Дэлхийн номын сангийн дэвшилтэт арга, технологи, шинэ соёлыг Монголдоо түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, Олон улсын номын санчдын холбооны бие даасан гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Найдангийн ЦАГААЧ
* * *
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Цагаач бол "Номон дунд мөрөө гаргаж, номон суваргаар нэрээ мөнхөлсөн" нийгэм, соёлын зүтгэлтэн юм.
...Гүн их итгэл, чин хайраар Л.Түдэв, ном хоёртой хувь заяагаа холбон хорвоог туулахдаа ихийг үзэж дуулж, ихийг мэдэж таньж, тун ч ихийг хийж бүтээсэн тэрбээр чухам ямархан хүн явсныг хураангуйлан тодорхойлбоос:
Н.Цагаач Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төржээ. Ш.Базарын эмхэтгэсэн "Ном дагасан заяа" хэмээх 450 гаруй шилдэг номын санчийн намтар түүх, бүтээл туурвилыг багтаасан "Лавлах товчоон"-д түүнийг 1938 онд төрсөн. Дээд боловсролтой, номын санч мэргэжилтэй, Олон улсын номын санчдын холбооны бие даасан гишүүн бөгөөд Австрали, Америк, Герман, Орос, Польш, Турк, Унгар, Хятад, Япон зэрэг олон оронд болсон номын санчдын Олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож үг хэлж, өгүүлэл нийтлүүлсэн.
Монголын номын санчдын анхны тэргүүнээр сонгогдон ажилласан. Монгол Улсын Төв номын санд хүүхдийн уншлагын танхимын эрхлэгч, хэлтсийн дарга, захирлын албыг 30-аад жил хашсан. 1996 оноос Анагаах ухааны номын сангийн даргаар ажилласан. Ном зүйн арга ухааны бүртгэлийг зургаан цувралаар хэвлүүлсэн" хэмээгээд бүтээлийн жагсаалтыг хавсаргажээ.
Л.Түдэв агсан "Ураг удам" сонины захиалгаар 2020 онд бичон "Сүүлчийн захиас" нийтлэлдээ "...Эхнэр Н.Цагаач маань хотгойд овог бөгөөд Хөвсгөл аймгийн хойд хязгаарын омгийн малчин гаралтай. Хоёр охин, нэг хүү төрүүлсэн эх юм. Төрүүлсэн гурван хүүхэд нь тус бүр гурав гурван охид голдуу хүүхэд төрүүлж өсгөсөн билээ" хэмээн бичиж үлдээжээ. Харин сэтгүүлч Я.Сумъяа нийтлэлдээ "Монгол Улсын соёл, боловсролын ертөнцөд номон суваргаар нэрээ мөнхөлсөн эрдэмт бүсгүй тэрбээр Эрчимийн нуруу, Бүхсийн голын унаган охин юм" гэжээ.
Л.Түдэв гэргийтэйгээ анх учирсан хийгээд амьдрал зохиосон тухайгаа "Нийгмийн ариусал" 35 дугаар ботийнхоо "Хамт жаргасан хагас зуун минь" зүрхний дуртгалд "Алтайн хөх цахиур, Хөвсгөл далайн цагаан сувд хоёр ижилсэн хорвоог туулах болсон нь анхны харц мөргөлдөх тэр агшинд зүрх ер бусын их хүчтэй ёгхийсэн 1961 оны өлзий учралт өвөл" хэмээн тодотгожээ.
Тэдний хайр ямар агуу, чин үнэнч байсныг Төрийн шагналт яруу найрагч С.Оюун "Л.Түдэв дарга 1961 оны өвөл "Үнэн" сонинд томилогдон очиход Н.Цагаач гуай эрхлэгчийн туслахаар ажиллаж байсан юм гэнэ лээ. Анхны харцаар шууд дурлаж, гэргийгээ болгож, амьдралынхаа туршид Н.Цагаач гуайгаас өөр эмэгтэй рүү харж байгаагүй гэж манай зохиолчид ярьдаг. Хаа ч явсан хамт л байна. Ер нь Л.Түдэв гуай ажлаа тараад шууд машиндаа суугаад харьдаг. Машинаасаа буугаад гэр рүүгээ үсрээд орчихдог. Ерөөс Түдэвийнх гэдэг айл, Түдэвийнх гэсэн амьдралын өвөрмөц ертөнц, өөрсдийн гэсэн дэг жаягийг бүрдүүлж амьдарсан гэж айл хөрш байсан, орж гарч явсан зохиолчдын амнаас сонсож байлаа" хэмээн дурссан.
Монголын оюун санааны хүчирхэг удирдагч, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв гэж хэн билээ. Монголын ард түмний төлөө юу хийж бүтээсэн билээ. Ийн эргэцүүлэх аваас тэр их хүмүүний дэргэд завсаргүй нэгэн жаран хамт байж, нэг биеэ гурав хуваан, нимгэн заяагаа нөмөр болгож халамжлан түшсэн хайрт хань Н.Цагаачийнх нь дүр төрх, сэтгэл зүтгэл тодорно. Л.Түдэв хэмээх агуу хүмүүний гэргий байж, гэрийг нь гийгүүлж, үрсийг нь өсгөж, ханиа хайраар өлгийдөж, судар номоо ухаанаар баринтаглаж, хорвоог туулах заяа тавилан Н.Цагаач хэмээх номын гэрэлт бүсгүйд тохиожээ.
Л.Түдэв гуайн туслах, нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн дууны зохиолч Ш.Бадарч нэгэн ярилцлагадаа "Хүний амьдралын учрал ерөөл гэж байна л даа. Хүн агуу их ухаантай, асгарсан эрдэмтэй байж болно. Гэхдээ сайн хань түшиж байж, илүү гялалзана. Үр хүүхэд төрүүлэх, өсгөх, гэр орны ажил энэ тэр бол бүх эмэгтэйн хийдэг л зүйл. Тэгэхэд үүний хажуугаар тэр хүний авьяас билиг, эрдэм чадлыг улам гэрэлтэхэд нь тусална, нөлөөлнө, түшиг болно гэдэг бол баргийн эмэгтэйн чадах зүйл биш. Тэгэхээр Цагаач гуай бол яах аргап/й Түдэв багшийн учрал ерөөл юм. Их халамжтай, зан сайтай хүн байсан. Хэн хүнтэй нэг л зангаар, нэг л сэтгэлээр он цагийн алинд ч уулзана, инээж хөхөрнө, тусална. Тэгээд ер нь авсан гэргий нь эр нөхрөө ямар ч цагт тулж түшээд, сайхан халамжлаад, сэтгэл түвшин амьдруулна гэдэг бол буян. Энэ буяныг тэр хоёр бие биедээ өгсөн гэж би боддог" хэмээн хариулсан байх юм.
Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ "Түдэв маягийн аж төрөх ёс гэж бий. Тэр бол их унших, гүн сэтгэх, бүтээлч ажиллах, цаг хугацааг цагийн механизм шиг ашиглах, аливаа дэл сул занг үл таашаах, хүмүүст хариу нэхэхгүй тусч сэтгэлээр хандах, үзэл бодолдоо үнэнч байх, холч мэргэнээр угтан харах. Ийм зарчим, ийм хэмнэлээр цаг мөч бүртэй уралдан үр бүтээлтэй ажиллаж ирсэн учир тэрбээр энэ их амжилтад хүрчээ" хэмээн тодорхойлсон нь ч бий.
Тухайн үед Л.Түдэв гуай аавынхаа барьсан жижигхэн модон байшинд айл болж, өрх тусгаарлах боломжтой байсан ч "Гэргий авсан бол гэрээ барь" гэсэн хуучны үгийг даган "Үнэн" сонины коммуны гэх зуслангийн шавар тагзны ганц өрөөнд гэргийтэйгээ шувууд буцаж, голын ус захаасаа зайрмагттал сууж, арга, ухаан уралдуулан явсаар гал голомтоо асаасан гэдэг. Тэрбээр ЗХУ-д сурч байсан оюутан ахуй цагийнхаа амьдралыг" Садово-Кудринская 9" гэдэгхаягтай байрандаа дөрвүүлээ аж төрцгөөх болов. Нийтийн гал зуухтай, нийтийн халуун устай тул нялх амьтдаа угаах, цагаан хэрэглэлийг нь байнга цэвэрлэж индүүдэх, цагт нь хооллох гэхчлэн зав зайгуй ажилд эхнэр бид хоёр хамаг цагаа зориулж, түүний хажуугаар эрдмийн ажлаа амжуулах гэж гурван жилийн цаггүй хөдөлмөрт зүтгэж явсаар залуу насны аагаар тэр бүхнийг давж, хоёулаа биш дөрвүүлээ, ганц биш хоёр дипломтой (нэг нь Академи төгссөнийх, нөгөө нь дэд эрдэмтнийх) эх орондоо 1967 оны зун эргэж ирсэн билээ. Галт тэрэгний буудал дээр хоёр хүүхдээ тэвэрч, нэг хүүхдийн тэрэг, чемодан дүүрэн номоо чирч буухад минь угтагсдын дотор байсан хоёр хүүхэн "Яасан ядуу айл вэ" гэж ярилцахыг авгай минь сонсчихоод "Хамгийн баян гээч" гэж байж билээ” хэмээн дурссан байдаг. Ийнхүү айл болоод тэд Улсын Их дэлгүүрээс гурван мөнгөн халбага, гурван сэрээ, гурван таваг худалдан авч байсан нь Шүрбум, Ширитүм, Дарьбум хэмээх хоёр охин, нэг хүү, нийт гурван хүүхэдтэй болохын нь оршил бэлгэдэл байсан бол гэрлэлтээ бүртгүүлсэн аравдугаар сарын 17-ны өдрийг гэргий Н.Цагаач нь "Энэ миний хорвоод хүн болж төрсөн өдөр минь болог" хэмээн бэлгэшээж, ууган хүүхдийнх нь төрсөн өдөр Орос орон даяар их бууны буудлага хийж охиныг угтсанд залуу эцэг бэлгэшээн "Хүн төрлөө" найраглал бичиж, Оросын ард түмний эх хэл, их гүрний хэвлэлээр түмэнд сонордуулж, Л.Түдэвийнх гэдэг айл ерөөл, бэлгэдэл, ёс гурваар өөрсдийн ертөнцөө бүтээж, жаран жил жаргаж амьдарчээ. Тэднийг хорвоогийн жам салгах хүртэл захиа бичих завсар гаралгүй дандаа хамт байв. Гэвч жамыг сөрж гарсан хүн үгүй билээ. Тиймийн учир Л.Түдэв гуай ханиа тэнгэр болоход шарил дээр нь "Хөөрхийтэйгөө байхад зовлон ч жаргал байлаа. Хөөрхийгөө үгүй болмогц жаргал ч зовлон боллоо" хэмээн буурал тэргүүнээ гудайлган байж хэлсэн нь уярам.
Н.Цагаач 1965 онд Улсын төв номын санд номын санчаар ажилд оржээ. Улмаар Ном бүрдүүлэх солилцооны номын санч, хэлтсийн дарга, номын сангийн дарга, захирлын албан тушаалд дэвшин ажиллажээ. Сүүлд Анагаах ухааны их сургуулийн номын сангийн даргаар ажиллахдаа олон улсын стандартыг нэвтрүүлэхийн төлөө олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.
Дэлхийд танигдсан номын сангийн мэргэжилтэн, аргазүйчийн хувьд Н.Цагаач олон улсын стандартчилал, дугаарлалтыг Монголын нийт номын санд нэвтрүүлэх ажлыг санаачлан, гардан удирдаж хэрэгжүүлсэн нь одоо ч Монгол Улсын нийт номын санд хэрэгжсээр байна. Мөн түүний бичсэн номын санчийн гарын авлага, арга зүйн номуудыг мэргэжлийн ангийн оюутан сурагчид, номын санчид уншиж судалсаар байна.
Монголын оюуны өргөө, номын ертөнцөд насаараа ажиллахдаа тэрбээр эрдэмтэн зохиолч Л.Түдэвийнхээ мэдлэг оюуныг тэлэхэд өөрийн чадах мэдэхээр ямагт тусалж байсны нэгээхэн гэрч нь "Монгольские сказания об Амурсане" хэмээх гар бичмэлийнх нь доор "Хань Найдангийн Цагаач минь Хотгойд бөгөөд Амарсанаагийн тухай энэхүү домог яриаг орос хэлнээс хуулж надад өгсөн 50 жилийн тэртээх гар.бичмэл. Хайрт ханийн минь гар бичмэл надад юунаас ч үнэтэй дурсгал билээ. Л.Түдэв" гэсэн баримт үлджээ.
Н.Цагаач эрхэлсэн ажилдаа няхуур нямбай, санаачилгатайн дээр удирдах авьяастай нэгэн байсныг түүнтэй хамт ажиллаж байсан Соёлын гавьяат зүтгзлтэн, ахмад номын санч, аргазүйч, номын сангийн түүх судлаач Ш.Базар ярихдаа "Н.Цагаач бид хоёр 1965 онд Улсын төв номын санд зэрэг ажилд орж, 20 гаруй жил хамт ажилласан юм. Бас нэг оныхон, нас чацуу учир хэн хэнээ ихээхэн хүндэтгэдэг байлаа. Эхлээд би номын сангийн арга зүйн хэлтсийн дарга, Цагаач хүүхдийн уншлагын танхимын номын санч байлаа. Дараа нь тэр дарга, би ажилтан нь болсон. Мань хүн тэндээсээ ном бүрдүүлэх солилцооны номын санч, хэлтсийн дарга, номын сангийн дарга болж дэвшсэн. Сүүлд 1995 онд тэтгэвэртээ гарахад нь Эрүүл Мэндийн Шинжпэх Ухааны Үндэсний Их Сургууль (ЭМШУҮИС) урьж, Анагаах ухааны номын сангийн даргаар ажилласан" хэмээн дурсаж байна.
Үнэхээр тухайн үед ЭМШУҮИС-ийн захирал, академич Ц.Лхагвасүрэн, Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга академич Л.Лхагва нарын хүсэлтээр Н.Цагаач тэнд очжээ. Очоод тус сургуулийн Анагаах ухааны номын санг электрон болгосон бөгөөд энэ ажлаараа зөвхөн ЭМШУҮИС төдийгүй Монголын их, дээд сургуулиудын номын санг шинэчлэх нүсэр шинэчлэлийг эхлүүлсэн байна. Анагаах ухааны номын санд ирээд тэрбээр 15 жил амрах завгүй ажиллажээ. Тэр хугацаандаа ЭМШУҮС-ийн номын санг Анагаахын шинжлэх ухааны салбарын номын сан болгоод зогсохгүй шинэ байртай болгохыг зорьж, олон газраар орж хөөцөлдөж явсан гэдэг. Өдгөө түүний хөөцөлдөж явсан ажил биеллээ олж "Номын сангийн барилгыг энд л бариулчих юм сан" хэмээн сонгож явсан газарт нь орчин үеийн номын өргөө сүндэрлэн боссон.
Ахмад номын санч Ш.Базар гуай хэлэхдээ "Н.Цагаач маань хүнийхээ хувьд маш дайчин, ясны хөдөлмөрч, шулуун шударга зантай. Удирдах авьяастай учир олон нийтийн байгууллагад олон сонгуультай, шинийг санаачлагч, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэдэг хүн байлаа. Монгол Улсад номын сангийн орчин үеийн стандартыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүн шүү дээ. Олон улсын номын сангийн ангиллыг Монголын номын сангуудад нэвтрүүлэх зорилгоор АНУ-ын ангилал ЦЦС-ыг монгол хэл рүү орчуулж хэвлүүлэх ажлыг удирдаж, дөрвөн боть хэвлүүлсэн нь улсын нийт номын санд одоо ч ашиглагдаж байгаа. Монголын номын санд электрон каталоги нэвтрүүлж, ЮНЕСКО-гийн СР5-1515 Олон улсын мэдээллийн тогтолцооны программыг анх удаа Монголд түгээх дистрибьютер байгууллагын эрхийг өөрийн эрхэлж буй номын санд авч хэрэгжүүлэн, улмаар их, дээд сургуулиуд, хот хөдөөгийн номын сангуудад аргазүйн зөвлөмж өгч нэвтрүүлсэн. Монгол номыгдэлхийн бүртгэл 15ВЫ стандарт дугаарт оруулах талаар ч анх санаачлан "Монголын үндэсний товчоо"-г 2000 оноос байгуулан ажилласнаар монгол ном XXI зуунд олон улсын дугаартай болсон юм" хэмээн дурсан ярьж байна.
Үүнээс үзэхэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Цагаач номын санч, арга зүйчийн хүрээнээс хальсан сэтгэгч, шинийгсанаачлагч төдийгүй Монголын номын сангийн хөгжпийг урагшлуулж дэлхийтэй хөл нийлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ховорхон мэргэжилтэн байжээ.
Тэр бас номон суварга дээр нэрээ мөнхжүүлсэн уран бүтээлч байв. ОХУ-ын номын санчидтай хамтран орос, монгол хэлээр гаргасан "Монгол ном" /Книга Монголи, 1988/, "Писатели Монгольской Народной Республики" /1983/, өөрийнх нь бичиж нийтлүүлсэн "Нэвтрэх эрдэнэ" /эмхэтгэл/, "Монголын үндэсний номын сан" /түүхэн бичиг нэг сэдэвт ном /2001/, "Эрдмийн сувд" /2008/, "Монголын талаарх ном зүйн бүртгэл" VII, VIII дэвтэр /1975-1980/, хүүхдийн номын санд зориулан өөрийн орны нөхцөлд тохируулан орчуулсан "Номын сан, ном зүйн ангилал" бүтээл, "МХЗЭ-ийн ном зүйн бүртгэл" /1986 он/, Дэлхийн монголч эрдэмтдийн их хурлын эмхэтгэлүүд, "Альманах библиофила"-Монголд зориулсан боть болон судалгаа, шинжилгээний ихээхэн ач холбогдолтой олон арван бүтээл туурвижээ. Түүнчлэн "Номын дүрэм", "Үйл бүтээх тухай" цуврал 10 хичээл, "НҮБ- ын хадгалагч номын сан" өгүүлэл, "Д.Нацагдоржийн номзүйн бүтээл хэвлэгдэв" шүүмж, "Монголын холбогдолтой гадаадад хэвлэгдсэн номын тухай", "Ертөнцийг харах цонх", "Золотом то серебру-Азия- Африка сегодня", Д.Нацагдоржийн зургаан өгүүллэгийг Т.Рафф АНУ-д өмнөх үгтэй нь орчуулсан тухай "Д.Нацагдорж хөрөнгөтний газарт", "Монгол ном дэлхийд данслагдахын ашиг", "Үндэсний номын сангийн зэрэгдэв", "Номоор дамжуулан хүргэх мэдээлэл хангамжийн шинэчлэл", "Монгол номын сангуудад шинэчлэлийн цонх нээгдэв", "Аливаа үндэстний хамгийн том уншигч нь хүүхэд", "Эруүл мэндийн ухааны мэргэдийн бүтээлийн сан" зэрэг монгол, англи хэлээр бичсэн өгүүлэл, нийтлэл, Австрали, АНУ, Болгар, Герман, Польш, Турк, БНХАУ, Япон зэрэг оронд болсон номын санчдын Олон улсын хурал, зөвлөгөөнд хэлсэн үг, эрдэм шинжилгээ, онол арга зүйн хуралд тавьж хэлэлцүүлсэн илтгэлүүд нь ач холбогдлоо хэзээ ч үл алдах шинжилгээ судалгааны дорвитой бүтээлүүд болжээ. Эдгээр бүтээлийг нь насны хань Л.Түдэв нь ариутган шүүж, нягтлан найруулсан байна. Үүнээс гадна Н.Цагаач Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд шинжээчээр олон жил үр бүтээлтэй ажилласан байдаг. Тухайн үед тус зөвлөлийг удирдаж байсан В.Алзахгүй "Цагаач эгч ажилд гайхалтай нямбай, өндөр шаардлагатай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүн байлаа. Миний хариуцаж байсан Боловсролын Магадлан итгэмжпэх үндэсний зөвлөлийн шинжээчээр олон жил ажиллаж, их, дээд сургуулиудын номын санг сайжруулах, ном зүйч- шинжээчдийг мэргэшүүлэхэд үнэн сэтгэлээсээ тусалж байсныг нь би одоо ч хүндэтгэн дурсдаг" хэмээн бичсэн байдаг. Түүнийг амьд сэрүүн ид хийж бүтээж явахад нь төр, засгийн зүгээс хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр, Олон улсын түвшинд хоёр орны ном солилцоо, соёлын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Бүгд Найрамдах Польш улс гавьяаны мөнгөн одонгоор тус тус шагнаж урамшуулжээ.
Л.Түдэв гэж ямар хүн байсан тухай өнөөдөр найман настай балчраас наян настай буурал мэднэ. Харин гэргий Н.Цагаачийнх нь ямар хүн байсан хийгээд амьд сэрүүн ахуйдаа юу хэлж ярьж байсныг хэрэг болгон зориод хайвал мэдээ, баримт хомс юм. Түүнийг амьд ахуйд зорьж ярилцлага авсан сэтгүүлч алга. Цор ганцхан хүн л түүний хөрөг нийтлэлийг бичиж, агуу Л.Түдэвийн эрхлэн гаргадаг "Дал" сонин, түүний 85 насны ойд зориулан гаргасан дуртгал, дурсамжийн номд нийтлүүлсэн нь Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт сэтгүүлч Я.Сумъяа болой. Тэрбээр Н.Цагаачийн тухай бичихдээ:
-Насны ганц ханиа сэцэн хатдын ухаанаар түшихдээ төрмөл их авьяас билгийг нь тэтгэн, дэвжээж "Лодонгийн Түдэв бол дэлхийн суут сэтгэгч, эрин цагийг эзэлсэн зуун эрхэм хүний нэг мөн” хэмээн хүмүүн төрөлхтөн нэгэн дуугаар хүлээн зөвшөөртөл эр нөхрийнхөө дээлийн захыг мушгиж чадсан тэнгэрлэг монгол бүсгүй, Алтай нутаг, Лодон абугайн төдийгүй монгол түмний эрхэм хүндтэй дархан бэр.
-Монгол Улсын судар номын ариун гал голомт, эрдмийн гэгээн ордон-Төв номын сангийн суу алдрыг олон улсад дуурсгаж, монгол номын ертөнцөд бүтэц, үйл ажиллагааны шинэ дэвшилт удирдлага, арга зүйн өөрчлөлт шинэчлэлтийг ардчилсан хувьсгалтай хөл нийлүүлэн хийж хэрэгжүүлсэн соён гэгээрүүлэгч.
-Л.Түдэв даргыг төр улсын тэргүүнээр биш ч Монгол Улсынхаа оюун билиг, эрдэм ухааны оройн дээдэд түмэн олноороо дуун нэгтэй хүндэтгэн залсаар буй нь гарцаагүй үнэн учир түүний хань Н.Цагаач номын өргөөний хойморт залрагчийг түшиж тулсан Тэргүүн хатагтай мөнөөс мөн" гэж бичжээ.
Н.Цагаач хэмээх эрхэм хүмүүн өдгөө бидний дунд байхгүй ч түүний үлдээсэн номон суваргууд, дэлхийн хөгжлийг Монголдоо авчирч нутагшуулсан номын сангийн цахим шинэчлэл, шинээр хэвшүүлсэн соёлууд эзнийхээ тухай ихийг ярьж, олныг тодотгосоор байна. Монголчуудаа соён гэгээрүүлэх нөр их үйлсэд ухамсарт амьдралаа бүрэн зориулж, мэдлэг оюунаа хойч үеийнхэнд баринтаглан үлдээж, ирээдүйн сайн сайхны төлөө бүхнийг урьтан судалж, бүтээлчээр хэрэгжүүлж, заримынх нь эхлэл суурийг тавьж өгөөд одсон Н.Цагаачийн үлдээсэн оюуны өв нэрийг нь мөнхөд дуурсгаж, үйл хэргийг нь өнөд үргэлжлүүлсээр байна.
Номын цагаан буян үүрд орших болтугай!
Эх сурвалж: Зууны 100 эмэгтэй номоос
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна