“New Urbanism” буюу Улаанбаатарын шинэ өнгө төрх


Одоогоос 385 жилийн тэртээ Алтан тэвшийн хөндийд тулгаа тулсан Монгол Улсын нийслэл 400-гаад жилийн дараа өнгө төрхөө бүрэн солих гэж байна. 

Өнгөрсөн хугацаанд эсгий гэр, гэр хороолол гэсэн нэр улсын нийслэлийн өнгө төрхтэй салшгүй холбоотой явсаар ирсэн.  Гэр хорооллыг орон сууцжуулах ажил 1950-аад оноос эхлэн эрчимжиж,  хятадуудын тусламжтайгаар 40, 50 мянгатыг барьж, оросуудын дэмжлэгтэйгээр Сансар, Өнөр хорооллыг босгож,  инженерийн шугам сүлжээ бүхий орчин үеийн байшин барилга барих бүтээн байгуулалт өрнөсөн. Гэвч Нийслэлийн хүн амын өсөлт, хотыг зорих нүүдлийн хурдыг энэ бүтээн байгуулалт гүйцэж чадалгүй 1990-ээд онтой золгосон юм.  2000 он гэхэд 400. 000 гаруй хүн амтай байна гэж төсөөлж төлөвлөж байсан Улаанбаатар хот өнөөдөр 1.7 сая хүн амтай болж, агаарын бохирдол, түгжрэл,  эрчим хүчний хомсдол, усны хүртээмж гол  асуудал болон яригдаж, нийслэлийн  хүндрэл бэрхшээл нийт монголчуудын зовлон  болон хувирав. Энэ нь ч аргагүй. Нийслэлийн асуудлыг шийдчихвэл нийт монголчуудын 50-аас илүү хувийнх нь  ахуй амьдрал  шийдэгдээд явчихна гэсэн үг.
Нийслэлийг орчин үежүүлэх, орон сууцжуулах ажил 1950-иад оноос эхлэхдээ л гэр хорооллын айлуудыг нүүлгэн газар чөлөөлж, олон давхар байшин барих ажил  эхэлсэн.  Энэ ажил “Аман хуур” кинон дээр тод харагддаг.  Нүүхгүй гэж чаргууцалдах иргэд, “Мөн сайхан нурааж байна аа” гэж хэлээд эхнэртээ загнуулж зогсоо Соном өвгөний түүх өнөө цагт үргэлжилж, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэрээр урагшилж харин өнөөдөр цоо шинэ өнгө төрхтэй болон гарч ирж, иргэдийн оролцоонд тулгуурласан гэр суурьшлыг эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл, аюулгүй, амьдрах таатай орчин бүхий орлогод нийцсэн орон сууцны эко-хороолол болгон хөгжүүлэх ажил өрнөж байна.  

Эхний ээлжид Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд гэр хорооллын чөлөөлөгдсөн 8га талбайд 750 айлын орон сууцны эко хороолол баригдана. Энэхүү хөтөлбөрийн төслийг харахад л цоо шинэ өнгө төрх мэдрэгдэнэ. Нүхт, Зайсан зэрэг газарт сүүлийн үед барьж байгаа “баячуудын” гэх тодотголтой хаус хорооллыг энд зоож өгснөөрөө онцлогтой. Дулааны алдагдалгүй, нарны эрчим хүч ажигладаг, зай талбай томтой, тансаг зэрэглэлийн гэж хэлж болохуйц шинэ хорооллыг энд байгуулж эхлэв. Хамгийн гол нь хүнд хэрэгтэй бүхий л үйлчилгээг орон гэрийнх нь дэргэд төлөвлөж өгснөөрөө онцлогтой. 


Орчин үеийн хот төлөвлөлтийн бодлого шинэ шатанд гарсан

Хотын шинэ төлөвлөлтийн шийдэл нь хотын иргэн хаана оршин суухаас үл хамааран гэрээсээ гараад 20 минутын дотор өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой байх ёстой гэж энгийнээр ойлгож болно.


Хүн таван минутад дунджаар 400 метр зам туулдаг. Хүний таван минутад алхах зайд эмийн сан, хүүхдийн тоглоомын талбай, төрийн үйлчилгээний цахим төв, бичил цэцэрлэгт хүрээлэн, 10 минутад цэцэрлэг, бага сургууль, шүдний эмнэлэг, спорт талбай, банкны үйлчилгээ, 15 минутын зай буюу 1.2 километр радиуст үзвэр үйлчилгээ, сургууль, худалдааны төвүүд, харин төлөвлөлтийн хамгийн хол зай буюу 20 минутын зайд ажлын байр, цагдаагийн хэсэг, эмнэлэг байхаар төлөвлөх нь хамгийн зөв зохист төлөвлөлт гэж үзээд байгаа юм. 

Хотын ийм шинэ төлөвлөлтийг орон сууц, ажлын байрыг хослуулсан, ажил үйлчилгээндээ алхаад хүрэх боломжтой хорооллуудыг бий болгож, байгаль орчинд ээлтэй байхаар бодсон цогц төлөвлөгөө юм байна гэж ойлгоход болно. Байгаль орчинд ээлтэй гэдэг агуулга зөвхөн мод тарих, цэцэг ургуулахтай холбоогүй ойлголт юм гэдгийг энэ цогц төлөвлөгөөнд шингээж өгсөн нь онцлог юм. Үүнийг дэлхийн улс орнуудад  “New Urbanism” хөдөлгөөн гэдэг ажээ. 


“New Urbanism” хөдөлгөөн

Машин нь зам дээрээ багтдаггүй, түгжирч, саатаж байгаа  монголчуудын зовлонг гадныхан аль эрт туулж гарчээ.  Тэднийг түгжрэлээс бас хүн бүр амины орон сууцтай болох мөрөөдөлдөө хүргэсэн гол зүйл нь   “New Urbanism” хөдөлгөөн. “New Urbanism” нь дэлхийн аль ч улс оронд нийслэлийн дүүргүүдийг хотын статустай хөгжих боломжийг бий болгосон. Шинэ хотжилтын ашиг тус харилцан адилгүй боловч иргэдийн эдийн засагт хэмнэлт, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, нийгмийн идэвхжил нэмэгддэг гэдэг нь судалгаагаар нотлогджээ. Ажил гэрийн хооронд түгжрэлд өнгөрөөх алтан хормуудыг гэр бүлийхэнтэйгээ өнгөрөөх, бие бялдраа хөгжүүлэх, салхинд алхах зэргээр өнгөрүүлэх боломжтой болно. Илүү товчоор хэлбэл, хувийн орон зайг зөв төлөвлөх, хамгийн тохиромжтой нийтийн орон зайг бий болгож чадна гэж New Urbanism үздэг.


Зөвхөн автомашинд зориулсан төлөвлөлт хуучирсан

Шинэ хотжилт хөдөлгөөн Монголд хотын дахин төлөвлөлтөөр нэвтэрч эхэллээ. New Urbanism-ийг дэмжигчдийн үзэж байгаагаар энэ хөдөлгөөн монголчуудын хотын амьдралын тухай ойлголтод апдэйт хийж чадахуйц төлөвлөгөө болжээ. Дахин төлөвлөлтийн бодлого хотын бүсчлэл, орон зайн бэрхшээлийг арилгах том давуу талуудыг бий болгосон юм. Төр захиргааны байгууллагын төвлөрлийг задалж иргэн төр лүүгээ ирэх биш төр нь иргэндээ очих зарчмыг баримталж байгаа юм. 

Төр захиргааны байгууллага даган спортын цогцолбор, номын сан, олон нийтийн төв зэрэг дэд бүтцээр хангалттай хангагдсан байх шаардлагатай төвүүдийн тухайн нөхцөл байдалд тохирсон архитектур төлөвлөлтөөр хөгжиж эхлэх болно. Хот төлөвлөлтийн шинэ бодлогын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын гол стратеги нь хүн амыг дугуй унах, алхах, автобусаар явахыг дэмжих замаар замын түгжрэлийг бууруулна гэж үзэж байна. 

Тэд орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр гэр хороолол устаж, утаат түлш хэрэглэх явдлыг таслан зогсоож, хотын төвлөрлийг хазаарлана  гэж найдаж байна. Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй захын хорооллуудыг дахин төлөвлөж зургаан дэд төв болгон хөгжүүлэх шийдвэр гараад байгаа юм. Эдгээр дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 
Дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх дэд төвүүдийн бүтээн байгуулалт аюулгүй гудамж, ногоон байгууламж , эрүүл газрыг дахин төлөвлөх зэрэг асуудлыг тусгасан. Ухаалаг хотжилтын зарчимд дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт чиглэх ба эрүүл амьдралын хэв маяг, найрсаг уламжлалт хөршийн холбоо сэргэнэ. Эдгээр санаанууд мартагдсан нийтэч хандлага, мэдрэмжийг бий болгох, ногоон хөгжилд тулгуурласан хот орчмын экологийг бий болгоно гэж би харж байгаа юм. 


Том санаанууд

Дахин төлөвлөлтийн байршлын хүрээнд 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа билээ. Энэ төлөвлөлтөд хамрагдсан иргэд түр суурьшуулах орон сууцад байрлан, орон сууц нь ашиглалтад орох үед шилжин суух зарчмаар явна. Газар чөлөөлөлтийн ажлыг хэвийн өрнүүлэх шаардлагын улмаас цаашид ч мөн энэ зарчмаар түр оршин суух орон сууц баригдана. Дээрх зургаан дэд төвийг түшиглэн нийт 31 мянган айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй. Үүний эхлэл болгон Баянхошуу, Шар хад дэд төвүүд орлогод нийцсэн, ногоон орон сууцны шавыг тавьсан. 


Энэхүү орон сууц нь олон улсын ногоон барилгын үнэлгээний систем болох “EDGE”стандартыг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог. Тухайн стандартыг нэвтрүүлсэн ногоон орон сууц нь дулаан алдагдал багатай, ус ашиглалтыг 20 хувь, эрчим хүчийг 20 хувь бууруулан хэрэглэх тохиргоотой. 


Хүн төрөлхтөн агуйгаас гараад хамгийн эхэнд  амархан хэлбэр дүрсэд ордог, олдоц ихтэй байгалийн гаралтай түүхий эдээр орон гэрээ барьж эхэлсэн байж таарна. Агуйгаас гарч ирсэн хомосапиенсын гарт хамгийн түрүүнд чулуу, шар шавар, өвс, мод баригдсан болов уу гэж санана. Байгалийн олдоц ихтэй, түгээмэл тархацтай эдгээр барилгын материалууд одоо ч бидний амины орон сууцаа барихад гол түүхий эд байсаар л байна. Орон гэртэй болж эхэлснээр хүмүүс нэгдэн нягтарч анхны суурингууд бий болж, анхны суурингууд хотуудын эхлэлийг тавив. 

Хотууд булаагдан эзлэгдэж, эвдэрч сүйрэн туурь балгас болох ч ахин шинэ, шинэ хотууд улам олон хүнтэй, олон байшинтай болж өргөжин тэлсээр л байлаа. Оюун санаа хөгжихийн хэрээр хотууд өөрчлөгдөн хувьсаж, хувьсал хөгжлийг дагуулсаар байлаа.


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/ 


0
angry
1
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 10 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 13 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 13 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 15 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 15 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 15 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 15 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 15 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 15 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 15 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 15 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 16 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 16 цагийн өмнө