“Монголын үнэн”-ий сэдвээр Геодези, Усны барилга байгууламжийн газрыг онцоллоо. Энэ байгууллагын ажилтнууд Улаанбаатар хотын хамгийн хүнд хэцүү ажил буюу өвөл мөстэй усанд, хавар зундаа шар усны үерийн усаар угаагдсан лаг шавар гээд жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд хэцүү нөхцөлд амралтгүй, шуурхай ажилладаг. Тиймээс Л.Ариунтуяа дарга байгууллагаа удирдах хугацаанд алба хаагчдаа түрээслээд өмчлөх орон сууцанд үе шаттай хамруулах, цалин хангамжийг анх байснаас гурван жилийн хугацаанд гурав дахин нэмэх зэргээр нийгмийн баталгааг хангаж, байгууллагадаа ая, тухтай орчин бүрдүүлжээ. Мөн 2020 оноос хойш Нийслэлийн харьяа байгууллагуудаас хамгийн их парк шинэчлэл хийсэн байна.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Ариунтуяатай ярилцлаа.
Анхан шатнаас ажлаа эхэлсэн учраас суурь маань бат болсон гэж боддог
-Таны улс төрийн замнал анхан шатнаас бас нэлээд эрт эхэлсэн юм билээ. Анх улс төрд орсон түүхээсээ манай уншигчидтай хуваалцана уу?
-Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд төрж өссөн. Анх Чингэлтэй дүүргийн 49 дүгээр дунд сургуульд элсэж Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургуулийг төгссөн. Сурагч байхаасаа спортын уралдаан тэмцээнд манлайлан оролцдог, нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. .
Энэ идэвхээрээ Монголын Идэрчүүдийн холбооны гишүүн, сургуулийнхаа салбар зөвлөлийн тэргүүлэгч хийдэг охин байлаа. Арван жилээ төгсөөд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн. Дараа нь "Орхон" Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрхзүйчээр бакалавр, МУИС-д магистраа хамгаалсан. Нийгмийн идэвхтэй хүн чинь гэнэт болино гэж байдаггүй юм билээ. (инээв)
Анх 1996 онд МАХН-д элсэж улс төрд хөл тавьсан түүхтэй. Намд элсээд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооныхоо залуучуудад чиглэсэн олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байлаа. Ингээд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлийн даргаар 2002-2014 он хүртэл ажилласан. Таны хэлснээр улс төрийн ажлыг анхан шатнаас нь хийж ирсэн болохоор халуун тогоонд нь чанагдсан гэхэд болно доо.
-Та удалгүй 14 дүгээр хорооны Засаг даргаар сонгогдон ажиллаж төрийн хүн болжээ. Хорооны Засаг дарга болоод ямар хүсэл зоригийг өвөртөлж ажлаа эхэлж байв?
-Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо бол миний төрж, тоглож өссөн орчин гэж өмнө нь хэлсэн шүү дээ. Тиймээс хорооныхоо жаргал, зовлонг маш сайн мэддэгийн хувьд тэрийг нь тэгэх юмсан, энийг нь ингээд өөрчилбөл гэсэн хүсэл тэмүүлэл дотор маань угаас байсан. Намайг бага байхаас л бид автобус хүлээж даарч бээрдэг, дамжиж хичээлдээ явдаг байсан. Хамгийн эхлээд үүнийг өөрчилье гэдгээс ажлаа эхэлсэн. Ингээд хамтын хүчээр зорьсноор хорооныхоо нутаг дэвсгэрт сургууль-цэцэрлэгийн цогцолборыг бариулсан. Энэ ажлаасаа зоривол бүтдэг юм байна гэдэг урам зоригийг бид авч дараа дараагийн ажлыг бүтээх хүч болсон гэж боддог. Энэ цогцолборыг бариулахын тулд 22 айлын газрыг чөлөөлүүлэх ажилд хамт олонтойгоо нэлээд цаг, хүч бас зориулсныг хэлэх хэрэгтэй.
Мөн иргэд маань хорооноосоо эмнэлгээсээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай авч байгаасай гэдэг зорилгоор хороондоо өрхийн эмнэлгийн байрыг бариулсан. Тэр жилдээ багтаад найман айлын газрыг чөлөөлүүлж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийг бариулсан. Энэ мэтчилэн жил долоон сарын хугацаанд хороондоо нэлээд хөрөнгө оруулалтыг татаж, бүтээн байгуулалтуудыг хийж чадсан.
-Төрийн анхан шатанд иргэдтэйгээ тулж ажиллахын сайхан хийгээд хэцүү нь юу байдаг бол...?
-Ер нь анхан шатны нэгж удирдах амаргүй ажил л даа. Ялангуяа эмэгтэй хүн бүхний зориглодог ажил биш. Анхан шатанд ажиллахад иргэдтэйгээ байнга уулзаж, жаргал зовлонг нь сонсож, хэрэгцээ шаардлагад нь нийцэх хэрэгтэй ажлыг хийх зоригийг авдаг нь сайхан. Төрийн ажлыг сайн дураараа, саналаараа хийчихгүй. Сонгуулиар өрсөлдөж ялж гарч ирэх өндөр босготой.
Гол бэрхшээл гэвэл янз бүрийн дарамт шахалт их ирнэ. Хорооны Засаг даргын сонгуульд өрсөлдөхөөс эхлээд л бэрхшээл ургана шүү дээ. 2016 онд дүүргийнхээ ИТХ-д сонгуульд өрсөлдөн ялж, дүүргийнхээ төлөөлөгчөөр ажиллаж байсан үе. 2017 онд 14 дүгээр хорооны Засаг даргаар зааланд өрсөлдөж хорооны иргэдийн дэмжлэгтэйгээр ялсан. Сонгуульд өрсөлдөх тусам өөрөө өөрийнхөө босгыг давж, туршлага нэмэгддэг. Энэ болгонд итгэж сонгосон иргэдийн итгэлийг даах үүрэг, хариуцлага нэмэгдэнэ. Ер нь анхан, дунд аль ч шатны сонгуульд эмэгтэй хүн өрсөлдөхөд тал талаас дарамт шахалт их ирдэг юм билээ.
Нэгэнтээ иргэд маань итгэл хүлээлгээд тэр дарамт шахалтыг ч даваад гарсан хүн чинь бусад эмэгтэйчүүддээ боломж байдаг гэдгийг харуулъя, дуу хоолойгоо илүү тод хүргэе гэж зориглоод дүүргийнхээ намын хорооны сонгуульд өрсөлдөж дэд дарга болсон доо. Энэ ажлаа жил гаруй хийсэн. Улс төр гэдэг тэр чигээрээ л сонгуульт өрсөлдөөн. Ялалтын тулгуур багана нь иргэдийн дэмжлэг. Дараа нь дүүргийн төлөөлөгчдийнхөө итгэлийг хүлээж Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдон ажилласан. 2020 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөж Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
-Улс төрд бор зүрхээрээ ажилласан гэхэд богино хугацаанд, хурдан карьер ахиж чадсан гэж харахаар байна. Улс төрийн ширүүн өрсөлдөөн дунд явж байгаа хүмүүст хандаж нууцаасаа хуваалцаач гэж хүсье?
-Нууцлаад байх юм юу байх вэ дээ. (инээв) Хүн аливаа асуудлыг хараад чин сэтгэлээсээ өөрчилье гээд зүтгэхэд болохгүй юм үгүй гэж л хэлмээр байна. Улс төрд ажиллаж байгаа эмэгтэйчүүд нийгмийн нарийн ширийн асуудлыг гярхай ажиглаж, уян хатан аргаар шийдэж чаддаг юм болов уу. Би өөрөө барьж авсан ажлаа сэтгэлдээ хүртэл хийж, ард нь гарч байж санаа амардаг зантай хүн. Энэ зан чанар маань нөлөөлдөг байх.
Хүүхдийн төлөвшилд суралцах орчин, нөхцөл хамгийн чухал
-НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод ямар зорилго, зарчмыг гол болгосон бэ?
-Иргэдээс сонгогдсон төлөөлөгчөөс гадна эмэгтэй хүн, ээж хүний хувьд хүүхэд бүхэн тэгш, ялгаваргүй орчин нөхцөлд сурах ёстой гэдэг зарчимтай. Тиймээс боловсролын ялгаатай байдлыг арилгах нь миний хувьд чин хүсэл маань гэж хэлж болно. Жишээ нь нэг дүүргийн сургуулиуд гэхэд хоорондоо тэнгэр, газар шиг ялгаатай байна. Хүүхдүүд нэг ангид 50,60-аараа шахцалдан сууж хичээллэдэг нь миний үед ч байсан, одоо ч байгаа нь бодит байдал. Энэ ялгааг чадах чинээгээрээ арилгах ажлыг эхэлье гэж зорьсон.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Батсүмбэрэлтэй хамтарч нөөц бололцооныхоо хэрээр ажлууд хийсэн. Чингэлтэй дүүргийн 5, 23, 24 дүгээр сургуульд багш солилцооны менежментийг хэрэгжүүлсэн. Энэ нь солигдож ажиллах биш арга туршлага, шинэ санаачилгаа солилцдог олон ач холбогдолтой ажил. Мөн РЦНК-гийн удирдлагуудтай уулзаж, дүүргийн 49 дүгээр сургуульд орос хэлний танхим байгуулсан. Хайлаастын 72 дугаар сургуульд БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд солонгос хэлний танхим байгуулж сурагч, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрүүд үргэлжлээд явж байгаа.
Сургуулиудад тулгамддаг бэрхшээлүүдийн нэг нь засвар, тохижилтын ажил байдаг. Энэ тал дээр анхаарал хандуулдаг. Чингэлтэй дүүргийн 37, 39, 49, 72 дугаар сургууль, цэцэрлэгүүдийн гадна фасад, дулаалгын төсвийг төсөл хөтөлбөрт тусгуулж шийдүүлсэн. Энэ ажил маань өнөөдрийн байдлаар таван сургууль, гурван цэцэрлэгийн гадна фасад, дулаалгын ажил бүрэн дууссан үр дүнтэй явж байна. Мөн 2023 оны төсөвт дүүргийнхээ бүх сургуулийн ариун цэврийн өрөөг олон улсын стандартын дагуу шинэчлэн засварласан.
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн байгууллагуудаас хүсэлт их ирдэг байх. Хүсэлт бүрийг биелүүлэх боломж хэр байдаг бол...?
-Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдэд нийгмийн асуудлаар хандах нь зүй ёсны л үзэгдэл. Хүсэлт, саналууд их ирдэг. Монголын Хүүхдийн ордны багш, ажилчдын хүсэлтийг хүлээн авч ордны дотор цахилгааны монтаж, тайз, дэлгэцийг шинэчлэхэд зориулж 960 гаруй сая төгрөгийн төсвийг нийслэлийн төсөвт суулгаж шийдүүлсэн. Мөн Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн дулаалга, цонх, хөгжим техникийн шинэчлэлд нь бид дэмжлэг үзүүлэх санаачилга гаргаж бодит ажил хэрэг болгосон.
Миний хувьд өсвөр насныхан тэр дундаа охидын сурч, боловсрох аюулгүй орчин, нөхцөлд санаа тавьж явдаг. Манай нийгэмд хүүхдийн эрх тэр дундаа охидын эрх маш их зөрчигддөг. Бид хөвгүүд, охидоо цаг тутам дагаад хамгаалаад явж чадахгүйгээс хойш өөрийг нь хүчирхэг сэтгэлзүйтэй, нийгэмтэйгээ зохицон амьдрах чадамжтай, бие хүн болгон төлөвшүүлэх нь хамгийн сайн арга.
Тиймээс 2022 онд Нийслэлийн Охидын зөвлөлийг санаачлан байгуулж тухайн үеийн нийслэлийн Засаг дарга, Хурлын даргад хандаж дэмжүүлсэн. Одоо нийслэлийн бүх сургуульд салбар зөвлөлтэй, хүүхдүүд өөрсдөө ажиллуулаад явж байна. Томчууд бидний хувьд бодлого, зөвлөмж зэргээр дэмжин ажилладаг.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бодлогоор дэмжин ажилладаг
-Та өөрөө их санаачилгатай хүн юм билээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа санаачлан хэрэгжүүлсэн хөтөлбөрөөсөө дурдвал?
-Хорооны Засаг дарга байхаасаа л хүн бүхний санаагаа чилээдэг утаа, орчны бохирдлыг арилгах, орон сууцжуулах талаар боддог байсан. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах болсон нь энэ чиглэлээр ажиллах боломж гэж хүлээж авсан. Төлөөлөгчөөр сонгогдоод хоёр дахь чуулганаасаа л гэр хорооллын дахин төлөвлөлтийг хөндөж ярьсан. Ер нь яриад хэн нэгнийг хүлээгээд сууснаас өөрөө хөөцөлдөж, хэрэгжүүлж ажил болгох нь надад илүү амар санагддаг. Энэ ч үүднээсээ Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийг төлөөлөгчийн хувиар санаачилж, 2021 оны нийслэлийн төсөвт зураг төсөл, ТЭЗҮ-г тавиулсан. 2022 онд зураг төсөл, ТЭЗҮ хийгдэж, Улаанбаатар хотын форумын үеэр энэ ажлаа танилцуулсан. Мэдээж төлөөлөгчийн хувиар санаачлаад хөөцөлдөөд гүйгээд байх нь нэг хэрэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг эзэнжүүлж, барьж авч манлайлж хийдэг байх нь бидний үүрэг. Улаанбаатар хотын утаа, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах цогц шийдэл бол “20 МИНУТЫН ХОТ” концепц. Хотын хэмжээнд сонгогдсон тойргоос энэ ажлыг эхэлсэн. Өнөөдөр Засгийн газар, Нийслэлийн холбогдох газрууд хэрэгжүүлж байхад хэн санаачилсан нь чухал биш. Гарт баригдаж, нүдэнд харагдаж ажил хэрэг болж байгаа үр дүн нь чухал.
Улаанбаатар хотыг үерээс хамгаалахад 480 км далан шаардлагатай
-Геодези, Усны барилга байгууламжийн газрын даргаар ажиллаж байсан. Эрчүүд голдуу ажилладаг, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг байгууллагыг удирдах ямар байв?
-Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2020 оны 12 дугаар сард дуудаж уулзаад “Хотын харьяа байгууллагуудаас удирдаж ажиллах хэрэгтэй байна” гэсэн. Би хотын бүтээн байгуулалтад оролцдог байгууллага удирдан өөрийгөө сорих хүсэлтэйгээ хэлсэн. Ингээд "Геодези, Усны барилга байгууламжийн газрыг удирдуулмаар байна. Эмэгтэй хүн ажиллахад хэцүү, чадах уу" гэж асуухад нь чадна гэдгээ хэлээд ажлаа авсан даа.
Байгууллага дээрээ очлоо. Ажилтнууд гадуур хувцастайгаа суудаг хүйтэн, тухгүй байр угтлаа. Ажилд гарах 35 техниктэй гэж хүлээлгэж өгснөөс ес нь л ажиллаж байсан. Улаанбаатар хотын үерийн барилга байгууламжууд өртөг өндөртэй, засаж сэлбэх нэн шаардлагатай. Зарим газар далд инженерийн шугам сүлжээн дээр байшин барьчихсан. Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний нөхцөл байдал ч хүнд. Ажлаа авсан тэр жил хүйтэн өвөл болсон.
Дулаан хувцаслаж аваад хүмүүстэйгээ халиа тошин дээр гарлаа даа. Тэр хүйтэнд ажиллаж байгаа залуучуудаараа бахархаж, машин техникээ нэмэгдүүлж, хөдөлмөрлөх орчныг сайжруулахад анхаарсан. Мөн халиа дошин үүсэхээс сэргийлэх бодлогын ямар ажил байгааг судлав. Улсын зөвлөх инженерүүд, усны барилга байгууламжийн инженерүүдтэй уулзлаа. Манай улс усны инженер, мэргэжилтэн цөөнтэй.
Ингээд байгаа бүх л нөөц боломжийг бүрэн ашиглаж, өөрсдөө судалж, санаачилж ажилласан. Салбарын сайдтай уулзаж усны инженерүүдтэйгээ хамтраад Улаанбаатар хотын төлөвлөгөө боловсруулахад туслах санал тавьсан. Ингээд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг 2023 онд НИТХ-аар батлуулсан.
Би ярьж цаг хугацаа алдахаас илүү ажлаа шууд эхэлбэл хурдан бас үр дүнтэй гэж үздэг. Улаанбаатар хотын ус ихээр тогтдог 32 байршилд үерийн барилга, байгууламжийн засвар, шинэчлэл хийхээр төлөвлөж, 19 дүгээр хороололд “Эрэл”-ийн ард, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Өргөө” кино театрын ард, долоон буудал, “Баянбүрд” орчимд авто замын ус зайлуулах шугам угсралтын ажлыг хамт олонтойгоо хийж гүйцэтгэсэн.
Орон сууцны хорооллын орчимд тогтсон ус соруулах ажлыг СӨХ илүү төлбөр авах зорилгоор хариуцдаг байсан. Гарааш, нүхэн гарц усанд автаж арга ядахаараа Геодизи, Усны барилга байгууламжийн газрыг дууддаг. Иргэдийг эд хөрөнгөөр хохироохгүйн тулд энэ ажлыг манайх албан ёсоор хариуцсан.
-Өнгөрсөн жилийн зун хотын зарим хэсэг усанд автсан. Тэр үед мэдээгээр таныг багтайгаа үер устай тулж ажиллаж байхыг харж байлаа. Эмэгтэй хүний хувьд бахархах сэтгэл тухайн үед төрж байснаа одоо хэлье...?
-Баярлалаа. Манай байгууллага Улаанбаатар хотын үерийн барилга, байгууламжийн засвар, шинэчлэл, үйлчилгээ, арчилгааг хариуцдаг. Жил бүр цаашид барьж, байгуулах шаардлагатай үерийн барилга, байгууламжийн тооцоо, төлөвлөгөөг гаргадаг. Нуур тогтдог шалтгааныг зөвхөн хөрсний усаар халхавчилж болохгүй. Том компаниуд голын голдирлыг эвдэж, зарим газар шугам устгаад барилга барьсан. Өнгөрсөн жилийн үерийн шалтгаан газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга байгууламж барьсан, хийцлэл өөрчилсөнтэй холбоотой. Би ийм чухал байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд зөвшөөрөлгүй газрын гэрчилгээнд гарын үсэг зураагүй.
Нөгөөтэйгүүр, авто замын борооны ус зайлуулах шугам гэдэг далд инженерийн цогц бүтээн байгуулалт байдаг. Улаанбаатар хот 1200 орчим км авто замтай. Үүнээс 163 км нь борооны ус зайлуулах шугамтай. 1970-1980 онд тавьсан шугамыг нэг ч сэргээлгүй, жижиг засвараар аргалж ирсэн. Тэр ч байтугай гол шугамын дээр барилга барьчихсан. Энэ бол төлөвлөлтийн том алдаа. Авто замаа тавьчихаад дараа нь ус зайлуулах шугам хийдэг буруу жишиг тогтсоныг өөрчлөхөөр бодлогын бичиг баримт боловсруулсан. Ингэснээр авто зам тавьж буй байгууллагууд Геодези, Усны барилга байгууламжийн газартай зөвшилцөж ажилладаг болсон.
-Улаанбаатар хотын дундуур урсах гол, горхиуд хур бороо ихтэй жил далангаа давж үерт автах эрсдэлтэй. Үерээс сэргийлэхийн тулд нэмж далан барих шаардлагатай юу?
-Улаанбаатар хотод нийт 153 км далан бий. Үүний 80 орчим хувийнх нь насжилт хэтэрсэн. Сэлбэ голын барилга байгууламжийг 1966 оны үерийн дараа стандартын бус аж ахуйн аргаар барьсан, огт засаж сэлбээгүй. Туул голын далан 56 жилийн насжилттай. Улаанбаатар хотыг үерээс бүрэн хамгаалахад 461-480 км далан шаардлагатай гэдэг тооцоололтой. Үерийн барилга байгууламжийг дутуу хийж болдоггүй. Мөнгө санхүү нь хүрэлцээтэй бол томоохон бүтээн байгуулалтыг хийх, үер уснаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах боломж бүрэн бий. Жишээ нь Сэлбэ, Дунд гол, Туул голын даланг стандартын дагуу хийхэд л нийслэл үерээс хамгаалагдах боломжтой. Эрх мэдэл бүхий хүмүүс газар авч Сэлбийн голын голдирлыг өөрчилсөн асуудал ч байдаг. Төрөөс хүчтэй эрх мэдэлтэй бизнесмэн байна шүү дээ.
-Лаг агшаас цэвэрлэхэд машин техникийн хүрэлцээ, хүн хүч гээд олон асуудал тулгамдсан уу?
-Тэгэлгүй яахав. Дунд голын бургас дунд байшин хүртэл барьж, Сэлбэ голыг цэвэрлэж байхад хэзээ усанд үйсэн нь тодорхойгүй гурван цогцос гарсан. Ер нь дулааны улиралд голын эрэг дагуу судалгааны багийнхантай ажиллаж явахад үхсэн нохой, муурын сэг зэм, хүүхдийн живх, хог хаягдал ихтэй өмхий үнэртдэг байсан. Ногоон байгууламж хэзээ ч голын дотор ургахгүй. Бургас голын хажуу эргээр ургадаг. Нэг ёсондоо бид гаднын жуулчид, учир мэддэг хүмүүсийн өмнө ичгэвтэр байдалд орсон. “Ногоон байгууламж” устгасанд гомдох нэгэн байхад хог хаягдлаасаа салсандаа байгаль дэлхий өөрөө ямар их баярласан бол. Голын сайр, чулууг гарч иртэл лаг агшаасыг цэвэрлэнэ. Голын эргээ зүлэгжүүлж, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх эко болгон явган хүний болон дугуйн зам тавихаар төлөвлөсөн.
-Геодизи, Усны барилга байгууламжийн газрын хүний нөөц, машин техник хангалттай хэмжээнд байдаг уу?
-Манай байгууллага 140 ажилчин, албан хаагчтай. Хэлтэст хуваахад талбай дээр 46 залуу гардаг. Энэ 46 ажилтан нийслэлийн зургаан дүүргийн бүх авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, засдаг гэсэн үг. Тиймээс ажиллах боловсон хүчин, машин техникийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай. Би ажилтнуудаараа бахархдаг. Өвлийн хүйтэнд өвдгөөр татсан мөсөн дотор ажиллана гэдэг эрүүл мэндээрээ дэнчин тавьж буй хэрэг. Энэ ч утгаараа ажилтнуудынхаа цалинг бодитоор нэмж, нийгмийн олон асуудлыг нь шийдэхийг чухалчилж ажилласан. Ядаж л ажлын байрандаа тохьтой тухтай ажиллах нөхцөл бүрдүүлсэн. Оффистоо хувцасны угаалга, шүршүүрийн өрөө тохижуулж, өдрийн хоол цайгаа чанаржууллаа. Ямар нөхцөлд ажилладаг, тийм байдалтай гэртээ харьж болохгүй шүү дээ. Зорилго, зүтгэл, чин сэтгэлээ зориулж ажилласан байгууллагаа хүлээлгэж өгөхөд хамт олон маань дургүй байсан. /инээмсэглэв/
-Бартаатай, халгаатай нөхцөлд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласаар явна. Харин та эхнэр, ээж хүнийхээ үүргийг хэр биелүүлдэг вэ?
-Ээж байх, эзэгтэй байх, ажилтан байх, хувь хүн байх гээд энэ нийгэм өөрөө эмэгтэйчүүдээс олон дүртэй байхыг, олон ур чадвартай, олон ажлыг зэрэг амжуулдаг байхыг шаарддаг. Би сайн эхнэр, сайн ээж шүү. Гэрийн ажил, төрийн ажлаа эн тэнцүүхэн авч явдаг гэвэл өөрийгөө магтсан болчих болов уу. (Инээв)
Энэ бүхэнд эмэгтэйчүүд бид хүчтэй, би гэж амбицлахгүй нэгнийгээ дэмждэг байгаасай. Улс төрийн дарамтаас гадна нийгмийн шүүмжлэл тасардаггүй. Өнгөрсөн жилийн үерээр ажилтнуудтайгаа хамт амралтгүй ажилласан. Хэвлэл мэдээллээр камерын өмнө гоё сайхан хүүхэн харагдаагүй нь үнэн. Байсхийгээд л миний ажлын хувцастай тэр зургийг сошиалд сэвдэг.
Миний ажил тийм л байсан, хараад огт эмзэглэдэггүй. Байгууллага удирдаж, аж ахуйн ажил хийхэд өдөр бүр гоё ганган тогос шиг явах боломжгүй. Загварын тайз биш шүү дээ. Гэр хороололд ус зөөж, гал түлж өссөн болохоор ч тэрүү би их эршүүд, за бол ёогүй занд дуртай. Хариуцлага, зөв дадлыг хүн өөрөөрөө л үлгэрлэнэ шүү дээ. Ам үйлдэл хоёр зөрөх ёсгүй гэдэг зарчимтай.
-Ярилцлагаа гэр бүлээ танилцуулж, хувийн амьдралын талаарх яриагаар өндөрлөе..?
-Гэр бүлийн хүн маань эрчим хүчний салбарт ажилладаг, Монгол Улсын зөвлөх инженер хүн бий. Манайх таван хүүхэдтэй айл. Бид хоёр эрчим хүчний чиглэлээр компани байгуулж, хамтдаа хувийн бизнес хийж байлаа.
Боловсролоо ахиулаад, хүүхдүүдээ өсгөөд, хувийн бизнес, гэр бүлдээ анхаараад завгүй байдаг ч нийгэм, улс төрийн ажлаасаа хөндийрч байгаагүй. Чөлөөт цаг гарвал гэртээ л байх дуртай даа. Гал тогоондоо хоол хийж, зочин урьж олуулаа бужигнаж байх нь сайхан санагддаг. Хүүхдүүддээ ажлаа зөв төлөвлөдөг, хэлсэндээ хүрдэг, зарчимч, шударга хүн байхыг хэлж захихаасаа илүү нөхөр бид хоёр өөрсдөө харуулж үлгэрлэх нь зөв гэж боддог ээж.
-Танд баярлалаа. Нийслэл хотынхоо хөгжлийн төлөө зүтгэх таны цаашдын ажилд амжилт хүсье.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/
Сэтгэгдэл (3)