Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, улаан, цэнхэр, улбар шар, ногоон, цагаан туг барьсан улс төрийн намууд өнгө алаглан өрсөлдөж эхлэв. Сурталчилгааны эхний өдрөөс л зарим нэр дэвшигч бүжиглэж, зарим нь уйлж, зарим нь дуулаад эхэллээ. Зарим нь сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийн ажлаа эрчтэйгээр эхлүүлэв. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны өмнөх өдөр хүүхэд осолд орж, нас барсан газруудад хагархай, нөхөөстэй бөмбөгүүд байршуулжээ. Хамгийн харамсалтай нь 2024 оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо 3000 хүрсэн гэдэг мэдээлэл хагархай бөмбөгтэй хамт олны сэтгэлийг эмзэглүүлж байна.
Өнгөрөгч долоо хоног том хэмжээний хөрөнгө оруулалтын мэдээлэл, их мөнгөний чимээ сонсогдсон өдрүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтад үг хэлэв. Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс "Монгол Улс яриа хэлэлцээр, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг” гэж мэдэгдлээ. Энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзаж, “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөхөөр тохиролцжээ. Далайд гарцгүй Монгол Улсыг дэлхийн бусад улс оронтой холбох шинэ гүүр болж байгаа Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” нисэх буудал нь 65 тэрбум 657 мянган иений өртгөөр бүтсэн зорчигч үйлчилгээний 33 мянган метр квадрат талбайтай шинэ бүтээн байгуулалт юм. Гэвч жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр өргөтгөл хийж, гарц орцоо нэмэх шаардлага үүсээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ саналыг Японы Ерөнхий сайд нааштайгаар хүлээж авсан гэдэг сайхан мэдээ байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны цахим хуудастаа "Засгийн газар 2025 оныг "Залуучуудын жил" болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог миний бие ахлахаар болов. Сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол ирэх гурван жилийн дотор гурав дахин их буюу 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Хамтарсан Засгийн газар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, 30 жилд хийсэн хөрөнгө оруулалтыг гурав дахин нэмэгдүүлж, гурван жилийн дотор орон сууцжуулах ажил өрнөх нь ээ.
Олон улсын “Фитч” агентлагаас өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулснаа дэлхий нийтэд зарлалаа. Засгийн газар өрийн удирдлагын стратегиа сайн барьж, өрийн дарамт эрс буурсан. уул уурхайн салбарын орлого нэмэгдэж, валютын улсын нөөц сүүлийн дөрвөн жилийн хугацаанд байнга нэмэгдэж байгаа нь зээлжих зэрэлэл ахихад нөлөөлсөн гэж эдийн засагчид үзэж байна.
Эдийн засагтай холбоотой өөр нэг таатай мэдээ байна. Өнгөрөгч долоо хоногт Азийн хөгжлийн банк "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2024" тайланг танилцуулав. Энэ үеэр Монголын эдийн засгийн төлөвийг ч танилцууллаа. Гадаад эрэлт өсөж, дотоодын хэрэглээ, Засгийн газрын зардал нэмэгдэж, манай эдийн засаг тогтвортой өсөж байна. Иймд Азийн хөгжлийн банк энэ оны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн таамаглалаа өсгөжээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард эдийн засгийн өсөлтийг 4.1 хувь гэж тооцоолж байсан бол энэ удаа 5.5 хувиар өснө хэмээн таамаглалаа нэмэгдүүллээ. Харин ирэх оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 6.0 хувь гэж тооцоолж байна. Гэхдээ Сангийн яам ирэх оны эдийн засгийн өсөлт найман хувьд хүрнэ гэж мэдээлж байна.
Засгийн газар хуралдаж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг менежментийн багаар удирдуулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гаргаснаа зарлалаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 28 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн эзэмшдэг. Иргэд өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа ногдол ашиг хүртэж, хувьцааны үнэ цэнийг улам бүр мэдэрч байгаа энэ үед компанийг илүү ашигтай ажиллуулах, ямар нэг авлигаас ангид байлгахын тулд гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын менежментийн багаар удирдуулахаар шийдвэрлэсэн гэнэ. Дарга, захирлын сонгон шалгаруулалт зарлахаар ямар нэг УИХ-ын гишүүн, эсвэл сайд дарга нар байсан хүмүүс анкетаа бариад, дарга, нам, эвслийн нөлөөгөө ашиглаад ороод ирдэг. Монгол дарга нарыг тойрсон авлига, хээл хахуулын асуудал дуусдаггүй учраас Ерөнхий сайд ийм шийдвэр гаргахад хүрсэн гэдгээ ч нуухгүй байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон улсын менежментийн багаар удирдуулснаар энэ компанийн засаглал шинэчлэгдэж, улс төрөөс ангид байж, авлигаас холдож, зах зээл тэлэн бүтээмж нь нэмэгдэнэ, инновац нэвтэрнэ гэж үзэж байгаа юм.
Нийгмийн халамжийг байнга эсэргүүцсээр ирсэн АН-ынхан социал демократ үзэл баримтлалтай хоёр намтай эвсэж хамтарсан Засгийн газар байгуулаад удаагүй байна. Гэвч тус нам тун богино хугацаанд “бөөрнөөсөө улайж” эхлэв бололтой. Хүүхэд бүрд 30 000 төгрөгийн үнэтэй “Хүүхэд хөгжлийн карт” олгох хуулийн төслийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга барьчихсан, сурталчилгаа хийж байх юм. Улаанбаатар хотод ч, хөдөө орон нутагт ч 30 мянган төгрөгийн үнэтэй сургалт байхгүй. Хамгийн багадаа сард 150 мянган төгрөгийн сургалтууд явагддаг. Тиймээс хүүхдүүдэд 30 мянган төгрөгийн карт олгох нэрээр төсвийн мөнгийг салхинд хийсгэх нь гэсэн бухимдал ч нөгөө талд нь бий болов.
Улс төрийн намын дарга нар улсын төсвөөс орж ирэх мөнгөө тооцоолж байна. Учир нь 2023 онд шинэчлэн найруулж, баталсан Улс төрийн намын тухай хуульд "Нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно" гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ санхүүжилтийг одоогийн парламентад суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам авахаас гадна огт суудал аваагүй ч 40-69 мянган сонгогчийн санал авсан Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам авах юм. Ирэх оноос МАН 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг гээд нийт 7.4 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөж, энэ мөнгө улсын төсөвт суусан талаар улстөрчид ярьцгааж байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна