Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал, 2024 оны төсөвт гурван чиглэлийн өөрчлөлтийг хийсэн юм. Төсвийн тодотгол, нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргийг батлав. Ингэснээр нийслэлийн ирэх оны төсвийг гурван их наядаар тодотгон баталлаа. 2025 онд хэд хэдэн томоохон төсөл, ажил, арга хэмжээ хийх бөгөөд дэд төвүүдийг түшиглэсэн хотууд бий болж, бүтээн байгуулалтын хүрээнд 12 мянган айлыг орон сууцжуулах, үер ус тогтдог байршлуудыг засаж-шинэчлэх, ужгирсан зарим асуудлыг шийдэх, гадаад дотоод зах зээлээс хөрөнгө оруулалт татах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөв.Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар төлөөлөгчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр “Энэ удаагийн төсвийн тодотголд гурван төрлийн өөрчлөлт оруулж байна. Нэгдүгээрт, газар чөлөөлөлттэй холбоотой, хоёрдугаарт, 260 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байсныг 19 тэрбум болгож бууруулах гуравдугаарт, дүүргийн эмнэлгүүдийн суурь зардлыг 2024 оны улсын болон нийслэлийн төсөвт хянаагүй байсан. Үүнтэй холбоотойгоор үүссэн өрийг нийслэлийн төсөвт суулгаж байна” хэмээн тодотгосон. Ингэснээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэлбэрэлтэд өртсөн байрны иргэдийн хохирлын асуудлыг шийдвэрлээ. Тодруулбал, “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг дахин барихад шаардлагатай 12.3 тэрбум төгрөгийг батлав. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн өвөл болсон дэлбэрэлтийн улмаас 207 дугаар байрны суурь, бүтэц гэмтсэн. Энэ чиглэлээр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, ШУТИС-ийн барилгын үндсэн хийцлэлийг судалдаг мэргэжилтнүүдтэй хамтарч ажилласан. Нэмэлт шинжилгээний хамгийн сүүлийн дүгнэлтээр барилгын үндсэн хийцлэлд өөрчлөлт орсон, дэлбэрэлтийн улмаас суурь баганын бүтцэд цууралт өгсөн, урвал явагдсан, хүчилтөрөгч нэвчсэн, зэврэлт үүсээд эхэлсэн гэсэн дүгнэлт гарсан. Бидний хувьд барилгыг хүчитгэж болно гэдэг хүлээлттэй байсан. Я.Дүйнхэржав багшийн удирдсан баг бүрэлдэхүүн олон удаагийн шинжилгээ, дээж, сорьцуудын эцсийн дүнгээр хүчитгэх ямар ч боломжгүй, тодорхой цаг хугацааны дараа нурах эрсдэл үүснэ гэдэг дүгнэлтийг өгсөн. Ингээд энэ барилгыг нурааж, гэм буруутай иргэн, хуулийн этгээдээр зардлыг гаргуулах, иргэдийг хохиролгүй болгох сонголтод хүрээд байна. 207 дугаар байр нь анхны зураглалаар үл хөдлөхийн 66 гэрчилгээтэй обьект байхаар төлөвлөгдсөн байсан ч 67 иргэн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа юм билээ. Миний ойлгосноор техникийн давхарт гэрчилгээ авч 67 иргэн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна. Тус байрны иргэдтэй уулзаж Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан үнэлгээгээр 1м.кв-ыг 3.5 сая төгрөгөөр үнэлж хохирлыг барагдуулъя гэсэн боловч оршин суугчдын төлөөлөл энэ байршилд, ийм үнээр дахиж үл хөдлөх хөрөнгө авч чадахгүй. Тиймээс бид хүлээе, нураагаад дахин барих хүртэл түрээсийн асуудлыг шийдэж өгөх хүсэлт гаргасан. Үүний дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс 2025 оны зургадугаар сар хүртэл оршин суугчдад түрээсийн мөнгийг өгчихсөн байгаа. 207 дугаар байрны хоёр талд сургууль, орон сууцны барилга байгаа учраас нураахад төвөгтэй байршил, тэсэлгээ хийх боломжгүй. Гэхдээ нураалтын тендерийг зохион байгуулахаар ажлын даалгавар боловсруулж байна. Ажлын даалгавар бэлэн болсны дараа тендер зарлаж, өвлийн улиралд ЕБС-ийн сурагчид амарсан үед бага, багаар нураана. Энэ хооронд шүүх хурал болж дуусах байх гэж бодож байна. Буруутай этгээдээс хөрөнгийг гаргуул гэвэл заавал нийслэлийн төсөвт ачааллыг үүрэхгүй. Хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байвал нийслэлийн төсвийн магадлалын төсөлд тусгасан 12.3 тэрбум төгрөгөөр 207 дугаар байрыг дахин барина. Энэ төсвөөр барилгыг барьж дуусгахаар тендер зарлана" гэсэн хариултыг өглөө. Түүнчлэн Баянгол дүүргийн “Алтай” хотхоны дундуур урсдаг Дунд голын үерийн даланг барьж байгуулах ажлын санал гаргаж, 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгалаа. Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай” хотхоны иргэд, оршин суугчид өнгөрсөн хугацаанд үер усны аюулд өртөж, эдийн засгийн ихээхэн хохирол амсаж байгаа бөгөөд даланг барьж байгуулснаар хотхон доторх замын эвдрэл, хөрсний бохирдол зэрэг асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэх боломж бүрдэх юм. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэх томоохон гарц буюу дагуул хот байгуулах үүд нээгдсэн. Мөн Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц, эко хорооллын бүтээн байгуулалт, зорилтот өрхүүдэд ипотекийн дундын санхүүжилт олгох механизмыг бий болголоо. Гэр хорооллыг орон сууцжуулах байршлаар Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт 938.1 га талбай бүхий газрыг тогтоож, эргэлтийн цэгийн солбилцлыг баталж, мөн нийслэлийн өмчийн асуудлыг бүртгэн, төрийн чиг үүрэг бүхий байгууллагад дэмжлэг болгох хөрөнгийг шийдлээ” хэмээв. Ийнхүү нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталж, гэр хорооллыг хөгжүүлэх, дэд төвүүдийг дэмжих, газар чөлөөлөх хөрөнгийг нийслэлийн 2024 оны төсөвт тусгав. Ингэснээр нийслэлийн 2024 оны төсөвт гурав дахь удаагаа өөрчлөлт оруулан баталлаа.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна