Орон нутгийн буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлэхэд долоо, санал хураалт болоход 21 хоног үлдлээ. Тодруулбал, холбогдох хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-нд албан ёсоор эхэлж 14 хоног үргэлжилнэ. Харин сонгуулийн санал хураалт ирэх сарын 11-нд Улаанбаатар хотын цагаар 07:00-20:00 цагийн хооронд болно.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу одоогоор нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хүмүүс зөрчлөө арилгаж, шаардлагатай бичиг баримтаа холбогдох газарт нь дахин хүргүүлээд буй.
Улсын хэмжээнд нийт 8031 мандатын төлөө 15 нам, нэг эвслийн 17000 гаруй хүн өрсөлдөхөөр бичиг баримтаа хүргүүлсэн юм. Тэгвэл холбогдох хуульд заасан цаг хугацааны дагуу харьяа сонгуулийн хороод хуралдаж, тухайн хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх шийдвэрийг гаргаад буй.
Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авсан 15 нам, нэг эвслээс 282 хүн өрсөлдөхөөр холбогдох бичиг баримтаа хүргүүлсэн бөгөөд тэднээс бичиг баримтын зөрчил болон өр төлбөртэй 33 хүнийг бүртгэхээс татгалзсан байна. Тухайлбал, МАН-аас дөрөв, АН-аас хоёр, Үндэсний эвслээс гурав, ИЗНН-аас ес, Эрх чөлөө хэрэгжүүлэгч намаас гурав, ХҮН намаас зургаа, Ард түмний олонхын засаглал намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл намаас хоёр, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас нэг, мөн тус сонгуульд бие даан өрсөлдөхөөр хүсэлт гаргасан нэг гээд нийт 33 хүнийг бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрийн тухайд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу тус сонгуульд оролцох эрхээ авсан 15 нам, нэг эвслээс 282 хүн нэр дэвшихээр холбогдох бичиг баримтаа хүргүүлсэн. Ингэснээр холбогдох хуульд заасны дагуу нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргах заалтын дагуу нийт 282 иргэнийг нэг бүрчлэн танилцуулж, бүртгэх эсэх тогтоол гаргасан” гэлээ.
Нэр дэвшигчийг ямар тохиолдолд бүртгэхээс татгалздаг вэ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд ямар тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тодорхой заасан байдаг. Тухайлбал, хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, баримт бичгийн бүрдэл дутуу, нэр дэвшигчийн баримт бичиг хуурамч болохыг шүүх тогтоосон, энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд давхар нэр дэвшсэн, мөн 47.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр, эсвэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд бүртгэхээс татгалздаг байна.
Гэхдээ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хүмүүст хуулиар олгогдсон эрх, боломж бий. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно” гэж заасан байдаг. Хэрэв, тухайн нэр дэвшигч зөрчлөө арилгаж чадаагүй тохиолдолд харьяалах нам, эвсэл өөр хүнийг нэр дэвшүүлэх зохицуулалттай. Харин тус хуульд “Тухайн шатны сонгуулийн хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалт бий. Тэгвэл тус хуулийн 31.10-т “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заажээ.
Д.Бат-Эрдэнэ: Нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө тусгаагүй амлалт өгч болохгүй
Холбогдох хуульд заасны дагуу тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 26-нд олгож, улмаар эл өдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаа 14 хоногийн хугацаанд үргэлжилж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний өдөр дуусгавар болно. Сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа хуульд зөвшөөрсөн арга хэлбэрээр явуулах ёстой, өөрийн болон намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаагүй амлалт өгөх, сурталчилгааны материалаа хуульд зөвшөөрсөн тоо хэмжээ, хязгаарт нийцүүлээгүй зэрэг нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ анхаарууллаа. Тэрбээр энэ удаагийн сонгуульд төсөвлөсөн төсвийн зарцуулалтын тухайд “Энэ жилийн ИТХ-ын сонгуульд 32.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сонгууль зохион байгуулах ажилд 26 мянган төрийн албан хаагч ажилладаг. Эдгээр албан хаагчийг хоёр сарын турш ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг. Төсөв баталж байх үед хөдөлмөрийн хөлсний хэмжээ 550 мянга байсан бол одоо 660 мянга болсон. Мөн олгож буй цалин урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл авах зохицуулалт төсөв батлагдсаны дараа хуульд орсон өөрчлөлт. Үүнтэй холбоотойгоор төсөвт холбогдох өөрчлөлтүүд орсон. Зарцуулалтын хувьд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа албан хаагчдад олгож буй бага хэмжээний урамшуулалд төсвийн ихэнх хувь нь зарцуулагддаг. Мөн сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангахтай холбоотой гардаг зардал болон саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг бэлтгэхэд гардаг урсгал зардал зэрэгт төсвөө хуваарилдаг” гэсэн тайлбарыг өглөө.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нийслэлийн иргэдийн хурал 45, хүн амын тооноосоо шалтгаалж дүүрэг 25-43, аймаг 25-49, сум 15-29 төлөөлөгчтэй байх юм.
Сонгогч мэдээллээ энэ сарын 27-ноос өмнө шалгаж, баталгаажуулах боломжтой
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг https://election.burtgel.gov.m... цахим хуудаст байршуулсан. Тиймээс сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу энэ сарын 27-ноос өмнө шалгасан байх шаардлагатай. Ингэхдээ эхлээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад хандаж, цахим санд иргэний бүртгэлийн дугаараа бичиж, бүртгэлтэй хаяг цонхонд оршин суугаа аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороог сонгож шалгах товчийг дарна. Дараа нь эцэг, эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, дэлгэрэнгүй хаяг, үндсэн хаяг дээрээ байгаа эсэх төлөв, сонгуулийн хэсгийн дугаар, санал өгөх байрны хаяг, тухайн хаягт бүртгэлтэй сонгогчийн тоон мэдээлэл гарна. Үүний дараа сонгогчийг харах сонголтыг идэвхжүүлснээр танай хаягт бүртгэлтэй сонгогчдын тоо гарч ирнэ. Ингээд таны мэдээлэл зөв бол мэдээлэл зөв сонголтыг хийнэ. Хэрэв, таны мэдээлэл зөрүүтэй байвал буруу мэдээлэл гэсэн хэсгийг дарж идэвхжүүлж, гомдол бичих хэсэгт холбоо барих дугаар болон и-мэйл хаягаа, нэмэлт тайлбар цонхонд мэдээлэл, гомдлынхоо утгыг бичиж илгээнэ. Ингэснээр зөрүүтэй мэдээллийг шалгуулахаар дүүрэг, аймгийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүллээ гэх бичиг гарч ирэх бөгөөд үүнийг холбогдох бүртгэлийн байгууллага нь шалгах боломжтой.
Аль эсвэл бүртгэгдээгүй, ямар нэгэн зөрчилтэй тохиолдолд итгэмжлэгдсэн ажилтан юм уу улсын бүртгэлийн байгууллагад бичгээр мэдэгдэх боломжтой. Харин тус асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох хуульд үндэслэн гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргаж, өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулах үүрэгтэй.
Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргадаг. Уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс орон нутгийн хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан байдаг.
Орон нутгийн сонгуулиар иргэдэд тулгарч буй хамгийн ойрын асуудлыг шийдвэрлэх, дээд шатны байгууллагуудтай холбох гүүр, дуу хоолой болох анхан шатны төлөөлөгчийг сонгодог. Жишээлбэл, гудамж талбайн гэрэлтүүлэг, зам талбай, хог хаягдал гэх мэт асуудлыг шийдвэрлэх, шат шатны байгууллагад нь уламжлах төлөөлөгчөө сонгоно гэсэн үг. Тиймээс уншигч та хариуцлагатай хандаж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаж, иргэний үүргээ биелүүлж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцохыг холбогдох албаныхан уриалж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна