Завхан аймгийн Завханмандал сумын зургадугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Чимэддоржийн ПУНЦАГ-тай ярилцлаа.
-2024 оны орон нутгийн сонгуульд Завхан аймгийн Монгол Ардын Намын хороо ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байна гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Бид мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан гаргасан. Иргэдийнхээ саналыг сонсож, нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гол асуудлуудыг эрэмбэлж, ирэх дөрвөн жил Завхан аймаг эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн хөгжил, хүний хөгжил, хөдөө аж ахуйн хөгжлийг тэргүүн ээлжид дэмжиж ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Дэд бүтцийн өрсөлдөх чадвар, засаглалын ил тод байдалдаа үлэмж анхаарч, ахиц дэвшил гаргана. Боловсролын чанар, өрсөлдөх чадвараараа улсдаа тэргүүлнэ гэсэн амбицтайгаар мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Мөрийн хөтөлбөрийг задлаад харвал хүндээ чиглэсэн, боловсрол, эрүүл мэнд, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн заалт олон бий. Завханчууд бидэнд шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх, ОХУ-БНХАУ-ыг холбосон авто замыг түшиглэн баруун бүсийн тээвэр логистикийн төвийг байгуулж, ачаа тээврийн нэгдсэн сүлжээг үүсгэх бүрэн боломжтой.
Мөн Говь-Алтай, Улиастай, Ховд Улиастайг холбох авто замын хэвтээ, босоо хоёр тэнхлэгийг үргэлжлүүлснээр говийн бүсийн сумд Ховд, Улиастайг холбох хэвтээ тэнхлэгийн авто замд холбогдоно. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийгмийн үйлчилгээний барилга байгууламж цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай газар шинээр барихаар сум бүрээр төлөвлөж, мөрийн хөтөлбөртөө оруулсан.
-Таны хувьд Завханмандал суманд нэр дэвшиж байна. Тодруулбал, танай суманд ямар ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?
-Завханмандал суманд Соёлын төвийг шинээр барьж ашиглалтад оруулах, энэ онд эхэлсэн 320 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилгыг 2026 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Дээр нь Завханмандал сумын багуудад үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ ажлыг улсын төсөв болон Бүх нийтийн үүргийн сантай хамтран хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ялангуяа аймаг дундын, Бага хайрхны отрын бүс нутагт үүрэн холбооны сүлжээ оруулах зайлшгүй шаардлагатай. Мөн худаг усны цэгийг шинээр нэмэгдүүлэх, сэргээн засварлах ажлуудыг тусгаж өгсөн. Сумын төв доторх хоёр км авто зам барих, Эрүүл мэндийн төвийн амбулаторийн өргөтгөлийн барилгыг дуусгаж ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлоор хангах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг давтан сургах, тогтвор суурьшилтай ажиллахад анхаарах гээд завханмандалчуудад тулгамдсан олон асуудлыг цогцоор нь шийдэхээр зорьж, мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн.
Манай Завханмандал суманд “Ногоон хэрэм хөтөлбөр” амжилттай хэрэгжсэн цөөхөн сумын нэг. Сүүлийн 20 гаруй жил энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийтдээ 56 га газрыг хашин хамгаалж мод бут ургуулж байна. Цаашид үүнийг 20 га газраар нэмж хашаа барих, жимс, жимсний бут, хүнсний ногоо тариалах, байгальд зэрлэгээр ургаж байгаа хунчрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэх мэт олон ажлыг төлөвлөсөн. Эдгээр ажлыг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр, улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүрэн боломжтой. Энэ 56 га талбайд нийтдээ 30 гаруй мянган мод тэр дундаа чацаргана, улиас ургаж байна. Хашаа хамгаалалт харьцангуй сайн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил хоёр ч удаа сэлбэж, одоогоос хоёр жилийн өмнө орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бас 50 гаруй сая төгрөгөөр нэмж хашаалсан. Цаашдаа усалгааны асуудлыг нь шийдвэрлэнэ. Байгаль орчны яам болон холбогдох бусад байгууллагад санал тавьж усалгааны автомашинтай болгоё, мөн Ойн санд бүртгүүлж, мэргэжлийн орон тооны хүмүүсийг ажиллуулъя гэсэн санал гаргаж байгаа юм. Өнгөрсөн 20 гаруй жил тарьсан мод, бут сөөгийг нөхөн сэргээдэг, сэлбэлт, тайралт зэргийг мэргэжлийн түвшинд хийх шаардлагатай байна. Завханмандал суманд жимсний моднууд сайн ургах нь батлагдсан. Ялангуяа энд тарьсан чацаргана иргэдэд өгөөжөө өгч байна. Жилдээ 20 орчим тонн чацаргана хурааж байгаа тооцоо бий. Сумын ахмад тариаланч Балжинням гуайн тариалсан бэсрэг алим сүүлийн хоёр жилд жимсэлж байгаа. Бэсрэг алим ургах боломж байна. Мөн чавга тариалсан нь энэ жилээс жимслээд эхэллээ. Цөлжилтийг бууруулж, мод тарихын зэрэгцээ тарьсан модноосоо орлого олдог болох нь иргэдийн амьжиргаанд нэмэртэй. Тиймээс “Ногоон хэрэм” төслийг цаашид мэргэжлийн түвшинд, эдийн засгийн өгөөжийг нь харж өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн модны завсар чөлөөг ашиглаад хүнсний ногооны ургамал, малын тэжээл тариалах боломж бий. Одоогоор сумын хэмжээнд нэг га хүрэхгүй талбайд иргэд хүнсний ногоо тариалж байна. Үүнийг өргөжүүлж, хүлэмжийн аж ахуй байгуулах, өөрсдийнхөө хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй бусад сумд, аймаг руу худалдах боломжтой. Завханмандал сумын хөрс үржил шимтэй, дулааны бланс таардаг учраас нарийн ногоо тариалж болохоор байгаа юм.
-Хунчрын ашиг тус дэлхий нийтэд гайхагдаж байна. Зарим аймаг хунчир тариалж, савлаад 10 граммыг нь 20 гаруй мянган төгрөгөөр зарж байна. Завханмандал суманд хунчир ургуулж, ашиглах боломж бий юү?
-Завханмандал суманд байгаа Монгол Улсын “Улаан ном”-д орсон эмийн ховор ургамал болох говийн хунчрыг эхний ээлжид хамгаалах ёстой. Цаашдаа малчдын бүлэг, айл өрхүүдэд эзэмшүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж бий. Манай суманд хунчир ургадаг, 1980-аад оны үед Завхан аймгийн эмийн үйлдвэр, Эм хангамжийн компаниуд түүж ашигладаг байсан. Өнөөдөр үүнийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Хашаалж хамгаалахгүй бол дөнгөж ургаж байхад нь мал идчихдэг. Тиймээс эхний ээлжид 6 га-г хашаалж, хамгаалах санаачилга маань мөрийн хөтөлбөрт туссан.
-Завхан аймгийн тухайд эрчим хүчний асуудлыг олон жил ярьсан. Гэвч яг найдвартай эрчим хүчтний эх үүсвэртэй болж чадахгүй л байх шиг байна?
-Завханмандал сум гэхэд төвийн эрчим хүчинд холбогдсон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашигладаг гээд давуу тал бий. Гэхдээ Мөрөнгөөс агаарын шугамаар эрчим хүчинд холбогдож байгаа учраас цахилгааны хүчдэл унадаг, тасалдал ихтэй. Тиймээс удахгүй ашиглалтад орох гэж байгаа Тосонгийн дулааны цахилгаан станцтай холбогдож чадвал илүү найдвартай эрчим хүчинд холбогдож чадна. Үүнээс гадна сумын эрчим хүчний дотоод шугамын шинэчлэлүүдийг сайжруулах шаардлагатай байна. Энэ ажлыг бүх суманд хийхээр Монгол Ардын Намын хорооны мөрийн хөтөлбөрт туссан. Завханмандал сумын одоо ашиглаж байгаа дулааны уурын зуухыг түшиглээд зарим айл өрхийг нэгдсэн дулаанаар хангах, мөн цэвэр усны дэд бүтэц шугамыг татаж хүргэх ийм ажлууд ч мөрийн хөтөлбөрт багтсан. Энэ бүх ажлыг Завханмандал сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, аймгийн МАН-ын хорооны мөрийн хөтөлбөрт тусгасан.
-Хөдөө орон нутагт “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнөж, малчдын анхаарлыг багагүй татаж байна. Танай суманд хоршооны ажил хэр үр өгөөжтэй байна вэ?
-Завхан аймгийн хэмжээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” нэлээд эрчимтэй явсан. Завханмандал сумын хувьд 10 хоршоо шинээр байгуулагдаж, эхний хоёр хоршооны зээл гарсан. Одоо дахиад хоёр хоршооны зээл судлагдаад явж байна. Гол нь махны хүйтэн зоорь, малын түүхий эдийн агуулахын болон ноос ноолуур, арьс шир боловсруулах чиглэлээр бичсэн төсөл зээлийнхээ дэмжлэгийг авсан. Одоо бүлгээр хүнсний ногоо тариалах, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээрх төслүүд судлагдаад явж байна. Засгийн газраас энэ жил нэг их наяд төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан. Тиймээс олон хоршоо хөрөнгө оруулалтын зээл авч, малчид маань хөдөлмөрөө нэгтгэж, ахуй амьдралаа дээшлүүлэх байх гэсэн хүлээлттэй байгаа юм.
-Таны хувьд Завханмандал сумаас өмнө нь хоёр удаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож байсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн гол ажлууд гэвэл та юуг онцлох вэ?
-Завханмандалчуудынхаа итгэл, сэтгэлийг өвөртөлж 2012-2020 он хүртэл хоёр удаа аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Намайг дэмжиж, өөрсдийгөө төлөөлөх эрхийг олгосон завханмандалчууддаа дахин талархал илэрхийлье. Миний хувьд аймгийн Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа иргэдтэйгээ байнга эргэх холбоотой ажиллаж, бас хийсэн ажлуудаа тайлагнаж ирсэн. Гэхдээ таныг асуусан учраас цөөн зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Завханмандал сумын 160 хүүхдийн сургуулийн хичээлийн байрыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дулааны эрчим хүчний төслийн хүрээнд иж бүрэн засварт оруулсан. Энэ ажилд нийтдээ 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Баригдсанаасаа хойш 40 гаруй жил засвар хийгдээгүй байсан сургуулийн дотуур байрыг засварлах ажлыг эхлүүлж, 250 гаруй сая төгрөгийг шийдүүлсэн. Намайг төлөлөгчөөр ажиллаж байх үед сургуулийн хүүхдүүдийн ариун цэврийн өрөө, халуун усны асуудлуудыг шийдвэрлэж, 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулсан. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр жил бүр 1-2 худгийг шинээр барьж, засварлах ажлыг олон улсын төсөл хөтөлбөр, орон нутгийн төсвийн дэмжлэгээр хийж байсан. Үүрэн холбооны хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж, отрын бүс нутаг болон суманд “Ж-Мобайл”-ын үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлж, сумын төвийг холбоожуулах, тархалтын хүрээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, “Unitel” компани, Бүх нийтийн үүргийн сан хамтарч 600-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.
-Та Улиастай сум дахь Завханмандал сумын нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. Түүхт 100 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэх ажилд танай нутгийн зөвлөл хэр үүрэгтэй ажилласан бэ?
-Нутгийн зөвлөл гэдэг нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн нэгдэл. Энэ хүмүүсийг нэгтгэж, ойн арга хэмжээндээ бүгд л сэтгэл гаргаж оролцсон. Сумынхаа түүхт 100 жилийн ойн үеэр Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэйгөө хамтарч завханмандалчуудынхаа түүхийг баринтаглан, ойн номоо гаргасан. Үүнээс гадна Завханмандал сумын байгалийн гэрэл зургийн цомгийг бүтээлээ. Зөвхөн цомог бүтээх ажилд хоёр жил зарцуулж, нийтдээ 13 мянга орчим зураг авч, үүнээс 1000 гаруй зургийг сонгон “Мэлмий тольдох Завханмандал” гэрэл зургийн цомогт хэвлүүлсэн. Миний хувьд сэтгэл эмзэглэж явдаг нэг асуудал байдаг. Энэ бол хүн амын сийрэгжилт. Завханмандал сумын хүн ам цөөрч, сүүлийн жилүүдэд зах хязгаар нутаг руугаа очиж нутаглахаа байсан. Гэтэл сумын тэр нутаг дээр өөр аймаг сумын хүмүүс нутаглаж, сүүлдээ бүр өөрсдийн өвөлжөө, хаваржаагаа барьж, улайн цайм “манай нутаг” гэж ярьдаг, өмчирхдөг болсон. Тиймээс уул усны нэр усыг хойч үедээ үлдээх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас сумынхаа бүхий л газруудаар явж зураг авахуулж, уул усныхаа нэр усыг энэ гэрэл зургийн цомогт үлдээсэн. Байгалийн гэрэл зургийн цомгоо борлуулж, борлуулалтынхаа орлогоос сумандаа Ёслол хүндэтгэлийн өргөө барьж, сумаас төрсөн Хөдөлмөрийн баатар, сумын анхны сургуулийн багш нарын хөрөг, цээж баримлуудаар тохижуулсан. Завханмандал сумын уугуул С.Адьяасүрэнтэйгээ хамтраад “Бидний Завханмандал” нэртэй 60 минутын баримтат киног мөн хоёр жилийн хугацаанд бүтээж, гаргалаа. Энэ бүх ажилд Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, нутгийн зөвлөлийн дарга С.Бүрэнжаргал маань маш их дэмжлэг үзүүлж ажилласан.
-Та хоёр ч удаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан, аймгийн нутгийн зөвлөлөө удирддаг, нутаг орноо сайн мэдэх хүн. Завханмандалын хувьд хамгийн их тулгамдаад байгаа асуудал юу вэ?
-Сумын хүн ам үнэхээр цөөн байна. Нийтдээ 110 мянга гаруй малтай ч 1000 гаруйхан хүн амтай. Сум маань 360 орчим өрхтэй. Сургуулийн хүүхдийн тоо цөөрч 200 орчим хүүхэдтэй байна. Цаашид яаж энэ нутагт залуучуудыг олноор нь суурьшуулах вэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Үүний тулд нэгдүгээрт, дэд бүтцээ сайжруулж, ажлын байр бий болгож, халуун ус, үйлчилгээний төвтэй, хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой, орлого олох эх үүсвэртэй байх энэ нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.
-Нутгийн зөвлөлийн даргын хувьд Завханмандал сумын иргэд Улиастай, Улаанбаатар хотод хэр олон байдаг юм бэ?
-Яг нэгдсэн тоо бүртгэл ховор. Гэхдээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 800 орчим завханмандалчууд амьдарч байна. Улиастайд 70 гаруй өрхийн 300-гаад иргэн амьдарч байна.
-Бидний яриа өөрийн эрхгүй таны намтар түүх рүү хөтлөөд ирлээ?
-Миний хувьд Завханмандал сумын унаган хүн. Эцэг өвгөд минь энэ нутагт галаа түлж, ханаа шийрлэж, малаа маллаж амьдарсан улс. Аав, ээж хоёр минь ч энэ нутагт төрж өсөн, гал голомтоо бадраасан. Миний аав Зургаадай овгийн Чимэддорж гэж нутаг орондоо хүндлэгдсэн, сумандаа олон жил удирдах ажил хийсэн хүн байсан даа. Аав минь 1970 оноос хойш сумынхаа нэгдэлд эдийн засагчаар ажиллаж байгаад 1979 оноос 1990 он хүртэл сумын “Шинэ амьдрал” нэгдлийн дарга, АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан. 1978-1981 онд АИХ-ын депутатаар, аймгийн 220 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байлаа. Ээж маань Багшийн сургууль төгсөөд 1970-1990 он хүртэл сумынхаа дунд сургуульд хими-биологийн багш, хичээлийн эрхлэгчээр 20 жил ажилласан. Би Завханмандал суманд 1974 онд төрсөн. 1990 онд, намайг ёсдүгээр анги төгсөх жил манайх Улиастай руу нүүсэн юм. МУИС-ийн Эдийн засгийн коллежийг 1995 онд нягтлан бодогч мэргэжлээр төгсөж ирээд Завхан аймгийн геологи хайгуулын ангиас ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь МУИС-ийн Завхан сургуульд ажиллаж байгаад 2002-2007 онд Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төсөлд мэргэжилтэн, 2007-2010 онд ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрт зээлийн эдийн засагч, орон нутгийн зохицуулагчаар ажилласан. 2011 оноос Завхан аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд даргаар ажиллаж байлаа. 2014-2020 он хүртэл Завхан аймгийн Засаг даргын орлогч даргаар ажиллаж байгаад 2020 оноос дотоодын аялал жуулчлалын “Энхнуга” ХХК-ийг байгуулаад ажиллаж байсан. Гэтэл энэ оны дөрөвдүгээр сард аймгийн Монгол Ардын Намын хорооноос дэд даргаар ажиллах санал ирж, намынхаа байгууллагад ажиллаж байна даа.
-Таны намтрыг харж байхад ХБНГУ-ын Хоршооллын академид зээлийн эрсдэлийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн гэсэн өгүүлбэр их содон харагдаж байсан. Магадгүй “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнөж байгаа энэ үед таны энэ мэргэжил илүү анхаарал татсан байж болох юм?
-Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төсөлд ажиллаж байхад нэг бүрэлдэхүүн хэсэг нь хоршооллыг дэмжих чиглэл байсан. Тиймээс энэ төсөлд ажиллаж байхдаа Завхан аймгийн хоршооллыг дэмжих, зээл олгох, байгалийн хадлан, газар тариалангийн тоног төхөөрөмж олгох чиглэлээр ажиллаж байсан. Бид Эрдэнэтийн ноосны үйлдвэрийн нэг шугамыг Завхан аймагт байгуулж, 56 мянган ам долларын хөрөнгө оруулалттай ноос угаах үйлдвэрийг байгуулж байлаа. Хоршоодыг дэмжих чиглэлээр анхны зээлүүдийг гаргасан. 1990-ээд оны хямралын дараа хөдөө орон нутагт худаг ус байхгүй болж, эвдэрч нурсан байсан. Бид таван жилийн дотор 30 гаруй худаг шинээр байгуулсан. Хоршоо байгуулж, хоршоог дэмжин ажиллаж байсан хүний хувьд Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий талаар илүү мэдээлэлтэй байгаа. Малчид хөдөлмөр, хүчээ нэгтгэж хоршиж ажиллахаас өөр гарцгүй. Тиймээс цаашид хоршоог хөгжүүлэх, зээл аваад ажиллаж байгаа малчдаа дэмжиг, мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцах чиглэлээр завханмандалчуудтайгаа хамтарч ажиллана.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/
Сэтгэгдэл (1)