Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг УИХ-аар батлуулсан билээ. Хууль батлагдсанаар түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах төслүүд эрчимтэй хэрэгжиж эхэллээ. “Нэг төвт хотоос Олон төвт хот” болохоор зургаан дэд төвийг байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “20 минутын хот” концепцийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар албаны хүмүүс ярьж байна.
Ж.Батбаясгалан: Иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн ногоон төслийг хэрэгжүүлнэ
/НИТХ-ын дарга/
-Иргэдээс Улаанбаатар хотод орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх хүсэлт маш их ирдэг. Сүүлийн жилүүдэд гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд маш олон орон сууц барьсан. Өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага зөвхөн орон сууцжуулах зорилго биш болсон. Хог хаядлыг багасгах, эрчим хүчийг хэмнэх, цэвэр усыг хэмнэх Тогтвортой хөгжлийн зорилтыг дэвшүүлж, дэмжиж байна. АХБ-ны 80 сая ам.долларын, Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.доллар, Өндөр технологийн сангийн 53 сая ам.долларын гээд өнгөрсөн жилүүдэд нийтдээ 570 орчим сая ам.долларын санхүүжилт бүхий орон сууцжуулах төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ гурван төслөөс Ногоон орон сууц төслийн ажил эрчимтэй хийгдэж байна. УИХ, Засгийн газрын дэмжлэгтэй, НИТХ-аар батлагдсан Улаанбаатар хотод нийтдээ 228 сая ам.долларын санхүүжилт бүхий уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, байгальд ээлтэй, ногоон технологи бүхий төсөл амжилттай хэрэгжинэ. Цаашид зөвхөн хөгжил, технологи дагасан биш байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн ногоон зураг төслийг боловсруулж, олон улсын хөрөнгө оруулагчдыг татна.
Х.Нямбаатар: Гэр хорооллыг орон сууцжуулж, агаарын бохирдлыг бууруулна
/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/- Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн том төсөл АХБ-наас санаачлан, зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа зургаан дэд төв байгуулах төсөл. Энэ төслийн хүрээнд эхний шатанд АХБ, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр энэ жил Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 400 буюу нийт 800 айлын орон сууцыг барих ажил дуусах шатандаа орж байна. Хоёрдугаар шатанд мөн Баянхошуу, Шархад дэд төвд нийтдээ 5000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа юм. Энэ 5000 айлын орон сууцны санхүүжилтийн дийлэнхийг Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлнэ. Арилжааны банкууд энэ төсөлд үүрэг хүлээж оролцоно. Мөн Улаанбаатар хотын зүгээс гэр хороолол дахь агаар, хөрсний бохирдлыг орон сууцжуулах замаар бууруулах ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Б.Мандуул: Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц барина
/Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч/
-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “20 минутын хот” концепцийн хүрээнд зургаан дэд төвийг барьж байгуулахаар ажиллаж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төв 100 хувь инженерийн шугам сүлжээнд холбогдлоо. Эхний ээлжид нийслэлийн зүгээс Сэлбэ дэд төвийг орон сууц, сургууль цэцэрлэг, төрийн байгууллага бүхий шинэ хорооллыг босгох ажлыг эхлүүлж байна. Сэлбэ дэд төвийн 158 га газрын газар чөлөөлөлт 80 хувьтай байна. Зургаан багц болгон тендэр зарласнаас хоёрынх нь ажлыг энэ онд эхлүүлж байна. Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц барьснаар 20 мянга гаруй нүхэн жорлон байхгүй болно. Эхний ээлжийн орон сууц ашиглалтад орохоор дараагийн газар чөлөөлтөд хамрагдах айлуудыг хамруулна. Ингэснээр дараагийн шатны ажлаа эхлүүлэх юм. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд бид ирэх дөрвөн жилд 120-130 мянган айлыг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ.
Д. Авирмэд : Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанд холболоо
/ ГХХХОДТ-ийн зохицуулагч/
-Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанд холбосон. Ингэснээр Хилчин хотхоны 670 орчим айл өрх болон сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холболоо. Энэ хүрээнд найман нам даралтын зуух буулгаж, жилдээ 11 мянган тонн нүүрсийг хэрэглээнээс хаслаа. Цахилгаан хангамжийн хүрээнд дэд станц, усан сан, бохирын ариутгах татуургын шугамын ажлыг хийж дуусгасан. Одоогийн байдлаар Баянхошуу дэд төвд 8000 айлын орон сууц барих суурь инженерийн дэд бүтцийг хүлээлгэж өгсөн. Мөн Бизнес инкубатор төвийг байгуулж, бичил бизнесийг дэмжиж байна.
Сэлбэ дэд төвд дулааны станцыг холбож, жилдээ 18 мянган тонн түүхий нүүрсийг хэрэглээнээс хаслаа. Мөн 4.3 км үерийн далан, усан сан хийж дуусгалаа. Одоо Дамбадаржаа, Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай байна. Ирэх жил энэ хоёр дэд төвийн үйл ажиллагааг бүрэн дуусгана.
Б.Сүхбаатар: эрчим хүчний хэмнэлттэй орон сууц цаашдаа улам хөгжинө
/ Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /
-2017 онд НОСК-аас орон сууцны хөтөлбөрүүдийг хэрхэн амжилттай, хурдтай хэрэгжүүлэх талаар олон талын судалгаа хийсэн. Уур амьсгалын ногоон сан, АХБ-тай хамтраад 2018 оноос хөөцөлдөж эхэлсэн ажлын Зээлийн хэлэлцээр 2019 оны есдүгээр сарын 12-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан. Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бол Монгол Улсын томоохон эхлэл болсон төсөл юм.
Бид 2019 онд олон улсын хотуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Олон улсын хотууд ирээдүйд орон сууцны бодлогоо юунд чиглүүлэх вэ гэдгийг хэлэлцсэн. Манай улс эрс тэс уур амьсгалтай.Тиймээс зундаа халдаггүй, өвөлдөө эрчим хүчний алдагдалгүй орон сууц барих хэрэгтэй. Манай орны уур амьсгалд ногоон орон сууц нийцэж байлаа.
Олон улсын хандлага ногоон орон сууц руу чиглэж байна. Ногоон орон сууц нь амьдарч байгаа иргэдийн хэрэглээний зардлыг багасгаж, барилгын насжилтыг уртасгадаг олон давуу талтай.
Энэ төсөл маань булган сүүлтэй, олон төслүүдийн эхлэл болсон. Тодруулбал, Европын сэргээн босголтын банкнаас 35 сая ам.долларын санхүүжилттэй төсөл Ханын материалд хэрэгжиж эхэлнэ. БНСУ-ын Эксим банкнаас Баянголын аманд 2007 айлын орон сууц барихаар сууриа тавьж байна. Зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлахгүй хөдөө орон нутагт энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Аймаг, сумдад энэ төслийг олноор хэрэгжүүлбэл бид ДЦС барихгүйгээр хэрэгжүүлэх боломж байна. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц цаашдаа улам хөгжинө гэж харж байна. Үйлдвэрлэгчид, барилгын салбарынхан ногоон орон сууц барих судалгааа хийгээд эхэлсэн. Ногоон орон сууц төслийн хүрээнд олон улсын банкнаас зээл олгодгийг бизнесийн салбарынхан мэдэрсэн байна.
Л.Хосбаяр: Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт хийж байна
/Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч /
-АХБ, Уур амьсгалын ногоон сан, НЗДТГ хамтран хэрэгжүүлж байгаа Орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдол гэр хорооллоос үүсэлтэй. Ногоон орон сууц төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний өндөр хэмнэлттэй, ногоон орон сууц бүхий эко хорооллууд байгуулагдана. Ингэснээр гэр хорооллын 5000 яндан байхгүй болж, дулааны эрчим хүчний хэрэглээг 62 хувиар хэмнэж, 5.7 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үр ашигтай төсөл юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 18 мянга орчим иргэн тохилог орон сууцад амьдарч, амьдралын чанар нь сайжирна.
Тухайн орчинд амьдарч байгаа 25 мянган иргэний аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэнэ. Ногоон орон сууц төслөөр жендэрийн мэдрэмжтэй, хүн бүрд хүртээмжтэй төлөвлөлтийг хийж, гүйцэтгэж байна. Цаашлаад Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад хэрэгжиж байгаа Ногоон орон сууцнуудыг дэмжсэн томоохон төсөл эхэлж байгаагаарай онцлогтой юм.
О.Гантулга: Айл өрхүүдийн ашиглалтын зардлыг хэмнэнэ
/Ус хангамж, агаар сэлгэлтийн инженер/
-Ногоон орон сууцыг Ногоон барилгын үнэлгээний системээр хэмждэг. Ногоон барилгын үнэлгээний систем дотроо олон түвшинтэй. Хэрвээ бүх түвшинг барьж төслөө боловсруулбал барилгын үнэ ханш өндөр болно. Тиймээс ногоон барилгын үнэлгээний нэмэлт шийдлийг хязгаарлавал үр ашгийг нь хангадаг. Манай төслийн хувьд Ногоон орон сууцаас гадна “орлогод нийцсэн” гэдэг тодотголтой.
Тиймээс бид ногоон орон сууцны EDGE стандартыг сонгосон. EDGE стандарт нь Олон улсын санхүүгийн корпорациас гаргасан ногоон барилгын шалгуур үзүүлэлт, үнэлгээний систем юм.
Баянхошуу дэд төвийн эхний ээлжид ашиглалтад орох 110 айлын орон сууцны барилга EDGE стандартын гэрчилгээ авна. Манай барилгын зураг төсөл EDGE стандартын дагуу явагдаж байгаа юм. EDGE стандарт нь ус, эрчим хүчний хэмнэлттэй болон барилгын материал шингэсэн хүлэмжийн хийн ялгарал багатай байх ёстой гэсэн үндсэн гурван шалгууртай. Тодруулбал, эрчим хүчний хэмнэлтийн шаардлагыг биелүүлэх үүднээс манай барьж байгаа орон сууцны барилга Монгол Улсын нормын түвшнээс 20 хувь илүү дулаалгатай. Өнөөдөр барилгын бизнесийн салбарт ерөнхийдөө хоёр давхар шиллэгээтэй цонхыг хэрэглэдэг. Тэгвэл манай барилга гурван давхар шиллэгээтэй, LOW түрхэцтэй цонх ашиглаж байна. Эрчим хүчний хэрэглээг багасгах зорилгоор нийтийн болон айлуудын гэрэлтүүлгийн стандартад шаардлага хангасан байдлаар барилгын угсралт хийж байна.
Усны хэмнэлтийг сайжруулахын тулд сантехникийн тоноглол, угаалгын крант, ванны шүршүүр, суултуурын почки зэрэгт тавьсан шаардлагын дагуу суурилуулж байна. Мөн саарал ус хэрэглэх тоноглолуудыг тавилаа. Оршин суугчдын угаагуураас гарч байгаа усыг дахин цэвэрлээд почкинд нь хийнэ.
Төвлөрлийг сааруулахтай холбогдуулан Ногоон орон сууц төслийн хүрээнд дөрвөн давхар барилга барьж байна. Хэт өндөр барилга барих нь хэт төвлөрлийг бүрдүүлдэг. Ингэснээр хүн ам нэмэгдэхийн хэрээр автомашины түгжрэл, хүүхдээ агаарт гаргах асуудал хөндөгдөнө. Азийн уур амьсгалын сангаас нэг га талбайн хүн амын нягтаршлыг 300-д барина гэсэн шаардлага тавьсан. Одоо хэрэгжиж байгаа төсөл 1.6 га талбайд хэрэгжиж байна. Хүн амаар нь тооцвол дөрвөн давхар 110 айлын орон сууц нь хүн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Ч.Батчимэг: Ногоон орон сууцны нэгдүгээр давхрыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулан тоноглосон
/Архитектор/
-Баянхошуу дэд төвийн нэгдүгээр талбарт 4189 айлын орон сууцыг нийт 25 га-д барихаар төлөвлөж, зураг төслийг боловсруулсан. Эхний ээлжийн 458 айлын орон сууцны зураг төслийг боловсруулж дуусаад, барилга угсралтын ажил эхлээд байна. Энэ хотхоны орон сууцнууд хоорондоо ногоон байгууламжаар холбогдсон.
Явган хүний болон унадаг дугуйн замтай аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлсэн. Гадна талбайн 30 хувьд зүлэг болон мод, бут тарина. Хүүхдийн тоглоом, амрах талбайг авто машины замтай огтлолцуулахгүй байхаар аюулгүй орчныг бүрдүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчиж болох налуу замуудыг стандартын дагуу төлөвлөн ажиллаж байна.
Эхний ээлжид ашиглалтад орох 110 айлын орон сууцны эхний барилгын пасадны нүүрэн талд дөрвөн давхар хүлэмжийг төлөвлөсөн. Энэхүү хүлэмж нь оршин суугчдын амьжиргааг дэмжинэ. Хоёр дахь орон сууцны барилгын нүүрний хэсэгт нарны зайн хураагуур төлөвлөсөн. Нарны эрчим хүчийг хуримтлуулж, дотор цахилгааны хангамжийг нөөцөлнө. Гурав дахь орон сууцны барилгад өдрийн цагаар нарны дулаан шингээх хана суурилуулж байна. Шингээсэн дулаанаараа дотор агаарыг халаах зориулалттай юм. Дөрөв дэх орон сууцны барилгын нүүрэн хэсэгт бохирдол шингээгч ханыг төлөвлөсөн. Дөрвөн давхар орон сууцны нэгдүгээр давхарт тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тоноглолууд хийлээ.
Н.Энх
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна