П.Үлэмжнаран: Нутгийн буурлуудын ажил, амьдралын ухаанаас сурсан нь өнөөдөр ч надад ач тусаа өгсөөр байна


Бараа бараагаа даган алсад дүнхийх их хайрхдаа түшин Төгрөг голын шимээс хүртэн аж төрөх алс нутгийн эгэл айлд төрсөн бор охин бусдын адил усны захад тугалын бэлчээрт тоглож өсөхдөө нутаг амьтай болжээ. Эрдэм номын мөр хөөж их хотод сурсан ч тэндээ суурьшиж дассангүй. Төрөлх нутагтаа ажил амьдралын гараагаа эхлүүлж бас болоогүй хувийн бизнесээ хөгжүүлж явна. Манай сонины энэ дугаарын зочин бол Ховд аймаг дахь СДМЭХ-ны салбар хорооны тэргүүн Пүрэвдашийн Үлэмжнаран юм. Хувиа бодож ашиг хайсан бол өнгөрсөн жилүүдэд түүнд боломж олон байсан. Гэхдээ бүх зүйлийг оргүйгээс эхлүүлэх амаргүйг мэдэх учраас бусдад туслах ялангуяа залуу ээж, эмэгтэйчүүдээ дэмжих үүднээс улс төрд хүч үзэж хамтдаа урагшлахын төлөө хичээхээр зоригложээ. Ховд аймгийн ИТХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог, Бичигт багт нэр дэвшиж буй П.Үлэмжнарантай уулзаж, ярилцсанаа хүргэе.  

-Хүүхэд насны дурсамжид тодрох Манхан сум, өвөө эмээгийнхээ гар хөлийн үзүүрт гүйсэн балчир нас, малын захад өсөхдөө нутгийн буурлуудаас сурсан эрдэм, суусан дадал өнөөдрийн таныг бүтээжээ. Тиймээс та нутаг амьтай болж хөгжин дэвших бүхий л хугацаанд эндээ тогтвор суурьшилтай байж, тийм үү?     
-Хүн бүр өөрийн гэсэн хувь тавилантай. Ийм сайхан нутагт, аав ээжийнхээ үргэлжлэл, өвөө эмээгийнхээ удмыг залгаж төрсөн миний хүүхэд нас дурсамж дүүрэн өнгөрсөн. Голдуухан өвөө эмээгийндээ, малын дэргэд амьдрах ухаанаас суралцсан нь хожим дэм болно чинээ хэн санах билээ. Өглөө эртлэн босож сүү саалийн ажилд тусална. Нутгийн буурлуудын ажил, амьдралын ухаанаас багахан сурсан нь өнөөдөр ч надад тусаа өгсөөр байна. Өвөө маань сумынхаа агент учраас танил олонтой. Манайх гэж хүний хөл татардаггүй айл байлаа. Цагийн эрхээр хоёр буурал маань нас нэмэхэд эгч дүүс бид гар хөлийнх нь үзүүрт гүйхдээ тэднээсээ их ч зүйлийг сурч мэдсэн. Буурлын ухаан ямар гүн гүнзгий билээ. Өвөө маань амьд сэрүүн ахуйдаа амьдрах, хүн шиг хүн болж аж төрөх ухааныг чамгүй сургасан. Харин эмээгийнхээ хөлийг дулаацуулсан охин нь болж өсөхдөө эмэгтэй хүний аж төрөх соёл, эрүүл амьдрах уламжлалт аргаас багагүйг оюун бодолдоо авч үлдсэн юм.

-Олны дунд өссөн хүүхэд олзоо бусадтай хуваах дадалтай болдог. Гэр бүлийн хүмүүжил хүний зан чанар цаашлаад амьдралынхаа чухал сонголтыг хийхэд тодрон гарч ирдэг юм билээ. Та өнөр өтгөн айлын бага охин, нам төрийн байгууллагад нэг насаараа ажилласан эцэг эхээсээ амьдралын олон туршлагыг олж авсан уу? 

-Би аав, ээжээсээ зургуулаа. Гурван ах, нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Аав ээжийнхээ ажлаасаа ирэхдээ авчирсан амттаныг эн тэнцүүхэн найм хуваачихна. Бага дүү бид хоёрт ногдохгүйгээр бол ах нар маань өөрөөсөө харамлаад өгдөг тийм л гэр бүлд өссөн. Аав маань нам төрийн ажилд их идэвхтэй хүн. Монгол Ардын Намын 1982 оны гишүүн. Тухайн үед хүссэн хүн бүрийг намын гишүүн болгодоггүй, эхлээд түр гишүүнээр бүртгэн тодорхой хугацааны дараа жинхэлдэг байсан. Ийм шат дамжлагаар аав маань намын гишүүнээс улс төрийн орлогч дарга болтлоо дэвшин ажиллаж түмэндээ нэртэй болсон. Манхан сумынхаа сургуульд бага ангийн багш, биеийн тамирын багш, менежер, сургуулийн захирлаас гадна сумын ИТХ-ын орлогч дарга гээд амьдралынхаа 36 жилийг сум, орон нутгийн дэвшил, хүний хөгжлийн төлөө ажилласан байна. Ээж маань Манхан сумын цэцэрлэгийн багш, эрхлэгчээр ажиллаж байгаад 1990 онд нийгмийн шилжилтийн үед хувиараа бизнес хийж эхэлсэн. Гэрийнхээ жижигхэн цонхоор худалдаа хийж биднийг юугаар ч дутаахгүй өсгөсөн дөө. Сумандаа олон жил найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулсан. Одоо аав ээж хоёр маань тэтгэвэртээ гарч, Манхан сумандаа аж төрж байна.

-Залуус хот суурин газар бараадаж амьдралаа төвхнүүлж байхад та их сургуулиа төгсөөд Ховдод иржээ. Орон нутагт ажлын байр төдийлөн олдохгүй, хөлөө олтол зүтгэнэ гэвэл цаг хугацаа их орох байсан. Гэтэл та яагаад нутагтаа буцаж ирэх сонголт хийсэн юм бэ?

-Улаанбаатарт суурьшина гэсэн бодол надад анхнаасаа төрж байгаагүй. Их сургуулиа төгсөж, эрхзүйч мэргэжлээ эзэмшээд нутагтаа ирж ажиллана гэж боддог байв. Тэр л бодолдоо хөтлөгдөн явсаар ажлынхаа гарааг төрөлх Манхан сумынхаа ЗДТГ-аас эхлүүлж, жирэмсний амралтаа авсан хүний чөлөөнд архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажилласан. Үргэлжлүүлэн аймгийнхаа долдугаар сургуульд захирлын туслах, багш, сургалтын менежер зэргээр ажил амьдралын маань найман жил боловсролын салбартай холбогджээ. Миний хань физикийн багшаар 16 жил тасралтгүй ажилласан хүн байдаг. Нэг гэрийн хоёр төрийн албан хаагчийн цалингаар амьдарна гэж байхгүй. Тиймээс бид хоёр ярилцаад нэг нь хувиараа бизнес эхлүүлэхээр зоригтой шийдвэр гаргаж, багаасаа хоол хийх дуртай би аймагтаа нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажлаа эхэлсэн. Төрийн байгууллагад багш, сурган хүмүүжүүлэгчийн дунд хүүхэд шуугьсан орчинд ажиллаж байгаад хувийн бизнесээ эхлүүлнэ гэсэн дэврүүн сэтгэлээр их хэмжээний цалингийн зээл аваад гарах амаргүй юм билээ. Өөрөө тогоочоо хийж, хоёр ажилтантайгаа зүтгэж байсан ч өөр орчинд ажиллаж байсан миний сэтгэлд нэг л бууж өгөөгүй. Дэгэн догонтой тийм үед манай аймагт Хувь хүний хөгжлийн баруун бүсийн институт нэрийн дор 10 гаруй залуус үйл ажиллагаа явуулдаг байсан. Нэг өдөр ажиллуулж байсан жижигхэн кафегаа хаагаад тэдний төлөөлөлтэй уулзаж “Намайг эгнээндээ авч ажиллуулаач. Би та нарын нэг эд эс болмоор байна. Үеийн залуус шигээ сурч хөгжмөөр байна. Хэдийгээр би хувийн салбарт ажиллаж байгаач та бүхнээс суралцаж мэддэг чаддаг бүхнээрээ хамтдаа урагшилмаар байна” гэхэд тэд намайг маш найрсгаар хүлээж авсан. Жилийн дараа залуучууд нийгэмдээ оролцоотой байх нь чухал. Хувь хүний хөгжилд анхаарч, хэн нэгэнд тусалдгийн адилаар оролцоотой байх ёстойгоо ойлгож 2019 онд үе тэнгийн 10 залуутай хамт Монгол Ардын Намд гишүүнээр элсэж байв. Намын утга учир, сонгуулийн талаар төдийлөн ойлголтгүй байхад 2020 онд болсон үйл явдал бидний улс төрийн карьерын эхлэл болж, намайг илүү идэвхжүүлсэн гэж ойлгож болно.


-Та Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан үеэ хэлж байна уу?

-Тийм ээ. 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө Ховд аймгийн Жаргалант сумын Намын хорооны дарга надад итгэл өгч, сумын ИТХ-д нэр дэвших санал тавьсан. Үүрийн тэргүүлэгчдийн хурлаар орж сумандаа нэр дэвших эрхээ ч авлаа. Үүрийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг сумын намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар баталж сумын намын хорооны Бага хурлаар оруулдаг. Тэгсэн нэр дэвшихээр болсон хүмүүсийг зарлахад миний оронд эрэгтэй хүн танилцуулсан. Эмэгтэй хүн гэдэг ганцхан шалтгаанаар жагсаалтаас хасагдсан учраас үнэхээр дургүй хүрсэн. Тиймээс сумын ИТХ-д заалнаас нэр дэвшихээ хэлж нэр дэвшээд төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Өнгөрсөн дөрвөн жил иргэдийн итгэлийг алдахгүйн тулд цөөнгүй ажил хийжээ. Дийлэнх хөрөнгө оруулалтаа эмэгтэйчүүд болон хөгжлийн ялгаатай иргэдэд чиглэсэн ажлуудад зориулсан.

-Энэ л эмэгтэй хүний онцлог ялгаа байх. Барилга байшин барьж, зам харгуйд анхааран дэд бүтцээ сайжруулах бүтээн байгуулалтын ажил зайлшгүй шаардлагатай. Гэхдээ түүнээс урьтаж хүндээ хөрөнгө оруулахгүй бол хөгжил ирэхгүй шүү дээ? 

-Таны дурдсан яг энэ л шалтгаанаар би орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байна. Манай аймаг, сумдад үр өгөөжөө өгсөн олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Одоо ч үр дүнгээ харахын тулд үргэлжлүүлэн ажиллаж байна. Үүн дээр хамгийн үнэт капитал болох хүний хөгжлийг хамтад нь авч явбал хөгжилд хөтөлнө. Чадвар туршлагатай мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орно гэж санаа чилээх шаардлагагүй болно. Нутаг усныхаа онцлог, асуудлыг мэддэг хүн л нутгаа хөгжүүлж чадна. Тийм хүнийг гаргаж ирэх, хөгжүүлэхэд бид давхар анхаарч ажиллах шаардлагатай. Би 2020-2024 онд Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Бичигт багийнхныхаа итгэлийг тээн ажилласан. Харин одоо иргэдийнхээ төлөө аймгийн ИТХ-д Монгол Ардын Намаас мандатаа авч, нэр дэвшиж байна. Өнгөрсөн хугацаанд ажилласан байдал намайг илүү чадваржуулж бодлого, зорилтоо тодорхойлоход тусалж байна.

-Монгол Улсын хэмжээнд эмэгтэй Засаг даргатай, намын хорооны эмэгтэй даргатай аймаг ганцхан танайх. Энэ нь Ховд аймгийн эмэгтэйчүүдэд олон талаараа үлгэр дуурайл бас урам өгч байгаа байх гэж бодож байна?

-Тэгэлгүй яах вэ. Аймгийн намын хорооны дарга эмэгтэй хүн болсноор олон шинэчлэлт өөрчлөлт гарсан. Э.Болормаа дарга аймгийнхаа намын хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын салбар хорооны ээлжит бус чуулганыг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон. Ингэж миний бие МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны салбар хорооны тэргүүнээр сонгогдон ажилласнаас хойш яг нэг жил болж байна. Намын анхан шатны байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл намын удирдах дээд байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь дэндүү бага. Аймгийн намын хороо 23 тэргүүлэгчтэй мөртлөө ердөө гурван л эмэгтэй байх жишээтэй. Харин манай аймаг намын эмэгтэй даргатай болсноор хуулийн дагуу квотоо мөрдөж тэргүүлэгчдийн дундах эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмж чадсан нь эмэгтэйчүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлж, шинэ шинэ алхмууд гарч ирсэн гэж боддог. Шат шатанд анхаарч ажилласнаар аймгийн эмэгтэйчүүдийн оролцоо илт сэргээд байна. Тэр ч утгаараа 2024 оны сонгуульд манайх 30 хувийн квотоо барьж, аймагт 41 төлөөлөгч нэр дэвшиж байгаагийн 12 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Гэхдээ хэн нэгэн эмэгтэйг тохиолдлоор нэр дэвшүүлээгүй. Ямар мэргэжил эзэмшсэн, ямар туршлагатай хэн, аль тойрогт нэр дэвших боломжтой вэ гэдгийг нарийн судалсны дүнд нэрийг нь дэвшүүлсэн. 

-Та залуу улстөрчөөс гадна бизнес эрхлэгч. Энэ салбарт хөлөө олох гэж олон бартааны ард гарсан байх?

-Төрийн байгууллагад ажилладаг байхдаа чөлөө авч бусдын нэгэн адил БНСУ-д гурван сарын хугацаанд ажилласан. Тэр үед залуус, үеийнхэн маань сайхан амьдралын төлөө яаж хичээж мэрийж байгааг харсан. Багаасаа хоол хийх дуртай байсан болохоор би Солонгост цайны газарт угаагчаас нь эхэлж ажилласан. Тэгэхэд эмэгтэйчүүд цаг наргүй хүнд хөдөлмөр хийж байгааг хараад намайг олон зүйлийн талаар бодоход хүргэсэн юм. Бас тэнд байхдаа аймагтаа буцаж очоод ресторанаа нээнэ гэж мөрөөдөх болсон. Буцаж нутагтаа ирээд зургаан сарын дараа их сургуулийн ойролцоо  25 хүний багтаамжтай кафегаа нээсэн. Мөн хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний цехийг эгчтэйгээ хамтран ажиллуулах болсон. Одоо манайх 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Анх бизнесээ эгчтэйгээ эхлүүлж байсан бол одоо бид тусдаа компани байгуулж эгч хэрчсэн гурил, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниа удирдан авч явж байна. Харин миний хувьд ресторан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг хариуцан ажилладаг.

Анх эдийн засгийн тооцоололгүй өртгөө шингээж мэдэхгүй, бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй байсан. Бизнес эхэлсэн эхний хоёр сар ихээхэн алдагдал хүлээсэн л дээ. Сард 530 мянган төгрөгийн зээл, шатахууныхаа сарын төлбөрийг ч төлж чадахгүй нойргүй хонож байсан удаа надад олон бий. Гэхдээ яаж ийгээд л түүнийгээ даваад гарсан. Бизнесийн хувьд зарчимтай болж багийн системээр ажиллаж байгууллагын соёлтой болох хэрэгтэй гэж бодсон.  Ингэж би багийн системээр байгууллагын соёлоо төлөвшүүлэхийг чухалчилдаг. Байгууллагын соёлыг төлөвшүүлэхийн тулд манай хамт олон мягмар гарагийн өглөө болгон хурлаа хийдэг. Тэр өдрөө хамт олноороо зааланд чөлөөт цагаа өнгөрөөж байна. Жилийн дөрвөн улиралд улирал бүрийн аялал зохион байгуулж хамтдаа явдаг гэх мэт тогтсон соёл хамт олноо алсын хараатайгаар удирдах нэг хөшүүрэг болдог доо.

-Улс төр, эдийн засаг гэсэн хоёр салбараас олсон туршлагаасаа бусадтай хуваалцах бодол бий юү. Бизнесээ эхлүүлж байгаа эмэгтэйчүүдэд таны туршлага бэрхшээлээ даван туулах арга зам нь болж магадгүй юм? 

-Би 20 настайдаа ээж болсон. Дөрөвдүгээр курсэд орох жил есдүгээр сарын 1-нд хүн бүр сургуульдаа явж байхад би төрөх гээд эмнэлэгт хүргэгдэж байлаа. Тэгж ээждээ ирсэн хүү маань саяхан БНХАУ-д сурахаар явлаа. Хүүхдээ төрүүлээд 45 хоносны дараа хотод ирж сургуульдаа үргэлжлүүлэн сурсан. Дарь-Эхэд, бараг уулын оройд шахуу амьдардаг хадам эгчийндээ амьдарсан. Хүүхдээ хүнд харуулж аавд нь сүүгээ өгч явуулж угжуулсаар сургуулиа төгссөн нь миний оюутны дөрвөн жилийн төгсгөл байв. Хүүхэд маань түнхний хөгжил дутуу төрсөн. Хүүхдээ хөгжлийн ялгаатай болгохгүйн төлөө Гэмтлийн эмнэлэг рүү хүүгээ тэврээд байнга л шахуу явдаг байсан.

Залуугаараа ээж болсон хүний хувьд дөнгөж төрсөн ээжийн сэтгэлзүйн эрүүл мэнд, нийгмээс тусгаарлагдсан мэдрэмжийг авч байсан дурсамжаа бодож өөртэйгөө адилхан асуудлыг даван туулах гэж байгаа эмэгтэйчүүдийн төлөө ажил хийхэд сайхан байдаг. Бизнесийн хувьд ч гэсэн  эмэгтэйчүүдийнхээ ажлыг хөнгөлөх зорилготой. Хоол хийхэд зарцуулж байгаа тэр цаг хугацаагаа заримдаа өөрийгөө хөгжүүлэхэд, хүссэн зүйлээ хийхэд зарцуулаасай гэж хүссэн юм.

-Ажил амьдралын туршлагатай, бүхнийг өөрийн гараараа эхлүүлсэн хүн л хаана, ямар ажил хийх шаардлагатай байгааг оновчтой тодорхойлж чадна. Та энэ нутгийн унаган хүн. Хүмүүсээ танина, газар нутгийнхаа онцлогийг ч андахгүй?

-Ховд аймгийн хэмжээнд “Хашаандаа сайхан амьдаръя” нэртэй төсөл хэрэгжүүлдэг. Өрх бүрийн цэвэр бохир шугамынх нь асуудлыг шийдсэнээр тухайн иргэн хүссэнээрээ тохижуулах боломж бүрдэж байна. Энэ ажлын санхүүжилтийг улсын төсөв болон хувь иргэний оролцоотойгоор шийдээд явдаг юм. Гэтэл энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй айл өрхийн асуудал нь худагтай холбоотой байдаг. Манай Бичигт баг байр, орон сууцгүй, гэр хороолол төвлөрсөн бүс. Аймгийн төвөөс зайтай буюу 17 сумаас шилжин суурьшиж ирсэн өрх зонхилдог. Хүн амын хувьд хоёроос дээш хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй ээж олон байдаг. Тэгэхээр миний дараагийн бодлого чиглэл гэвэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаарал хандуулна. Бичигт багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг бариад өнгөрсөн жил ашиглалтад оруулах ёстой байсан. Ажлыг гүйцэтгэсэн компанийн зардал төсөвлөсөн төсвөөс илүү гарч улсаас 400 сая төгрөг нэхэмжилсэн ч түүнийг нь өгөөгүй. Энэ шалтгаанаар тус цэцэрлэгийг одоо хүртэл ашиглалтад оруулаагүй байгаа юм. Ээжүүдийн хүсэлтийн дагуу гарын үсэг зуруулж энэ асуудлыг УИХ-ын гишүүдэд уламжлаад байна. Хэрвээ тэр цэцэрлэг хүүхдүүдээ авч эхэлбэл баг орчмын ээжүүд ажил хөдөлмөр эрхэлж орлоготой болох боломж бүрдэнэ.

Ховд аймагт хийгдэж байгаа дараагийн том ажил бол Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв. Шинээр ашиглалтад орох энэ бүтээн байгуулалтын засвар нь дуусаад удахгүй нээлтээ хийнэ. Бичигт багт гэртээ үйлдвэрлэл эрхэлдэг ээж олон байдаг. Тэдгээр ээж цэцэрлэгт хүүхдээ өгвөл өдөр нь ажлаа хийгээд  орлогоготой болох боломж бүрдэнэ. Хэрээсэн оёдлын машин зэрэг хувиараа авахад санхүүгийн хувьд бэрхшээлтэй тоног төхөөрөмжийг ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн тэд Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвд ирснээр худалдан авагчид юу хүсээд байгааг ойлгож тодорхой стандартаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой болох юм.

Ер нь энэ амьдралын хичээл зүтгэлийн үндэс бол өвөө, эмээгээс өвлөсөн амьдралын ухаан юм болов уу хэмээн сэтгэлдээ дандаа сүслэн явдаг. Тиймээс ч ажил, бүтээл бүхэн минь дэлгэрч явдаг байх гэж боддог.

 -Ярилцсанд баярлалаа.

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/ 



0
angry
1
care
0
haha
5
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 17 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 19 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 19 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 20 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 20 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 20 цагийн өмнө
SDY Calling you... 20 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 20 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 20 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 21 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 21 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22