Зуун жилээр зудалсан, зулаг тасалсан зунууд


Өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн хамгийн том үндсэн нэгж болох аймгууд үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэж эхэлсэн. Үүсгэн байгуулагдсан байхдаа яах вэ дээ. Тийн нэрийдсэн гэвэл уг нь үнэнд дөхөж очих байж. Ухаан нь Төв аймгийн Сэргэлэн сум хэмээн нэрийдсэний гэвэл оновчтой байх юм болов уу. Гэхдээ энэ ч бас дөхөж л очихоос ойрхон бууна гэсэн үг биш. Он тооллын хувьд 10-аад жилийн наана цаана яригдах асуудал юм билээ. Гэтэл аймгууд үүсгэн байгуулагдсаны 100 жилийнхээ ойг тэмдэглээд зогссонгүй сумдын 100 жилийн ой тохиож эхлэх нь тэр. “Аавтайгаа барьцаж эхнэр авав” гэдэг шиг л юм болоод явчихлаа. Утгагүй юм, удахгүй баг, хороод 100 жилийн ойгоо тэмдэглэх вий дээ. Аймгууд байгуулагдаж хамгийн эхэнд сумд үүсэх нь мэдээж. Тэгээд ч хүн бүр төрсөн, өссөн нутгийнхаа түүхт ойгоор бахархах эрхтэй. Гэхдээ юманд учир, суманд гичир гэж бий. 

Би вээр түүхийн хэдэн мэдээ, баримт сөхөж үзээд “XXI зууны эхний хагаст монголчууд нийтээрээ түүхийн гүн мэдлэгтэн, эрдэмтэн судлаач болно гэдгийг тусгаар улсаа байгуулж, туурга дээврээ битүүлж явсан эх орончид олж мэдвэл бахархан гайхах байсан болов уу” гэж егөөдөн бодож сууна. Бас л түүхч болж байгаа санаатай юм уу даа. Эх орончид гэхээр толгой тархинд улсынхаа тусгаар байдлын төлөө тэмцэж явсан Амарсанаа, Чингүнжаваас эхлээд, Ардын Хатанбаатар Магсаржав нарын тухай л орж ирээд байгаа юм. Ж.Пүрэв, Ш.Нацагдорж нарын хэдэн түүхэн роман “хөхөж” өссөнийгөө түүхч шахуу ойлгосны илрэл энэ. Харин сүүлийн үед хэдэн баримт, түүхийн эх сурвалж сөхөж харсан биш монголчуудын  хоёр дахь мянганы эхний хагаст олон аймаг, сумдынхаа 100 жилийн ойг хийж байгааг үгүйсгэсэн маргаан дэгдээх санаа төрөөд болох биш. Цаад ухаан нь 100 жилийн ой тэмдэглэх ба үгүйтэй ч холбоотой юм биш тул учрыг хойно өгүүлнэ.

Орчин цагаас түүхийн он тооллыг урагшлуулан харвал 100 жилийн ой тэмдэглэх болсон шалтгаан нь 1923 оны засаг захиргааны хуваарилалтыг үндэс болгосноос үүдэлтэй юм билээ. Ардын хувьсгал ялж ард түмэн эрхээ эдлэх болсноос хойш хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байхдаа буюу 1923 онд Богд хаант Монгол Улсын (Олноо Өргөгдсөн Монгол Улс) засаг захиргааны нэгжийг өөрчлөн зохион байгуулахаар шийдсэн хэрэг. Ерөөсөө Ардын нам ялж, ардын засаг төр барьж байгаа тул аймгуудын нэршлийг юуны өмнө өөрчлөх хэрэгтэй гэж шийдсэн болов уу. Богд эзэнтэй засгийн үед зохион байгуулсан засаг захиргааны нэгж болох Засагт хан аймаг, Сайн ноён хан аймаг, Түшээт хан аймаг, Сэцэн хан аймаг, Ховдын хязгаар, Хөвсгөлийн хязгаар, Дөрвөдийн Төгс Хүлэг Далай ханы аймаг, Дөрвөдийн Үнэн зоригт хан аймгийн нэршлийг өөрчилж Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Цэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг, Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг, Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг Мандалын аймаг гэж тус тус нэрлэхээр тогтсон байдаг. Тун ч удалгүй 1925 онд Богд хаант засгийн үеийн Дөрвөд хоёр аймгийг нэгтгэн Чандмань уулын аймаг болгон өөрчлөн зохион байгуулав. Жаахан тодруулга нэмэхэд Манж чин улсаас 1911 онд туурга тусгаарласан Монгол Улсад Дөрвөд далай хан дагаар орж хуучин Манжийн үеийн Сайн заяатын зүүн гарын чуулганыг Дөрвөдийн Төгс хүлэг далай ханы аймаг болгон өөрчилсөн юм билээ. Тухайн онд Чин улсын үеийн Дөрвөдийн Сайн заяатын баруун гарын чуулганыг Дөрвөдийн Үнэн зоригт хан аймаг хэмээн өөрчилж, тус хошууг Үнэн зоригт ханы хошуу хэмээн нэрийдэх болж засаг захиргааны нэгжийн хуваарьт оруулсан байж. Дээр өгүүлсэн 1925 онд Их Шавийн анхдугаар их хурал болж шинэ аймаг байгуулан Дэлгэр их уулын аймаг хэмээн нэрийдэж шинэ тулгар Монгол төрийн гал голомтыг түшилцэж эхэлсэн нь бий. Үүнээс гадна биеэ даасан Хасгийн тав, Алтайн урианхай, торгууд, захчин хошууд зэргээс тухайн үеийн ардын засгийн газрын засаг захиргааны нэгжийн хуваарь бүрдэж байсан түүхтэй. Түүхийн хувьд ийм. Гэтэл газар нутгийн хил хийгээд нэршлийн хувьд эдгээр аймаг одоо байхгүй тул тухайн онд байгуулагдсан гэж ой тэмдэглэх нь учир дутагдалтай болоод явчихаж байгаа биз. Үүнийг би лав хэрхэн цэгцэлж ойлгохоо мэдэхгүй яваад байгаа юм. За одоо ингээд орооцолдсон санаанууд хөвөрч эхэлнэ. Хэрвээ эдгээр аймгуудын газар нутагт харьяалагдаж байсан аймгууд байгуулагдсан ойгоо тэмдэглэнэ гэвэл 1911 онд тусгаар байдлаа зарлан тунхагласан Монгол Улс дөрвөн аймаг, хоёр хязгаар, 129 хошуу болон зохион байгуулагдаж байсан тэр үеэс тоолох юм уу эсвэл бүр 1636 онд Монголын өмнөд хэсгийг эзлэн авсан Манж чин улсын эзэн хаан Дээд эрдэмт бээрийн засаг захиргааны нэгжийн хуваарилалтаас тоолж эхлэх ёстой юм уу гэдэг нь бас л ойлгомжгүй асуудал байгаа юм даа.

Хэрвээ нэршлийн хувьд солигд­сон учир аймаг байгуулагдсан гэж үзээд тоолно гэвэл 1923 онд байгуулагдсан аймгуудын нэршил одоо байхгүй тул аймаг сумд зуун жилийнх нь ой болох болоогүй гэсэн үг. Өнөөгийн нэршлээр анх байгуулагдсан он тоолол нь найман жилийн хойно буюу 1931 оны засаг захиргааны нэгжийн хуваарилалттай холбогдоно. Засгийн газрын 1931 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 37 дугаар хурлаас Улсын Бага хурлын тэргүүлэгчдэд “Орон нутгийн засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах тухай хууль”, Сонгуулийн тухай зааврын төслийг оруулан батлуулж, шинээр 13 аймаг байгуулах, хуучин байсан 525 сумыг 324 сум болгон цомхотгосон шийдвэр гаргасан байна. Улаанбаатар, Алтанбулагийг хот гэж нэрлэн, хотын захиргааг шинэчлэн байгуулахаар болов. Үүний дагуу хуучин таван аймгийн суурин дээр Архангай, Алтай, Дорнод, Дорноговь, Дөрвөд, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Тариалан, Төв, Хөвсгөл, Хэнтий, Ховд хэмээх 13 аймгийг байгуулж жилийн дараа буюу 1932 оны 12 дугаар сарын 30-ны Сайд нарын Зөвлөлийн 21 дүгээр хурлаар Тариалангийн аймгийг Сэлэнгэ, Дөрвөд аймгийг Увс аймаг гэж нэрлэхээр тогтсон байдаг. Тэгэхээр одоогийн 21 аймгийн 13 нь 1931 онд байгуулагдсан болж таарна. “Үүгээр бол 2031 онд 100 жил болох ёстой. Цөөнгүй түүхч энэ түүх гуйвуулах буруу ажилд тэргүүлэн оролцож байгаа нь харамсалтай” гэж зарим түүхч халаглан бичсэн нь бий. Монголчууд бид ч найр наадамд дуртай улс болж байна шүү. Шинэхэн баян хөрөнгөө гайхуулах гэж үе, үе хөлтэй найр дэглэж хөлсөө арчин хойморт тухлах дуртай байдаг сан. Яг л шинэхэн цээж баян шиг 2031 онд “Өө бид нар нээрээ буруу бодсон байна. Түүхийн хувьд 100 жил маань энэ байна” гээд ахиад найр наадам хийгээд унахвий. Өнгөрдөг хоёр жилийн 100 жилээр зудалсан зун, үүц нөөцөө барсан эрчүүд өсгийт түрийтдээ түүртсэн хүүхнүүд зулгаа ч тасалж байх шиг харагдсан даа. Мань мэт шиг “аймаггүй” хотын хүүхдүүд атаархах, арга барагдах маягтай хумсаа мэрээд л хүнгүй хотдоо гиюүрээд сууж байлаа шүү дээ. За энэ ч яах вэ.

Манж чин улс 1636 онд Монголын өмнөд хэсгийг эзлэн авснаас хойш,  эзэн хаан Дээд эрдэмт монголчуудын нэгдмэл байдлыг задлахын тулд хошууны зохион байгуулалтад оруулж эхэлжээ. Өвөрмонголын аймгуудыг, Хорчин зургаа, Жалайд, Дөрвөд нэжгээд, Горлос хоёр, нийт 10 хошууг Жирмийн чуулган, Харчин гурав, Түмэдийн хоёр, нийт таван хошууг  Зостын чуулган, Аохан, Найман, Ар хорчин, Хишигтэн, Халхын зүүнгарын нэжгээд хошуу, Баарин, Жарууд, Оннигуд хошууд, нийт 11 хошууг Зуу-удын чуулган, Үзэмчин, Хуучид, Сөнид, Авга, Авга нар тус бүр хоёр, нийт 10 хошуу, Шилийн голын чуулганыг Дөрвөн хүүхэд, Муумянган, Халхын баруун гарын тус бүр нэг, Урадын гурав, нийт зургаан хошууг Улаанцавын чуулган, Ордосын долоон хошууг Их зуугийн хэмээх зургаан чуулган болгон хуваан зохион байгуулжээ. Манж нар Ар Монголыг эзлэн авах үед Халхад Түшээт хан, Засагт хан,Сэцэн хан гурван аймаг байсныг 1725 онд Түшээт хан аймгаас хэдэн хошуу таслан, Сайн ноён хан аймаг хэмээн нэрлэснээр дөрвөн аймагтай болгоод авав. Тухайн үед Халхын гурван аймгийг хамгийн хүчирхэг байсан Түшээт хан толгойлж аян дайн, алба гувчуур, ард иргэдийн санаа бодлыг хэлэлцдэг байлаа. Хамгийн хүчирхэг аймгийг нь таслан хуваах нь тэдний эхний алхам байлаа. Манжийн үеийн Ар Монгол гэсэн ойлголтод үүнээс хойш Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаар, Дарьгангыг гол төлөв багтааж байв. Үүнээс газар нутгийн хэмжээ, хүн амаар Халхын дөрвөн аймаг хамгийн том, голлох хэсэг нь байсныг бид мэднэ. 

Харин Манжийн эрхшээлийн сүүл үед Халхын Түшээт хан аймаг 20 хошуу, 51 сум, Засагт хан аймаг 19 хошуу, 17 сум, Сэцэн хан аймаг 23 хошуу, 40 сум, Сайн ноён аймаг 24 хошуу, 31 сум болон задран хуваагдсан байв. Энэ бүхнээс бид юуг олж харах ёстой юм бэ. Яагаад хэн бүхний мэдэх түүхэн баримтыг сийрүүлэн бичиж сууна вэ гэж хэн нэгэн бодож магадгүй юм.

Түүхчид аймаг сумдын 100 жилийн ойг хэзээ хэрхэн тэмдэглэх тухай маргаан өрнүүлэн хоёр талцаад байсан бол энэ ойг тэмдэглэх хэрэггүй гэдэг санааг гаргаж байсан гурав дахь тал байв. Засаг захиргааны нэгжийн хуваарилалт гэдэг хуваан захирах үзэл санаанд суурилсан тул нэгдмэл оюун санаа, үнэт зүйлийг үнэгүйдүүлэх давхар санаа шигтгээтэй байв. Харийн гүрнүүдийн нэгдмэл Монгол оюун санааг устгах төлөвлөгөө засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар амжилт олсон нь бидний аймаг сумдын 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж уралдан зүтгэж байгаагаас харагдана. Хуваан захирах санаа биеллээ олж бидний мах, цус, эсээр хүртэл гүйж удамшин үлдсэн нь өнөөгийн нутгархах үзлийг бий болгоод байна уу даа. Өнөөгийн хөгжиж байгаа гүрнүүд нийгмийн оюун санааны нэгдмэл байдал нь хүчтэй, үнэт зүйл, үзэл бодол нь цул байгаад нэг учиг нь оршино гэж үзэх судлаачид бий. Монгол Улсыг хүчирхэг байх үед зарим улсын нэгдмэл үзэл санаа монголчуудаас айх айдас дээр тулгуурлан нягтарч байсан гэдэг. Харин бид сөргөлдөх дайсангүй амар амгалан ертөнцийг цогцлоох эзэн хааны тэнгэрлэг үзэл санаанд нэгдэн нягтарч хүчирхэн мандаж байв.  Ер нь ямар ч үндэстний оюун санааны нэгдмэл байдал л  тусгаар тогтнол, тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болдог. Ялангуяа цөөн хүн амтай Монгол Улсын хувьд оюун санааны нэгдмэл байдал нэн чухлаар тавигдахаас аргагүй болоод зуун жилээр зудалж, зулаг таслахаа шахсан зуныг дурсан бичиж суугаа юм. Улс үндэстнүүд оюун санааны нэгдмэл байдлыг хангаж чадахгүй бол дотоод зөрчилдөөн, улмаар нийгэм болоод улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох үндэс болдгийг бид олон улс орны түүхэн сургамжаас харж болно. Зуун жилийн ой тэмдэглэх үгүй бараг наядугаар асуудал. Бидний нутаг орноороо бахархах дээр тоглолт хийдэг нутгархах үзлийг дэврээх энэ мэт “Ой”-нууд хэр удаан үргэлжлэх бол. Хэлэх гэсэн санаа минь ердөө л энэ юм.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 19 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 19 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 19 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07