
-Дайны төгсгөлд Японы тал хохирлоо нөхөх чадваргүй болж, давхар далавчтай хуучирсан онгоцуудыг тулаанд оруулсан. Туршлагатай нисгэгчдээ  агаарын тулалдаанд алдсан ба өдөрт олон удаа нисэх, амрах хугацаа нь багассанаас ядарч туйлдан сэтгэл санааны гутралд орж, ялалтад тэмүүлэх зүрх зориг нь мохсон байв. Зарим баримтад Халх голын дайнд Зөвлөлтийн 174, Японы 152 нисгэгч тулалдааны үед амиа алдсан тухай дурдсан ба Зөвлөлтийн нисэх хүчин Японы нийт 646 нисэх онгоцыг унагасны 588-ыг агаарт, 58 онгоцыг газарт аэродром дээр нь устгасан гэсэн тоо байдаг. Японы талын мэдээллээр 162 нисэх онгоцоо алджээ. Монгол, Зөвлөлтийн тал 258  онгоцоо алдсан. Япончууд Халх голын дайны туршид Зөвлөлтийн 1162 онгоцыг агаарт, 98 онгоцыг газарт устгасан гэх зөрүүтэй мэдээлэл байна. Тухайлбал Японы “Ас” нисгэгч Хиромичи Шинохара агаарт 58 ялалт, Зөвлөлтийн “Ас” нисгэгч С.Грицевец 40 илүү ялалт тус тус байгуулж шилдэг нисгэгч (Дайсны олон онгоцыг агаарт устгасан нисгэгчийг "ace" буюу "ас" гэдэг) болсон. Дэлхийн нэгдүгээр дайны үед энэ нэр томьёо гарсан бөгөөд “ас” гэдэг нь Францаар хөзрийн тамга буюу “түүз” гэсэн үг юм. Японы “ас” нисгэгч Б.Ёошияама 20 ялалт, И.Сакай 15 ялалт, Ж.Ивахаши 20 ялалт, М.Масузава 12 ялалт, Ш.Сайто 25 ялалт, К.Шимада 27 ялалт тус тус Номонханд байгуулсан гэдэг. Эдгээр долоон нисгэгчийн унагасан онгоц нь Зөвлөлтийн нисэх хүчний нийт хохирлын 70 гаруй хувь ногдож байгаа нь японы “ас”-уудын ялалтын тоо эргэлзээтэй, хэтрүүлсэн байх магадлалтай байна. Халхын голын тэнгэрт болсон агаарын тулалдаанд эр зориг гарган баатарлаг тулалдсан Зөвлөлтийн 28 нисгэгчид ЗХУ-ын баатар цол олгожээ. Халх гол дахь агаарын байлдааныг дэлхийн цэрэг дайны түүхэн дэх хамгийн том агаарын тулалдаан хэмээгдэж, дэлхийн хоёр дугаар дайны өмнө цэргийн нисэх хүчний чадавхыг шалгасан том шалгуур болсон гэж үздэг. 


-Монголын Нисэх хүчний үүрэг оролцоог орхигдуулж болохгүй. Түүхэн ялалтын өдөр тэдний гавьяаг сөхөх хэрэгтэй болов уу?
-Халх голын дайнд МАХЦ-ийн Нисэх хүчин дайсны ар талд шөнийн бөмбөгдлөг хийж байлдааны үүрэг гүйцэтгэсэн. 
Тухайн үед манай нисэх хүчний хөгжил, техникийн түвшин дэлхий нийтийн, ялангуяа Япон улсын цэрэг техникийн хөгжлөөс их хоцрогдсон байсан төдийгүй байлдааны дадлага туршлагатай, газар орны байдлыг сайн мэддэг, нислэгийн ур чадвар гоц эзэмшсэн Д.Жамбаа, Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн зэрэг олон шилдэг нисгэгч, боловсон хүчинийг 1937-1939 онд өрнөсөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн баривчилж хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн явдал  МАХЦ-ийн Нисэх хүчний байлдааны бэлэн байдлыг маш ихээр сулруулсныг заавал дурдах ёстой. 
МАХЦ-ийн зэвсэглэлд байсан фронтын хөнгөн бөмбөгдөгч Р-5 онгоц нь хүчин чадал муутай ганц мотортой, хурд багатай байсан болохоор өдрийн цагаар үүрэг гүйцэтгэхэд Японы сөнөөгч онгоцны хялбархан өгөөш болж зенитийн галд ч амархан өртөж болох байв. Зөвлөлт,  Монголын цэргийн командлал дайсны ар талыг  бөмбөгдөж цохилт өгүүлэхээр МАХЦ-ийн Нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах байлдааны үүрэг гүйцэтгүүлэх төлөвлөгөө  боловс­руулжээ. Ингээд Японы сөнөөгч онгоцнууд шөнө нисдэггүй, мөн шөнийн тэнгэрт нисч яваа онгоцыг газраас гэрэлтүүлж илрүүлдэг прожектор япончуудад байхгүй байсныг ашиглаж Р-5 онгоцоор ойрын зайнаас шөнийн цагаар байлдааны үүрэг гүйцэтгүүлэх нь илүү ашигтай гэж үзжээ. Энэ үүргийг биелүүлэхийн тулд нисгэгчдийг богино хугацааны дотор шөнийн бөмбөгдөлтийн нислэгийн дадлага сургуулилалт хийлгэх үүргийг МАХЦ-ийн нисэх хүчний командлагч, бригад командлан захирагч М.Зайсановт даалгаж, шөнийн нислэгийн бэлтгэлийг Улаанбаатарт, Бөхөгийн аэродромд хийжээ. Ингээд Р-5 онгоцыг дайрагч  онгоцны маягаар зэвсэглэж доод далавчин доор нь бөмбөг баригч нэмж зоох, дээд далавчин дээр нь пулемёт тавьж  суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. МАХЦ-ийн Нисэх хүчнээс байлдаанд оролцох нисэх бүрэлдэхүүн долдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатараас нисэн Матадад ирж “Арын сайн усны” хээрийн аэродромд буусан байна.  Энэ үед Матадад Зөвлөлтийн нисэх хороо “Хөндийн худаг”-ийн хээрийн аэродромд байрлаж байв. Ийнхүү Халх голын дайнд оролцохоор нэгдүгээр хорооноос нисгэгч Н.Банзрагч, С.Бямбаа, З.Бор, Б.Дагва, П.Өлзий-Утас, хянагч Д.Банзрагч, Р.Ванчинсүрэн, А.Дагва, С.Халтар, Т.Хишигтогтох, техникч Г.Бямбажав, Ц.Дугар, Г.Сүхээ, зэвсгийн техникч Д.Жамъян, У.Тангад нар, хоёрдугаар хорооноос нисгэгч Д.Жигжид, К.П.Симонов, хянагч Б.Санж, Ч.Галдан, Л.Лувсандагва, Я.Эмээл, техникч П.Намнан, Л.Тогтохбуян, зэвсгийн техникч Б.Пунцагнамжил, Б.Дашзэгвэ, нисэх сургуулиас нисгэгч М.П.Комендантов нарын 70 орчим хүн бригад командлан захирагч М.Зайсановын удирдлагад томилогдсон. Шөнийн нислэгт 12 экипаж бэлтгэснээс гурван экипажийг нөөцөд үлдээж есөн экипажийг нь байлдаанд оролцуулсан байна. Манай нисгэгчид 1939 оны долдугаар сарын 24-ний шөнө байлдааны анхны нислэгийг гүйцэтгэсэн ба гол үүрэг нь дайсны ар талд байгаа бэлтгэл хүч, нисэх онгоцны буудал, цэргийн цуваа, сум галт хэрэгслийн болон бусад агуулах, баазыг бөмбөгдөж цохилт өгөх  явдал байв. Манай онгоцууд Матадын хээрийн аэродромоос нар шингэхээс өмнөхөн нисч фронтын шугамын ойролцоо Хамар давааны ард бэлтгэсэн нууц аэродромд үдшийн бүрэнхийд ирж буудаг байв. Эндээс Р-5 онгоц бүрд 600 кг бөмбөг, пулемётын 4000 ширхэг сум авч шөнийн түнэр харанхуйгаар хөөрөн хилийн цаана 60-70 км-т буй Халуун рашаан, Жанжин сүм, Ламын сүм, Ганжуур сүм зэрэг газрт байрласан дайсны цэргийн бүлэглэл, ар талын баазад цохилт өгч тэдэнд эд матералын болон сэтгэл санааны хохирол учруулж байв.  Дээрх 9 нэгж Р-5 онгоцыг М.Зайсанов, Комендатов, З.Бор нарын удирдлагад гурван хэсэг болж байлдааны нислэгийн үүрэг гүйцэтгэж байжээ. Эдгээр онгоц шөнийн түнэр харанхуйд Хамар давааны ардаас хөөрч Халх голын зүүн эрэгт нууцаар байрлуулсан гэрлэн дохиогоор баримжаалан нисч очих газраа цагаар тооцоолон хүрдэг байв. Манай онгоцуудыг ирэх буцахад нь Зөвлөлтийн сөнөөгч онгоцууд фронтын шугам давтал хамгаалдаг байжээ. Тэд фронтын шугам даван дайсны ар талыг бөмбөгдөж цохилт өгөөд Матадын аэродром руу шууд нисэж ирдэг байв. Энэхүү байлдааны үүрэг гүйцэтгэн нисэж байх явцад бороо орох, битүү үүл манантай байх явдал олонтаа тохиоддож байв. Нэгэн удаагийн буюу наймдугаар сарын 10-ны шөнө цаг агаарын байдал ихээр муудаж нам суусан битүү үүлтэй маш харанхуй байв. Иймээс нислэгийн өндрийг хасаж үүлэн доогуур шурган нисэх шаардлагатай болсноор нисгэгч Комендатов, хянагч Л.Лувсандагва нарын жолоодсон Р-5 онгоц газрын саадтай мөргөлдөн сүйрч амь үрэгджээ. Манай онгоцууд есдүгээр сарыг хүртэл нийтдээ 10 удаа шөнийн бөмбөгдөлт хийж нийт 158 удаагийн байлдааны нислэг үйлдэж дайсны ар талд 35 мянга гаруй кг бөмбөг хаяж хүн хүч, зэвсэг, эд материал, сэтгэл санааны багагүй хохирлыг дайсанд учруулж хамтын ялалтад зохих хувь нэмрээ оруулсан юм.  

 Х.Заяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.34
2024/09/12
0
0
Маш сайхан ярилцлага байна. Их зүйлийг мэдэж авлаа, баярлалаа та бүхэнд.
Хариулах
Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 21 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 21 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 21 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07